Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00187 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Домбот хотхоны 2 дугаар байрны 16 тоотод оршин суух, Дунд шавь овогт Цэдэнбалын Отгонбаяр, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Домбот хотхоны 2 дугаар байрны 16 тоотод оршин суух, Дунд шавь овогт Гөлгөөгийн Нямсансар нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 3-20 тоотод оршин суух, Цааснаахан овогт Баяраагийн Ганзориг,  Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 9-12 тоотод оршин суух, Бааж овогт Даваасамбуугийн Амгалантогтох нарт холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Анх Төгс Уян шил ХХК-ийн захирал Д.Амгалантогтохтой танилцаад манай газар дээр 12 айлын орон сууц барихаар ярилцаад, суурь ухах гээд бүх ажилд нь явсан. Барилгын зөвшөөрөлтэй компани яах вэ гэхэд Д.Амгалантогтох манай найз байгаа. Гурвуулаа хамтраад баръя. Ард ашгаа хувааж авъя гэж хэлсэн. Тэгээд барилгаа яаж барих вэ гэдэг асуудал тулгарахад гурвуулаа чадах хэмжээгээрээ материалуудаа зээлээд, оруулах мөнгөнүүдээ оруулаад, ашиглалтад өгсний дараа ашгаа хуваая гэсэн ам тохиролцоонд хүрсэн. Ингээд явж байх хугацаанд 11 сард ашиглалтад ороод Барилга хот байгуулалтын газарт хүлээлгэж өгөх болоход Г.Нямсансар та хоёр Барилга хот байгуулалтын газарт өргөдөл бичиж өгдөг юм байна. Тэгэхээр 12 айлын орон сууцыг Барилга хот байгуулалтын газарт хүлээлгэж өгсний дараа нь гэрчилгээний асуудал яригдана. Худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, тохироод мөнгөө авалцъя гэсэн тохиролцоонд хүрээд Г.Нямсансар бид хоёр Барилга, хот байгуулалтын газарт өргөдлөө бичиж өгсөн. Үүний дараа хууль бусаар гэрчилгээ гарсан байна. Яагаад гэвэл энэ хүмүүс надтай заавал худалдах, худалдан авах гэрээ хийгээд, энэ хоёр гэрчилгээг хүчингүй болгосны дараа 12 айлын гэрчилгээ гарах байсан. Гэтэл Барилга, хот байгуулалтын газарт өгсөн өргөдлөөр аймгийн засаг даргын захирамж гаргуулаад, үл хөдлөх хөрөнгийн газарт очоод гэрчилгээнүүд гаргуулсан байна. Заавал гэрээ хийгдэх ёстой.

Барилга баригдаж байх явцад хүмүүсээс маш их хэмжээний зээл авсан. О.Бадрахбаатараас 50 тонн цемент зээлээр авсан. Тоосгонд явах болоход шатахууны мөнгөгүй болоход Д.Загдхорлоотой ярьж 10,000,000 төгрөгийн шатахуун зээлээр авч, үйл ажиллагаа дуустал хэрэглэсэн. М.Энхээгээс 25,000,000 төгрөг зээлсэн. Сангийн асуудал гарахад Ц.Сэр-Од гэдэг дүүтэйгээ ярьж, Б.Ганзоригийг явуулж, сангийн материалууд зээлээр авсан. Хайрганы асуудал гарахад Дурдбай гэдэг хүнээс хайрга бүгдийг зээлж авсан. К.Нэргүйгээс анх тоосго зээлж авч байсан. Зарим хүмүүсийн мөнгийг одоо хүртэл өгөөгүй байна. Өмнөх шүүх хуралдаанд О.Бадрахбаатарын мөнгийг бүгдийг өгсөн гэж хэлсэн боловч өчигдөр О.Бадрахбаатар над руу 5,000,000 төгрөг өгөөгүй байгаа гэж ярьсан. Шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгөхөө болих хэрэгтэй. Үүргийг нь би үүрдэг, ард нь та хоёр ашгийг нь хүртдэг байж болохгүй. Анхнаасаа газар дээр чинь хоёр өрөө байр өгье гэж хэлсэн бол би заавал энэ хүмүүсээс зээл авч, ард нь хэл ам болохгүй байсан. Би оролцохгүй, та хоёрт худалдах, худалдан авах гэрээгээ хийгээд хоёр өрөө байраа авчихсан бол надад бүр амар байсан. Тэгээд өргөдөл бичээд өг гэж өргөдөл бичүүлж авчихаад гэрчилгээ гаргуулаад авсан байна. Энэ бол хууль бус үйл ажиллагаа. Иргэний хуульд нотариатаар баталгаажсан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэний дараа үл хөдлөх хөрөнгө, гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байгаа. Хоёр хувийн татварыг Татварын албанд төлөх ёстой гээд заасан байгаа. 71.11 метр квадрат 8 ширхэг байр, 56.95 метр квадрат 4 ширхэг байр байгаа. 1,100,000 төгрөгөөр гэрээ хийгдсэн байгаа ба гэрээнүүд бүгд байгаа.

