Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 218/МА2024/00002

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж шийдвэрлэсэн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 139/ШШ2023/00397 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 66,874,751.59 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй, 2018.06.27-ны өдрийн 221100151483 дугаартай зээлийн гэрээ, 221100151483 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн “2018.06.11-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” шаардлагатай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч нарын өмгөөлөгч ,                                                                                                                                               гуравдагч этгээд , нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: “... Зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нар нь ******* ХХК-ийн Дундговь аймаг дахь Сайнцагаан тооцооны төвөөс 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр газрын тээвэр болон хийн хоолойн тээврийн зориулалтаар /бизнесийн хөрөнгө оруулалтын зээлийг/ 2211000151483 тоот гэрээ байгуулан 60,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай жилийн 26.4 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч тус зээлийг авснаас хойш үндсэн зээлээс 3,184,505.05, хуримтлагдсан хүү 7,688,750.62, нэмэгдүүлсэн хүү 1,994.33 төгрөгийг 2018 оны 12 сарын 31-ний өдрөөс хойш огт төлөлт хийгдээгүй. Зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдэл өгч ажилласан. Хариуцагч *******, хамтран зээлдэгч ******* нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчин бидний ажилд хүндрэл учруулж эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй хоног хугацаа хэтрээд байна. Хариуцагч *******, хамтран зээлдэгч ******* нар *******тай байгуулсан гэрээгээ зөрчиж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн. Зээлдэгч нарын төлбөл зохих зээлийн төлбөр нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 56,815,494 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 9,986,529.12 төгрөг, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 72,727.52 төгрөг, нийт зээлийн төлбөр 66,874,751.59 төгрөг байна. Иймд *******, ******* нараас 66,874,751.59 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2.  Хариуцагч *******ын хариу  тайлбарын   агуулга:   60,000,000 төгрөгийн зээлийг ******* материалыг нь бүрдүүлж *******наас зээл авхуулсан. Гарын үсэг зурсан нь миний буруу. Би нэг ч төгрөг аваагүй. Зээл төлөхгүй, зээл төлөх чадвар байхгүй. Бид 2 арьс шир, махны наймаа хийдэггүй. Барьцаанд тавьсан машиныг худалдаж авах нь байтугай барааг нь ч хараагүй гэжээ.

3. Хариуцагч *******ын хариу тайлбарын агуулга: Манай хүргэн та 2 банканд зээлгүй юм чинь манай найзад туслаад банкны зээлэн дээр гарын үсэг зурж өгөөч гэсэн. Бид 2 тэр хүн чинь өөрөө төлөх юм бол тэгье ээ гээд гэрээн дээр нь гарын үсэг зурсан. ******* ******* хоёр гэрээг хуйвалдаж хийсэн. Зээлийн гэрээ байгуулахад шаардлагатай баримтыг нь ******* бүрдүүлсэн, юу бүрдүүлж яаж зээл авсныг бид хоёр мэдэхгүй. Мал мах, арьс ширний наймаа эрхэлдэггүй, юун том оврын машинаар тээвэр хийх байтугай жолооч ч биш хүмүүс. Бид хоёрыг хүрээд ир гэхээр нь банк дээр очиход энэ дээр гарын үсэг зур гэж хэлээд зуруулсан. Ямар зээл хийж, юу хийх гэж байгааг ч асуугаагүй. Гарын үсэг л зурж өгсөн. Мөнгийг нь ******* авсан. Бид хоёр нэг ч төгрөг аваагүй болохоор *******аас гаргуулмаар байна гэв.

4.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******, ******* нараас 66,874,751.59 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Зээлдэгч нар *******тай 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй гэрээ байгуулсан. Үндсэн зээлээс 3,984,505 төгрөгийг төлсөн. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөлт огт хийгдээгүй. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй бидний ажилд хүндрэл учруулж, тухайн үед 219 хоног хугацаа хэтрүүлж байсан. Гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлдэгч нараас 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 56,815,494 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 9,986,529.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 72,727.52 төгрөг, нийт 66,874,751.59 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Тухайн зээлийг би судалж олгоогүй болохоор зээл яаж олгогдсоныг мэдэхгүй байна. Гэхдээ зээлийн хувийн хэрэгт ******* гуайн ХААН банкны дансаар арьс ширний үнэ, ноолуурын үнэ гэх мэт өндөр дүнтэй орлого орсон баримт байгаа. Үүнийг үндэслээд судалгаа хийж зээлийг олгосон байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

5. Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “*******ны нэхэмжлэлтэй, *******, ******* нарт хариуцагдах зээлийн төлбөр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг.

******* ХХК-ийн Дундговь салбараас иргэн *******, ******* нартай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №221100151483 дугаартай зээлийн гэрээг *******, ******* нар нь өөрсдийн хүсэл зоригийн дагуу байгуулаагүй, *******ад зээл авах хүсэл зорилго байгаагүй, зээлийн гэрээг уншиж танилцаагүй, энэ зээлийг ******* гэж хүн авч байгаа, үүнийг ч банк өөрөө мэдэж байгаа, бид хоёроор зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж дүр үзүүлсэн, үнэн санаанаасаа хийсэн гэрээ биш гэж бодож гарын үсэг зурсан байдаг. Яагаад гэвэл 2018 онд *******, ******* бид нар ямар нэгэн ажил хөдөлмөр хийдэггүй байсан бөгөөд хөдөөгөөс аймгийн төвд шилжиж орж ирээд удаагүй байсан. Гэтэл манай хүргэний зүгээс бидэнд хандаж аав, ээж хоёр банк дээр очоод нэг зээлийн гэрээнд гарын үсэг зураад өгөөч, та хоёр тэр зээлийг огт төлөхгүй, гарын үсэг зурахад л болно, банк угаасаа мэдэж байгаа, та хоёрт хамаагүй гэж гуйхаар нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед ямар учиртай зээл болох талаар, ямар зориулалтаар авч байгаа талаар огт ойлгоогүй, зээлийн гэрээг бидэнд уншуулаагүй, хэдэн төгрөгийн зээл авч байгааг ч тухайн үедээ мэдээгүй. ******* гэж хүн хажууд байж байгаад “та энд, энд гарын үсгээ зурчих гээд л зуруулсан”, тухайн үед ажиллаж байсан банкны хүнийг *******ын найз гэж ойлгосон, тэгээд мөнгийг ******* гэх хүн өөрийнхөө данс руу авсан байх. Би энэ мөнгөнөөс нь нэг төгрөг ч аваагүй, зээлийн эргэн төлөлтөд бид хоёр нэг төгрөг ч төлж байгаагүй. Энэ зээлийг бодвол ******* гэх хүн л төлж байсан байх.

