Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00418

 

Т.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/01253 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн 1666 дугаар магадлалтай,

Т.Э-ын нэхэмжлэлтэй,

МБҮА” НҮТББ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Э- нь 2019 оны 01 дүгээр сарын 10-нд “МБҮА” НҮТТБ-д хуулийн зөвлөх албан тушаалд түр хугацаагаар томилогдон ажиллахдаа хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлтод заасан ажил үүргийг хангалттай хийж гүйцэтгэсэн бөгөөд ажил олгогч 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-19/10 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг үндэслэн туршилтын хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн тушаалын үндэслэл болгож байгаа Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2 заалт нь ажилтан ажил мэргэжлийн ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэг үндэслэл бөгөөд нэхэмжлэгчийг ажил мэргэжлийн ур чадварын хувьд тэнцэхгүй болсон талаар тогтоосон үйл баримт байхгүй, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад заасан албан үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид үр бүтээлтэй ажиллах чадваргүй гэх үндэслэлтэй холбоотой ямар нэгэн дүгнэлт, үйл баримт байхгүй.

Иймд нэхэмжлэгч Т.Э-ыг урьд эрхэлж байсан хуулийн зөвлөх ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголын үндэсний барилгын ассоциаци” Нийгэмд үйлчилдэг ТТБ нь нэхэмжлэгч Т.Э-ыг хуулийн зөвлөхийн ажил албан тушаалд томилж, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/02 дугаартай туршилтын хугацаанд ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ-г 3 сарын хугацаатай байгуулсан байдаг.

Энэхүү гэрээний хугацаанд Т.Э- нь албан үүргээ хангалтгүй биелүүлж, байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, бусдыг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож, удаа дараа ажил тасалж байснаас гадна харилцаа хандлага, ёс зүйн хувьд уг албан тушаалд цаашид ажиллах боломжгүй үйлдлүүд гаргаж байсан байдаг.

Хэдийгээр энэ талаар шийдвэр дүгнэлт гаргаагүй ч гэсэн талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж, ажил олгогч уг гэрээг цаашид сунгахгүй болсон, ажлаа хийж байх хугацаандаа шүүхэд төлөөлөх эрхээ түдгэлзүүлэхгүйгээр Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа давхар явуулж, шүүх хуралдаанд оролцож удаа дараа ажил тасалж байсан учраас ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/01253 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “МБҮА” Нийгэмд үйлчилдэг ТББ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Т.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Э- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн 1666 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/01253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1666 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Т.Э- би хариуцагчийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-19/10 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг хууль зүйн үндэслэл болгон “туршилтын хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон” гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг үндэслэлгүй гэж үзэж маргаан үүсгэсэн бөгөөд маргаан бүхий актыг ажил олгогч Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2 заалт “ажилтан ажил мэргэжлийн ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан, тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэж үзэхдээ нэхэмжлэгчийг ажил мэргэжлийн ур чадварын хувьд тэнцэхгүй болсон талаар тогтоосон үйл баримт байхгүй, мөн хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад заасан “албан үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид үр бүтээлтэй ажиллах чадваргүй” гэх үндэслэлтэй холбоотой ямар нэгэн дүгнэлт, үйл баримт байхгүй атал үндэслэлгүйгээр гэрээг дуусгавар болгосон гэж мэтгэлцсэн.

Харин хариуцагч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтын үндэслэл болгосон гэдгээ тайлбарлахдаа “Т.Э- нь албан үүргээ хангалтгүй биелүүлж, байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, ажлын байрны тодорхойлолтод дурдсан хүлээх хариуцлагаа зөрчин ажиллаж байснаас гадна харилцаа хандлага, ёс зүйн хувьд уг албан тушаалд цаашид ажиллах боломжгүй үйлдлүүд гаргасан учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан., ...хэдийгээр энэ талаар шийдвэр дүгнэлт гараагүй ч түүний ажлын цаг ашиглалт, өгсөн үүрэг даалгаврын биелэлт, зан харилцаа, ажилдаа хандах хандлага зэргээс хөдөлмөрийн гэрээ цуцлах хангалттай нөхцөл бүрдсэн" гэсэн тайлбараас үзэхэд Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2 заалт “ажилтан ажил мэргэжлийн ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад заасан “албан үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид үр бүтээлтэй ажиллах чадваргүй” гэдгийг баримтаар нотлоогүй бөгөөд Т.Э- намайг гүтгэсэн, шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж гаргаж өгсөн билээ.