Би өөрөө тооцохдоо метр квадратыг нь 1,000,000 төгрөгөөр тооцож бодсон. 71.11 метр квадрат подвал нэг ширхэг, 56.95 метр квадрат подвал нэг ширхэг байгаа ба үүнийг нийт тооцоод үзэхээр 903,516,000 төгрөг болж байгаа. Би төсөвчингөөр зардал хийлгэхэд 449,304,966 төгрөг болсон. 683,5 метр квадрат газрын үнэнд 71,110,000 төгрөгийн байр авсныг хассан. Нэмэгдсэн өртөгийн албан татварт 24,534,000 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварт 293,945 төгрөг, цалин хөлсөнд 3,927,500 төгрөг, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны татвар 436,000 төгрөг гээд зардлуудыг бүгдийг хасахаар 353,908,690 төгрөгийн ашиг гарч ирж байгаа бөгөөд үүнийг гурван хүнд хуваахаар нэг хүнд ногдох ашиг нь 117,969,563 төгрөг гарч байгаа. Үүнээс Б.Ганзориг 71.11 метр квадрат байр авсан ба үүн дээр 56.95 мкв подвалын үнэ 34,170,000 төгрөг аваад нийт 105,280,000 төгрөгийн ашиг хүртсэн. Д.Амгалантогтохын хувьд 71.11 метр квадрат байрны үнэ 71,110,000 төгрөг, 42,666,000 төгрөгийн подвал авсан. Миний хувьд ашгаасаа 23,800,000 төгрөг авсан. 94,169,563 төгрөг үлдэж байгаа. 17,969,563 төгрөгийг бусад зардалдаа авах байх гэж тооцоод үлдэгдэл 76,200,000 төгрөгөө нэхэмжилж байна. Хариуцагчаар иргэн Б.Ганзориг, Д.Амгалантогтох нарыг татаж байна. Нийтэд нь 76,200,000 /далан зургаан сая хоёр зуу/ төгрөг нэхэмжилсэн.” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: 2015 онд Д.Амгалантогтох, Ц.Отгонбаяр хоёр над дээр ирсэн. Д.Амгалантогтох Ц.Отгонбаяртай танилцлаа. Энэ хүний хашааны газар дээр барилга барьж болох нь уу, очиж үзээч гэж хэлэхээр нь очиж үзэхэд хашаа нь Прогресс сургуулийн ар талд, ямар ч дэд бүтэц байхгүй, тухайн үед тийшээ орон сууц баригдаж эхлээгүй, мухар хашаа байсан. Тэгэхээр нь шугам сүлжээ алга байна. Ийм хол газар шугам сүлжээ татахад их зардал гарна. Энд барилга барих боломжгүй юм байна гээд буцсан. Ард нь дахиж ирэхэд бид хамт тусалъя. Барилгын материалыг зээлж өгч тусалъя. Манай газар дээр барилга бариад хоёр өрөө байр өгчих. Өр зээлээсээ салмаар байна гэсэн хүсэлт тавьсан. Тэгэхэд нь Б.Ганбаатар захиралд танилцуулахад үнэхээр энэ хүн чинь тэгж туслах юм бол энэ газар дээр барилга бариад 2 өрөө байрыг нь өг гэж хэлсэн. Тэгээд байраа бариад хоёр өрөө байр өгснийг Т.Хаш-Эрдэнэд зарсан.

