Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 139/ШШ2023/00397

 

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 139/ШШ2023/00397

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу 7/1, ******* *******ны төв байранд байрлах ******* ******* ХХК /РД:*******/

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 2-р багт оршин суух, ******* овогт ын Өлзийбат /ЗГ/

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 2-р багт оршин суух, овогт гийн /ЗГ/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 66874751 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй, 2018.06.27-ны өдрийн 221100151483 дугаартай зээлийн гэрээ, 221100151483 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн 2018.06.11-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагатай 139/2019/00406/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.

Хариуцагч: Ц.Өлзийбат, Б.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Ц.Өлзийбат, Б. нарт холбогдуулан 66874751 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Зээлдэгч Ц.Өлзийбат, хамтран зээлдэгч Б. нар нь ******* *******ны ******* аймаг дахь Сайнцагаан тооцооны төвөөс 2018 оны 6 сарын 27-ны өдөр газрын тээвэр болон хийн хоолойн тээврийн зориулалтаар /бизнесийн хөрөнгө оруулалтын зээлийг/ 2211000151483 тоот гэрээ байгуулан 60000000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай жилийн 26.4 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч тус зээлийг авснаас хойш үндсэн зээлээс 3184505.05, хуримтлагдсан хүү 7688750.62, нэмэгдүүлсэн хүү 1994.33 төгрөгийг тус тус төлсөн. 2018 оны 12 сарын 31-ний өдрөөс хойш огт төлөлт хийгдээгүй. Зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдэл өгч ажилласан. Хариуцагч Ц.Өлзийбат, хамтран зээлдэгч Б. нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчин бидний ажилд хүндрэл учруулж эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй 219 хоног хугацаа хэтрээд байна.

Хариуцагч Ц.Өлзийбат, хамтран зээлдэгч Б. нар ******* *******тай байгуулсан гэрээгээ зөрчиж 2018 оны 12 сарын 31-ний өдрөөс эхлэн зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн. Зээлдэгч нарын төлбөл зохих зээлийн төлбөр нь 2019 оны 09 сарын 2-ны өдрийн байдлаар
үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 56815494 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 9986529.12 төгрөг, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 72727.52 төгрөг, нийт зээлийн төлбөр 66874751.59 төгрөг байна.
Иймд Ц.Өлзийбат, Б. нараас 66874751.59 төгрөгийг тэнцүү хэмжээгээр
гаргуулж, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэжээ.

 

3.Хариуцагч Ц.Өлзийбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 60000000 төгрөгийн зээлийг Б. материалыг нь бүрдүүлж ******* *******наас зээл авахуулсан. Гарын үсэг зурсан нь миний буруу. Би нэг ч төгрөг аваагүй. Зээл төлөхгүй, зээл төлөх чадвар байхгүй. Бид 2 арьс шир, махны наймаа хийдэггүй. Барьцаанд тавьсан машиныг худалдаж авах нь байтугай барааг нь ч хараагүй гэв.

 

4.Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүргэн та 2 *******инд зээлгүй юм чинь манай найзад туслаад *******ны зээлэн дээр гарын үсэг зурж өгөөч гэсэн. Бид 2 тэр хүн чинь өөрөө төлөх юм бол тэгье ээ гээд гэрээн дээр нь гарын үсэг зурсан. ******* ******* Б. хоёр гэрээг хуйвалдаж хийсэн. Зээлийн гэрээ байгуулахад шаардлагатай баримтыг нь бүрдүүлсэн, юу бүрдүүлж яаж зээл авсныг бид хоёр мэдэхгүй. Мал мах, арьс ширний наймаа эрхэлдэггүй, юун том оврын машинаар тээвэр хийх байтугай жолооч ч биш хүмүүс. Бид хоёрыг хүрээд ир гэхээр нь *******ин дээр очиход энэ дээр гарын үсэг зур гэж хэлээд зуруулсан. Ямар зээл хийж, юу хийх гэж байгааг ч асуугаагүй. Гарын үсэг л зурж өгсөн. Мөнгийг нь Б. авсан. Бид хоёр нэг ч төгрөг аваагүй болохоор Б.аас гаргуулмаар байна гэв.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Өлзийбат, Б. нараас 66874751,59 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Зээлдэгч нар ******* *******тай 2018 оны 06 сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, 60000000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй гэрээ байгуулсан. Үндсэн зээлээс 3984505 төгрөгийг төлсөн. 2018 оны 12 сарын 31-ний өдрөөс хойш төлөлт огт хийгдээгүй. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй бидний ажилд хүндрэл учруулж, тухайн үед 219 хоног хугацаа хэтрүүлж байсан. Гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлдэгч нараас 2019 оны 09 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 56815494 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 9986529,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 72727,52 төгрөг, нийт 66874751,59 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Тухайн зээлийг би судалж олгоогүй болохоор зээл яаж олгогдсоныг би мэдэхгүй байна. Гэхдээ зээлийн хувийн хэрэгт Ц.Өлзийбат гуайн ХААН *******ны дансаар арьс ширний үнэ, ноолуурын үнэ гэх мэт өндөр дүнтэй орлого орсон баримт байгаа. Үүнийг үндэслээд судалгаа хийж зээлийг олгосон байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

6.Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* *******ны нэхэмжлэлтэй, Ц.Өлзийбат, Б. нарт хариуцагдах зээлийн төлбөр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг.

