Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2023/01158

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2023/01158 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, ****** тоот хаягт оршин суух Амгалан овогт Б.Х /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа, ******** тоот хаягт байрлах Д ХХК /*******/-д холбогдох

 

Гэрээнээс учирсан хохирол 49 637 551 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Х , нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Д ХХК, Н.Э нарт холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 49 637 551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажллагааны явцад хариуцагч Н.Э-ээс татгалзаж, хариуцагч Д ХХК-д холбогдох шаардлагаа дэмжсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Х  миний бие нь Д  ХХК-тай 2017 оны 04-р сарын 23-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан захиалгын гэрээ байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч нь 2017 оны 04-р сарын 23-ны өдрөөс 38 хоногийн дотор Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Яргайтын богино гудамж тоотод байрлах 78 м.кв бүхий 4 улирлын амины орон сууц, түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр иж бүрэн бие даасан дэд бүтэцтэйгээр баригдах ажлыг ажлын графиктай уялдуулан барилгын нөхцөл, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, захиалагч ажлыг хүлээн авч гэрээнд заасан хөлс төлнө гэж заасан ба 2017 оны 06-р сарын сүүлээр амины орон сууцыг хүлээлгэн өгч, төлбөрийг бүрэн төлсөн. Ингээд амьдарч байх хугацаанд 2019 оны 03-р сарын 30-ны өдөр гал гарч шатсан ба Чингэлтэй дүүрэг дэхь Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 191101059 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж эхэлсэн. 2019 оны 06 дугаар сарын 09-ны өдөр шинжээчийн 220/986 тоот дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр: Хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материал, гэрчүүдээс авсан мэдүүлэг, фото зураг, гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлтүүдээс үзэхэд гал түймэр нь цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас шилжилтийн эсэргүүцэл, богино холболт болж гал түймэр гарсан байх үндэслэлтэй байна, гал түймрийн голомт нь тухайн байшингийн дотор тал ертөнцийн зүгээр баруун урд талаас эхлэн гарч зүүн хойд тал руу тархсан байна, тухайн гал түймэр нь цахилгаан бараа, техник зэргээс үүдэн гарсан эсэх нь тогтоогдоогүй, хэргийн материал, шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд ямар нэгэн гадны хүчин зүйлийн нөлөөллийн улмаас гал гарсан гэх шинж тэмдэг илрээгүй гэж дүгнэсэн. Цагдаагийн байгууллагаас хөрөнгө үнэлгээний шинжээчээр Дамно ХХК-ийг томилсон ба 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үнэлгээний дүгнэлт гарч, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Яргайтын богино гудамж тоотод байрлах 78 м.кв бүхий 4 улирлын амины орон сууц нь 32 474 062 төгрөг, хөдлөх эд хөрөнгө 14 863 489 төгрөгний хохирлын үнэлгээ гарсан. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т Энэ хуулийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх. тохируулах хугацаа нэг жил байна гэж заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна 14.7-т Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна. Б.Х  миний Д ХХК-тай 2017 оны 04-р сарын 23-ны өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан захиалгын гэрээний 5.5-т Гүйцэтгэсэн ажлын чанарт Монгол улсын Барилгын тухай хуулийн дагуу 3 жилийн баталгаа гаргана 6.4-т доголдол гэдэгт чанарын шаардлага хангахгүй материалаар ажил гүйцэтгэх, ажлыг батлагдсан зураг төслөөс өөр байдлаар хийх, барилгын улсын стандарт, нормыг зөрчин гүйцэтгэхийг ойлгоно гэж тус тус заасан байна. Иймд Д ХХК-иас гэм хорын хохиролд 49 637 551 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчаас бичгээр хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараагийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан. Үүнд: Нэхэмжлэгч Б.Х  нь Д ХХК-тай 2017 оны 04-р сарын 23-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан захиалгын гэрээ байгуулж, гэрээгээр тохироцсоны дагуу байшинг 9 дүгээр сард хүлээлгэн өгөхөд 100 хувь сэтгэл ханамжтайгаар хүлээн авсан. Цахилгааны утсыг чанарын шаардлага хангасан Солонгос утсыг ашиглаж хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн зуслангийн тог ачаалал даах чадваргүй, 380 ктын хүчин чадал бүхий тог тавих шаардлагатай талаар түүнд сануулж байсан. Анх гал тамбрт гарч эхэлсэн гэх ба бидний хооронд байгуулагдсан гэрээнд үүдний тамбрын хэсэг ороогүй, байшинг л цэвэр бохирын систем зэрэг бүх зүйлийг нь оруулаад 29 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцож, уг ажлаа гүйцэтгэсэн. Харин байшинг хүлээлгэн өгсний дараа манай компанийн ажилтнуудаар бариулсан тул хэрэв тамбрт тавьсан цахилгааны утаснаас гал гарсан гэж байгаа бол манай компани хариуцах үндэслэлгүй. Мөн шинжээчийн дүгнэлтээр цахилгааны утас чанарын шаардлага хангаагүйн улмаас гал гарсан гэдэг нь эргэлзээгүй нотлогдоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Барилгын тухай хуульд заасан 3 жилийн баталгаат хугацаа гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг хэлнэ гэж заасан ба маргааны зүйл болох байшин хуульд заасан барилга байгууламжид хамаарахүй тул хуульд заасан гурван жилийн баталгаат хугацаа хамаарахгүй гэж үзэж байна. Хохирлын баримтуудаас үзэхэд бараа материалын жагсаалт нь худалдаж авсан бараа материалд огт дурдагдаагүй, төлбөрийн баримт нь эргэлзээтэй, үнэт эдлэл бодитоор байсан эсэх нь тодорхойгүй Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж, 2017.04.23-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан захиалгын гэрээ, Нийслэллийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөрдөгчийн тогтоол, 2019.07.15-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 893 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, төсөвт өртгийн нэгдсэн товчоо, цалингийн нэгтгэл, нийт барилгын материалын хэрэгцээ, нийт барилгын машин механизмын хэрэгцээ, нийт барилгын тээврийн тооцоо, фото зургууд, хөрөнгийн үнэлгээний тооцоо, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фото зургууд, төлбөрийн баримтууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-56 ху, 102-109 ху, хх 222-250 ху, 2хх 1-2 ху, 2хх 34-36 ху, 2хх 50-55 ху/

