Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2023/03727

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 15 өдөр              Дугаар 183/ШШ2023/03727                     Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Э-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.У-д холбогдох

 

3,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Э,

Хариуцагч Э.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

Хэргийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* хариуцагч Э.У холбогдуулан 3,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Э.У нь******* центрийн 3-р давхарт байдаг оффис дээр хүрээд ир чамтай уулзах хэрэг байна гээд миний бие 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Э.У оффист очиж уулзтал Канкри гээд ашгаа өгдөг газар байна чи надад итгэ гэж ятгаад өөрийн хүүы******* тоот данс руу 3,500,000 төгрөг хийлгэсэн. Анх алт, үнэт эдлэл худалдаж авна гэж ерөөсөө яриагүй, ямар нэгэн бараа үнэт эдлэл гадаад улсаас худалдан авна гэж би мөнгө шилжүүлээгүй, үнэт эдлэл авна гэж би мэдээгүй, 7 хоногийн дотор буцааж мөнгийг нь өгдөг гэж хэлсэн. Миний бие тухайн үед Э.У нэг нутгийн эмэгтэй болохоор нь итгэж найдаад түүний хүү Я Хаан банкны******* тоот данс руу мөнгө шилжүүлсэн. Үүний дараа холбоо барихгүй байж байгаад 2022 оны 08 дугаар сараас хойш холбоо барихаар утас руу залгатал утсыг маань авахгүй, мессеж бичихээр хариу өгөхгүй байгаа болно. 1,000 евротой тэнцэх 3,500,000 төгрөг цаашаагаа тэр Канкри компанид орсон нь нотлогдохгүй байна. Залилан гэж үзэж байна гэв.

 

2.Хариуцагч******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Миний бие 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.Э******* центрт явж байхдаа тааралдаж, МN товерт байрлах манай нөхрийн найзуудын түр байрлаж байсан оффист хамтдаа очсон. Тэр үед миний танил найз Д.О Туркэд 7 салбартай үнэт эдлэлийн дэлгүүрээс онлайнаар үнэт эдлэл худалдан авах талаар ярилцахад Б.Э нь тэр талаар сонирхож асуусны үндсэн дээр тухайн дэлгүүрийн худалдан авалт болон буцаан олголтын бонусын талаар ярьж өгсөн. Б.Э хүрээд ир чамтай уулзах хэрэг байна гэж дуудсан гэсэн худал мэдээллийг үгүйсгэж байна. Би Б.Э дугаар луу сүүлийн 2-3 жилийн хугацаанд нэг ч залгасан тохиолдол байхгүй. Харин Б.Э нь зарах бэлэн сүлжээний бараа бүтээгдэхүүнтэй явж байсан тул манай найз бид 2 Б.Э худалдан авалт хийсэн. Өөрөө ч олон янзын сүлжээний бараа бүтээгдэхүүнээ зарах сонирхолтой, оффист дагаж ирсэн нь ойлгомжтой байсан. Хоёрдугаарт тухайн дэлгүүрээс худалдан авалт хийхийн тулд зөвхөн Еврогоор шилжүүлэг хийж, худалдан авалт хийдэг учраас би хүүгээ гуйж 1,000 евротой тэнцэх төгрөгийг ***** олон улсын үнэт эдлэлийн дэлгүүр болох К компанийн дансанд шилжүүлж өгөхийг хүссэний дагуу иргэн Б.Э нэр дээр ID кодтой картын дансанд хөрвүүлэн шилжүүлж байршуулж өгсөн болно. Товчхон хэлэхэд худалдан авалт хийхэд төгрөгийн данснаас шууд дэлгүүрийн данс руу шилжүүлэг хийх боломжгүй тул валют арилжаанаасаа манай хүүгээр шилжүүлж дэлгүүрийн дансанд Евро болгож шилжүүлэн байршуулсан. Гуравдугаарт 8 дугаар сараас хойш утас руу залгах болон мессеж бичихээр хариу өгөхгүй байна гэдэг нь бас худал, чатаар хамгийн сүүлд 09 дүгээр сарын 11-ний өдөр хариу тайлбар бичихэд ахин дахин бүдүүлэг үг, хэллэгээр дайрч давшлаад доромжлоод байхаар нь хариу ахин бичилцээгүй болно. Би 3,500,000 төгрөгийг нь хувьдаа авч ашиглаагүй. Туркийн үнэт эдлэлийн дэлгүүрийн дансанд Евро болгон шилжүүлэг хийж өгсөн гэв.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,******* эзэмшигчтэй Хаанбанк дахь******* дугаар дансны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дэлгэрэнгүй хуулгыг (хавтаст хэргийн 3-4 дэх тал),