******* ******* ХХК-ийн ******* салбараас иргэн Ц.Өлзийбат, Б. нартай байгуулсан 2018.06.27-ны өдрийн №221100151483 дугаартай зээлийн гэрээг Ц.Өлзийбат, Б. нар нь өөрсдийн хүсэл зоргийн дагуу байгуулаагүй, Ц.Өлзийбатад зээл авах хүсэл зорилго байгаагүй, зээлийн гэрээг уншиж танилцаагүй, энэ зээлийг Б. гэж хүн авч байгаа, үүнийг ч ******* өөрөө мэдэж байгаа, бид хоёроор зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж дүр үзүүлсэн, үнэн санаанаасаа хийсэн гэрээ биш гэж бодож гарын үсэг зурсан байдаг. Яагаад гэвэл 2018 онд Ц.Өлзийбат, Б. бид нар ямар нэгэн ажил хөдөлмөр хийдэггүй байсан бөгөөд хөдөөнөөс аймгийн төвд шилжиж орж ирээд удаагүй байсан. Гэтэл манай хүргэний зүгээс бидэнд хандаж аав, ээж хоёр *******ин дээр очоод нэг зээлийн гэрээнд гарын үсэг зураад өгөөч, та хоёр тэр зээлийг огт төлөхгүй, гарын үсэг зурахад л болно, ******* угаасаа мэдэж байгаа, та хоёрт хамаагүй гэж гуйхаар нь 2018.06.27-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед ямар учиртай зээл болох талаар, ямар зориулалтаар авч байгаа талаар огт ойлгоогүй, зээлийн гэрээг бидэнд уншуулаагүй, хэдэн төгрөгийн зээл авч байгааг ч тухайн үедээ мэдээгүй. Б. гэж хүн хажууд байж байгаад та энд, энд гарын үсгээ зурчих гээд л зуруулсан, тухайн үед ажиллаж байсан *******ны хүнийг Б.ын найз гэж ойлгосон, тэгээд мөнгийг Б. гэх хүн өөрийнхөө данс руу авсан байх. Би энэ мөнгөнөөс нь нэг төгрөг ч аваагүй, зээлийн эргэн төлөлтөд бид хоёр нэг төгрөг ч төлж байгаагүй. Энэ зээлийг бодвол Б. гэх хүн л төлж байсан байх.

Иймээс ******* ******* ХХК-ийн ******* салбараас иргэн Ц.Өлзийбат, Б. нартай байгуулсан 2018.06.27-ны өдрийн №221100151483 дугаартай Зээлийн гэрээг дүр үзүүлэн, үнэн санаанаасаа бус хийсэн тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Хоёр: Энэхүү 60000000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө болох орон сууц, машин, чиргүүлийн талаар би бас огт мэдэхгүй. Тухайн үед нотариат дээр бас гарын үсэг зур гээд л зуруулаад байсан. Зээлийн барьцаанд тавьсан Bieben зүтгүүр, ДУЭ 90-20 /гэрчилгээ №0192720, арлын дугаар LBZ446D6CA006724/, Jidong chehege CHEHEGE ТЧ 90-20 /гэрчилгээний №01925721, арлын дугаар LA99CZ40190HTT342/ чиргүүл гэсэн тээврийн хэрэгслийн талаар Ц.Өлзийбат би огт мэдэхгүй, би худалдаж аваагүй. Хэргийн материалд авагдсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай /2018.06.08-ны/ гэрээ бол хуурамч гэрээ. Банкны зүгээс дээрх Bieben зүтгүүр ДУЭ90-20 дугаартай, Jidong chehege CHEHEGE ТЧ90-20 дугаартай чиргүүлийг барьцаалж зээл олгох ажиллагаа хуулийн дагуу хийгээгүй байна. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна, 11.3-т Хуульд зааснаар үүссэн барьцаа нь барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажна, 11.4-т Баталгаажсан барьцааны эрхийг бусдад шилжүүлсэн нь барьцааны баталгаажилтыг дуусгавар болгох, эсхүл тухайн барьцааны эрхийн дарааллыг өөрчлөх үндэслэл болохгүй гэх хуулийн заалтыг зөрчсөн, барьцаалагч болох ******* нь барьцааны зүйл болох Bieben зүтгүүр ДУЭ90-20 дугаартай, Jidong chehege CHEHEGE ТЧ90-20 дугаартай чиргүүлийг хуулийн дагуу барьцаалж баталгаажуулаагүй байдаг.

Мөн би Д. гэдэг хүнийг огт танихгүй, бид хоёрын хооронд орон сууц барьцаанд тавих итгэмжлэлийн талаар ямар ч яриа өрнөөгүй. Би тухайн үед болж байгаа үйл явцыг сайн ойлгохгүй, аливаа гэрээ, итгэмжлэлийг уншиж чадаагүйгээс ийм байдалд хүрсэн байна. Надад зээл авах хүсэл зорилго байгаагүй гэдгийг ******* өөрөө ч мэдэж байгаа, манай хүргэн ч мэдэж байгаа. Юу ч мэдэхгүй намайг ашиглан дүр үзүүлэн, үнэн санаасаа бус барьцаа хөрөнгүүдийг барьцаалах гэрээ хийсэн байна.

Хэргийн материалд авагдсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай 2018.06.08-ны гэрээ бол хуурамч гэрээ, бидний хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй, үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд тавиулах итгэмжлэл бол бидний хүсэл зоригийн дагуу хийгдээгүй. ******* ******* ХХК-ийн ******* салбараас иргэн Ц.Өлзийбат, Б. нартай байгуулсан 2018.06.27-ны өдрийн №221100151483 дугаартай барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм. .

Иймээс ******* ******* ХХК-ийн ******* салбараас иргэн Ц.Өлзийбат, Б. нартай байгуулсан 2018.06.27-ны өдрийн №221100151483 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэжээ.

7.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2018.06.27-ны өдрийн 221100151483 тоот зээлийн гэрээ, 221100151483 тоот барьцааны гэрээг хүчин төгөлбөр бусад тооцуулах тухай зээлдэгч Ц.Өлзийбат, Б. нарын гаргасан сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргах нь:

Зээлдэгч Ц.Өлзийбат, Б. нар нь 2018.06.27-ны өдөр ******* *******ны Сайнцагаан тооцооны төвөөс 60000000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээлийг 221100151483 тоот зээлийн гэрээ, 221100151483 тоот барьцааны гэрээ байгуулан авсан билээ. Мөн зээлдэгчид 2018.06.08-ны өдөр чирэгч толгой болон чиргүүлийг худалдах худалдан авах гэрээ, 2018.06.11-ний өдөр орон сууц зээлийн барьцаанд тавих итгэмжлэл, 2018.06.19-ний өдөр зээл хүссэн өргөдөл зэрэгт гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Энэ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд мөн зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Иймд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээг бодитоор байгуулсанд тооцно.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасан байдаг бөгөөд зээлдүүлэгч нь тус хуулийн 26.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 .Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1 Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж мөн зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нар нь ******* *******наас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулах, хэрэв төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь *******тай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарагдахгүй болно.