 

4. Хариуцагчаас: улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн. /хх 24-25 ху/

 

5. Шүүх, Нийслэлийн Онцгой байдлыг газраас Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслангийн задгайд байршилтай Д ХХК-ийн хийж гүйцэтгэсэн сууцанд гал гарсан талаар галын дуудлага авч, газар дээр нь үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн нөхцөл байдлыг бэхжүүлэн авсан гэрэл зураг, галын нотломж, гал түймэр гарсан тухай актыг, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2017.01.01-ний өдрөөс 2018.01.01-ний өдөр хүртэл хугацаанд, Д ХХК-ниас илгээж байсан нийгмийн даатгалын тайланд н.Ж  гэх нэртэй ажилтан нийгмийн даатгал төлж байсан эсэх талаарх лавлагааг тус тус нотлох баримтаар бүрдүүлж, гэрч Н.Т-өөс мэдүүлэг авсан. /2хх 16-29 ху, 2 хх 70/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Х  нь хариуцагч Д  ХХК, Н.Э нарт холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 49 637 551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Э-ээс татгалзаж, хариуцагч Д ХХК-иас 49 637 551 төгрөг гаргуулахаар шаардлагаа дэмжиж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Д ХХК-тай 2017 оны 04-р сарын 23-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан захиалгын гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино гудамжид байрлах 78 м.кв бүхий 4 улирлын амины орон сууц, түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр, иж бүрэн бие даасан дэд бүтцийн хамт барилгын нөхцөл, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр тохиролцож, гэрээний дагуу 29 000 000 төгрөгийг төлж, 2017 оны 06-р сарын сүүлээр амины орон сууцыг хүлээн авсан. Ингээд амьдарч байх хугацаанд 2019 оны 03-р сарын 30-ны өдөр гал гарч шатсан ба Чингэлтэй дүүрэг дэхь Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 191101059 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 220/986 тоот шинжээчийн дүгнэлтээр хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материал, гэрчүүдээс авсан мэдүүлэг, фото зураг, гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлтүүдээс үзэхэд гал түймэр нь цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас шилжилтийн эсэргүүцэл, богино холболт болж гал түймэр гарсан байх үндэслэлтэй байна, гал түймрийн голомт нь тухайн байшингийн дотор тал ертөнцийн зүгээр баруун урд талаас эхлэн гарч зүүн хойд тал руу тархсан байна, тухайн гал түймэр нь цахилгаан бараа, техник зэргээс үүдэн гарсан эсэх нь тогтоогдоогүй, хэргийн материал, шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд ямар нэгэн гадны хүчин зүйлийн нөлөөллийн улмаас гал гарсан гэх шинж тэмдэг илрээгүй гэж дүгнэсэн. Цагдаагийн байгууллагаас томилсон Д ХХК-ний үнэлгээгээр 4 улирлын амины орон сууц нь 32 474 062 төгрөг, хөдлөх эд хөрөнгө 14 863 489 төгрөгний хохирол учирсан гэх үнэлгээ гарсан. Иймд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7, Б.Х миний Д  ХХК-тай байгуулсан 2017 оны 04-р сарын 23-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан захиалгын гэрээний 5.5, 6.4-т заасны дагуу Д   ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас учирсан хохиролд 49 637 551 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Д  ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Б.Х-тэй байгуулсан гэрээний дагуу амины орон сууцыг чанарын шаардлага хангасан, доголдолгүй хүлээлгэн өгсөн. Чанарын шаардлага хангасан Солонгос улсад үйлдвэрлэгдсэн цахилгааны утсыг нэхэмжлэгчид танилцуулан стандартын дагуу суурилуулсан. Байшингийн тамбрыг хийж гүйцэтгэх нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хамаарахгүй, нэхэмжлэгч хувиараа ажилчидтай тохиролцон хийж гүйцэтгэсэн тул тамбраас гал гарсан тохиолдолд доголдлыг бид хариуцахгүй. Шинжээчийн дүгнэлтийн нэгдүгээр хавсралтад хэргийн газрын үзлэг, гэрчүүдээс авсан мэдүүлэг, фото зураг, гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлтээс гэж дурдсан бөгөөд хэрэгт гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлт авагдаагүй, прокурорын тогтоолд цахилгаанд утсанд үүсэж байгаа бөмбөлөг бол цахилгаанны шилжилт хөдөлгөөн, галны дөлөөр үүсэж болно гэсэн ба яг утаснаас болж гал гарсан гэх дүгнэлт гараагүй. Хохирлын баримтуудаас үзэхэд бараа материалын жагсаалт нь худалдаж авсан бараа материалд огт дурдагдаагүй, төлбөрийн баримт нь эргэлзээтэй, үнэт эдлэл бодитоор байсан эсэх нь тодорхойгүй зэрэг нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан хохирол бодитой байх шаардлагыг хангахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 Нэхэмжлэгч Б.Х хариуцагч Д  ХХК нарын хооронд  2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан захиалгын гэрээ байгуулж, Д  ХХК Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино гудамжид байрлах, 78 м.кв талбай бүхий амины орон сууцыг барьж гүйцэтгэх, Б.Х 29 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон, /хх 6-9 ху/

 

4.2 2019.04.04-ний өдөр Б.Х-ийн зуслангийн байшин шатсан гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол үйлдэгдэж, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019.07.15-ны өдрийн 893 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хаахаар шийдвэрлэсэн, /хх 13-16 ху/

 

4.3 Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019. 06.09-ний өдөр ...Хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материал, гэрчүүдээс авсан мэдүүлэг, фото зураг, гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлтүүдээс үзэхэд гал түймэр нь цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас шилжилтийн эсэргүүцэл, богино холболт болж гал түймэр гарсан байх үндэслэлтэй байна, гал түймрийн голомт нь тухайн байшингийн дотор тал ертөнцийн зүгээр баруун урд талаас эхлэн гарч зүүн хойд тал руу тархсан байна, тухайн гал түймэр нь цахилгаан бараа, техник зэргээс үүдэн гарсан эсэх нь тогтоогдоогүй, хэргийн материал, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд ямар нэгэн гадны хүчин зүйлийн нөлөөллийн улмаас үүдэн гал гарсан гэх шинж тэмдэг илрээгүй... гэх дүгнэлт гарсан, /1 хх 16-17 ху/

 

4.4 2019.06.18-ны өдрийн Дамно ХХК-ний №ЧД2-19-321 дугаар тайлангаар Гал гарсны улмаас Б.Х-ийн амины орон сууц, эд хөрөнгөд учирсан хохирлыг барилгын төсөв 32 474 062 төгрөгөөр, хөдлөх эд хөрөнгө 14 863 489 төгрөгөөр тус тус үнэлсэн, /1 хх 18-56 ху/

 

4.5 Б.Х-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь 452444475 дугаарын данснаас 2017.08.24-ний өдөр 999 000 төгрөгөөр 2 удаа, 2017.08.28-ны өдөр 300 000 төгрөгийн таамбарт гэсэн утгатай зарлагын гүйлгээ хийгдсэн, /1 хх 104 ху/

 

4.6 2019.03.29-ний өдөр 986/09, 2019.03.30-ны өдөр 139/986 дугаар нотломж, 2019.04.02-ны өдөр 11/986 дугаар гал түймэр гарсан тухай тэмдэглэл үйлдэгдэж, хэргийн газраас хураан авсан цахилгаан дамжуулах утсыг мөрдөгчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдсэн, /2 хх 17-29 ху/

 

4.7 Нэгж талбарын 18642324168746 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэгт байрлах 700 мкв газар эзэмшигчээр Б.Х- бүртгэлтэй зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 11-12 ху/

 

5. Зохигч тэдгээрийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний биелэлт, төлбөр, үр дүнг хүлээн авсан, тамбрын төлбөрийг Д  ХХК-ний захирал өөрийн дансаар хүлээн авсан зэрэг үйл баримтад маргаангүй, харин гал гарсан шалтгаан нөхцөл, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тамбр хамаарах эсэх, ажлын гүйцэтгэл чанарын доголдолтой байсан эсэх буюу цахилгааны утас чанарын шаардлага хангасан эсэх, хохирлын хэмжээ зэрэгт маргаантай.

