Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00302

 

Ч.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 485 дугаар шийдвэртэй,  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 41 дугаар магадлалтай,

Ч.С-ийн нэхэмжлэлтэй,

Т Б- ХХК-ийн Сэлэнгэ салбарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөрийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Т Б- ХХК-ийн Сэлэнгэ салбарт харилцааны ахлах менежерийн албан тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 235 тоот шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгож, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байтал 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажилдаа очиход, хуралд дуудсан, уг хуралд оролцоход ажил хүлээлцэх комисс байгуулчихсан тооцооны төв хариуцсан менежер П.Баттөр таны орон тоо хасагдсан одоо ажлаа хүлээлгэж өг гэж хэлээд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал, шийдвэр танилцуулалгүйгээр миний ажлыг комисс нь хүлээн авч үндэслэлгүйгээр дахин ажлаас халсан.

Иймд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 235 тоот анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ажилд орсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1.004.545 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 25-аас 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүртлэх хугацааны цалин 4.916.544 төгрөг, нийт 5.921.089 төгрөгийг Т Б-ны Сэлэнгэ салбараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т Б- ХХК-ийн Сэлэнгэ салбарын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбарт: Т Б- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/137 тоот тушаалаар тус банкны Сэлэнгэ салбарын харилцааны ахлах менежерийн ажлын байрны орон тоо хасагдсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасны дагуу хасагдаж тогтоогдсон ажлын байранд ажилаж байсан Ч.С-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэх хуудсыг нэг сарын өмнө буюу 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэн. Тухайн мэдэгдлийн нэг сарын хугацаа дууссан тул 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 118 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Банк хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэхь хэсэгт заасны дагуу тэтгэмж олгосон. Ч.С-т нэг сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж, мэдэгдлийн 30 хоногийн хугацааны цалинтай хамт нийт 2.818.000 төгрөг тооцож олгосон.

Иймд Ч.С-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.С-ийг Т Б- ХХК-ийн Сэлэнгэ салбарын харилцааны ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Т Б- ХХК-ийн Сэлэнгэ салбараас 5.921.089 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Ч.С-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийхийг Т Б- ХХК-ийн Сэлэнгэ салбарт үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Т Б- ХХК-ийн Сэлэнгэ салбараас 179.887 төгрөг гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 41 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 485 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 179.887 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ч.С-ийн нэхэмжлэлийн дагуу “Т Б-” ХХК-ийн Сэлэнгэ салбарыг хариуцагчаар тогтоон нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа хийгдсэн бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хариуцагчаар татаж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг анхан болон давж заалдах шатны шүүх гаргасан. Т Б- ХХК нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд уг хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасны дагуу гүйцэтгэх захирал итгэмжлэлгүйгээр Т Б- ХХК-ийг төлөөлөх эрхтэй байдаг бөгөөд шүүхэд төлөөлөх эрхийг гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдон шүүхэд Т Б- ХХК-ийг төлөөлөн оролцдог.

Хэргийн 31 дүгээр хуудсанд П.Баттөрд олгосон итгэмжлэл нь Т Б- ХХК-ийн гүйцэтгэх захирлын гарын үсэг зурагдаж тэмдэг дарагдсан хуулийн хүчин төгөлдөр хэдий ч хариуцагчаар Т Б- ХХК эсхүл Т Б- ХХК-ийн Сэлэнгэ салбарыг татсан бол тухай хариуцагчаар татагдсан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадамжтай эсэхийг нэн тэргүүнд тодруулан тодорхойлох шаардлагатай. Гэвч хэргийн хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт болох аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар зэргийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй байхад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг хэрэгжүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь хэргийн оролцогч хариуцагч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай эсэх, түүнийг хэний итгэмжлэлээр хэн төлөөлөх эсэх нь тодорхойгүй байхад Т Б- ХХК-ийн Сэлэнгэ салбарыг хариуцагч болгон хэргийг шийдэж байгаа нь хуульд үл нийцсэн үйлдэл болсон.

