Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2023/03165

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 12 өдөр                Дугаар 183/ШШ2023/03165                Улаанбаатар хот 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шеүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Г-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.Т-д  холбогдох,

 

Гэм хорын хохиролд 28,778,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Г , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэн Т.Т т холбогдуулан гэм хорын хохиролд 28,778,763 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэрээр хариуцагч Т.Т ээс 13,000 ам.доллар, 34,168,820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “***  ” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаар магадлалаар өөрчилж, хариуцагчаас 22,646 ам.доллар, 34,168,820 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, Монгол Улсын Дээд шүүхийн ** дугаар тогтоолоор дээрх магадлалыг хэвээр үлдээсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэрийг биелүүлэхээр гэрээ байгуулсан. Тухайн үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай зардал, урамшууллын гэрээ байгуулахад доллароор гэрээ хийж, ажиллагааны зардал тооцох боломжгүй” гэсэн үндэслэлээр 22,646 ам.долларыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеийн ам.долларын төгрөгтэй тэнцэх ханшаар буюу 1400.3 төгрөгөөр тооцож 31,711,420 төгрөгт хөрвүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч “*** дэлбээ” ХЗХ нь татан буугдаж, шаардах эрх шилжүүлэх гэрээгээр М.Гантулга төлбөр авагчийн эрх үүргийг шилжүүлж авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсоор ирсэн.

1.2.Төлбөр төлөгч нь тухайн үед ханшийн зөрүүгүйгээр, удаашруулахгүйгээр төлсөн бол нэхэмжлэгч тал хохирохгүй байсан. Гэвч хариуцагч Т.Тэнгис нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, нэг ч төгрөг төлөхгүй, шүүхэд удаа дараалан нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэж, анх зээл өгснөөс хойш 9 жил 3 сар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгснөөс хойш 6 жил 4 сарын хугацаа өнгөрсөн нь төлбөр авагч талын бизнесийн үйл ажиллагааг доголдуулж, мөнгийг түгжих, олох ёстой байсан орлогыг хааж, бодит хохирол учруулсан.

1.3.Хариуцагч Т.Т  нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд үлдэгдэл нийт төлбөр болох 62,410,783 төгрөгийг төлсөн байдаг. Төлбөр авагчийн зүгээс олон жилийн дараа ямар ч ханшийн өөрчлөлтгүйгээр төгрөгөөр тооцож төлбөр төлсний хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн буюу Сүхбаатар дүүгийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ****дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ***  дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаар тогтоол биелэгдээгүй гэж үзэж ханшийн зөрүү 28,778,763 төгрөгийг гаргуулах эрхтэй гэжээ.

 

2.Хариуцагч Т.Т , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Т.Т  нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “***  ” ХЗХ-нд 4,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үлдэгдэл 62,410,783 төгрөг, нийт 66,410,783 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Энэ тухай 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа.

2.2.Ам.долларын ханшийн зөрүүг шаардах эрхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлд зааснаар үүрэг үүсэх үеийн ханшаар төгрөгөөр тогтооно гэсэн байдаг. Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зааснаар валютын ханш гэдэг зүйл үргэлж өсөж, буурч байдаг учраас шийдвэр гарах үеийн ханшаар тогтоож төгрөгөөр төлбөр барагдуулдаг байхыг заасан.

2.3.Төлбөр төлөгч Т.Т  нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлоо хамгаалж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулсан зүйл байхгүй гэв.

 

Нэхэмжлэгч талаас Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаар магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шаардах эрхээ шилжүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4/285 дугаар хариу мэдэгдэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9/841 дугаар тогтоолын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Төрийн банкны “Орлогын мэдүүлэг” гэх баримтын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн огноо бүхий Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа,

Хариуцагч талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 5/617 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч Г.И д 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан М.Г ын гомдлын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банк дахь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 106000059575 дугаар дансанд 62,410,783 төгрөгийг Т.Т с шилжүүлсэн тухай “Орлогын мэдүүлэг” гэх баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 19/21 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 19/33 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1/19955 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9/841 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 4/582 дугаар Хариу мэдэгдэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ***** дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан Т.Тэнгисийн нэхэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2020/0**** дугаар захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2020/***** дугаар захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн баримт бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/***** дугаар шийдвэрийн “Шүүхийн архив хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 01-ний огноо бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г ийн гаргасан давж заалдах гомдол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн **** дугаар магадлалын “Шүүхийн архив хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн огноо бүхий Улсын Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г н гомдол, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2021/**** дугаар тогтоолын “Шүүхийн архив хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэргийг нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Г ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч М.Г  нь гэм хорын хохиролд 28,778,763 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар тогтоол биелэгдээгүй, хариуцагч Т.Т  нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, анх зээл өгснөөс хойш 9 жил 3 сар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгснөөс хойш 6 жил 4 сарын хугацаа өнгөрсний дараа төлбөр төлж, төлбөр авагч талын бизнесийн үйл ажиллагааг доголдуулж, мөнгийг түгжих, олох ёстой байсан орлогыг хааж, бодит хохирол учруулсан тул ам.долларын ханшийн зөрүү болох 28,778,763 төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч Т.Т  нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, энэ тухай 3 шатны шүүхийн шийдвэр гарсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулсан зүйл байхгүй, хуульд заасан эрх, ашиг сонирхлоо хамгаалж шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлж байсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйл, Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеийн валютын ханшаар төлбөрийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

 

4.Зохигчдын тайлбар, түүний үндэслэлээ тодорхойлсон байдлаас үзэхэд шүүх 26,646 ам.доллар гаргуулахаар шийдвэрлэсэн байхад төгрөгөөр тооцон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэхгүй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсаар 6 жил 4 сарын дараа төлбөрийг төлснөөр төлбөр авагчид хохирол учирсан, уг хохирлын хэмжээг валютын ханшийн зөрүүгээр тооцсон үйл баримтын хувьд талууд маргаантай байна.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар тогтоолыг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Т.Т ийн зүгээс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үлдэгдэл төлбөр болох 62,410,783 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 1*******5 дугаар дансанд шилжүүлсэн. (хавтаст хэргийн 34 дэх тал)

5.2.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар тогтоолыг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болсон. (хавтаст хэргийн 15, 53-83 дахь тал)

 

6.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг буюу Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар тогтоол биелэгдээгүй гэж тодорхойлж байх боловч энэ тухай маргаан хавтаст хэргийн 53-83 дахь талд авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/***** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн **** дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2021/***** дугаар тогтоолд дурдсанаар эцэслэн шийдвэрлэгдсэн, шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон нь үндэслэлтэй гэж үзжээ.

 

7.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж зааснаар нэхэмжлэгч, түүний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэх үндэслэлээр дахин маргах, улмаар түүнээс учирсан хохирлыг шаардах эрхгүй юм.

 

8.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсны улмаас төлбөр авагч буюу нэхэмжлэгч М.Г д хохирол учирсан, энэхүү хохирлын хэмжээгээ ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн зөрүүгээр тодорхойлон шаардаж байх боловч төлбөр төлөгч буюу хариуцагч Т.Т  нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэм буруутай гэх байдал баримтаар тогтоогдсонгүй.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс төлбөр төлөгч Т.Т  нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад удаа дараа шүүхэд гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байсан гэж тайлбарлах боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлоо эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж, хуульд заасан эрхээ хэрэгжүүлснийг буруутгах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэж үзэх боломжгүй юм.

 

11.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Т эс гэм хорын хохиролд 28,778,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Г ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД

 

                                                       ШҮҮГЧ                                    Д.МӨНХЦЭЦЭГ

                                                                                                           

                                                                                                       Д.ЭНХЦЭЦЭГ