Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00188

 

Ц.О-, Г.Н- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2017/00409 дугаар шийдвэртэй,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаар магадлалтай,

Ц.О-, Г.Н- нарын нэхэмжлэлтэй,

Б.Г-, Д.А- нарт холбогдох,  

76.200.000 төгрөг гаргуулах, гуравдагч этгээд Х-О- ХХК-ийн Ц.О-аас  26.392.150 төгрөг гаргуулах бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Б- нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б-, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

           Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх Т У Ш- ХХК-ийн захирал Д.А-той танилцаад манай газар дээр 12 айлын орон сууц хамтарч барихаар ярилцаад, суурь ухахаас эхлээд бүх ажилд нь явсан. Барилгын зөвшөөрөлтэй компани яах вэ гэхэд Д.А- манай найз байгаа. Гурвуулаа хамтраад баръя. Ашгаа хувааж авъя гэж хэлсэн. Тэгээд барилгаа яаж барих вэ гэдэг асуудал тулгарахад гурвуулаа чадах хэмжээгээрээ материалуудаа зээлээд, оруулах мөнгөнүүдээ оруулаад, ашиглалтад өгсний дараа ашгаа хуваая гэсэн ам тохиролцоонд хүрсэн. Ингээд 11 дүгээр сард барилга ашиглалтад ороод Барилга хот байгуулалтын газарт хүлээлгэж өгөх болоход Г.Н- та хоёр Барилга хот байгуулалтын газарт өргөдөл бичиж өгдөг юм байна. Тэгэхээр 12 айлын орон сууцыг Барилга хот байгуулалтын газарт хүлээлгэж өгсний дараа нь гэрчилгээний асуудал яригдана. Худалдах-худалдан авах гэрээ байгуулаад, тохироод мөнгөө авалцъя гэсэн тохиролцоонд хүрээд Г.Н- бид хоёр Барилга, хот байгуулалтын газарт өргөдлөө бичиж өгсөн. Үүний дараа хууль бусаар гэрчилгээ гарсан байна. Учир худалдах-худалдан авах гэрээ хийгээд, энэ хоёр гэрчилгээг хүчингүй болгосны дараа 12 айлын гэрчилгээ гарах байсан. Гэтэл Барилга, хот байгуулалтын газарт өгсөн өргөдлөөр аймгийн Засаг даргын захирамж гаргуулаад, үл хөдлөх хөрөнгийн газарт очоод гэрчилгээнүүд гаргуулсан. Барилга баригдаж байх явцад хүмүүсээс маш их хэмжээний зээл авсан.

О.Бадрахбаатараас 50 тонн цемент зээлээр авсан. Тоосгонд явах болоход шатахууны мөнгөгүй болоход Д.Загдхорлоотой ярьж 10.000.000 төгрөгийн шатахуун зээлээр авч, үйл ажиллагаа дуустал хэрэглэсэн. М.Энхээгээс 25.000.000 төгрөг зээлсэн. Сангийн асуудал гарахад Ц.Сэр-Од гэдэг дүүтэйгээ ярьж, Б.Г-ийг явуулж, сангийн материалууд зээлээр авсан. Хайрганы асуудал гарахад Дурдбай гэдэг хүнээс хайрга зээлж авсан. К.Нэргүйгээс анх тоосго зээлж авч байсан. Зарим хүмүүсийн мөнгийг одоо хүртэл өгөөгүй байна. Өмнөх шүүх хуралдаанд О.Бадрахбаатарын мөнгийг бүгдийг өгсөн гэж хэлсэн боловч өчигдөр О.Бадрахбаатар над руу 5.000.000 төгрөг өгөөгүй байгаа гэж ярьсан. Анхнаасаа газар дээр чинь хоёр өрөө байр өгье гэж хэлсэн бол би заавал энэ хүмүүсээс зээл авч, ард нь хэл ам болохгүй байсан.

71.11 метр квадрат 8 ширхэг байр, 56.95 метр квадрат 4 ширхэг байр баригдсан байгаа. 1 м.кв-г 1.100.000 төгрөгөөр худалдах гэрээ хийгдсэн боловч  би өөрөө тооцохдоо 1 м.кв-г 1.000.000 төгрөгөөр тооцож бодсон. 71.11 метр квадрат подвал нэг ширхэг, 56.95 метр квадрат подвал нэг ширхэг байгаа ба үүнийг нийт тооцоод үзэхээр 903.516.000 төгрөг болж байгаа. Би төсөвчингөөр зардал хийлгэхэд 449.304.966 төгрөг болсон. 683.5 метр квадрат газрын үнэнд 71.110.000 төгрөгийн байр авсныг хассан. Нэмэгдсэн өртгийн албан татварт 24.534.000 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварт 293.945 төгрөг, цалин хөлсөнд 3.927.500 төгрөг, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны татвар 436.000 төгрөг гээд зардлуудыг бүгдийг хасахаар 353.908.690 төгрөгийн ашиг гарч ирж байгаа бөгөөд үүнийг гурван хүнд хуваахаар нэг хүнд ногдох ашиг нь 117.969.563 төгрөг гарч байгаа. Үүнээс Б.Г- 71.11 метр квадрат байр авсан ба үүн дээр 56.95 мкв подвалын үнэ 34.170.000 төгрөг аваад нийт 105.280.000 төгрөгийн ашиг хүртсэн. Д.А-ын хувьд 71.11 метр квадрат байрны үнэ 71.110.000 төгрөг, 42.666.000 төгрөгийн подвал авсан. Миний хувьд ашгаасаа 23.800.000 төгрөг авсан. 94.169.563 төгрөг үлдэж байгаа. 17.969.563 төгрөгийг бусад зардалдаа авах байх гэж тооцоод үлдэгдэл 76.200.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

             Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 онд Д.А-, Ц.О- нар ирээд хашааны газар дээр барилга барьж болох нь уу, очиж үзээч гэж хэлэхээр нь очиж үзэхэд хашаа нь Прогресс сургуулийн ар талд, ямар ч дэд бүтэц байхгүй, тухайн үед тийшээ орон сууц баригдаж эхлээгүй, мухар хашаа байсан. Тэгэхээр нь шугам сүлжээ алга байна. Ийм хол газар шугам сүлжээ татахад их зардал гарна. Энд барилга барих боломжгүй юм байна гээд буцсан. Барилгын материалыг зээлж өгч тусалъя. Манай газар дээр барилга бариад хоёр өрөө байр өгчих. Өр зээлээсээ салмаар байна гэсэн хүсэлт тавьсан. Тэгэхэд нь Б.Г- захиралд танилцуулахад үнэхээр энэ хүн чинь тэгж туслах юм бол энэ газар дээр барилга бариад 2 өрөө байрыг нь өг гэж хэлсэн. Тэгээд байраа бариад хоёр өрөө байр өгснийг Т.Хаш-Эрдэнэд зарсан. Урьдчилгаа 21.000.000 төгрөгийг Т.Хаш-Эрдэний хажууд бэлэн гаргаж өгсөн. Ипотекийн зээлээр орж ирсэн 56.000.000 төгрөгийг Г.Н-ын данс руу шилжүүлсэн. Яагаад хөрөнгө оруулсан гээд байгааг ойлгохгүй байна.

Барилга баригдаад, улсын комисс хүлээж авсны дараа ХААН банк манай ипотекийн зээлээс төлөгдөж байж зээлээс суллагдсан гэрчилгээ юм. Ц.О-, Г.Н- хоёр барилга баригдаж дууслаа, газрын гэрчилгээг чөлөөлж өг, тэгээд орон сууцаа ав гэсэн шаардлага тавьсан. Энэ хоёр өөрсдөө хөөцөлдөж байгаад орон сууцны зориулалттай гэрчилгээг манайд авч ирж өгсөн. Үүнд манай компанийн зүгээс оролцсон зүйл байхгүй. Энэ хүмүүс өөрсдөө газрын харилцаанд хүсэлт гаргаад, тэр нь цаашаа Засаг дарга руу яваад захирамж гараад, өмчлөх эрх нь хүчингүй болоод, хүчингүй болсон газар дээр барилга баригдсан гэдэг утгаар нийтийн эзэмшил рүү шилжсэн. О.Бадрахбаатараас цементийн мөнгө авчихаад төлөөгүй байж яагаад худлаа хэлээд байгаа юм гэж Ц.О- хэлж байна. О.Бадрахбаатарт манай компаниас эхнэр К.Амаржаргалын данс руу 7.500.000 төгрөг шилжүүлсэн. 1.000.000 төгрөгөөр, 1.500.000 төгрөгөөр, 5.000.000 төгрөгөөр шилжүүлж дуусгасан. Д.Загдхорлоогоос тоосго татахад 10.000.000 төгрөгийн шатахуун Х О- ХХК-ийн нэр дээр авч хэрэглэсэн. Манай компани бусад бүх байгууллагуудын адил компаниудтай гэрээ хийгээд ажилладаг. Тунгалаг буянт ХХК-тай 19.000.000 төгрөгийн тоосго нийлүүлсэн гэж байна. К.Нэргүйтэй би өөрөө гэрээ хийж тоосго авсан. Энэ тоосгоны мөнгийг төлөөд дууссан.

Сайхан төмөрт ХХК-тай бид урьд нь ч харьцаатай байсан. Өмнө нь барилгын материал худалдаж авч, өгдөг байсан. Ховд аймгийн Турлиахт гээд компани бас зээлж аваад өгсөн. Түүний дагуу бид зээлийн гэрээ хийгээд, буцаагаад төлсөн. М.Энхээгээс 25 сая төгрөгийг 3 хувийн хүүтэй авсан. Тухайн үед надтай хамт миний багийн найз Д.А- явж байсан. Т У Ш- ХХК-ийн захирал учраас хамт очоод авалцаад өгөөч гэж хэлсэн. Ц.О- харин тэр хүнийг таньдаг байсан. Тэгээд гурвууланг нь барьцаа болгож өгнө гэдэг утгаар нь гурвуулангаар нь гарын үсэг зуруулаад 25.000.000 төгрөг өгсөн. Одоо 20.000.000 төгрөгөө өгөөд 5.000.000 төгрөг дутуу, хүү өгөгдөөгүй байгаа. Барилгын дээврийн 90 ширхэг банз, хашааны банзны талаар сайн мэдэхгүй байна. Өөрсдөө барилга эхлэхийн өмнө орон сууцаа буулгаад, ачаад явсан. Энэ орон сууцыг Х О- ХХК барьсан болохоос биш Д.А- бид хоёр бариагүй. Энэ бүх төлбөр тооцоо Х О- ХХК-иас төлөгдсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

          Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х О- ХХК-ийн захирал Б.Г- шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх тухайн үеийн зах зээлийн жишиг бол тухайн айлын газрыг авч оронд нь 2 өрөө орон сууц өгдөг жишгээр явагдсан. Бид үүргээ биелүүлээд дууссан. Энэ хүн өөрөө ямар нэгэн байдлаар манай компанийн эрх ашигт халдаад ашгийн тооцоо гаргаад, ашиг алдагдлын тооцоо гараагүй байхад ингээд яваад байгааг ойлгохгүй байна. Анх зээл гарахад хашаа, байшин нь ХААН банканд 15.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан учраас төлсөн. Мөн өөрөө ч гэсэн хүлээн зөвшөөрсөн....Ганпүрэвээс байрны урьдчилгаа гэж 6.000.000 төгрөгийг Х О- ХХК-д мэдэгдэлгүй авсан. Байр захиалсан Рэнцэнзэвгээс 1.500.000 төгрөг авч хэрэглсэн. Мөн иргэн Содномбалжирт тавилгын үнэ 800.000 төгрөгийн өртэй байсныг нь Х О- ХХК-иас зээлж өрөө төлчихөөд одоо хүртэл төлөхгүй байна. Х О- ХХК-ийн нэр дээр Алтайн Ойл ХХК-ийн шатахуун түгээх газраас 2.592.150 төгрөгийн шатахуун Ц.О- авч тооцоогоо төлж чадахгүй байна гээд Х О- ХХК-иас дээрхи төлбөрийг зээлж авсан боловч одоо хүртэл төлөөгүй. Эхнэр Г.Н- эмчилгээнд явж байна төгрөг зээлээч гэхээр нь 500.000 төгрөг зээлсэн. Нийт 26.392.150 төгрөгийг Ц.О-аас нэхэмжилж байна гэжээ.

       Нэхэмжлэгч Ц.О- нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа: Б.Г- нь барилга баригдаж байх явцад та гурвын ажил юу болж байна гэж нэг удаа ирсэн. Өнөөдөр ямар нүүрээрээ энд орж ирээд энэ гурван хүний хийсэн ажлыг мэдэхгүйгээр надаас 26.392.150 төгрөг нэхэмжлээд сууж байгаа юм. Чи энд ямар ч хамааралгүй. Б.Г- би захирал нь гэж ирсэн. 15.000.000 төгрөгийн ХААН банкны зээлийг хааж өгсөн. Тэр бол миний ашиг. Би ашиг гэдэг утгаар авсан. Ганпүрэв гэдэг дүүгээ байранд оруулсан. Би түүнээс 6.000.000 төгрөгийг ашгаа авч байгаа гэдэг утгаар авсан. Содномбалжирт 800.000 төгрөгийн өртэй байсныг дарсан. Эхнэрээ эмчилгээнд явахад 500.000 төгрөг зээлсэн. Рэнцэнзэвэгээс 1.500.000 төгрөгийг байр авна гэхээр нь урьдчилгаандаа авсан. 23.800.000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд нэхэмжлэлдээ бичснийг буцаагаад надаас Х О- ХХК-ийн захирал нь би байсан. Энэ хүнд зээлсэн гээд худал яриад сууж байна. Би гэрээнийхээ дагуу ашгаа авч байна гэдэг утгаар 23.800.000 төгрөг авсан. Алтайн Ойл ХХК-иас 2.592.150 төгрөгийн шатахуун авч хэрэглэсэн гээд нийт 26.392.150 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл Алтайн ойл ХХК бүх шатахуунаа өгөөд, мөнгийг нь төлөөд дууссан. Өмнөх шүүх хуралдаанд Алтайн Ойл ХХК-нд ажиллаж байсан хүмүүс ирээд гэрчийн мэдүүлэг өгсөн. 26.392.150 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

             Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2017/00409 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.О-, Г.Н- нарын нэхэмжлэлтэй Б.Г-, Д.А- нарт холбогдох 76.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Х О- ХХК-ийн Ц.О-аас 26.392.150 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.О-, Г.Н- нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539.000 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х О- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.911 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

             Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаар магадлалаар, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2017/00409 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.390.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгч Ц.О-, Г.Н- нарт буцаан олгож шийдвэрлэжээ.  

            Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Б- нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

2015 онд Х О- ХХК нь иргэн Ц.О-аас Ховд аймаг жаргалант сумын Буянт багийн Олзвойн 1-15 тоот 683.5 м кв талбай бүхий газрыг үл хөдлөх эд хөрөнгийн хамт худалдан авсан. Гэрээний дагуу 71.11 м.кв 2 өрөө байрыг Ц.О-т өгсөн бөгөөд уг байрыг Ц.О- өөрөө Т.Хаш-Эрдэнэд зарж борлуулаад Х О- ХХК-ийн дансаар 78.175.200 төгрөгийг данс болон бэлнээр авсан. Х О- ХХК нь, Ц.О- нарын хооронд хийгдсэн худалдах- худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл дууссан. Энэ талаар зохигчид маргаагүй. Гэтэл уг барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах болоход Ц.О-ын хашаа байшин Хаан банкны 15.000.000 төгрөгийн барьцаанд байсныг нь Х О- ХХК-ийн данснаас төлж барагдуулж барьцаа хөрөнгө сулласан. Мөн Ц.О- нь Х О- ХХК-ийн байранд 05 тоотод амьдарч байгаа өөрийн дүү болох Ганпүрэвээс байрны урьдчилгаа гэж 6.000.000 төгрөгийг Х О- ХХК-нд мэдэгдэлгүй авсан. Иргэн байр захиалсан Рэнцэнзэвгээс 1.500.000 төгрөг авч хэрэглэсэн. Мөн иргэн Содномбалжирт тавилгын үнэ 800.000 өртэй байсныг нь Х О- ХХК-иас зээлж өрөө төлчихөөд одоо хүртэл төлөхгүй байна. Тус Х О- ХХК-ийн нэр дээр Алтайн-Ойл ХХК-ийн шатахуун түгээх газраас 2.592.150 төгрөгийн шатахуун Ц.О-аас авч тооцоогоо төлж чадахгүй байна гээд Х О- ХХК-иас дээрх төлбөрийг зээлж авсан боловч одоо хүртэл төлөөгүй. Дээрх зээлүүдийг 2 өрөө байрны зээл гарахаар төлж барагдуулна гээд одоо хүртэл өгөөгүй.

2016 оны 04, 06 саруудад 2 өрөө байрны 78.175.200 төгрөгийг авсан байсан. Гэтэл иргэн Ц.О- нь Х О- ХХК-иас зээлээр төлүүлсэн зээлсэн 26.392.150 төгрөгийг иргэн Б.Г-, Д.А- нараас авах ёстой ашиг гэж нэхэмжлэлдээ бичсэн байна. Мөн Х О- ХХК-ийн барьсан 12 айлын орон сууцнаас 100.000.000  төгрөгийн ашиг хүртэх ёстой байсан мэтээр бодит үнэнд нийцэхгүй нэхэмжлэл гаргасан байна. Ц.О- нь төрийн албан хаагч нөгөө талаас Х О- ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш байтал 26.392.150 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д заасны дагуу нотлогдсон. Гэтэл Х О- ХХК-ийн 12 айлын орон сууц нь иргэн Д.А-, Б.Г-, Г.Н- Ц.О- нарын өмч хөрөнгө биш бөгөөд Х О- ХХК-ийн ноогдол ашиг хуваах эрхтэй иргэд биш юм. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна”, 477.4-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна” гэжээ. Гэтэл дээрхи хүмүүс нь Х О- ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй дээрхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх байсаар байхад бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Компанийн тухай хуулийн Аравдугаар бүлэг Компанийн эрх бүхий албан тушаалтан хүлээх үүрэг хариуцлага итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүх эрх Х О- ХХК-ийн захирал Б.Г-т байсаар байхад компанийн өмнөөс ноогдол ашгийн тооцоо гаргаж үндэслэлгүйгээр хөрөнгөжих алхам хийж дахин компанид хохирол учруулж болзошгүй байна.

Нэхэмжлэгч Нямсансар, Отгонбаяр нар нь бидний хөрөнгө нийлүүлж барьсан барилга энэ бүгд нийлээд 88.980.000 төгрөг гэж нэхэмжлэлдээ үндэслэлгүй бодит үнэнд нийцэхгүй нэхэмжлэл гаргажээ. Эдгээр хүмүүс Х О- ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар биш, Х О- ХХК-ийн 12 айлын орон сууц барихад оролцсон оролцоо огт байхгүй эдгээр хүмүүсээс хөрөнгө оруулалт аваагүй. Мөн өнөөдрийг хүртэл Х О- ХХК-ийн 12 айлын орон сууц зарагдаж дуусаагүй , 4 орон сууц 3 подвалийн төлбөр бүрэн хийгдээгүй байгаа. Мөн банк, байгууллага, хувь хүнээс авсан өр төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй хүүтэй зээл сар бүр төлбөр төлөгдөж байна. Эдгээр өөрсдийгөө нэхэмжлэгч гэх хүмүүс Х О- ХХК- тай ямар ч гэрээ байгуулаагүй. 2017 оны 10 дугаар сарын 05-ны 37 дугаартай магадлалд ”...шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ц.О-, Г.Н-, хариуцагч Б.Г-, Г.Амгалантогтох нарын маргааны үндэслэл, шаардлагыг тодорхойлоогүй, маргааны үйл баримтад материаллаг хуулийг тайлбарлаж хэрэглээгүй...” гэжээ. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг шүүгч тодруулахад Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан тул хариуцагч нараас 76.200.000 төгрөг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг дахин дахин тодруулах, нэхэмжлэгч нар хангалттай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласан байтал шийдвэрийг хүчингүй болгож хэргийн оролцогчдыг чирэгдүүлж байгаад гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ” гэх хуулийн заалтын дагуу хариуцагч, нэхэмжлэгч нар нь Х О- ХХК-ийн өмнөөс шийдвэр гаргах, Х О- ХХК-ийн 12 айлын орон сууц эд хөрөнгөд дур мэдэн халдах, ашиг хуваах эрхтэй этгээдүүд биш болох талаар баримтуудыг хавтаст хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т нотлох баримтын шаардлага хангуулан хавтаст хэрэгт хавсаргасан байгааг анхаарсангүйд гомдолтой байна. Гэтэл дээрхи хүмүүс нь Х О- ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй дээрхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Д.А- нь ‘Т У Ш- ХХК-ийн захирал, Б.Г- нь Х О- ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд юм. Х О- ХХК нь 12 айлын орон сууц барьсан. ‘Х О- ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан. Захирлаар Б.Г-, хувьцаа эзэмшигчээр Б.Г- нар улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Бид ХанОрд ХХК-ийн барьж буй барилгын ашгийг дур мэдэн захиран зарцуулах эрхтэй хүмүүс нь Ц.О-, Д.А- нар биш юм.

Барилгын тусгай зөвшөөрлийг Х О- ХХК нь болон Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан нар нь 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд гэрээ байгуулж барилгын үйл ажиллагаа явуулсан. Х О- ХХК нь холбогдох бүх байгууллагуудаас зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулсан. Гэтэл нэхэмжлэгч нар Д.А-, Б.Г- нар өөрөөр хэлбэл, хувь хүмүүс Х О- 12 айлын орон сууц бариагүй. Хариуцагч Д.А- нь Т У Ш- ХХК-ийн захирал Х О- ХХК-нд цонх нийлүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х О- ХХК-ийн нийт 26.392.150 төгрөгийг хариуцагч Ц.О-аас гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа бөгөөд бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү.

Иймд, шийдвэрт өөрчлөлт оруулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Б.Г-, Д.А- нараас 76.200.000 төгрөг гаргуулах Ц.О-, Г.Н- нарын нэхэмжлэлтэй, Ц.О-аас 26.392.150 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд Х-О- ХХК-ийн бие даасан шаардлагатай хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчсөн талаар магадлалд заасан нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг хэрхэн үнэлсэн нь тодорхой бус, зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг тодорхойлж материаллаг хуулийг тайлбарлан хэрэглээгүй буюу шүүх зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.

Иймд маргааны үйл баримт хэрхэн тогтоогдсон, хуулийг хэрхэн тайлбарлан хэрэглэсэн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул  магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

             1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Г-, өмгөөлөгч Б.Б- нарын  гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

           2.Гуравдагч этгээд Х О- ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 289.911 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

                               ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