Урьдчилгаа 21,000,000 төгрөгийг Т.Хаш-Эрдэний хажууд бэлэн гаргаж өгсөн. Ипотекийн зээлээр орж ирсэн 56,000,000 төгрөгийг Г.Нямсансарын данс руу шилжүүлсэн. Яагаад хөрөнгө оруулсан гээд байгааг ойлгохгүй байна. Хоёр гэрчилгээ байгаа гэж байна. Барилга баригдаад, улсын комисс хүлээж авсны дараа ХААН банк манай ипотекийн зээлээс төлөгдөж байж зээлээс суллагдсан гэрчилгээ юм. Улсын бүртгэлийн ажлыг ойлгохгүй байна. Ц.Отгонбаяр, Г.Нямсансар хоёр барилга баригдаж дууслаа, газрын гэрчилгээг чөлөөлж өг, тэгээд орон сууцаа ав гэсэн шаардлага тавьсан. Энэ хоёр өөрсдөө хөөцөлдөж байгаад орон сууцны зориулалттай гэрчилгээг манайд авч ирж өгсөн.

Үүнд манай компаний зүгээс оролцсон зүйл байхгүй. Энэ хүмүүс өөрсдөө газрын харилцаанд хүсэлт гаргаад, тэр нь цаашаа Засаг дарга руу яваад захирамж гараад, өмчлөх эрх нь хүчингүй болоод, хүчингүй болсон газар дээр барилга баригдсан гэдэг утгаар нийтийн эзэмшил рүү шилжсэн. О.Бадрахбаатараас цементийн мөнгө авчихаад төлөөгүй байж яагаад худлаа хэлээд байгаа юм гэж Ц.Отгонбаяр хэлж байна. О.Бадрахбаатарт манай компаниас эхнэр К.Амаржаргалын данс руу 7,500,000 төгрөг шилжүүлсэн. 1,000,000 төгрөгөөр, 1,500,000 төгрөгөөр, 5,000,000 төгрөгөөр шилжүүлж дуусгасан. Д.Загдхорлоогоос тоосго татахад 10,000,000 төгрөгийн шатахуун Хан-Орд ХХК-ний нэр дээр авч хэрэглэсэн. Манай компани бусад бүх байгууллагуудын адил компаниудтай гэрээ хийгээд ажилладаг. Тунгалаг буянт ХХК-тай 19,000,000 төгрөгийн тоосго нийлүүлсэн гэж байна. К.Нэргүйтэй би өөрөө гэрээ хийж тоосго авсан. Энэ тоосгоны мөнгийг төлөөд дууссан. Сайхан төмөрт ХХК-тай бид урьд нь ч харьцаатай байсан. Өмнө нь барилгын материал худалдаж авч, өгдөг байсан. Ховд аймгийн Турлиахт гээд компани бас зээлж аваад өгсөн. Түүний дагуу бид зээлийн гэрээ хийгээд, буцаагаад төлсөн. М.Энхээгээс 25 сая төгрөгийг 3 хувийн хүүтэй авсан.

Тухайн үед надтай хамт миний багийн найз Д.Амгалантогтох явж байсан. Төгс Уян шил ХХК-ний захирал учраас хамт очоод авалцаад өгөөч гэж хэлсэн. Ц.Отгонбаяр харин тэр хүнийг таньдаг байсан. Тэгээд гурвууланг нь барьцаа болгож өгнө гэдэг утгаар нь гурвуулангаар нь гарын үсэг зуруулаад 25,000,000 төгрөг өгсөн. Одоо 20,000,000 төгрөгөө өгөөд 5,000,000 төгрөг дутуу, хүү өгөгдөөгүй байгаа. Барилгын дээврийн 90 ширхэг банз, хашааны банзны талаар сайн мэдэхгүй байна. Өөрсдөө барилга эхлэхийн өмнө орон сууцаа буулгаад, ачаад явсан. Энэ орон сууцыг Хан-Орд ХХК барьсан болохоос биш Д.Амгалантогтох бид хоёр бариагүй. Энэ бүх төлбөр тооцоо Хан-Орд ХХК-иас төлөгдсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан орд ХХК-ийн захирал Б.Ганбаатар шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх тухайн үеийн зах зээлийн жишиг бол тухайн айлын газрыг авч оронд нь 2 өрөө орон сууц өгдөг жишгээр явагдсан. Бид үүргээ биелүүлээд байрны орж ирсэн мөнгийг бэлэн бөгөөд дансаар нь өгөөд дууссан. Энэ хүн өөрөө ямар нэгэн байдлаар манай компаний эрх ашигт халдаад ашгийн тооцоо гаргаад, ашиг алдагдлын тооцоо гараагүй байхад ингээд яваад байгааг ойлгохгүй байна.