 

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасанд хамаарах ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас буюу шаардлага хангахгүй цахилгааны утас суурилуулсан нь гал гарах шалтгаан болсон тул галын улмаас учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч шаардлага хангасан цахилгааны утас суурилуулсан, гал гарсан байшингийн тамбрын хэсэг гэрээний зүйл биш, шинжээчийн дүгнэлт болон хохирлын үнэлгээ нэхэмжлэлийн шаардлагыг эргэлзээгүй нотлохгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д ...Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т ...Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна... гэж, 14.6-д ...Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна... гэж, 14.7-д ...Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна... гэж тус тус заажээ.

 

Мөн зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 5.5-д Гүйцэтгэсэн ажлын чанарт Монгол улсын барилгын хуулийн дагуу 3 жилийн баталгаа гаргана гэж заасан байх ба нэхэмжлэгч 2020.04.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуульд заасан 3 жилийн хугацааг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч доголдлын улмаас учирсан хохирлыг арилгуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

6.2 Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж, 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байна.

 

Дээрх хуулийн зохицуулалт гэм буруутай этгээдийн  үйлдэл/эс үйлдэх/-тэй учирсан хохирол шалтгаант холбоотой байх, шалтгаант холбоотой бол хохирлын хэмжээ тогтоогдсон байхыг шаарддаг.

 

Хариуцагч, чанарын шаардлага хангасан цахилгаан дамжуулах утсыг стандартын дагуу суурилуулсан гэж маргасан боловч татгалзлаа бичгийн баримтаар нотлоогүй.

 

Иймд хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019.06.09-ний өдрийн ...цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас шилжилтийн эсэргүүцэл, богино холболт болж гал түймэр гарсан байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлтийг хариуцагчийн чанарын шаардлага хангасан цахилгаан дамжуулах утсыг суурилуулсан гэх татгалзал бичгийн баримтаар нотлогдохгүй байгаа үйл баримттай харьцуулан дүгнээд хохирлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №ЧД2-19-321 дугаартай Д ХХК-ны үнэлгээгээр барилгын төсөвт учирсан хохирлын хэмжээг 32 474 062 төгрөгөөр, хөдлөх эд хөрөнгийг 14 863 489 төгрөгөөр тус тус үнэлсэн байх тул хохирлын хэмжээ тогтоогдсон гэж үзнэ.

 

Гэхдээ дээрх үнэлгээнд дурдсан үнэт эдлэлийн үнэлгээ 3 000 000 төгрөг зарагдсан байсан гэсэн тайлбартай байгаагаас үзэхэд тухайн эд хөрөнгө бодитоор байсан эсэх нь тогтоогдохгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх тул хохирлын хэжээнээс 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Мөн, тамбрын хохирол 2 300 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй. Учир нь дээр дурдсан үнэлгээнд барилгын төсөвт учирсан хохирлын хэмжээг 32 474 062 төгрөгөөр үнэлсэн байх ба уг хохиролд тамбр ороогүй болох нь нотлогдохгүй байх тул тамбрын үнэ 2 300 000 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж тус тус дүгнээд хариуцагч Д ХХК-иас 44 337 551 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагчийн, тамбр ажил гүйцэтгэх гэрээний зүйл биш учир 3 жилийн баталгаанд хамаарахгүй, компаний ажилчдаар бариулсан гэх татгалзал нь  захирал н.Б-ын дансанд Б.Х-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь 452444475 дугаарын данснаас 2017.08.24-ний өдөр 999 000 төгрөгөөр 2 удаа, 2017.08.28-ны өдөр 300 000 төгрөгийн таамбарт гэсэн утгатай зарлагын гүйлгээ хийгдсэн үйл баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзсэн.

 

Мөн шинжээчийн дүгнэлт, галын нотломж зөрүүтэй гэх тайлбар гэрч Н.Т-ийн мэдүүлгээр үгүйсгэгдсэнийг, шинжээчийн дүгнэлтийн обьект болох цахилгааны утас тус компаний ашигласан утас биш, дүгнэлт эргэлзээтэй гэх татгалзлууд нь бичгийн баримтаар нотлогдоогүй тул үндэслэлгүй гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

 

6.3 Нэхэмжлэгч Б.Х  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Э-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэх нь зүйтэй.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д  ХХК-иас хохирол 44 337 551 /дөчин дөрвөн сая гурван зуун гучин долоон мянга таван зуун тавин нэгэн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 300 000 /таван сая гурван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Э-эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Б.Х татгалзсныг баталсугай.

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446 388 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д  ХХК-иас 379 638 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х   олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