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2019/00460 тоот шүүхийн шийдвэрээр Ц.Өлзийбат, Б. нараас зээлийн гэрээний үүрэгт 33437375.80 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүх дүгнэхдээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзэж шийдвэрлэсэн. Иймд зээлдэгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар нь хуулийн үндэслэлгүй байна.

Харин ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 139/Ш32023/00079 тоот Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээх тухай шүүгчийн захирамж, ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/МА2023/00006 тоот ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай магадлалаар ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2019/00460 тоот шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх заалтыг зөрчсөн буюу хариуцагч нарт хурлын товыг мэдэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй шийдвэрлэсэн гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүхийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд *******ны эрх ашгийг мөн хөндсөн байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээрх хуулийн үндэслэлүүд болон зээлийн гэрээ, барьцааны гэрээний холбогдох заалтуудыг хууль зүйн хувьд үндэслэлтэй тайлбарлаж *******ны эрх ашгийг хамгаалан оролцоно уу гэжээ.

8.Хариуцагч нарын өмгөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ мөн 2018151483 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг тодорхойлох ёстой гэж заасан. Гэтэл ******* ******* Ц.Өлзийбат нарын хооронд байгуулсан гэрээг 60 сарын хугацаатай гэрээний зориулалт нь газрын тээвэр болон хийн хоолойн тээвэр гэсэн зориулалтаар байгуулсан. Хариуцагч нар ******* аймгийн ******* суманд мал маллаж байгаад ******* аймгийн төвд 2018 оны 06 сард орж ирсэн хүмүүс байсан. Гэрээ хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр байх ёстой. Банк энэ зээлийг энэ хоёр хүнд очихгүй гэдгийг мэдэж байсан. Чинзориг гэдэг хүн Б. гэдэг хүнтэй үгсэн хуйвалдаад энэ хоёр хүнийг ашиглаад энэ гэрээг байгуулж, мөнгийг угаасан. Банк өөрөө гэрээ байгуулахдаа нөхцөл байдлыг шалгалгүй өгч байгаа нь хэлбэрийн шаардлагаар гэрээ байгуулсан. Энэ хүмүүсийн хүсэл зоригийн үндсэн дээр хийгдээгүй. Чинзориг, Б. нар энэ дээр гарын үсэг зур гээд зуруулчихсан. Энэ хоёр хүн бичиг үсгийн чадвар муутай, зээл хийж байгаагаа ойлгохгүй хүмүүстэй гэрээ байгуулсан. Хоёрдугаарт энэ хоёр хүн нэг ч төгрөг аваагүй. Буцааж нэг ч төгрөг төлөөгүй. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Гэрээний хавсралт болох барьцааны гэрээ байгаа. Б., Ц.Өлзийбат нар ******* *******тай байгуулсан. Б.ын нэг ч хөрөнгө байхгүй байхад яагаад барьцаалуулагч болов. Энэ барьцааны гэрээг мөн үнэн санаанаасаа хийгээгүй. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Д. гэж хүний байрыг барьцаалсан. Д. нь Ц.Өлзийбатад итгэмжлэл олгосон гэж яригддаг. Гэтэл энэ хоёр хүний итгэмжлэл өөрсдөө хоорондоо тохиролцсон асуудал байхгүй. Ц.Өлзийбат Д.ийг таньдаггүй. Яагаад итгэмжлэл олгосныг ч ойлгоогүй. Итгэмжлэл дээр гарын үсэг зурсан дээр маргадаггүй. Б.ын компаниас Өлзийбат гэдэг хүн рүү чиргүүл, зүтгүүр 2 машиныг худалдах худалдан авах гэрээ байгуулаад барьцааны гэрээний хөдлөх хөрөнгийн барьцаан дээр ороод ирсэн. Зүтгүүр нь 18000000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл хангуулахаар, чиргүүл нь 12000000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдээллийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна гэж заасан. Гэтэл барьцаагаа баталгаажуулаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3-т хуульд зааснаар үүссэн барьцаа нь барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т баталгаажсан барьцааны эрхийг бусдад шилжүүлсэн барьцааны баталгааг дуусгавар болгох эсхүл тухайн барьцааны эрхийн дарааллыг өөрчлөх үндэслэл болохгүй гэж заасан. Цахим мэдээллийн санд бүртгүүлэлгүйгээр зөвхөн худалдах худалдан авах гэрээгээр халхавчлаад энэ барьцааны гэрээг дүр үзүүлж хийсэн. Б.ын зүтгүүр, чиргүүл хоёр сүүлдээ Гялс төгрөгт хураагдаад явчихсан. Б.ын хувьд ******* *******инд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй. Энэ үйл ажиллагаанд ******* өөрөө буруутайгаар оролцсон. Энэ гэрээг хэлбэрийн шаардлага хангаж байгуулсан. Барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан, барьцаалж байгаа зүйл нь Ц.Өлзийбатын нэр дээр шилжиж ирээгүй байхад ******* өөрөө хийх ёстой шаардлагаа хийгээгүй гэрээ учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк Ц.Өлзийбат, Б. нартай гэрээ байгуулсан. Нэгэнт өөрсдөө гарын үсэг зурж байгуулсан учраас гэрээний дагуу төлөх ёстой. Барьцаа хөрөнгийн хувьд Д. гэж хүний орон сууцыг итгэмжлэлээр барьцаалсан. Нотариат дээр очиж нотариат эрх үүргийг нь тайлбарлаж хийлгэсэн. Үүний дагуу орон сууцыг барьцаалсан. Ц.Өлзийбат арьс шир ноос ноолуурын бизнес хийж байсан. Энэ гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш. Б.тай ******* гэрээ байгуулаагүй. Б. гуйсан байлаа гэхэд татгалзах эрх өөрсдөд нь байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

10.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д. шүүхэд гаргасан шаардлагадаа: ******* ******* ХХК-ийн ******* салбарын нэхэмжлэлтэй, Ц.Өлзийбат, Б. нарт хариуцагдах зээлийн гэрээний төлбөрт 66874751,59 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт Д. миний бие бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож дараах шаардлагыг гаргаж байна. Миний бие ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бичиг хэргийн эрхлэгчээр ажилладаг. Би ******* аймгийн ******* *******ны захирлаар ажиллаж байсан Балжиннямын гэх хүний эхнэр Б.тэй нэг байгууллагад ажилладаг байсан. 2018 оны 6 дугаар сарын эхээр манай хүргэн нас бараад би ажлаасаа чөлөө аваад ажил явдалд нь оролцохоор гарч байтал манай ажлын Б. залгаад эгчээ би таньтай яаралтай уулзах ажил байна, та хүрээд ирээч гээд гуйгаад байхаар нь би яасан юм бол гэж санаа зовоод хөдөө гараад явж байснаа буцаж ирээд Б.тэй уулзсан чинь манай нөхөр Б. *******наас зээл авах гэсэн чинь барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, та 2 өрөө орон сууцаа түр барьцаалах итгэмжлэл өгөөч, таны орон сууц чинь ямар ч барьцаанд байхгүйг би мэдэж байна, 2 дүү нь найдвартай гэж намайг тулгаж шаардаад гуйгаад, та нотариат дээр ороод ганцхан гарын үсэг зурахад л болно, бүх юм бэлэн болсон байгаа гээд хөдөө ч явуулахгүй байлгаад байхаар нь би арга буюу зөвшөөрч, нотариат орж гарын үсэг зурж өгсөн. Нотариат дээр очиход итгэмжлэл бэлэн болсон байсан. Би итгэмжлэлийг уншихгүйгээр яараад гарын үсэг зураад гарсан. Би Б.ыг зээл авахад л орон сууцаа барьцаалуулахаар итгэмжлэл олгосон гэж бодсон. Гэтэл намайг тулгаж гарын үсэг зуруулсан итгэмжлэл нь Ц.Өлзийбат гэх хүнд итгэмжлэл олгосон байсныг би сүүлд мэдсэн бөгөөд би энэ хүнийг огт танихгүй, энэ хүнтэй итгэмжлэлийн талаар огт ярилцаагүй. Тухайн үед надад уй гашуудал тулгараад сэтгэл санааны хувьд тогтворгүй, бушуухан л хөдөө явах бодолдоо хөтлөгдөн, энэхүү гарын үсгийг зурсан. Сүүлд бодож байхад надтай хамт ажилладаг Б. нь тухайн үед надад тохиолдсон уй гашуу, эмзэг байдлыг далимдуулж намайг хуурч мэхлэн, төөрөгдөлд оруулан итгэмжлэл авсан байсан. Би Б.ийг ажлын хүн гэдэг талаас нь итгэж байсан. Надаас анх итгэмжлэл өгөөч гэж гуйхдаа 2018 оны 9 дүгээр сард зээлийн барьцаанаас суллаад өгчихнө, 20 сая төгрөгийн барьцаа тавина гэхээр нь би итгэсэн, бусдаар 60000000 төгрөгийн зээлийн барьцаанд тавь гэж огт хэлээгүй, ийм их мөнгөний барьцаанд тавих байсан бол би яасан ч зөвшөөрөхгүй байсан. Би 9 сард хүүхэд оюутан болно, надад мөнгө төгрөг хэрэгтэй, байраа барьцаалж тэр үед зээл авна, тиймээс 9 сард барьцаанаас чөлөөлж өгөөрэй гэж тохирсон. Гэтэл Б., түүний нөхөр Б. нар нь намайг хуурч мэхлэн, төөрөгдүүлэн 60000000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Би тухайн үед Б. гэх хүнд орон сууцаа барьцаанд тавиулах итгэмжлэл олгохоор хүсэл зоригоо илэрхийлсэн. Ц.Өлзийбат гэдэг хүнийг огт танихгүй. Иймээс хавтаст хэргийн материалд авагдсан байгаа Д. надаас Ц.Өлзийбатад ******* аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 9-р байрны 37 тоот хаягтай байршилтай, улсын бүртгэлийн Ү-0814000317 дугаартай орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалуулахаар олгосон 2018 оны 06 сарын 11-ний өдрийн итгэмжлэл- ийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

11.Хариуцагч Ц.Өлзийбат гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Д.ийн Ц.Өлзийбат надад хариуцуулан 2023.05.15-ны өдөр гаргасан 2018.96.11-ний өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай бие даасан шаардлагыг гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна.

Би 2018 онд Д. гэдэг хүнийг огт таньдаггүй, мэддэггүй байсан. 2020 оны үед байхаа Д.тэй ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бид хоёрыг дуудсан байсан тул очиж, энэ хүнийг анх удаа харж байсан. Тэнд очоод энэ хүний орон сууцыг *******ны барьцаанд барьцаалсан юм байна гэж хагас дутуу ойлгосон. ******* ******* ХХК-ийн ******* салбараас иргэн Ц.Өлзийбат надтай байгуулсан 2018.06.27-ны өдрийн №221100151483 дугаартай зээлийн гэрээг би өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулаагүй, Ц.Өлзийбат надад зээл авах хүсэл зорилго байгаагүй, зээлийн гэрээг уншиж танилцаагүй, энэ зээлийг Б. гэж хүн авч байгаа, үүнийг ч ******* өөрөө мэдэж байгаа, бид хоёроор зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж дүр үзүүлсэн, үнэн санаанаасаа хийсэн гэрээ биш гэж бодож гарын үсэг зурсан байдаг. 2018 онд Ц.Өлзийбат миний бие ямар нэгэн ажил хөдөлмөр хийдэггүй байсан бөгөөд хөдөөнөөс аймгийн төвд шилжиж орж ирээд удаагүй байсан юм. 2018.06.11-ний өдөр Д. орон сууцаа надад барьцаалуулахаар итгэмжлэл хийж өгсөн талаар би огт ойлгоогүй, учир холбогдлыг огт мэдээгүй, би Д.тэй уулзаж, ярилцаж, энэ итгэмжлэлийг хийлгээгүй, Д.ийн бичээд байгаа асуудал үнэн юм.