Сэлэнгэ салбарын харилцааны ахлах менежерийн ажлын байрны орон тоог хассан тухай Т Б-ны гүйцэтгэх захирлын А/137 дугаар тушаал 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гарсан ба уг тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.5 дахь хэсгийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ч.С-т мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, банкинд аливаа эрсдэл үүсгэхээс урьдчилан сэргийлэхийн тулд нэхэмжлэгчийн ажлыг тухайн өдөр нь хүлээн авсан. Улмаар мэдэгдэлд заасан 1 сарын хугацаа өнгөрснөөр 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ салбарын захирлын 118 дугаар тушаалаар Ч.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Гэвч шүүх бүрэлдэхүүн мэдэгдэл гардуулан ажлыг хүлээн авсныг ажлаас халсан гэж дүгнэн үйл баримтыг буруу тодорхойлон шийдвэрлэсэн байна. Банк нэхэмжлэгч Ч.С-т ажлыг нь хүлээн авсанаас хойш ажлаас халах тушаал гарах хүртлэх ажилгүй байсан хугацааны мэдэгдэлд заасан 1 сарын цалинг олгосон. Энэ талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй мөн 2017 оны 5 дугаар сарын 29-ний Сэлэнгэ салбарын захирлын 118 дугаар тушаалын үндэслэлд дурдагдаагүй үйл баримтад үнэлэлт, дүгнэлт хийсэн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй зүйлээр шийдвэр гаргасан шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

1. Ч.С-, Т Б- ХХК-ийн Сэлэнгэ салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв хэдий ч шүүх зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийгээгүйг давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд залруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасантай нийцжээ.

Ч.С- нь Т Б- ХХК-ийн Сэлэнгэ салбарт харилцааны ахлах менежерээр ажиллаж байгаад ажлаас үндэслэлгүй халагдсныг шүүхийн шийдвэрээр тогтоосны дагуу хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 84 тоот тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон ба мөн оны 4 дүгээр сарын 28-ны өдөр орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халах мэдэгдэл өгч, тухайн өдөр ажлыг хүлээлцүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д орон тоо хасагдсан бол ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болох боловч Т Б- ХХК-ийн дүрэмд заасан эрх бүхий этгээд орон тоо хасах шийдвэр гаргасан нь тогтоогдоогүй талаархи давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Т Б- ХХК-ийн дүрэмд тус банкны бүтэц, орон тооны өөрчлөлтийг Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэх эрхтэйг заасан атал Ч.С-ийг ажлаас халахдаа Хүний нөөцийн газрын шийдвэр болон гүйцэтгэх захирлын шийдвэрийг үндэслэсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, эдгээр этгээд нь банкны бүтэц орон тоог өөрчлөх эрхтэй нь тогтоогдоогүй байна.

Иймд ажилтанг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцсэн гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Ч.С- хариуцагчаар Т Б- ХХК-ийн Сэлэнгэ салбарыг татсан, шүүх тухайн салбарт холбогдуулж иргэний хэрэг үүсгэсэн байна.

Ч.С-ийг ажилд авах, ажлаас халах шийдвэрийг Т Б- ХХК-ийн Сэлэнгэ салбарын захирал гаргасан, тухайн шийдвэр гаргах эрхтэйг тус банкны дүрэмд тухайлан заажээ. Шүүх иргэний хэрэг үүсгэсний дараа Т Б- ХХК-ийн Сэлэнгэ салбарын захирал Д.Ариунболд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох төлөөлөгчийг төв банкнаас томилж ирүүлэх болохыг шүүхэд мэдэгдэж албан бичиг ирүүлсэн байх ба  Т Б- ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэндсүрэн Сэлэнгэ салбарын тооцооны төв хариуцсан менежер П.Баттөрд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг олгожээ.

Хуулийн этгээдийн салбар нь хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг бөгөөд салбар нь хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.

Хуулийн этгээдийн салбар хуулийн этгээдийн эрхгүй боловч иргэний эрх зүйн харилцаанд оролцогч болохыг Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заажээ.

Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч Ч.С- шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар хуулийн этгээд мэдэж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед салбарыг хариуцагчаар татсныг буруу гэж үзээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийн эрх зөрчигдөөгүй байх тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд Т Б- ХХК-ийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 485 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 41 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 179.887 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