Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/40

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Г.Чинзориг

Прокурор                                                  Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Г.Цэрэндолгор,

  Т.Энхболд

Шүүгдэгч                                                    ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор *******өд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1999 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, Хатин овогт Сайнбаярын Гантөгс. Урьд:  Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар торгох ялаас биелэгдээгүй үлдсэн 245 000 төгрөгийн торгох ялаас өршөөн хэлтрүүлсэн.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хэрлэн голын эрэг дээр иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь “8 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, уушиг уналт, хамрын нуруу, зүүн чамархай, хацар, шанаа, зүүн чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Хатин овогт ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 3 /гурав/ жилийн  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1036 670 төгрөгийг гаргуулж, хохирогч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 13 дугаар хороо, 8-156 оршин суух, Ариунтунгалагийн Мөнхбаясгалан /*******/-д олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:  “...Надад оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт, бодит байдалтай нийцэхгүй байгаа тул гомдлыг миний хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Саналаа бичгээр илэрхийлсэн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг гарах болсон шалтгааныг тооцох ёстой. Хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. *******ийн хувьд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Хохирогчтой аав нь утсаар холбогдсон. Уучилж болно, гэхдээ шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна гэж мэдэгдсэн байна лээ. “Өршөөлийн тухай хууль”-д хамрагдах болсон шалтгаан нь урьд нь торгох шийтгэл хүлээж байсан. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 300 000 төгрөг тушаасан. 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 55 000 төгрөг тушаасан. Торгууль төлөх хугацааг ахлах шийдвэр гүйцэтгэгч нь сунгасан байдаг. Энэ материал хэргийн материалд авагдаагүй хэдий ч хэлэхийг хүссэн юм. Ингээд үлдсэн торгууль нь өршөөгдсөн гэдгээ *******ийн хувьд мэдээгүй. Цаанаас нь автоматаар шийдвэр гүйцэтгэх байгууллага торгох ялаас өршөөсөн. Мэдээгүй гэдэг нь торгууль төлж байсан баримтаар нотлогдоно гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогчид учруулсан гэм хорын хохирлоо бүрэн төлсөн гэв.

Прокурор Э.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны шөнө Хэрлэн голын эрэг дээр Мөнхбаясгалантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдаж хүнд хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Үүнд хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт багтана. Анхан шатны шүүхийн шийдвэр гэмт хэргийн шинж чанартай тохирч байна гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Хэрлэн голын эрэг дээр хохирогч *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь “8 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, уушиг уналт, хамрын нуруу, зүүн чамархай, хацар, шанаа, зүүн чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******, гэрч О.Тэмүүжин, Л.Номиндоо нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 304 дугаартай дүгнэлт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үздэг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх, хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд шүүгдэгч *******ийн “надад оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт, бодит байдалтай нийцэхгүй байна” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогч *******д гэм хорын хохиролд 1050 000 төгрөг төлсөн баримтаа тус шүүхэд ирүүлсэн байх тул магадлалд дурдах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******д гэм хорын хохиролд 1050 000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА

                                ШҮҮГЧИД                                             Б.ДЭНСМАА

                                                                                              З.ЭНХЦЭЦЭГ