Иймээс ******* ХК-ийн Дундговь салбараас иргэн *******, ******* нартай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №221100151483 дугаартай Зээлийн гэрээг дүр үзүүлэн, үнэн санаанаасаа бус хийсэн тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Хоёр: Энэхүү 60,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө болох орон сууц, машин, чиргүүлийн талаар би бас огт мэдэхгүй. Тухайн үед нотариат дээр бас гарын үсэг зур гээд л зуруулаад байсан. Зээлийн барьцаанд тавьсан Bieben зүтгүүр, ДУЭ 90-20 /гэрчилгээ №0192720, арлын дугаар LBZ446D6CA006724/, Jidong chehege CHEHEGE ТЧ 90-20 /гэрчилгээний №01925721, арлын дугаар LA99CZ40190HTT342/ чиргүүл гэсэн тээврийн хэрэгслийн талаар ******* би огт мэдэхгүй, би худалдаж аваагүй. Хэргийн материалд авагдсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай /2018.06.08-ны/ гэрээ” бол хуурамч гэрээ. Банкны зүгээс дээрх Bieben зүтгүүр ДУЭ90-20 дугаартай, Jidong chehege CHEHEGE ТЧ90-20 дугаартай чиргүүлийг барьцаалж зээл олгох ажиллагаа хуулийн дагуу хийгээгүй байна. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна”, 11.3-т “Хуульд зааснаар үүссэн барьцаа нь барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажна”, 11.4-т “Баталгаажсан барьцааны эрхийг бусдад шилжүүлсэн нь барьцааны баталгаажилтыг дуусгавар болгох, эсхүл тухайн барьцааны эрхийн дарааллыг өөрчлөх үндэслэл болохгүй” гэх хуулийн заалтыг зөрчсөн, барьцаалагч болох банк нь барьцааны зүйл болох Bieben зүтгүүр ДУЭ90-20 дугаартай, Jidong chehege CHEHEGE ТЧ90-20 дугаартай чиргүүлийг хуулийн дагуу барьцаалж баталгаажуулаагүй байдаг.

Мөн би гэдэг хүнийг огт танихгүй, бид хоёрын хооронд орон сууц барьцаанд тавих итгэмжлэлийн талаар ямар ч яриа өрнөөгүй. Би тухайн үед болж байгаа үйл явцыг сайн ойлгохгүй, аливаа гэрээ, итгэмжлэлийг уншиж чадаагүйгээс ийм байдалд хүрсэн байна. Надад зээл авах хүсэл зорилго байгаагүй гэдгийг банк өөрөө ч мэдэж байгаа, манай хүргэн ч мэдэж байгаа. Юу ч мэдэхгүй намайг ашиглан дүр үзүүлэн, үнэн санаасаа бус барьцаа хөрөнгүүдийг барьцаалах гэрээ хийсэн байна.

Хэргийн материалд авагдсан “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай 2018.06.08-ны гэрээ” бол хуурамч гэрээ, бидний хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй, үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд тавиулах итгэмжлэл бол бидний хүсэл зоригийн дагуу хийгдээгүй. ******* ХХК-ийн Дундговь салбараас иргэн *******, ******* нартай байгуулсан 2018.06.27-ны өдрийн №221100151483 дугаартай барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иймээс ******* ХХК-ийн Дундговь салбараас иргэн *******, ******* нартай байгуулсан 2018.06.27-ны өдрийн №221100151483 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэжээ.

6.Нэхэмжлэгч ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч *******, ******* нар нь 2018.06.27-ны өдөр *******ны Сайнцагаан тооцооны төвөөс 60,000,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээлийг 221100151483 тоот зээлийн гэрээ, 221100151483 тоот барьцааны гэрээ байгуулан авсан билээ. Мөн зээлдэгчид 2018.06.08-ны өдөр чирэгч толгой болон чиргүүлийг худалдах, худалдан авах гэрээ, 2018.06.11-ний өдөр орон сууц зээлийн барьцаанд тавих итгэмжлэл, 2018.06.19- ний өдөр зээл хүссэн өргөдөл зэрэгт гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Энэ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд мөн зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Иймд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээг бодитоор байгуулсанд тооцно.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасан байдаг бөгөөд зээлдүүлэгч нь тус хуулийн 26.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ", Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1 “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж мөн зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нар нь *******наас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах, хэрэв төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарагдахгүй болно.

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2019/00460 тоот шүүхийн шийдвэрээр *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 33,437,375.80 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүх дүгнэхдээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзэж шийдвэрлэсэн. Иймд зээлдэгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар нь хуулийн үндэслэлгүй байна.

Харин Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 139/Ш32023/00079 тоот “Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээх тухай” шүүгчийн захирамж, Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/МА2023/00006 тоот “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай” магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2019/00460 тоот шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх заалтыг зөрчсөн буюу хариуцагч нарт хурлын товыг мэдэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй шийдвэрлэсэн гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүхийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд банкны эрх ашгийг мөн хөндсөн байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээрх хуулийн үндэслэлүүд болон зээлийн гэрээ, барьцааны гэрээний холбогдох заалтуудыг хууль зүйн хувьд үндэслэлтэй тайлбарлаж банкны эрх ашгийг хамгаалан оролцоно уу гэжээ.

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлагадаа: ******* ХХК-ийн Дундговь салбарын нэхэмжлэлтэй, *******, ******* нарт хариуцагдах зээлийн гэрээний төлбөрт 66,874,751.59 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт миний бие бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож дараах шаардлагыг гаргаж байна. Миний бие Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бичиг хэргийн эрхлэгчээр ажилладаг. Би Дундговь аймгийн *******ны захирлаар ажиллаж байсан Балжиннямын ******* гэх хүний эхнэр тэй нэг байгууллагад ажилладаг байсан. 2018 оны 6 дугаар сарын эхээр манай хүргэн нас бараад би ажлаасаа чөлөө аваад ажил явдалд нь оролцохоор гарч байтал манай ажлын залгаад “эгчээ би тантай яаралтай уулзах ажил байна, та хүрээд ирээч” гээд гуйгаад байхаар нь би яасан юм бол гэж санаа зовоод хөдөө гараад явж байснаа буцаж ирээд тэй уулзсан чинь “манай нөхөр ******* банкнаас зээл авах гэсэн чинь барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, та 2 өрөө орон сууцаа түр барьцаалах итгэмжлэл өгөөч, таны орон сууц чинь ямар ч барьцаанд байхгүйг би мэдэж байна, 2 дүү нь найдвартай гэж намайг тулгаж шаардаад гуйгаад, та нотариат дээр ороод ганцхан гарын үсэг зурахад л болно, бүх юм бэлэн болсон байгаа” гээд хөдөө ч явуулахгүй байлгаад байхаар нь би арга буюу зөвшөөрч, нотариат орж гарын үсэг зурж өгсөн. Нотариат дээр очиход итгэмжлэл бэлэн болсон байсан. Би итгэмжлэлийг уншихгүйгээр яараад гарын үсэг зураад гарсан. Би *******ыг зээл авахад л орон сууцаа барьцаалуулахаар итгэмжлэл олгосон гэж бодсон. Гэтэл намайг тулгаж гарын үсэг зуруулсан итгэмжлэл нь ******* гэх хүнд итгэмжлэл олгосон байсныг би сүүлд мэдсэн бөгөөд би энэ хүнийг огт танихгүй, энэ хүнтэй итгэмжлэлийн талаар огт ярилцаагүй. Тухайн үед надад уй гашуудал тулгараад сэтгэл санааны хувьд тогтворгүй, бушуухан л хөдөө явах бодолдоо хөтлөгдөн, энэхүү гарын үсгийг зурсан. Сүүлд бодож байхад надтай хамт ажилладаг нь тухайн үед надад тохиолдсон уй гашуу, эмзэг байдлыг далимдуулж намайг хуурч мэхлэн, төөрөгдөлд оруулан итгэмжлэл авсан байсан. Би ийг ажлын хүн гэдэг талаас нь итгэж байсан. Надаас анх итгэмжлэл өгөөч гэж гуйхдаа 2018 оны 9 дүгээр сард зээлийн барьцаанаас суллаад өгчихнө, 20 сая төгрөгийн барьцаа тавина гэхээр нь би итгэсэн, бусдаар 60,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавь гэж огт хэлээгүй, ийм их мөнгөний барьцаанд тавих байсан бол би яасан ч зөвшөөрөхгүй байсан. Би 9 сард хүүхэд оюутан болно, надад мөнгө төгрөг хэрэгтэй, байраа барьцаалж тэр үед зээл авна, тиймээс 9 сард барьцаанаас чөлөөлж өгөөрэй гэж тохирсон. Гэтэл , түүний нөхөр ******* нар нь намайг хуурч мэхлэн, төөрөгдүүлэн 60,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Би тухайн үед ******* гэх хүнд орон сууцаа барьцаанд тавиулах итгэмжлэл олгохоор хүсэл зоригоо илэрхийлсэн. ******* гэдэг хүнийг огт танихгүй. Иймээс хавтаст хэргийн материалд авагдсан байгаа надаас *******ад “Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 9-р байрны 37 тоот хаягтай байршилтай, улсын бүртгэлийн Ү-0814000317 дугаартай орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалуулахаар олгосон 2018 оны 06 сарын 11-ний өдрийн итгэмжлэл”- ийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

8. Хариуцагч ******* гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд ийн ******* надад хариуцуулан 2023.05.15-ны өдөр гаргасан “2018.96.11-ний өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай бие даасан шаардлагыг гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна.

Би 2018 онд гэдэг хүнийг огт таньдаггүй, мэддэггүй байсан. 2020 оны үед байхаа тэй Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бид хоёрыг дуудсан байсан тул очиж, энэ хүнийг анх удаа харж байсан. Тэнд очоод энэ хүний орон сууцыг банкны барьцаанд барьцаалсан юм байна гэж хагас дутуу ойлгосон. ******* ХХК-ийн Дундговь салбараас иргэн ******* надтай байгуулсан 2018.06.27-ны өдрийн №221100151483 дугаартай зээлийн гэрээг би өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулаагүй, ******* надад зээл авах хүсэл зорилго байгаагүй, зээлийн гэрээг уншиж танилцаагүй, энэ зээлийг ******* гэж хүн авч байгаа, үүнийг ч банк өөрөө мэдэж байгаа, бид хоёроор зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж дүр үзүүлсэн, үнэн санаанаасаа хийсэн гэрээ биш гэж бодож гарын үсэг зурсан байдаг. 2018 онд ******* миний бие ямар нэгэн ажил хөдөлмөр хийдэггүй байсан бөгөөд хөдөөгөөс аймгийн төвд шилжиж орж ирээд удаагүй байсан юм. 2018.06.11-ний өдөр орон сууцаа надад барьцаалуулахаар итгэмжлэл хийж өгсөн талаар би огт ойлгоогүй, учир холбогдлыг огт мэдээгүй, би тэй уулзаж, ярилцаж, энэ итгэмжлэлийг хийлгээгүй, ийн бичээд байгаа асуудал үнэн юм.

Иймээс “2018.06.11-ний өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

9. Нэхэмжлэгч ******* ХХК гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбартаа: 2023.05.15-ны өдөр Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бие даасан шаардлага гаргасан Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 9-р байрны 37 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0814000317 дугаартай орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалуулахаар олгосон 2018.06.11-ний өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар ийн гаргасан бие даасан шаардлага болон *******ын хариу тайлбарт хариу тайлбар гаргах нь:

Зээлдэгч *******, ******* нар нь 2018.06.27-ны өдөр *******ны Сайнцагаан тооцооны төвөөс 60000000 төгрөгийг, 60 сарын хугацаатай. жилийн 26,4 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зээлийг 221100151483 тоот зээлийн гэрээ, 221100151483 тоот барьцааны гэрээ байгуулан авсан. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасныг үндэслэн ийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 9-р байрны 37 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0814000317 дугаартай орон сууцыг 2018.06.11-ний өдрийн 817 дугаартай итгэмжлэлийг хүчин төгөлдөрт тооцон зээлийн барьцаанд авсан билээ.

нь уг орон сууцыг зээлийн барьцаанд тавьсныг хүлээн зөвшөөрч итгэмжлэлд гарын үсэг зурсан, иргэний үнэмлэхээ гэрчлүүлсэн, 2021.05.24-ний өдөр *******ны Дундговь салбарт *******ад итгэмжлэл гаргаж өгснөө хүлээн зөвшөөрч бичсэн өргөдөл мөн зээлийн төлбөрт ******* дахь МN600034221100151483 тоот харилцах дансаараа дамжуулан 2021.08.06-ны өдөр 5980000 төгрөг, 2022.02.28-ны өдөр 500000 төгрөг нийт 6480000 төгрөгийг *******ын зээлийн төлбөрт төлсөн дансны хуулга, зээлийн барьцаанд тавьсан орон сууцны гэрэл зураг зэрэг нь итгэмжлэл хүчин төгөлдөр гэдгийг баталж байна.

Иймд Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т “Хэрэв төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон бүрэн эрх, өгсөн зааврын дагуу хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгч өөрөө сайн мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан нөхцөл байдлын талаар төлөөлөгч мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй” гэх заалтыг үндэслэн барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанд үлдээж өгнө үү гэжээ.

10. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

10.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар *******ны *******, ******* нараас 66,874,751 /жаран зургаан сая найман зуун далан дөрвөн мянга долоон зуун тавин нэг/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

10.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т зааснаар *******, *******, ******* нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 221100151483 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 221100151483 дугаартай барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоож,

10.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч *******, ******* нараас 60,000,000 /жаран сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

10.4. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийн, *******ад холбогдуулан гаргасан “2018.06.11-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

10.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492234 /дөрвөн зуун ерэн хоёр мянга хоёр зун гучин дөрвөн/ төгрөгийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, *******наас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбарын агуулга: ... "Төрийн банк ХХК нь Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 66,874,751.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэр гарсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 139/ШШ2023/00397 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах давж заалдах шатны гомдлыг гаргаж байна.

Хариуцагч *******, ******* нар нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дугаар 221100151483 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж сарын 2.2 хувь, жилийн 26.4 хувийн хүүтэйгээр 60,000,000 /жаран сая/ төгрөгийн зээл авсан.

2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 221100151483 тоот барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд ээс олгосон итгэмжлэлийн дагуу улсын бүртгэлийн Ү-0814000317 дугаарт бүртгэгдсэн Дундговь аймгийн Сайнцагаан сум 7-р баг, 9 дүгээр байр, 37 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай гурван өрөө орон сууц болон бусад хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байдаг.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 56,815,494 төгрөг, үндсэн хүү 9,886,592.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,727.52 төгрөг, нийт 66,874,751.59 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т зааснаар “*******, *******, ******* нарын хооронд 2018.06.27-ны өдөр байгуулсан 221100151483 дугаартай зээлийн гэрээ, 2018.06.27-ны өдөр байгуулсан 221100151483 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон.

Дээрх шийдвэр нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэх дараах үндэслэл байна. Үүнд:

1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч ******* нь тухайн зээл олгох цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1995 онд батлагдсан Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу зээлийг олгох ёстой байх ба зээлдэгч Ц. *******, ******* нарын тухайн зээлийг авах хэрэгцээ шаардлага, зээл төлөх санхүүгийн чадамж, зээлдэгчийн орлого түүнийг нотлох баримт, зээлийн зориулалт, зээлдэгчийн орлого олдог үйл ажиллагаа зэргийг хуульд заасан журмын дагуу судалж дээрх зээлийг олгосон болохоо зээлдэгч нотолж чадаагүй байна” гэжээ.

1995 оны 10-р сарын 31-ний өдрийн “Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн /цаашид “БЭБХЭМХТТЗҮАтХ” гэх

"20 дугаар зүйл. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох 20.1. Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид зээл гэх/ гэнэ.

“21 дүгээр зүйл. 3ээл олгох ажиллагаа 21.1. Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ.”

21.2. 3ээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно.

21.3. 3ээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно.

21.4. Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

21.5. 3ээлдүүлэгч нь зээл олгохдоо тухайн зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхтэй.

БЭБХЭМХТТЗҮАтХ -ийн 21.5-т Банк нь зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхтэй гэж заажээ. Өөрөөр хэлбэл зээлдэгчийн санхүүгийн чадавхтай холбоотой баримт мэдээллийг авах эрхтэй болохоос түүний санхүүгийн чадавхыг нотлох үүрэг хүлээгээгүй. Зээлдэгч тус хууль болон “*******ны Зээлийн үйл ажиллагааны журам”-д заасны дагуу зээл авах хэрэгцээ шаардлага, зээл төлөх санхүүгийн чадамж, орлого түүнийг нотлох баримт, зээлийн зориулалт, үйл ажиллагаагаа өөрөө нотлох үүрэгтэй. Зээлдэгч *******, ******* нар нь дээр дурдсан баримтуудыг Банкнаас зээл хүсэхдээ бүрдүүлэн өгсөн.

Зээлдэгч нараас ирүүлсэн баримтуудыг нэгтгэн банкнаас БЭБХЭМХТТЗҮАтХ-ийн 23-р зүйлд заасны дагуу “Зээлийн хувийн хэрэг” нээн хөтөлсөн.

Ийнхүү зээлдэгчээс ирүүлсэн баримт, хүсэлтийг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 451.1 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. ”-т заасны дагуу "Зээлийн гэрээ” гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцож мөн өдрийн “Барьцааны гэрээ” байгуулагдсан байдаг.

Иймд Шүүхээс банк хариуцагч нарт зээл олгохдоо БЭБХЭМХТТЗҮАтХ-ийн Дөрөвдүгээр бүлгийн ямар журмыг зөрчсөн болох нь тодорхойгүй байхад тус хуульд заасан журмыг зөрчсөн гэж дүгнэсэн, хуулиар олгосон эрхийнхээ дагуу бусдаас баримт шаардах эрхийг банкны хүлээх үүрэг гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй болж байна.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Зээлийн гэрээг хуульд заасан журмын дагуу зээлдэгч нарын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан болохоо нотлох баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд ирүүлээгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгчээс тус шүүхэд талуудын хооронд байгуулагдсан зээл, барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийг бусдад барьцаалуулах эрх олгосон итгэмжлэл зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн байдаг. Зээлдэгч нар нь хэн нэгний дарамт шахалт, хүчирхийллээс ангид өөрсдөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан бөгөөд энэ талаараа ч мэдүүлсэн.

Хариуцагчаас тэдний хүргэн болох ******* зээлийн материалыг бүрдүүлэн өгсөн. Банк дээр өөрсдийн биеэр очиж гарын үсэг зурсан, өөрсдийн нэр дээрх дансанд зээлийн дүнг хүлээн авсан гэх нөхцөл байдал тогтоогдож байхад шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

Монгол улсын Иргэний хуулийн “3.7. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж заасан. “Зээлийн гэрээ” байгуулан гарын үсэг зурахдаа ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаараа мэдээгүй, зээл авах хүсэл сонирхол байгаагүй гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хуулийн талаар мэдлэггүй байх нь тухайн хүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч нарыг бичиг үсэг мэдэхгүй талаар аливаа баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Үнэхээр тухайн зээлийг авахыг хүсээгүй бол тус зээл, Барьцааны гэрээнд гарын үсэг зурж, зээлийг мөнгийг дансандаа авч, бусдад шилжүүлэн өгөхгүй байх бүрэн боломжтой байсан.

Хавтаст хэрэгт хариуцагч *******, ******* нарыг эрх зүйн чадамжгүй, хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг эсхүл бичиг үсэг мэдэхгүй нөхцөлд байхдаа банктай зээлийн харилцаанд оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байгааг харгалзан үзнэ үү.

Иргэний хуулийн 43 дугаар зүйл. Хэлцэл хийсэн гэж үзэх 43.2.Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ.

43.2.1. талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан; 43.2.3.хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн.

Иргэний хуулийн 196 дугаар зүйл. Гэрээг байгуулсанд тооцох 196.1.2. гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар

Иргэний хуулийн 451 дүгээр зүйл. Банк, зээлийн уйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ “451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашидзээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” “451.2.Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.” гэж заажээ

Иргэний хуулийн 43.2.1, 196.1, 451.1, 451.2-т заасны дагуу нэхэмжлэгчтэй байгуулсан “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулж, нэхэмжлэгч тус гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан тул гэрээг хуулийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ” хуулийн хүчин төгөлдөр байх тул түүний үүргийн гүйцэтгэлийг, хангуулахаар байгуулсан “Барьцааны гэрээ” мөн хүчин төгөлдөр юм.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь 2018.06.11-ний өдөр өөрийн өмчлөлийн гурван өрөө байрыг зээлийн барьцаанд барьцаалуулахыг зөвшөөрч гарын үсгээ зурсан итгэмжлэл мөн хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Дундговь аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн дугаар 139/ШШ2023/00397 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

12. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгөө авах гээд очихдоо баахан юм бүрдүүлж очоод бид хоёроор гарын үсэг зуруулсан. Тэрнээс ийм юм байгаа гэж ерөөсөө уншуулж мэдүүлсэн юм байхгүй. Тэр үедээ ийм зүйл болно гэж мэдээгүй. ******* өөрөө хэрэглэнэ гээд бид хоёрыг тухайн үед зээлгүй байсан тул авхуулсан. Бид гэрээ хийж үзээгүй. Зээл хийж үзээгүй болохоор мэдэхгүй зурсан гэв.

13. Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 397 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх үндэслэлээр тайлбар хэлье. Анхан шатны шүүхээс 2018 оны 06 сарын 27-ны өдөр *******, ******* болон *******ны хооронд байгуулагдсан зээлийн гэрээ мөн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож 56.5-д зааснаар зээлсэн 60 сая төгрөгийг *******, ******* нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч *******ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа гэж үзэж байгаа. Учир нь *******, ******* нарын хувьд тухайн зээл авсан гэх цаг хугацаа болох 2018 онд Дундговь аймгийн Гурвансайхан суманд хөдөө мал маллаж байгаад цаг зудын нөхцөл байдлаас малгүй шахуу болоод Дундговь аймагт түр амьдарч байсан. Энэ хүмүүс огт бизнес эрхэлж байгаагүй, мал маллаж байсан, өөрсдөө боловсрол тааруухан хүмүүс байсан. Гэтэл ******* гэдэг хүн *******ны тооцооны төвийн салбарын захирал н.Чинзориг гэдэг хүмүүс үндсэндээ энэ зээлийг харилцан тохиролцож дүр үзүүлсэн нөхцөл байдал нь *******, ******* нараар зээл авхуулж байгаа процесс байдаг. ******* шүүхэд ирээд энэ зээлийг би авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. ******* гуайн данс руу шилжиж орсон, оронгуутаа ******* руу шууд шилжигдсэн баримт нь хэрэгт байгаа. Мөн зээлийн эргэн төлөлтийг ******* төлж байсан. Сүүлдээ төлөхгүй зээлийн эргэн төлөлтийг удаа дараа хугацаа хэтрүүлээд байгаа учраас шүүхэд хандсан үйл баримт байдаг. Нөгөө талаасаа зээлийг, зээлийн гэрээний 2.1.2-т зааснаар газрын тээвэр болон хийн хоолойн тээврийн зориулалтаар ашиглана гэдгээр олгосон. Гэтэл өмнөх шүүх хуралдаан дээр ******* гуай би газрын тээвэр хийн хоолой битгий хэл машин ч барьж үзээгүй хүн. Надад жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би ийм зориулалтаар зээл авах ямар ч нөхцөл байгаагүй. Намайг *******, н.Чинзоригийн хажууд зогсож байгаад энэ дээр гарын үсэг зур гэсэн учраас би зураад явсан. Энэ хүмүүс үр дагаврыг нь хариуцах юм байна гэдэг ойлголтоор зурсан. Мэдээж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учраас манай зүгээс 60 сая төгрөгийг төлөх ёстой. Бид эргүүлээд *******аас нэхэмжлэх зохицуулалт бий болсон. Хийн хоолойн болон зориулалтаар зээл авах энэ хүмүүст ямар ч хэрэгцээ шаардлага байгаагүй. Энэ хүмүүсийн хүсэл зоригийн асуудал биш дүр үзүүлэн хийсэн хэлцэл байсан. Нөгөө талаасаа зээлийн барьцаанд Наранцэцэг гэдэг хүний өмчлөлийн 3 өрөө орон сууц мөн ******* гэдэг хүний компани “Бор намхай” инвест хязгаарлагдмал ХК-ийн өмчлөлд бүртгэлтэй зүтгүүр болон чиргүүл нэр бүхий улсын дугаартай зүтгүүр чиргүүлийг барьцаалж авсан гэдэг. Зүтгүүрийг нь 18 сая төгрөгийн барьцаанд, чиргүүлийг нь 12 сая төгрөг буюу нийт 30 сая төгрөгийн барьцаанд эдгээр хөрөнгийг барьцаалсан мөртөө энэ хөрөнгүүд *******ын нэр дээр байгаа эсэхийг огт банк шалгаагүй, тогтоогоогүй. Хэрэг дотор байгаа хуурамч гэрээг үндэслэж авсан. ******* гуай энэ машиныг ******* гэдэг “Бор намхай” инвест ХК-аас авах нь битгий хэл царай зүсийг нь хараагүй. Машин байгаа эсэхийг мэдэхгүй. Бүгд өөрсдийнх нь хийсэн худал хуурмаг зүйл байсан. Үүнийг өмгөөлөгч аваад ийм асуудал байгаа гэдгийг ойлгож мэдээд, уншиж танилцаад байгаа асуудлууд байдаг. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3, 11.4-д заасан шаардлагыг хангаж хөдлөх эд хөрөнгийг барьцаалах ёстой байсан. Гэтэл банк үүнийгээ хангаагүй. Өөрөөр хэлэх юм бол 11.2-т зааснаар барьцааны зүйлийг барьцаалагдсан эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажих ёстой. Хуульд зааснаар үүссэн барьцаанд барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажна. 11.4-д баталгаажсан барьцааны эрхийг бусдад шилжүүлсэн нь барьцааны баталгаажилтаар дуусгавар болох эсвэл барьцааны эрхийн дарааллыг өөрчлөхийн үндэслэл болохгүй гэж хуульчлаад өгчихсөн асуудал байгаа. Гэтэл анхнаасаа банк өөрөө дүр үзүүлэн барьцааны гэрээг мөн адил байгуулсан болох нь үүгээр нотлогдож байна. Зүтгүүр, чиргүүл 2-ыг өөрсдөө огт цахим мэдээллийн сандаа бүртгээгүй. Гэтэл энэ үйл явц маргааш нь ахиад ******* өөрийнхөө нэр дээр буцаагаад авчихсан. Дараа нь *******аас гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдэгдсэн тохиолдлууд байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу барьцаалаагүй гэдгээ банк өөрөө хүлээн зөвшөөрдөг. Нөгөө талаас дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь ******* өөрөө Дундговь аймгийн *******ны захирал даргаар ажиллаж байсан. Ашиг сонирхлын зөрчилтэй энэ субъектэд магадгүй ******* өөрөө зээл олгох эрх зүйн үндэслэлгүй байсан учраас *******, ******* гэдэг хөдөөгийн 2 бичиг үсэг ч үгүй хүнийг үндсэндээ дүр эсгэн үйл ажиллагаанд оролцуулж, өнөөдөр ч гэсэн энэ хүмүүсийн өмнөөс зээлийг нь төлөх дээрээ тулж шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр өчнөөн ажиллагаа явагдаж, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирох нөхцөл байдлуудыг бий болгосон. Хавтаст хэргийн материалд банкны зээлийн үйл ажиллагаа олгох тухай журмыг нотлох баримтаар гаргаж ирсэн. Энэ журмын 6.1 дээр иргэнд зээл олгогдоход тавигдах шаардлага байдаг. Энэ дээр үнэхээр энэ хүн зээл төлөх чадвартай юм уу? үнэхээр энэ зорилгоор авч байгаа юм уу гэдгийг судлах ёстой боловч судлаагүй. Үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу барьцаалагдаагүй зэрэг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд заасан дээрх үндэслэлүүд байгаа нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон учраас хүчин төгөлдөр бус хэлцэл, дүр үзүүлэн хэлцэл хийсэн гэж үзэж хийсэн шүүхийн дүгнэлт болон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учраас нэхэмжлэгч талын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

14. Гуравдагч этгээд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******анд үнэхээр гомдолтой байгаа. Хүнд зээл олгох банкнуудын шалгуур их өндөр байдаг. 100% давуулж бараг хүмүүсийг шалгаж бүх барьцаа хөрөнгийг нь хангуулж, бүх зүйлийг нь уудалж байж зээл олгодог. Гэтэл зээл олгохдоо яагаад ганцхан манай байрыг авах гэж зүтгээд байгаа юм бэ? Цаана нь зүтгүүр, чиргүүл гэсэн 2 хөдлөх хөрөнгө байсаар байтал зөвхөн манай байрыг авах гээд зүтгээд байдаг. Энэхүү байдлаасаа болоод миний хувьд сэтгэл санааны хувьд хүнд дарамтад орсон. Гэр бүлийн хувьд мөн адил хүнд хэцүү байдалд орсон. Иймд *******анд маш их гомдолтой байгаа. Буруутай этгээд Чинзориг, ******* 2 нийлээд барьцааны гэрээ, бүх юмыг бүрдүүлсэн талаар шүүх хурлын явцад миний мэдсэнээр тийм байгаа. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй ч үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зарим үйл баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж бодитойгоор үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлэх гэсэн хуульд заасан журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой гэж шийдвэрлэлээ.

Харин Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийн, *******ад холбогдуулан гаргасан “2018.06.11-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” шаардлагыг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 66,874,751.59 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа “...2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “*******” ХХК нь 60,000,000 төгрөгийг 26.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, газрын тээвэр болон хийн хоолойн тээвэр зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар зээл, түүний хүүг хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцож зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Мөнгийг хариуцагч нарын дансанд шилжүүлсэн... ” гэсэн үндэслэлээр дэмжсэн.

Хариуцагч *******, ******* нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “...бид зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч уг мөнгийг аваагүй. “*******” ХХК-нд захирлаар ажиллаж байсан ******* нь зээлийн материал бүрдүүлж, бидний нэр дээр зээл авсан. Энэ талаар “*******” ХХК мэдэж байгаа. Бид ямар ч шан харам болгож мөнгө аваагүй. Мөн бид малчин хүмүүс учраас хийн хоолойн тээврийн талаар ямар ч ойлголтгүй, энэ талаар юу ч мэдэхгүй. Ямар ч тээврийн хэрэгсэл худалдаж авсан зүйлгүй. Барьцаанд тавьсан хөрөнгө хэнийх болох, хаана байгааг мэдэхгүй ..” гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч *******ад олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагын үндэслэлээ “...Би Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бичиг хэргийн эрхлэгчээр ажилладаг. Би Дундговь аймгийн “*******” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан ******* гэх хүний эхнэр тэй нэг байгууллагад ажилладаг байсан. 2018 оны 6 дугаар сарын эхээр манай хүргэн нас бараад би ажлаасаа чөлөө аваад ажил явдалд нь оролцохоор гарч байтал манай ажлын залгаад “эгчээ би тантай яаралтай уулзах ажил байна, та хүрээд ирээч” гээд гуйсан. Би яасан юм бол гэж санаа зовоод хөдөө гараад явж байснаа буцаж ирээд тэй уулзсан чинь “манай нөхөр ******* банкнаас зээл авах гэсэн чинь барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, та 2 өрөө орон сууцаа түр барьцаалах итгэмжлэл өгөөч, таны орон сууц чинь ямар ч барьцаанд байхгүйг би мэдэж байна, 2 дүү нь найдвартай гэж намайг тулгаж шаардаад гуйгаад, та нотариат дээр ороод ганцхан гарын үсэг зурахад л болно, бүх юм бэлэн болсон байгаа” гэсэн. Би арга буюу зөвшөөрч, нотариат орж гарын үсэг зурж өгсөн. Нотариат дээр очиход итгэмжлэл бэлэн болсон байсан. Би итгэмжлэлийг уншихгүйгээр яараад гарын үсэг зураад гарсан. Би *******ыг зээл авахад зөвшөөрч орон сууцаа барьцаалах итгэмжлэл олгосон. Харин *******ад олгоогүй...” гэж  тайлбарласнаас үзвэл зохигч зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд өөрийн өмчлөлийн орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавьсан барьцааны гэрээний талаар маргаагүй байна.

3.Нэхэмжлэгч ******* ХХК нь зээлийн болон барьцааны гэрээний үүргийн биелэлт шаардсан. Харин хариуцагч *******, ******* нар уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хоорондоо харилцан хамаарал бүхий шаардлага байх тул шүүх хэлцэл хүчин төгөлдөр эсэх болон гэрээ байгуулагдсан талаар дараах дүгнэлтийг хийлээ.

Талуудын тохиролцсон хэлцэл бүхэн гэрээ болохгүй. Харин гэрээ нь хэлцлийн бүх шинжийг агуулж байдаг.

Иймд шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэхэд дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан объектив /талуудын бодит хүсэл зоригт нийцсэн, хууль зөрчөөгүй, эрх зүйн чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан зэрэг/ шинжийг шалган үзэв. Гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бол эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Учир нь талууд гэрээг анхнаасаа байгуулаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хэлцлийн хувьд объектив шинжийг хангаж байгаа ч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт үндсэн зээл 60,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, эсхүл захиран зарцуулах эрх бодитоор олгогдоогүй тохиолдолд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй.

4.Хавтаст хэргийн 5-7, 8-9, 10-12-р хуудсанд авагдсан баримтаас үнэлбэл, “*******” ХХК-ийн Дундговь аймаг дахь Сайнцагаан тооцооны төв нь хариуцагч *******, ******* нартай 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Газрын тээвэр болон хийн хоолойн тээврийн зориулалттай буюу бизнесийн хөрөнгө оруулалттай зээлийн 2211000151483 тоот гэрээ байгуулан, 60,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй тохирсон. Мөн зээлийн барьцаанд Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийн өмчлөлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 9-р байрны 37 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0814000317 дугаартай үл хөдлөх  хөрөнгө болон ДУЭ 90-20 улсын дугаартай Bieben зүтгүүр /гэрчилгээ №0192720, арлын дугаар LBZ446D6CA006724/, Jidong chehege CHEHEGE ТЧ 90-20 /гэрчилгээний №01925721, арлын дугаар LA99CZ40190HTT342/ чиргүүл гэсэн тээврийн хэрэгсэл, зурагт, хөлдөөгч, мөнгөн аяга, бараа материал зэрэг хөдлөх хөрөнгө барьцаалж гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан журмын дагуу Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн. Хариуцагч *******ын 220400008682 тоот дансанд 60,000,000 төгрөг шилжүүлсэн боловч тухайн зээлийг авсан өдрөө ******* *******ын данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 133-р хуудас/.

Энэ нь хэлбэрийн хувьд нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч *******, ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байгаа ч хариуцагч нар “...*******анд ажиллаж байсан ******* манай дүүгээр дамжуулж зээлийн гэрээнд гарын үсэг зурж өгөхийг гуйлгасан. Бид 2 арьс шир ноос ноолуурын наймаа эрхэлдэггүй, ийм их хэмжээний зээл авах бизнесгүй, эргэн төлөх орлогогүй, том оврын машин нь биднийх биш тул худалдах худалдан авах гэрээг хуурамч гэж үзэж байна. Мөн газрын тээвэр болон хийн хоолойн тээврийн үйл ажиллагаа явуулж байгаагүй. “*******” ХХК-ийн Дундговь дахь салбарын захирлаар ажиллаж байсан ******* зээлийн материалыг бүрдүүлсэн. Биднийг банкин дээр хүрээд ир гэхээр нь очиж гарын үсэг зурсан, дээрх зээлээс 1 төгрөг ч аваагүй. Уг зээлийг ******* авч байгаа гэдгийг банк мэдэж байсан” гэж тайлбарласан.

Гэрч *******ын “...Би 60,000,000 төгрөгийн зээл авхуулсан. Би зээлийг хуваарийн дагуу буюу 2019 оны 6 дугаар cap хүртэл төлсөн. Зээлийг би авсан учир төлсөн.” гэсэн,  түүний эхнэр болох  гэрч ийн "... Өөр хүний нэр дээр зээл авхуулах гэж байгаа, тэр хүнд итгэмжлэл хийгээд өгөөч ээ гэж хэлж гуйж байсан учраас *******, ******* нарт итгэмжлэл олгосон...” гэсэн үйл баримтыг нэхэмжлэгч тал няцааж мэтгэлцсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч “*******” ХХК нь зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчиж хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

Тодруулбал,  ******* ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журмын “Зээлийн үйл ажиллагаанд баримтлах үндсэн чиглэлийн тухай 5 дугаар зүйлийн 5.1.1-д “...Бизнесийн зориулалтаар олгож буй зээл нь харилцагчийн үйл ажиллагааны тогтвортой байдал, мөнгөн урсгалын төлөвлөгөөнд үндэслэгдсэн байх бөгөөд хангалттай хэмжээний барьцаа, баталгаатай байхыг шаардана...”,

24.5.2 дахь хэсгийн 24.5.2.а-д “Сүүлийн 6 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай” гэсэн шалгуур тавьжээ.

Харин хариуцагч *******, ******* нар бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаагүй байхаас гадна амьжиргааны баталгаажих түвшинтэй холбоотой баримт буюу Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 тоот албан бичигт “Танай өрх Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т зааснаар “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн” буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409.679 босго шугамаас доогуурт багтсан байна”, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэнэ-Ус багийн засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 9 тоот албан бичигт “Тус сумын иргэн ЗГ65021406 тоот регистрийн дугаартай Бямбаа овогтой ******* нь Дэрсэнэ-Ус багийн иргэн мөн бөгөөд ам бүл гурвуулаа, нөхөр, хүүхдийн хамтаар амьдардаг. Ажилгүй, орлогогүй, малгүй, амьжиргааны түвшин доогуурх өрх нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт хэрэгт авагдсанаас үзвэл банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэр бүхий зээлдэгч нарт зээлийн бодлого журамд нийцүүлэн зээл олгосон гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Мөн зээлийн ажилтны хориглох ёс зүйн хэм хэмжээг мөн журмын 8.2.2.в-д “Хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой этгээдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч судлах, шийдвэрлэхэд оролцох”, 8.2.2.г-д “Зээл хүссэн өргөдөл болон бусад холбогдох баримт бичгийг хуурамчаар үйлдэх, хууль бус үйлдэл хийж байгааг мэдсээр байж зээлийн хүсэлтийг хүлээн авах, судлах, зээл олгох” гэж заасан байна.

Иймд анхан шатны шүүхийн “... банк зээлийг төлөх орлогогүй, санхүүгийн чадамжгүй, зээлийн барьцаанд бариулах өөрийн хөрөнгөгүй этгээдэд зээл олгож байгаагаа мэдэж байсан ба уг зээл олгогдохоос өмнө судлагдах шатанд зээл олгохтой холбоотой бичгийн баримтыг ******* гэх этгээд бүрдүүлсэн, олгосон зээлийг *******аас ******* нь шилжүүлэн авсан /хэргийн 133-рт/, ******* нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан /хэргийн 137-140-рт, хэргийн 48-51 хуудас/, ******* захиралтай “Борнамхай инвест” ХК, *******ад 9020 ДУЭ улсын дугаартай ачааны автомашин, 9020 ТЧ улсын дугаартай чиргүүлийг худалдаж /хэргийн 23-26-рт/, 2021 оны 06 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсанаас 1 хоногийн дараа дээрх тээврийн хэрэгслүүдийг *******ын өмчлөлд буцаан шилжүүлсэн /хэргийн 195-рт/ үйлдэл зэргээс харахад энэхүү зээлийн гэрээг “*******” ХК нь ******* ******* нартай байгуулсан мэтээр дүр үзүүлэн хийсэн болох нь тогтоогдож байна” гэсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

5.Харин анхан шатны шүүх үйл баримтад дээрх дүгнэлтийг хийсэн атлаа хариуцагч нараас 60,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч *******, ******* нар зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан ч зээл авах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй бөгөөд “*******” ХХК-нд ажиллаж байсан ******* зээл авах зорилгоор материалыг бүрдүүлж мөнгийг авч захиран зарцуулсан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцсон атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “талууд нь хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан үүрэг хариуцагч *******, ******* нарт үүсэхгүй тул анхан шатны шүүхийг хуулийн энэхүү заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Иймээс давж заалдах шатны шүүх нотлох баримтад тулгуурлах зарчмыг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 66,874,751.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг нэмж өөрчлөлт оруулав.

6.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нэг талт гэрээ буюу 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэлээр хариуцагч *******ад “өөрийн өмч болох орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, лавлагаа авах, барьцаалбарт төлөөлөх эрх”-ийг олгосон. Мөн орон сууцыг зээлийн барьцаанд тавих гэж байгааг мэдэж байсан болохыг гэрч *******, нар мэдүүлсэн байна.

Иймд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэлийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-д заасан ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан хэлцэл гэж үзэхгүй тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

7.Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний хувьд:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь 60,000,000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан байхад анхан шатны шүүх “...*******, *******, ******* нарын байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221100151483 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон...” гэсэн үндэслэлээр барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасны дагуу бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

Харин 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221100151483 тоот барьцааны гэрээний 2.1 Б-д “зурагт, хөлдөөгч, мөнгөн аяга, бараа материал” гэж заасан байх ч баталсан журмын 11.5.2 дахь хэсгийн 4-т заасны дагуу барьцаалсан эсэх үйл баримт хэрэгт авагдаагүй.

Мөн хариуцагч нарт нэр бүхий хөдлөх хөрөнгө байгаагүй гэсэн ба нэхэмжлэгч тал байгаа эсэх талаар нотлоогүй тул Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.” гэж заасны дагуу энэ хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцов.

8.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хүлээн авах боломжгүй тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 139/ШШ2023/00397 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч *******, ******* нарын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 221100151483 тоот зээлийн гэрээ болон мөн өдөр байгуулсан 221100151483 тоот барьцааны гэрээний 2.1-н Б-д “зурагт, хөлдөөгч, мөнгөн аяга, бараа материал” гэж заасан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч *******, ******* нараас 66,874,751.59 /жаран зургаан сая найман зуун далан дөрвөн мянга долоон зуун тавин нэгэн төгрөг тавин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дахь заалтыг 2 болгож, 5 дахь заалтыг 3 болгож тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,324 /дөрвөн зуун ерэн хоёр мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                   Ш.ТӨМӨРБААТАР

 

                              ШҮҮГЧИД                                   З.ТҮВШИНТӨГС

 

                                                            Ц.ОТГОНЦЭЦЭГ