Анх зээл гарахад хашаа, байшин нь ХААН банканд 15,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан учраас төлсөн. Мөн өөрөө ч гэсэн хүлээн зөвшөөрсөн. Ганпүрэвээс байрны урьдчилгаан гэж 6,000,000 төгрөгийг Хан-Орд ХХК-д мэдэгдэлгүй авсан. Байр захиалсан Рэнцэнзэвгээс 1,500,000 төгрөг авч хэрэглсэн. Мөн иргэн Содномбалжирт тавилгын үнэ 800,000 төгрөгийн өртэй байсныг нь Хан-Орд ХХК-иас зээлж өрөө төлчихөөд одоо хүртэл төлөхгүй байна.

Хан-Орд ХХК-ний нэр дээр Алтайн Ойл ХХК-ний шатахуун түгээх газраас 2,592,150 төгрөгийн шатахуун Ц.Отгонбаяр авч тооцоогоо төлж чадахгүй байна гээд Хан-Орд ХХК-иас дээрхи төлбөрийг зээлж авсан боловч одоо хүртэл төлөөгүй. Эхнэр Г.Нямсансар эмчилгээнд явж байна төгрөг зээлээч гэхээр нь 500,000 төгрөг зээлсэн. Одоо хүртэл төлөөгүй. Нийт 26,392,150 төгрөгийг Ц.Отгонбаяраас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Отгонбаяр нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа: Бие даасан шаардлага болох 26,392,150 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Ганбаатар гэдэг хүн барилга баригдаж байх явцад та гурвын ажил юу болж байна гэж нэг удаа ирсэн. Чи цагаан өнгийн Corolla автомашин авчихсан намайг гэрийн үүдэн дээр буулгачихаад явсан. Өнөөдөр ямар нүүрээрээ энд орж ирээд энэ гурван хүний хийсэн ажлыг мэдэхгүйгээр надаас 26,392,150 төгрөг нэхэмжлээд сууж байгаа юм бэ. Чи энд ямар ч хамааралгүй. Б.Ганзориг би захирал нь гэж ирсэн. 15,000,000 төгрөгийн ХААН банкны зээлийг хааж өгсөн. Тэр бол миний ашиг. Би ашиг гэдэг утгаар авсан. Ганпүрэв гэдэг дүүгээ байранд оруулсан.