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2 заалт “ажилтан ажил мэргэжлийн ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан, тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад заасан “албан үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид үр бүтээлтэй ажиллах чадваргүй” гэх үндэслэлийг няцаан үгүйсгэж дүгнээгүй атал “туршилтын хугацааг дууссанаас хойш тухайн албан тушаалд авах үүргийг ажил олгогчид хуулиар ногдуулаагүй байна” гэж дүгнэснийг үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Бодит байдалд үнэн хэрэг дээрээ, Т.Э- миний бие гүйцэтгэх захирлаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн гүйцэтгэж байсан бөгөөд Барилгын тусгай зөвшөөрөл олгох төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэж байгаа МБҮАйн үйл ажиллагаан дахь хууль бус ажиллагаануудыг илрүүлснээрээ ажлаас чөлөөлөгдсөн юм. Анх намайг ажлаас чөлөөлөхдөө МБҮА-ийн Гүйцэтгэх захирал Л.Хулан нь “Ерөнхийлөгч манайд хуульчийн орон тоо шаардлагагүй гэж байна, тийм болохоор чамайг чөлөөлөхөөс өөр аргагүй байна” гэсэн бөгөөд би хариуд нь “МБҮА-ийн дүрмээр Ерөнхийлөгчид тийм эрх мэдэл байхгүй, тушаалаа гаргавал би шүүхэд гомдол гаргана” гэж хэлж байсан бөгөөд энэ тухай нотлох аудио бичлэг, утсан харилцааны бичлэг байгаа юм.

Энэ тухай хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “МБҮА-ийн удирдах зөвлөлийн 2019 оны 2-р хурлын тэмдэглэл гэх баримтанд байгаа нэхэмжлэгчтэй холбоотой асуудлыг хуралд танилцуулсан Б.Дөлгөөнийг гэрчээр асуулгахад “энэ хурал энэ өдөр болоогүй, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болсон, энэ хуралд би оролцоогүй” гэж мэдүүлдэг бөгөөд энэ баримтаар хуульч ажиллуулах шаардлагагүй болсон гэх шийдвэр нь нэхэмжлэгчтэй гэрээ дуусгавар болгосноос хойш хэлэлцсэн болох нь тогтоогдож байна гэж үзнэ.

Гэтэл шүүх “талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон" гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу тайлбарлан үнэлсэн, хуулийг буруу ойлгон хэрэглэсэн гэж үзэж байгаа тул хяналтын шатны шүүх хянан үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Т.Э- нь “МБҮА” НҮТББ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...гэх үндэслэл зааж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар “Монголын үндэсний барилгын ассоциаци” НҮТББ-ын гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-19/02 тушаалаар Т.Э-ыг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хуулийн зөвлөхийн албан тушаалд туршилтын хугацаагаар томилж, мөн өдрөө 2019/02 дугаартай Туршилтын хугацаанд ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээг байгуулсан, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-19/10 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3., Хөдөлмөрийн гэрээний 4.2.2., Хөдөлмөрийн дотоод журмын 3.3-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсноор хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.2.-т ажилтан мэргэжлийн ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.-т анх орсон ажилтанд туршилтын хугацааг тогтооно, туршилтын хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид үр бүтээлтэй ажиллахаа харуулж чадсан иргэнийг жинхлэн томилох бөгөөд мөн хугацаанд албан үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид үр бүтээлтэй ажиллах чадваргүй иргэнийг тухайн албан тушаалаас чөлөөлнө гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...туршилтын хугацаанд амжилттай сайн ажилласан,  цаашид үр бүтээлтэй ажиллах чадваргүй, мэргэжлийн ур чадварын хувьд тэнцэхгүй болсон талаар тогтоосон баримтгүй байхад ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн...” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх зохигчийн хоорондох хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, ажилтныг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлээр ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг хянаж, шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдолд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үүргээ биелүүлсэн, магадлал хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцжээ.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгахгүй болсон  гэх үндэслэлийг тухайлан зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3. дахь заалтыг тушаалын үндэслэл болгожээ.

Ажилтны туршилтын хугацаанд ажилласан байдал, ажлын ур чадварын талаарх хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын холбогдох зохицуулалтыг тушаалд бичсэн нь ажилтанд өгсөн ажил олгогчийн өөрийн дүгнэлт гэж үзэхээр, дээрх үндэслэл нь ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлд хамаараагүй бөгөөд нэгэнт гэрээний хугацаа дууссан ажилтныг цаашид ажиллуулах эсэх нь ажил олгогчийн эрхийн асуудал тул хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/01253 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн 1666 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Т.Э-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД