Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 216/МА2019/00010

 

Д.Н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 134/ШШ2019/00102 дугаар шийдвэртэй, Д.Н нэхэмжлэлтэй Н.Ц, А.М нарт холбогдох 13 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, хариуцагч А.М,  өмгөөлөгч С.С, нарийн бичгийн дарга П.Р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н миний бие нь Н.Ц, А.М нарт 4 500 000 төгрөгийг жонш авахаар тохирч, урьдчилгаа болгож өгсөн боловч өнөөдрийг хүртэл жоншоо ч өгөөгүй, мөнгөө ч төлөөгүй. Анх 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт ирээд жоншоо гаргах гэсэн боловч гараар дийлдэхгүй байна, техник түрээслэх гэсэн мөнгө дутаад гээд өөрийн гараар баримт бичиж 3 500 000 төгрөгийг бэлэн тоолж авсан. Дараа нь А.М мөн ингэж гуйгаад 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 5990177279 тоот дансаар 1 000 000 төгрөг шилжүүлж авсан. Үүнээс хойш энэ хоёр жонш авчирсан боловч надаас зугтаад өөр хүнд зараад явсан байсан. Би мөнгөө авахаар удаа дараа шаардсан боловч өгөөгүй. Тэгээд 8 дугаар сарын сүүл 9 дүгээр сарын эхээр, надад том техник олоод өг, тэнд нэг том хад байна тэрийг л нураачих юм бол танд өгөх мөнгө, түрээсийн мөнгө асуудал байхгүй, тэгээд ашгаа тавь, тавин хувиар хувааж авъя гэж тохиролцож хамтран ажиллах гэрээг амаар хийсэн. Ингээд би экскаватор түрээсэлж, хүн цалинжуулж ажиллуулаад 31,8 тонн жонш олборлож, худалдаад нийт 7 сая шахуу төгрөг болсон. Гэхдээ миний нэхэмжилсэн 4 500 000 төгрөгтэй энэ жоншны мөнгө ямар ч хамааралгүй. Эд нарт зээлсэн мөнгө биш, жонш авахаар тохиролцсон мөнгө учраас 4 500 000 төгрөгийг А.М, Н.Ц нараас тэнцүү хэмжээгээр гаргуулна. Мөн зөвшөөрөлгүй байж надтай хамтран ажиллахаар тохиролцож, надаар экскаватор түрээслүүлж 8 500 000 төгрөгийн хохирол учруулсан. Намайг 4 500 000 төгрөгөө нэхэхэд олборлосон жоншоороо төлсөн гэхээр нь надад ийм хэмжээний хохирол учирсан гээд бүхнийг тодруулахын тулд би дараа нь 8 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Иймд намайг хуурч мэхлэн худлаа ярьж зөвшөөрөлгүй газарт техник хөлслүүлэн нийтдээ 8 500 000 төгрөгийн хохирол учруулсан тул мөн хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Н.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 08 дугаар сараас О гэдэг хүнтэй Гишгэр гэх газар хамтран жонш олборлож эхэлсэн. Тэндээс олсон жоншоо Н гэдэг хүнд 250 000 төгрөгөөр өгч байсан. Би О гэдэг хүнтэй ажиллахаа болиод Н гэдэг хүнтэй хамтран ажиллахаар аман хэлбэрээр тохиролцсон байсан. Хамтарч ажиллахаас 1 сарын өмнө А.М, Д.Н нар П.О болон түүний нөхөртэй намайг Даланжаргалан суманд байхад очсон. Тэгээд би газраа үзүүлэхэд Д.Н болно гэсэн. Би урьд нь Д.Н 4 500 000 төгрөг авсан байсан. 3 500 000 төгрөгийг нь бэлнээр, 1 000 000 төгрөгийг А.М дансаар авсан. Тэгээд хэд хоногийн дараа намайг Угтаалын наана явахад миний утас дуугарч Д.Н экскаватор машинд ачуулаад явуулсан шүү гэж хэлэхэд нь би П.О, А.М хоёрыг тэр машинтай нь жонш олборлох газар руу хүргээд өгчих гэсэн. Тэгээд би 2 хоногийн дараа очиход тэр экскаватор нь миний нүхэнд орсон байж байсан. Хажуу талд О бас нэг экскаватор аваад ирсэн, жонш олборлож байсан. Би О ахад та одоо гарчих, би 1 сар жонш олборлоё хоёулаа нэг, нэг сараар ээлжилж орно гэж тохиролцсон. Одоо миний орох ээлж гэхэд ах нь чадахгүй. Хажуу талд чинь байж байя гэсэн. 2 экскаватор аваад ирэхээр сумын байгаль орчны байцаагч ирж хэл ам гараад байна. 2 машиныг чинь хураана шүү гэж анхааруулахад тоохгүй, жонш олборлосон. Тэгэхэд нэхэмжлэгчид 8 500 000 төгрөгийн хохирол учрах үндэслэл байхгүй. Жонш ялгуулахаар авч ирсэн 3 хүнийг 10 000 төгрөгөөр ажиллуулсан гэсэн. 31,8 тонн жоншийг 3 хүнээр ялгуулахад 700 000 төгрөг гарахгүй. Үүнийг би тооцоход 260 000 төгрөг болсон. Мөн экскаваторыг 1 сар ажиллуулахад 18 000 000 төгрөг байдаг. Тэр экскаватор 2 хоног л ажилласан. 1 өдөрт 26 тонн жонш гарлаа, ер нь сайн жонш гарах юм байна гэж цаг бүртгэж байсан П.О хэлж байсан. Тэгээд 18 000 000 төгрөгийг 3 өдөрт хуваахад 1 өдрийн 600 000 төгрөг болно. П.О бүх цагийг нь бичиж байсан. Тэр хүн 1 өдрийн хэдэн цаг, хэдэн төгрөг болсныг нь мэднэ. 4 500 000 төгрөгийн хэрэгт гэрчээр асуусан. Би анхны түлшийг хэрхэн авч ирснийг мэднэ. Сүүлд авч ирсэн түлшийг нь мэдэхгүй. Пронтер машинтай авч ирсэн түлшийг нь буцаасан. 31,8 тонн жоншийг гаргахад би маргааш шалгалт ирнэ гээд өнөөдөр жоншоо ачаарай гэхэд жоншоо ачсан. Мөн одоо жонш олборлохоо болъё гэхэд Д.Н болихгүй гэсэн. Тэгээд маргааш нь Байгаль орчноос хүн ирээд экскаваторын бичиг баримтыг аваад явсан. Тухайн экскаваторын буцах зардлыг хэн ч өгөөгүй. Түүнийг төлөөлөгч замын унаанд хэлээд буцаасан гэсэн. Тэгээд хоолонд 1 300 000 төгрөг гараагүй. Би өөрөөсөө нэг ямааны мах, Б бас нэг ямааны мах гаргасан. Д.Н нэг шуудай гурил, нэг шуудай төмс, хэдэн хоолны амтлагч авчирсан. Өөр зүйл аваагүй. Тиймээс 13 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 3 хүнээр 1 тонн жоншийг 10 000 төгрөгөөр ялгуулсан байж, яагаад У гэдэг хүнд 500 000 төгрөгийн урьдчилгаа өгөөд мөн нөхөрт нь яагаад дахин 300 000 төгрөг өгсөн бэ? үүнийг бодохоор ялгасан жоншноосоо илүү гараад байна гэж би харж байна. Би боловсролгүй хүн. Мөн надаас 8 500 000 төгрөг гаргуулж намайг шатаасан гэж хэлсэн. Тийм зүйл болоогүй. Урьд нь өөрөө надаас энэ 85 чанартай сайн жонш гэж 240 000 төгрөгөөр авч байсан. Бас Элбэг гэж жонш авдаг хүн 85 чанартай жонш гэж авч байсан. Тиймээс би 8 500 000 төгрөг гараагүй гэж үзэж байна. Харин 4 500 000 төгрөгийг авсан нь үнэн. Тэгэхдээ тэр газраас гарсан 31,8 тонн жоншоороо төлсөн гэж үзэж байна. 31,8 тонн жоншийг хэдэн төгрөгөөр өгсөн нь тодорхойгүй байна. Тиймээс 8 500 000 төгрөгийн хэмжээний их хохирол гараагүй гэжээ.

 

Хариуцагч А.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О  гэдэг хүнтэй бид тухайн газар 5-6 сар хамтарч ажилласан. Тэгээд сүүлдээ нэг, нэг сараар ээлжилж ажиллая гээд тохиролцоод ээлжээр ажиллаад 08 сарын эхээр бид ажиллая гээд очсон. Тэгэхдээ Д.Н  гэдэг хүн экскаватор аваад ирсэн байсан. Экскаватор ажиллуулах тухай бид огт мэдээгүй. Түүнээс өмнө бид 2 Д.Н  эгчээс 4 500 000 төгрөг зээлсэн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Д.Н  эгч танайхтай хамтарч ажиллая гэдэг саналыг өөрөө тавьсан. Би түүний талаар мэдээгүй. 4 500 000 төгрөгийг өгөхгүй гэж хэлээгүй. Бид 2 гараараа жонш олборлож өгдөг байсан. Гараараа 5-6 тонн жонш бид 2 олборлосон байсан. Мөн би эгчийнхээ гэрийг түрээслэсэн байсан. Д.Н өөрөө эгчийнхээ гэрийг түрээсэлчих, намайг гал тогоогоо барьчих, Н.Ц гараараа ялгаагаа хийчих гэсэн. Тэгээд бид 2 ажил хийсэн. Түүний цалин хөлс гэж аваагүй. 31,8 тонн жоншийг ачихад бид 2-ын гар аргаар олборлосон 4-5 тонн жонш хамт ачигдаад явсан. Үүнээс надад огт мөнгө өгөөгүй. Тэр хавьд байсан бүх жоншийг П.О  гэх хүн Ж.А  гэдэг хүнтэй хамт ачаад явсан. Бид 2 Байгаль орчноос хүмүүс ирэх гээд байна. Жоншоо ачаарай гэж хэлсэн. Тэгэхэд өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй ажиллагаагаа явуулсан. Тэгэхдээ Байгаль орноос торгууль тавьсан зүйлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болох 8 500 000 төгрөгийг огт мэдэхгүй учир түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед тийм их хэмжээний мөнгөний зарлага гарсан бол бид түүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид өдрийн хоолоо арай гэж болгож байгаа хүмүүс. Харин 4 500 000 төгрөгийг авсан нь үнэн. Тэгэхдээ өөрсдийн олсон 4-5 тонн жоншийг үнэлүүлээд өөрийн тогооч хийсэн хөлсөө, мөн түрээсэлсэн гэрийнхээ хөлсийг болон манай аваачсан хоол, хүнсээ оруулан тооцох хэрэгтэй. 31,8 тонн жоншийг хамтарч хийсэн. Тэгээд түүгээр өрөө төлсөн гэж бодож байна гэжээ.

 

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Н.Ц, А.М нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н техник хөлсөлснөөс учирсан хохирол 8 500 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н.Ц, А.М нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Н.Ц, А.М нараас жонш авахаар тохиролцсон мөнгө болох 4 500 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Д.Н олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238 900 төгрөгнөөс илүү төлсөн 1 000 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан олгож, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 86 950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан, хариуцагч А.М өмчлөлийн 19 толгой бог малыг битүүмжилсэн арга хэмжээ дуусгавар болохыг Т аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.С давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.01-ний өдрийн 134/ШШ2019/00102 тоот шийдвэрийн зарим хэсгийг хариуцагч, түүний өмгөөлөгч С.С нар эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдаж байна.

Бид нэхэмжлэгч Н хамтран ажиллаж жонш гаргаж авахаар болж түүнээс гарсан мөнгөөрөө төлөхөөр урьдчилан 4,500,000 төгрөгийг Н авсан. Хамтран ажиллах саналыг Н өөрөө гаргасан. Эхнэр бид хоёр өөрсдийн гараараа өөрсдөө хүч хөдөлмөрөө гаргаж тухайн газарт жонш олборлож нийт 5-6 тонн жонш олборлосон. Энэ олборлосон жоншоо өөрсдөө зараагүй мөнгө болгоогүй бүгдийг Н авч явсан. Үүнийг хавтаст хэрэгт гэрч Б, О, А, Б нар биднийг хийсэн энэ жоншийг Н нь ачиж явсан гэдгийг гэрчилсэн.

Мөн Н эгч манай авгай М гал тогоо барь, намайг олборлосон жоншийг ялга гэсэн. Манай эхнэр М, Н олборлосон жоншийг хийхэд байлцсан хүмүүсийн гал тогоог 10-аад хоног барьсан. Н нь тогоочид мөнгө өгөөгүй. Мөн гэр түрээслэж байсан. Иймд өөрсдийн олборлосон жоншны үнэ, тогооч хийсэн хөлс, хоол хүнсний мөнгөө Н авсан 4,500,000 төгрөгнөөс хасаж тооцоогүй. Бидний хүч хөдөлмөрийг үнэлж тооцоогүй орхигдуулсанд гомдолтой байна.

Учир нь Н бидний ажилласан газраас хүний, өөрийн нийлсэн нийт 31,8 тонн жоншийг ачиж явж түүнээс их хэмжээний орлого олсон гэдэг нь 2016.09.06-ны өдрийн пүүний баримт хх-ийн 10-р хуудсанд байгаа, хх-ийн 38-р хуудсанд байгаа Н Хаан банкны 2016.09.07-ны өдөр өөрийн босс хужаа Б шилжүүлсэн 11,000,000 төгрөгөөр тус тус нотлогдож байгаа. Дээрх 31,8 тонн жоншийг 1 тонныг нь 350,000 төгрөгөөр бодоход нийт 11,000,000 төгрөг болж байгаа юм.

Хамтран ажилласан нэг тал нь гэрээг бодит үйлдэл дээр биелүүлж түүнээс тодорхой хэмжээний ашиг орлого олчихоод байхад анхан шатны шүүх түүнд ямар ч үнэлэлт өгөхгүйгээр зөвхөн нэг талыг илт хохироож хариуцагч талыг хохирсон дээр нь хохироож, хариуцагчаас 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрвээ Н өөрийн техникээрээ дээрх 31,8 тонн жоншийг олборлосон гэж үзэж байгаа бол түүнтэй хамт цуг ачигдсан хариуцагч Ц өөрийн гараар олборлосон 4-5 тонн жоншний үнийг ядаж нэхэмжилсэн 4,500,000 төгрөгнөөс хасаж өгч болох байсан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч хариуцагч нар нь жонш олборлохоор хамтран ажиллах хэлцэл байгуулсан болох нь талуудын маргаангүй тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэлт хийсэн атлаа Иргэний хуулийн 243.1-т зааснаар хариуцагч Ц, М нараас жонш авахаар тохиролцсон мөнгө болох 4,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Д.Н олгохоор шийдвэрлэсэн дүгнэлтүүд нь бие биенээ үгүйсгэсэн дүгнэлт гэж харагдахаар байна. Энэ нь нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан байна гэж дүгнэлт хийсэн атлаа, талууд хууль бус ашигт малтмал олборлосон болох нь тогтоогдож байна гээд хууль бус олбороос дангаараа ашиг орлого авсан Н олсон орлогыг хураахаар заахын оронд түүний үйлдлийг өөгшүүлэн дэмжсэн. Цуг ажил хийсэн ажлынхаа үр дүнг авч чадаагүй хохирч үлдсэн хариуцагчийг илт хохироож Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Н.Ц, А.М нарын хооронд байгууллагдсан хамтран ажиллах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь буруу гэж үзэж байна.

Иргэний хуулийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.

Дээрх хэлцэл нь бодит үйлдлээр хэрэгжиж хийгдсэн түүнээс Н зөвхөн их хэмжээний орлого олсон хойно анхан шатны шүүх зөвхөн өөрийн санаачлагаар талуудын хэн аль нь хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцуулах талаар нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх нэг талын эрх ашгийг хэт хохироож бодит үйлдэл дээр хэрэгжин хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон байна. Иргэний хуулийн 57.1 шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. 57.3- Гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж хуульчилсан байна.

Иймд анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийн 3 дахь заалт болох ИХ-ийн 243.1-д зааснаар харуцагч Н.Ц, А.М нараас жонш авахаар тохиролцсон мөнгө болох 4,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Д.Н олгуулахаар заасан заалтанд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч А.М, Н.Ц нарт холбогдуулан жонш авахаар тохиролцсон мөнгө гэж 4 500 000 төгрөг, жонш олборлоход техник хөлсөлснөөс учирсан зардал, хохирол гэж 8 500 000 төгрөг, нийт 13 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ талуудын жонш авахаар тохиролцсон мөнгө гэх 4 500 000 төгрөгийн шаардлагыг хангаж, техник хөлсөлснөөс учирсан зардал, хохирол гэх 8 500 000 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба хариуцагч тал дээрх шийдвэрийн тогтоох хэсгийн зарим хэсэг болох 4 500 000 төгрөг гаргуулах заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж байх явцад нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасан ба тэрээр хариуцагч нараас анх 4 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, үүний 1000 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 3 500 000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй гэснийг хариуцагч, түүний өмгөөлөгч нар зөвшөөрч харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар талууд нь бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан хэлцлийг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 134/ШШ2019/00102 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч А.М, Н.Ц нарт холбогдуулан гаргасан 4 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1 000 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 3 500 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, хариуцагч тал уг мөнгийг бүрэн хариуцан төлж барагдуулахаар талууд эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.БАЙГАЛМАА

                        ШҮҮГЧИД                                    О.ОДНЯМАА

                                                                                 Г.ТЭГШСУУРЬ