Би түүнээс 6,000,000 төгрөгийг ашгаа авч байгаа гэдэг утгаар авсан. Содномбалжирт 800,000 төгрөгийн өртэй байсныг дарсан. Эхнэрээ эмчилгээнд явахад 500,00 төгрөг зээлсэн. Рэнцэнзэвэгээс 1,500,000 төгрөгийг байр авна гэхээр нь урьдчилгаандаа авсан. 23,800,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд нэхэмжлэлдээ бичсэнийг буцаагаад надаас Хан-Орд ХХК-ний захирал нь би байсан. Энэ хүнд зээлсэн гээд худал яриад сууж байна. Би гэрээнийхээ дагуу ашгаа авч байна гэдэг утгаар 23,800,000 төгрөг авсан. Алтайн Ойл ХХК-иас 2,592,150 төгрөгийн шатахуун авч хэрэглэсэн гээд нийт 26,392,150 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл Алтайн ойл ХХК бүх шатахуунаа өгдгөөрөө өгөөд, мөнгийг нь төлөөд дууссан. Өмнөх шүүх хуралдаанд Алтайн Ойл ХХК-нд ажиллаж байсан хүмүүс ирээд гэрчийн мэдүүлэг өгсөн. 26,392,150 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00187 дугаар шийдвэрээр:“ 1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарын нэхэмжлэлтэй Б.Ганзориг, Д.Амгалантогтох нарт холбогдох 76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ийн Ц.Отгонбаяраас 26,392,150 /хорин зургаан мянга гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,000 /таван зуун гучин есэн мянга/ төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,911 /хоёр зуун наян есэн мянга есэн зуун арван нэг/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заажээ. Уг хуулийн заалтыг тус хэргийн үйл явдалтай холбон тайлбарлавал хуулийн хоёр буюу түүнээс дээш гэдэг нь Ц.Отгонбаяр, Д.Амгалантогтох, Б.Ганзориг нар хуулийн этгээд байгуулахгүй тухайн үед мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д барилга байгууламж гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээг хэлнэ гэж зааснаас харахад тухайн 12 айлын орон сууцыг барихад зайлшгүй барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байх шаардлагыг хуульд заасан тул Хан-Орд ХХК-ний барилга угсралтын тусгай зөвшөөрлийг үндэслэн ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээгээ хэрэгжүүлэн ажилласан байдаг.

Түүнчлэн Б.Ганзориг нь өөрийгөө Хан-Орд ХХК-ний захирал гэж Ц.Отгонбаярт танилцуулсан тул хамтран ажиллахаар болсон гэдэг. Ц.Отгонбаяр, Д.Амгалантогтох, Б.Ганзориг нар ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан ба энэ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-д хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасантай нийцэж байгаа болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд зайлшгүй нотлон тогтоох шаардлагатай асуудал бол Хан-Орд ХХК ны 12 айлын орон сууц хэдэн төгрөгөөр үнэлж болох хөрөнгөөр баригдсан талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах асуудал байсан. Нэхэмжлэгчийн зүгээс тус хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргасан ба уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй гэж заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасныг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нар нь Б.Ганзориг, Д.Амгалантогтох нарт холбогдуулан 76.200.000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Б.Ганзориг, Д.Амгалантогтох нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Мөн уг хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХК нь Ц.Отгонбаяраас 26.392.150 /хорин зургаан сая гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь / төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг Ц.Отгонбаяр нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарын нэхэмжлэлтэй, Б.Ганзориг, Д.Амгалантогтох нарт холбогдуулан 76.200.000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага, гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ний нэхэмжлэлтэй  Ц.Отгонбаяраас 26.392.150 /хорин зургаан сая гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь / төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

            Хэрэг Улсын дээд шүүхээс 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3/918 тоот албан бичгээр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирсэн[1] бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ц.Оюун-Эрдэнийг томилсон шийдвэрийг албажуулсан байна[2].

            2018 оны 8 дугаар сарын 03-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Ц.Оюун-Эрдэнэ ээлжийн амралт авсан тул Ц.Отгонбаяр нарын нэхэмжлэлтэй Б.Ганзориг нарт холбогдох хэргийг шүүгч Б.Маринад шилжүүлсэн бөгөөд шүүгч Б.Марина хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулж хэргийг түдгэлзүүлсэн байна.

            Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шүүгч Ц.Оюун-Эрдэнэ түдгэлзүүлсэн хэргийг сэргээсэн захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хэргийг шийдвэрлэсэн байна.

            Өөрөөр хэлбэл шүүгч Б.Маринагаас шүүгч Ц.Оюун-Эрдэнэд хэрэг шилжүүлсэн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол байхгүй, шүүгч Ц.Оюун-Эрдэнийг уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар томилсон шийдвэрийг албажуулсан захирамж байхгүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.2, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсгүүдийг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгч Ц.Отгонбаяр түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00187 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5390000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                          Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Гурав дугаар хавтаст хэргийн 138 дугаар хуудас

[2] Гурав дугаар хавтаст хэргийн 141 дүгээр хуудас