Хариуцагчаас бичгээр гаргасан хариу тайлбар, “******” гэх цахим хуудаст нэвтэрсэн байдлын талаарх фото зураг, Б.Э харилцаж байсан зурвасын фото зураг зэргийг ирүүлсэн (хавтаст хэргийн 13-16 дахь тал),

 нэхэмжлэгчийн хүсэлтээр “Хаанбанк” ХК-аас Т.Я ***************** дугаар дансны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, “**************************” холбоосын дагуу “*******” нэвтрэх нэр, “***************” нууц үгээр “***************” гэх хэрэглэгчийн хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр баталгаажуулж хэрэгт хавсаргав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Э.У нь К гээд ашгаа өгдөг газар байна чи надад итгэ гэж ятгаад өөрийн хүү Я 5069308769 тоот данс руу 3,500,000 төгрөг хийлгэсэн. Анх алт, үнэт эдлэл худалдаж авна гэж ерөөсөө яриагүй, ямар нэгэн бараа үнэт эдлэл гадаад улсаас худалдан авна гэж би мөнгө шилжүүлээгүй, тийм үнэт эдлэл худалдаж авна гэж би мэдээгүй, 7 хоногийн дотор буцааж мөнгийг нь өгдөг гэж хэлэхэд нь нэг нутгийн эмэгтэй болохоор нь итгэж түүний хүү Я Хаан банкны******* тоот данс руу мөнгө шилжүүлсэн гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.Э******* центрт явж байхдаа тааралдаж, МN товерт байрлах манай нөхрийн найзуудын түр байрлаж байсан оффист хамтдаа очсон. Тэр үед миний танил найз Д.О Туркэд 7 салбартай үнэт эдлэлийн дэлгүүрээс онлайнаар үнэт эдлэл худалдан авах талаар ярилцахад Б.Э нь тэр талаар сонирхож асуусны үндсэн дээр тухайн дэлгүүрийн худалдан авалт болон буцаан олголтын бонусын талаар ярьж өгсөн. Энэ хүн тэр өдөр ирж сүлжээний юм зарах гэж орж ирсэн болохоор миний тайлбарыг сүлжээтэй андуурч ойлгосон байх. Койн шиг санасан байх. Энэ******* компани өөр дэлгүүрийн худалдан авалт гэдгийг ойлгоогүй шилжүүлсэн бололтой. Энэ хүн өөрөө дансаа нээж худалдан авалт хийж чадахгүй байсан. Тухайн дэлгүүрээс худалдан авалт хийхийн тулд зөвхөн Еврогоор шилжүүлэг хийж, худалдан авалт хийдэг учраас би хүүгээ гуйж 1,000 евротой тэнцэх төгрөгийг олон улсын үнэт эдлэлийн дэлгүүр болох Канкри компанийн дансанд шилжүүлж өгөхийг хүссэний дагуу иргэн Б.Э нэр дээр ID кодтой картын дансанд хөрвүүлэн шилжүүлж байршуулж өгсөн. Би 3,500,000 төгрөгийг нь хувьдаа авч ашиглаагүй. Туркийн үнэт эдлэлийн дэлгүүрийн дансанд Евро болгон шилжүүлэг хийж өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч “***************************” холбоосын дагуу “**********” нэвтрэх нэр, “*************” нууц үгээр “***************” гэх хэрэглэгчийн хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Б.Э нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Э.У хүү Т.Я эзэмшлийн Хаанбанк дахь******* дугаар данс руу 3,500,000 төгрөгийг “***************” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. (хавтаст хэргийн 4, 31 дэх тал)

4.2.Нэхэмжлэгч Б.Э нь 1,000 евро-д тооцож 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчийн хооронд маргаангүй.

4.*************олон улсын үнэт эдлэлийн дэлгүүрийн цахим хуудсанд “***************7” гэх нэвтрэх нэртэй, “**************” гэх нууц үгтэй, “****************” гэх хэрэглэгч бүртгэгдсэн.