Иймээс 2018.06.11-ний өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

12.Нэхэмжлэгч ******* ******* ХХК гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбартаа: 2023.05.15-ны өдөр ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бие даасан шаардлага гаргасан ******* аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 9-р байрны 37 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0814000317 дугаартай орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалуулахаар олгосон 2018.06.11-ний өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Д.ийн гаргасан бие даасан шаардлага болон Ц.Өлзийбатын хариу тайлбарт хариу тайлбар гаргах нь:

Зээлдэгч Ц.Өлзийбат, Б. нар нь 2018.06.27-ны өдөр ******* *******ны Сайнцагаан тооцооны төвөөс 60000000 төгрөгийг, 60 сарын хугацаатай. жилийн 26,4 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зээлийг 221100151483 тоот зээлийн гэрээ, 221100151483 тоот барьцааны гэрээ байгуулан авсан. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасныг үндэслэн Д.ийн ******* аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 9-р байрны 37 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0814000317 дугаартай орон сууцыг 2018.06.11-ний өдрийн 817 дугаартай итгэмжлэлийг хүчин төгөлдөрт тооцон зээлийн барьцаанд авсан билээ.

Д. нь уг орон сууцыг зээлийн барьцаанд тавьсныг хүлээн зөвшөөрч итгэмжлэлд гарын үсэг зурсан, иргэний үнэмлэхээ гэрчлүүлсэн, 2021.05.24-ний өдөр ******* *******ны ******* салбарт Ц.Өлзийбатад итгэмжлэл гаргаж өгснөө хүлээн зөвшөөрч бичсэн өргөдөл мөн зээлийн төлбөрт ******* ******* дахь МПМ600034221100151483 тоот харилцах дансаараа дамжуулан 2021.08.06-ны өдөр 5980000 төгрөг, 2022.02.28-ны өдөр 500000 төгрөг нийт 6480000 төгрөгийг Ц.Өлзийбатын зээлийн төлбөрт төлсөн дансны хуулга, зээлийн барьцаанд тавьсан орон сууцны гэрэл зураг зэрэг нь итгэмжлэл хүчин төгөлдөр гэдгийг баталж байна.

Иймд Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т Хэрэв төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон бүрэн эрх, өгсөн зааврын дагуу хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгч өөрөө сайн мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан нөхцөл байдлын талаар төлөөлөгч мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй гэх заалтыг үндэслэн барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанд үлдээж өгнө үү гэжээ.

13.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.ын эхнэр болох Б.тэй нэг байгууллагад хамт ажиллаж байсан. Б. утасдаад 3 сарын хугацаатай, 20000000 төгрөгийн зээлийн барьцаанд тавья итгэмжлэл хийгээд өгөөч гэж гуйсан. Тухайн үед нь хэлсэн 09 сарын 01-ний өдөр гэхэд манай хүүхэд оюутан болно, мөнгөний хэрэгцээ байна. Гадаадад сургуульд явуулах гэж байгаа учраас байраа барьцаалж сургалтын төлбөр хийнэ гэж хэлэхэд тэр асуудалгүй болно гэж хэлсэн. 06 сарын 11-ний өдөр яаралтай хөдөө явах ажил гараад явах гэж байхад Б. утасдаад бид хоёр нотариат дээр байна, та ирээд гарын үсэг зураад өгөөч гэж хэлэнгүүт нь нотариат дээр хийж байгаа гэрээтэй танилцалгүй орж ирээд гарын үсэг зураад гарч явсан. Ц.Өлзийбат гэж хүнийг танихгүй. Ямар ч холбоо байхгүй. Энэ хоёр хүн анхнаасаа залилж гарын үсэг зуруулсан байгаа юм. Залилангийн юм явж байсныг мэдэлгүй, одоо орон байргүй болж байна. Үүнээс болж гэр бүл тайван байхаа больсон. Шийдвэр гүйцэтгэлээс ирээд хүүхдүүдийн дэргэд битүүмжлэхээр ирж байсан. Миний хүсэл зоригийн эсрэг хийсэн хэлцэл. Ц.Өлзийбат гэж хүнд итгэмжлэл хийсэн гэж мэдээгүй. Б.ад итгэмжлэл хийж өглөө гэж бодсон. Б. нотариат дээр очиход шууд гарын үсэг зур л гэж хэлсэн гэв.

14. Хэрэгт Нэхэмжлэл /хэргийн 1-2 хуудас/, ******* аймгийн ******* сумын Дэрсэнэ-Ус багийн засаг даргын албан бичиг /хэргийн 3-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-р хуудас/, 2018 оны 06 сарын 27-ны өдрийн 221100151483 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хэргийн 5-6 хуудас/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 7-р хуудас/, б2018 оны 06 сарын 27-ны өдрийн 221100151483 дугаартай барьцааны гэрээний хуулбар /хэргийн 8-9 хуудас/, ******* *******ны зээлийн дансны хуулга /хэргийн 10-12 хуудас/, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 14-р хуудас/, ******* *******ны 01/3821 дугаартай итгэмжлэл /хэргийн 14-р хуудас/, зээлийн гэрээг цуцлах тухай 2019 оны 9 сарын 2-ны өдрийн 17 дугаартай мэдэгдэл /хэргийн 15-р хуудас/, зээлийн гэрээг цуцлах тухай 2019 оны 5 сарын 21-ны өдрийн 17 дугаартай мэдэгдэл /хэргийн 16-р хуудас/, 2019 оны 4 сарын 12-ны өдрийн 16 дугаартай нэмэгдэл хугацаа олгох мэдэгдэл /хэргийн 17-р хуудас/, 2019 оны 03 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 14 дугаартай мэдэгдэл /хэргийн 18-р хуудас/, Ц.Өлзийбатын зээлийн дансны хуулгын баримт /хэргийн 19-р хуудас/, Д.ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 20-р хуудас/, 2018 оны 06 сарын 11-ний өдрийн итгэмжлэл /хэргийн 21-р хуудас/, Д., Ц.Өлзийбат нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 22-р хуудас/, 2018 оны 6 сарын 8-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /хэргийн 23-р хуудас/, Б., Ц.Өлзийбат нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 24-р хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 24-р хуудас/, 2018 оны 5 сарын 28-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /хэргийн 25-р хуудас/, 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 39/31 дугаартай итгэмжлэл /хэргийн 63-р хуудас /, Ц.Өлзийбат, Б. нарын шүүхэд гаргасан давж заалдах гомдол /хэргийн 64-65 хуудас/, Ц.Өлзийбат, Б. нарын Ж. өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ /хэргийн 89-р хуудас/, 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 01/682 дугаартай ******* *******ны итгэмжлэл /хэргийн 96-р хуудас/, 2023 оны 02 сарын 13-ны өдрийн ******* *******ны ******* салбарын 39/103 дугаартай итгэмжлэл /хэргийн 97-р хуудас/, хариуцагч талаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт /хэргийн 115-р хуудас/, ******* *******наас ирүүлсэн жагсаалт /хэргийн 120-р хуудас/, Ц.Өлзийбатын зээл хүссэн өргөдөл /хэргийн 121-р хуудас/, мемориалын баримт /хэргийн 122 хуудас/, 2018 оны 06 сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлэг /хэргийн 123-р хуудас/, Ц.Өлзийбатын зарлагын мэдүүлэг /хэргийн 124-р хуудас/, Д.ийн хүсэлт /хэргийн 125-р хуудас/, Д.ийн харилцах дансны хуулга /хэргийн 126-р хуудас/, 2023 оны 04 сарын 17-ны өдрийн 39/223 дугаартай ******* *******ны албан бичиг /хэргийн 127-р хуудас/, Д.ийн харилцах дансны хуулга /хэргийн 128-р хуудас/, Ц.Өлзийбатын харилцах дансны хуулга /хэргийн 129-132 хуудас/, Ц.Өлзийбатын мөнгө шилжүүлсэн баримт /хэргийн 133-р хуудас/, Ц.Өлзийбатын зарлагын мэдүүлэг /хэргийн 134-р хуудас/, Ц.Өлзийбатын дансны орлогын мэдүүлэг /хэргийн 135-140 хуудас/, ******* *******ны салбарын зээлийн хорооны хурлын шийдвэр /хэргийн 141-р хуудас/, 2018 оны 06 сарын 14-ний өдрийн А/212 дугаартай ******* *******ны захирлын тушаалын хуулбар /хэргийн 142-р хуудас /, ******* *******ны зээлийн үйл ажиллагааны журам /хэргийн 143-194 хуудас/, ******* аймгийн Авто тээврийн төвийн 53 дугаартай лавлагаа /хэргийн 195 хуудас/, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, хүсэлт, тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ хэргийн 213-218 хуудас/, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл, ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 17 дугаартай албан бичиг, ******* аймгийн ******* сумын Дэрсэнэ-Ус багийн засаг даргын 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 10 дугаартай албан бичиг, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт /хэргийн 219-223 хуудас/, ******* *******ны ******* салбарын 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 39/297 дугаартай албан бичиг /хэргийн 229-231 хуудас/, хариуцагч Ц.Өлзийбатын тайлбар /хэргийн 232-р хуудас/, ******* *******ны ******* салбарын 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 39/334 дугаартай хариу тайлбар /хэргийн 223-224 хуудас/, Ц.Өлзийбатын зээлийн дансны харилцагчийн хуулга / хэргийн 235-р хуудас/, Д.ийн харилцах дансны харилцагчийн хуулга /хэргийн 236-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 237-240 хуудас/, ******* *******ны ******* салбарын 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 39/336 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг /хэргийн 243-р хуудас/, гэрч С.Энхээгийн мэдүүлэг /хэргийн 246-247 хуудас/, 2023 оны 09 сарын 5-ны өдрийн 39/470 дугаартай ******* *******ны ******* салбарын албан бичиг /хэргийн 4-р хуудас/, 2023 оны 09 сарын 05-ны өдрийн 39/469 дугаартай ******* *******ны ******* салбарын албан бичиг /хэргийн 5-р хуудас/, 2023 оны 09 сарын 06-ны өдрийн 39/471 дугаар ******* *******ны ******* салбарын албан бичиг /хэргийн 6-р хуудас/, 2023 оны 09 сарын 14-ний өдрийн 22 дугаартай Монголын нотариатчидын танхимын ******* салбарын хариу хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 10-р хуудас/, 2018 оны 5 сарын 28-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 11-р хуудас/, Борнамхай ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хавсралт /хэргийн 12-14 хуудас/, Монголын Нотариатчдын танхиын бүртгэлийн дэвтэр /хэргийн 15-р хуудас/, С.Энхээгийн гэрчийн мэдүүлэг /хэргийн 24-25 хуудас/, гуравдагч этгээд Д.ийн хүсэлт /хэргийн 33-р хуудас/, гуравдагч этгээдийн гэрчүүдээс мэдүүлэг авахуулах тухай хүсэлт /хэргийн 38-р хуудас/, гэрч Б., Б. нарын мэдүүлэг /хэргийн 48-51 хуудас/, 2023 оны 11 сарын 2-ны өдрийн 39/585 дугаартай ******* *******ны ******* салбарын Д.ийг хариуцагчаар татах тухай хүсэлт /хэргийн 54-р хуудас/, меморалын баримт /хэргийн 53-р хуудас/ баримтыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх, ******* ******* ХХК-ийн Ц.Өлзийбат, Б. нараас зээлийн гэрээний үүрэгт 66874751 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, хариуцагч Ц.Өлзийбат, Б. нарын ******* *******, Ц.Өлзийбат, Б. нарын байгуулсан 2018.06.27-ны өдрийн 221100151483 дугаартай зээлийн гэрээ, 221100151483 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.ийн 2018.06.11-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ******* ******* зээлдэгч Ц.Өлзийбат Б. нарын хооронд 2018 оны 06 сарын 27-ны өдөр байгуулсан 221100151483 дугаар зээлийн гэрээний дагуу 66874751 төгрөг гаргуулах, 2018 оны 06 сарын 27-ны өдрийн 221100151483 дугаар барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн байна.

3.Хариуцагч нар нь дараах үндэслэлээр тайлбараа тодорхойлсон байна. Үүнд: Б. ******* *******наас 60000000 төгрөгийн зээл авахуулсан. Уг зээлээс нэг ч төгрөг аваагүй. Зээл төлөхгүй, зээл төлөх чадвар байхгүй. ******* ******* Б. хоёр хуйвалдаж хийсэн. Мөнгийг нь Б. авсан. Бид хоёр аваагүй болохоор Б.аас гаргуул гэх тайлбарыг гаргажээ.

4. Хариуцагч Ц.Өлзийбат, Б. нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар үндэслэж байна. Үүнд: ******* ******* нь зээл олгох үндэслэлгүйг мэдсээр байж Ц.Өлзийбат, Б. нарт зээл олгосон. Ц.Өлзийбат, Б. нарт зээл олгосон мэтээр баримт бүрдүүлж Б.ад зээл олгосон. Хариуцагч нар нь зээл авах хүсэл зорилгогүй байхад зээл олгосон мэт дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир зээлийн гэрээ, уг зээлтэй холбоотой барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэжээ.

5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Үүнд: Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулахгүй, гэрээнд гарын үсэг зурахгүй байх эрх нь хариуцагч нарт байсан. Уг гэрээг ******* зохих журмын дагуу судалгаагаа хийж олгосон. Зээлийн болон барьцааны гэрээг хуурч мэхэлж, хүч хэрэглэж байгуулаагүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна. Өөрийн өмчлөлийн орон сууцыг *******ны зээлийн барьцаанд барьцаалах эрхийг Б., Б. нарт олгосон. Ц.Өлзийбатад олгоогүй. Хүсэл зоригоос өөрөөр хийгдсэн итгэмжлэл учир 2018.06.11-ний өдөр Ц.Өлзийбатад олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Ц.Өлзийбат гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул шаардлагыг хангаж өгнө үү гэх, нэхэмжлэгч ******* ******* итгэмжлэл хүчин төгөлдөр тул гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргажээ.

8. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн шүүх дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

Зохигч 2018 оны 06 сарын 27-ны өдөр 221100151483 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 06 сарын 27-ны өдөр 221100151483 дугаартай барьцааны гэрээг байгуулж гарын үсэг зурсан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д. нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг *******ны зээлийн барьцаанд барьцаалахыг зөвшөөрсөн итгэмжлэл олгосон үйл баримтад маргахгүй байна. Харин хариуцагч тал нь зээлийн гэрээг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулаагүй, Б. баримтыг бүрдүүлж *******наас зээл авахдаа Ц.Өлзийбат, Б. нар зээлийн гэрээг байгуулсан мэтээр дүр үзүүлсэн хэлцлийг байгуулсан гэж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь Б.ад итгэмжлэл олгосон, Ц.Өлзийбатад итгэмжлэл олгоогүй гэж тус тус тайлбар татгалзал, шаардлагаа үндэслэж байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч ын Өлзийбат, гийн нартай 2018 оны 06 сарын 27-ны өдөр 221100151483 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 06 сарын 27-ны өдөр 221100151483 дугаартай барьцааны гэрээг байгуулж талууд гарын үсэг зурж албажуулжээ.

Нэхэмжлэгч ******* ******* нь тухайн зээл олгох цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1995 онд батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу зээлийг олгох ёстой байх ба зээлдэгч Ц.Өлзийбат, Б. нарын тухайн зээлийг авах хэрэгцээ шаардлага, зээл төлөх санхүүгийн чадамж, зээлдэгчийн орлого түүнийг нотлох баримт, зээлийн зориулалт, зээлдэгчийн орлого олдог үйл ажиллагаа зэргийг хуульд заасан журмын дагуу судалж дээрх зээлийг олгосон болохоо нэхэмжлэгч нь нотолж чадахгүй байна.

Хариуцагч нарын тухайн зээлийг авах хэрэгцээ шаардлага байгаагүй, бид 2 арьс шир ноос ноолуурын наймаа эрхэлдэггүй, тийм их хэмжээний зээл авах бизнесгүй, эргэн төлөх орлогогүй, том оврын машинаар газрын тээвэр болон хийн хоолойн тээврийн зориулалтаар зээл авахыг хүсээгүй, ******* *******ны ******* дахь салбарын захирлаар ажиллаж байсан Б. гэх хүн дээрх зээлийн материалыг бүрдүүлж, *******ан дээр хүрээд ир гэхээр нь очиж гарын үсэг л зурсан, дээрх зээлээс 1 төгрөг ч аваагүй, уг зээлийг Б. авч байгаа гэдгийг ******* мэдэж байсан, Б. нь уг зээлийг эргэн төлж байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч тал нь үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хариуцагч нарын тайлбар нь, ******* хуульд заасан журмын дагуу зээлийг олгоогүй үйлдэл, гэрч Б.ийн ... Өөр хүний нэр дээр зээл авахуулах гэж байгаа гэдгээ хэлсэн... гэх /2-р хавтас хэргийн 48-49 хуудас/, Б.ын ...Зээл авахуулсан. 50 билүү 60 сая төгрөгийн зээл авахуулсан. Бүгдийг нь би авсан. Зээл төлөх хуваарийн дагуу 2019 оны 06 сар хүртэл төлж байсан. Би мөнгийг нь авч хэрэглэсэн учраас төлж байсан юм гэх /2-р хавтас хэргийн 50-51 хуудас/ мэдүүлэг баримтуудаар тогтоогдож байна.

Зээлдэгч Ц.Өлзийбат, Б. нар нь ******* *******тай байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтаар уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй байна. Банк арьс шир ноос ноолуурын наймаа эрхэлдэггүй, 60000000 төгрөгийн зээл авах шаардлагагүй, дээрх зээлийг төлөх орлогогүй, санхүүгийн чадамжгүй, зээлийн барьцаанд бариулах өөрийн хөрөнгөгүй этгээдэд зээл олгож байгаагаа мэдэж байсан ба уг зээл олгогдохоос өмнө судлагдах шатанд зээл олгохтой холбоотой бичгийн баримтыг Б. гэх этгээд бүрдүүлсэн, олгосон зээлийг Ц.Өлзийбатаас Б. нь шилжүүлэн авсан /хэргийн 133рт/, Б. нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан /хэргийн 137-140-рт, хэргийн 48-51 хуудас/, Б. захиралтай Борнамхай инвест ХХК, Ц.Өлзийбатад 9020 ДУЭ улсын дугаартай ачааны автомашин, 9020 ТЧ улсын дугаартай чиргүүлийг худалдаж /хэргийн 23-26-рт/, 2021 оны 06 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсанаас 1 хоногийн дараа дээрх тээврийн хэрэгслүүдийг Б.ын өмчлөлд буцаан шилжүүлсэн /хэргийн 195-рт/ үйлдэл зэргээс харахад энэхүү зээлийн гэрээг ******* ******* нь Ц.Өлзийбат Б. нартай байгуулсан мэтээр дүр үзүүлэн хийсэн болох нь тогтоогдож байна. Зээлийн гэрээг хуульд заасан журмын дагуу зээлдэгч нарын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан болохоо нотлох баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд ирүүлээгүй байна.

******* *******, Ц.Өлзийбат, Б. нарын байгуулсан 2018.06.27-ны өдрийн 221100151483 дугаартай зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл болох ******* *******, Ц.Өлзийбат, Б. нарын байгуулсан 2018.06.27-ны өдрийн 221100151483 дугаартай барьцааны гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд ******* 2018.06.27-ны өдрийн 221100151483 дугаартай зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргах эрхгүй байна.

******* *******, Ц.Өлзийбат, Б. нарын байгуулсан 2018.06.27-ны өдрийн 221100151483 дугаартай зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна. Дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр ******* ******* нь Ц.Өлзийбатын тус *******ан дахь харилцах дансанд 60000000 төгрөгийг шилжүүлсэн /хэргийн 53-р хуудас/ байх ба хариуцагчийн харилцах дансанд мөнгийг шилжүүлснээр 60000000 төгрөгийг захиран зарцуулах эрх Ц.Өлзийбатад шилжсэн байна. Өөрөөр хэлбэл өөрийн харилцах данснаас мөнгийг хэрхэн зарцуулахыг Ц.Өлзийбат шийдвэрлэх боломжтой болсон ба Б.ын харилцах дансанд мөнгийг шилжүүлсэн үйлдлийг ямар нэг нөлөөнд автаж хийсэн гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч ******* ******* нь 2018.06.27-ны өдрийн 221100151483 дугаартай барьцааны гэрээгээр Д.ийн өмчлөлийн ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 9-р байрны 37 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай орон сууцыг /хэргийн 20-21-рт/ 2018.06.27-ны өдрийн 221100151483 дугаартай зээлийн гэрээний дагуу олгосон зээлийн барьцаанд барьцаалсан бөгөөд хүчин төгөлдөр бус барьцааны гэрээгээр барьцаалсан эд хөрөнгийг буцаан өгөх буюу барьцаанаас чөлөөлөх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцааж өгөх үүргийн дагуу шийдвэрлэлээ. Хүчин төгөлдөр бус гэрээнд үндэслэн ******* зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй тул уг гэрээний дагуу төлөгдсөн бүх мөнгөн дүнг 60000000 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлтэй. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө ба нэхэмжлэл гаргаснаас хойш нийт төлсөн мөнгөн дүн тодорхойгүй байх тул гэрээгээр шилжүүлсэн хэмжээгээр шийдвэрлэсэн болно.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д. нь 2018.06.11-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ өөрийн өмчлөлийн орон сууцыг *******ны зээлийн барьцаанд барьцаалах итгэмжлэлийг Ц.Өлзийбатад олгоогүй, Б.ад олгосон гэж тайлбарлаж байна. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр олгосон итгэмжлэлээр /хэргийн 21-рт/ Д. нь Ц.Өлзийбатад өөрийн өмч болох дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, лавлагаа авах, барьцаалбарт төлөөлөх эрх-ийг олгосон байна. Д. нь уг итгэмжлэлд зурагдсан гарын үсэг өөрийн гарын үсэг мөн эсэх талаар маргаагүй байна. Эрх зүйн бүрэн чадамжтай этгээд нь өөрийн үйлдлийн үр дагаврыг ухамсарлан ойлгох ёстой ба хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д. нь өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах эрхийг бусдад олгосон ба Б. нь бусдаар зээл авахуулах тухай Д.т мэдэгдсэн болох нь гэрч Б., Б. нарын мэдүүлгээр нотлогдож байна. Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

9. ******* *******ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492234 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус төвсийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. Хариуцагч нарыг сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 сарын 16-ны өдрийн 139/ШЗ2023/00780 дугаар захирамжаар чөлөөлсөн байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж байх тул сөрөг нэхэмжлэлд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг ******* *******наас гаргуулан төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар ******* *******ны Ц.Өлзийбат, Б. нараас 66874751 /жаран зургаан сая найман зуун далан дөрвөн мянга долоон зуун тавин нэг/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т зааснаар ******* *******, Ц.Өлзийбат, Б. нарын хооронд 2018 оны 06 сарын 27-ны өдөр байгуулсан 221100151483 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 06 сарын 27-ны өдөр байгуулсан 221100151483 дугаартай барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоосугай.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Ц.Өлзийбат, Б. нараас 60.000.000 /жаран сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

4. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.ийн, Ц.Өлзийбатад холбогдуулан гаргасан 2018.06.11-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492234 /дөрвөн зуун ерөн хоёр мянга хоёр зун гучин дөрвөн/ төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* *******наас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