Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 1253

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан 8 дугаар баг, Айраг, айраг 8 гудамж 4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 15 дугаар байр 8 тоотод оршин суух, Т.Э /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж 24, МН тауэр 8 давхар 805, 806 тоот хаягт байрлах МБҮАНҮ ТББ/РД:/-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл, өмгөөлөгч С.Эрдэнэбат, гэрч Б.Дөлгөөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 10-нд МҮБА ТТБ-д хуулийн зөвлөх албан тушаалд түр хугацаагаар томилогдон ажиллахдаа хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлтод заасан ажил үүргийг хангалттай хийж гүйцэтгэсэн бөгөөд ажил олгогч 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-19/10 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг үндэслэн туршилтын хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн тушаалын үндэслэл болгож байгаа Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2 заалт нь ажилтан ажил мэргэжлийн ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэг үндэслэл бөгөөд нэхэмжлэгчийг ажил мэргэжлийн ур чадварын хувьд тэнцэхгүй болсон талаар тогтоосон үйл баримт байхгүй, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад заасан албан үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид үр бүтээлтэй ажиллах чадваргүй гэх үндэслэлтэй холбоотой ямар нэгэн дүгнэлт, үйл баримт байхгүй.

Иймд нэхэмжлэгч Т.Э-ийг урьд эрхэлж байсан хуулийн зөвлөх ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МҮБА ТТБ нь нэхэмжлэгч Т.Э-г хуулийн зөвлөхийн ажил албан тушаалд томилж, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/02 дугаартай туршилтын хугацаанд ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ-г 3 сарын хугацаатай байгуулсан байдаг.

Энэхүү гэрээний хугацаанд Т.Э нь албан үүргээ хангалтгүй биелүүлж, байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, бусдыг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож, удаа дараа ажил таслаж байснаас гадна харилцаа хандлага, ёс зүйн хувьд уг албан тушаалд цаашид ажиллах боломжгүй үйлдлүүд гаргаж байсан байдаг.

Хэдийгээр энэ талаар шийдвэр дүгнэлт гаргаагүй ч гэсэн талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж, ажил олгогч уг гэрээг цаашид сунгахгүй болсон, ажлаа хийж байх хугацаандаа шүүхэд төлөөлөх эрхээ түдгэлзүүлэхгүйгээр Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа давхар явуулж, шүүх хуралдаанд оролцож удаа дараа ажил тасалж байсан учраас ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан.

Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Э нь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч МҮБА ТББ-д холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч нь гэрээний хугацаа дуусгавар болсон, ажлаа хийж байх хугацаандаа шүүхэд төлөөлөх эрхээ түдгэлзүүлэхгүйгээр Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа давхар явуулж, шүүх хуралдаанд оролцож удаа дараа ажил тасалж байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Энхбаяр нь хариуцагч Монголын барилгын үндэсний ассоциаци Нийгэмд үйлчилдэг ТББ-ын гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А-19/10 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалд гомдлоо 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

 

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1-д Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно, 231.2-т Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Т.Энхбаяр нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А-19/02 тоот тушаалаар хариуцагч Монголын барилгын үндэсний ассоциаци Нийгэмд үйлчилдэг ТББ-ын хуулийн зөвлөхийн ажил албан тушаалд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл туршилтын гурван сарын хугацаатай томилогдож, мөн өдрөө 2019/02 тоот Туршилтын хугацаанд ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ-г байгуулжээ.

 

Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д Төгсийн Энхбаяр нь МБҮА-д туршилтын хугацаагаар хуулийн зөвлөхийн албан тушаалд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн гурван сар хүртэлх хугацаанд хөдөлмөрийн энгийн нөхцөлд ажиллуулахаар туршилтын хугацааны гэрээг байгуулав гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1, 231.2, МБҮА-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 16/21 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Монголын барилгын үндэсний ассоциацийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3-т заасантай тус тус нийцсэн байна.

 

Ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь тус тус үндэслэн дуусгавар болгож, Монголын барилгын үндэсний ассоциаци Нийгэмд үйлчилдэг ТББ-ын гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А-19/10 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гаргажээ.

 

Ажил олгогч буюу Монголын барилгын үндэсний ассоциаци Нийгэмд үйлчилдэг ТББ-ын гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А-19/10 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн, ... 2019/02 дугаартай хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон тул 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ... гэсэн нөхцөлийг заасан байна. 

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон хэдий Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан ажилтан мэргэжлийн ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3-т заасан ...мөн хугацаанд албан үүргээ хангалтгүй, биелүүлж, үр бүтээлтэй ажиллах чадваргүй иргэнийг тухайн албан тушаалаас чөлөөлнө гэсэн заалтыг удирдлага болгосон нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж маргасан.

 

Хөдөлмөрийн гэрээнд гэрээг чөлөөтэй байгуулах талуудын эрх хамаарах тул туршилтын хугацааг дууссанаас хойш тухайн албан тушаалд авах үүргийг ажил олгогчид хуулиар ногдуулаагүй байна.

 

Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3-т Анх ажилд орсон ажилтанд туршилтын хугацааг 6 сар хүртэл хугацаагаар тогтооно. Туршилтын хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид үр бүтээлтэй ажиллаж чадахаа харуулсан иргэнийг жинхлэн томилох бөгөөд мөн хугацаанд албан үүргээ хангалтгүй, биелүүлж, үр бүтээлтэй ажиллах чадваргүй иргэнийг тухайн албан тушаалаас чөлөөлнө гэж заасан нь туршилтын хугацаанд ажилласан ажилтныг заавал ажилд авахыг зохицуулсан хэм хэмжээ биш юм.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг хуулийн зөвлөхийн ажил албан тушаалд ажиллаж байх хугацаандаа шүүхэд төлөөлөх эрхээ түдгэлзүүлэхгүйгээр Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа давхар явуулж, шүүх хуралдаанд оролцож удаа дараа ажил таслаж байсан гэж маргасан.

 

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.11 дүгээр зүйлийн 1-д Байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр хууль зүйн үйлчилгээ үзүүлж байгаа хуульч нь зөвхөн тухайн байгууллагад хууль зүйн үйлчилгээ үзүүлж, түүний ашиг сонирхлыг хамгаална гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь МҮБА ТББ-д хуулийн зөвлөхийн ажил албан тушаалд ажиллаж байхдаа шүүхэд төлөөлөх эрхээ түдгэлзүүлээгүй, тухайн байгууллагыг төлөөлж бус өөр байгууллагыг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...түр хугацаагаар ажилд орсон учраас шүүхэд төлөөлөх эрхээ түдгэлзүүлээгүй бөгөөд хуулийн зөвлөхийн албан тушаалд жинхэлснийхээ дараа эрхээ түдгэлзүүлэх хүсэлтэй байсан. ... Мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ авахаас өмнө итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байсан учраас тэр хэргийнхээ шүүх хуралд орсон гэсэн... гэх тайлбар, гэрч Б.Дөлгөөний ...Занабазарын музейтэй холбоотой хэргийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа, шүүх хуралтай гээд явдаг байсан. Гэхдээ оройд нь илүү цагаар сууж ажлаа хийдэг байсан... гэх мэдүүлгээр дээрх дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй болж байгаа ч энэ талаар ажлаас чөлөөлсөн тушаалд дурдаагүй тул шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж зохицуулсан бөгөөд зохигчдын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр туршилтын 3 /гурав/ сарын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон байх ба ажил олгогч нь Т.Энхбаярыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Тодруулбал талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дуусаж, цаашид сунгагдахгүй болсон талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон үндэслэлээр Т.Энхбаярыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй юм.

 

Ийм учраас Монголын барилгын үндэсний ассоциаци Нийгэмд үйлчилдэг ТББ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Т.Энхбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан МҮБА ТББ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Т.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Э  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Х.ДАШДЭЧМАА