 

5.Нэхэмжлэгч Б.Э зүгээс “****************” гэх гүйлгээний утгатайгаар Т.Я эзэмшлийн Хаанбанк дахь ************ дугаар дансанд 3,500,000 төгрөг шилжүүлсэн, нэхэмжлэгч Б.Э *************** хэрэглэгчийн дугаараар “****************” хэрэглэгч бүртгэл үүссэн үйл баримт, нэхэмжлэгчийн “...манай хүүхдийн данс руу 3,500,000 төгрөг хийчих гэсэн. Тэгээд хийсэн...” гэх, хариуцагчийн “...Энэ хүн өөрөө дансаа нээж худалдан авалт хийж чадахгүй байсан. Тухайн дэлгүүрээс худалдан авалт хийхийн тулд зөвхөн Еврогоор шилжүүлэг хийж, худалдан авалт хийдэг учраас би хүүгээ гуйж 1,000 евротой тэнцэх төгрөгийг олон улсын үнэт эдлэлийн дэлгүүр болох К компанийн дансанд шилжүүлж өгөхийг хүссэний дагуу иргэн Б.Э нэр дээр ID кодтой картын дансанд хөрвүүлэн шилжүүлж байршуулж өгсөн...” гэх тайлбараас үзэхэд хэдийгээр хариу төлбөргүй ч  олон улсын үнэт эдлэлийн дэлгүүрийн цахим хуудсанд нэхэмжлэгч Б.Э нэрээр хэрэглэгчийн бүртгэл үүсгэж, тус компаниас бүтээгдэхүүн худалдаж авахад нь холбож өгсөн буюу Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүсжээ.

 

6.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Анх алт, үнэт эдлэл худалдаж авна гэж ерөөсөө яриагүй, ямар нэгэн бараа үнэт эдлэл гадаад улсаас худалдан авна гэж би мөнгө шилжүүлээгүй, тийм үнэт эдлэл худалдаж авна гэж би мэдээгүй...” гэж тодорхойлсон, хариуцагч нь “...Энэ компанийн талаар ярьж байхад ерөнхийдөө ойлголттой болчихсон байсан. Энэ хүн тэр өдөр ирж сүлжээний юм зарах гэж орж ирсэн болохоор миний тайлбарыг сүлжээтэй андуурч ойлгосон байх. Койн шиг санасан байх. Энэ *****компани өөр, дэлгүүрийн худалдан авалт гэдгийг ойлгоогүй шилжүүлсэн бололтой...” гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн байж болзошгүй хэдий ч түүний хүсэл зоригийн илэрхийлэл нь хариуцагчийн хувьд хэрхэн ойлгогдсон буюу хэрхэн ойлгогдохоор байсан нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

7.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж зааснаар хэлцэл хийгч этгээд өөрийн дотоод хүсэл зоригийг илэрхийллээрээ дамжуулж хэлцлийн нөгөө талд хүргэдэг бөгөөд энэхүү илэрхийллийн талаар маргаантай тохиолдолд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Э “3,500,000 төгрөгийг “**** ***************” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн” үйлдэл нь хариуцагчийн хувьд ***** олон улсын үнэт эдлэлийн дэлгүүрийн цахим хуудсанд түүний нэрээр хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, бүртгэл үүсгэхтэй холбоотой 1,000 евро байршуулахыг зөвшөөрсөн гэж ойлгогдохоор байгаа нь гүйлгээний утга болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “...Э.У нь К гээд ашгаа өгдөг газар байна чи надад итгэ гэж ятгаад өөрийн хүү Я 5069308769 тоот данс руу 3,500,000 төгрөг хийлгэсэн...” гэх тайлбар, **** олон улсын үнэт эдлэлийн дэлгүүрийн цахим хуудсанд “**********” гэх нэвтрэх нэртэй, “*********” гэх нууц үгтэй, “***************” гэх хэрэглэгч бүртгэгдсэн зэрэг нөхцөл байдлаар тогтоогдож байна.

 

8.Иймд нэхэмжлэгч Б.Э хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч******* хүлээж авч,  олон улсын үнэт эдлэлийн дэлгүүрийн цахим хуудсанд түүний нэрээр буюу “*******” гэх нэвтрэх нэртэй, “*************” гэх нууц үгтэй, “*************” гэх хэрэглэгчийн бүртгэл үүсгэж, 1,000 евро байршуулсныг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар төөрөгдсөн, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

10.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.У 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД