Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2024/00049

 

 

“...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Н.Батчимэг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                               

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 139/ШШ2023/00397 дугаар шийдвэр,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

    2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 218/МА2024/00002 дугаар магадлалтай,                                                                                                                                   

“...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

..., ... нарт холбогдох

66,874,751 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй,

2018.06.27-ны өдрийн 221100151483 дугаартай зээлийн гэрээ, 221100151483 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,

2018.06.11-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж  тооцуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагатай иргэний хэргийг          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ... нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., ..., хариуцагч нарын өмгөөлөгч ..., гуравдагч этгээд ..., нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “...” ХХК нь хариуцагч ..., ... нарт холбогдуулан 66,874,751 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2018.06.27-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ... нь 2018.06.11-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргажээ.

2.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 139/ШШ2023/00397 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар ...ны ..., ... нараас 66,874,751 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т зааснаар ..., ..., ... нарын хооронд 2018 оны 06 сарын 27-ны өдөр байгуулсан 221100151483 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 06 сарын 27-ны өдөр байгуулсан 221100151483 дугаартай барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч ..., ... нараас 60,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “...” ХХК-д олгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ...ийн, ...ад холбогдуулан гаргасан 2018.06.11-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,234 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, ...наас 70,200 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ

3.Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 218/МА2024/00002 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 139/ШШ2023/00397 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “...” ХХК, хариуцагч ..., ... нарын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 221100151483 тоот зээлийн гэрээ болон мөн өдөр байгуулсан 221100151483 тоот барьцааны гэрээний 2.1-н Б-д “зурагт, хөлдөөгч, мөнгөн аяга, бараа материал” гэж заасан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч ..., ... нараас 66,874,751.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “...” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг 2 болгож, 5 дахь заалтыг 3 болгож тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ...ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.03-ны өдрийн 397 дугаар шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.05-ны өдрийн 02 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийг зөрүүтэй хэрэглэж, хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар энэхүү гомдлыг гаргаж байна. Магадлалын Үндэслэх хэсгийн 18-р талд “7.Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний хувьд: Нэхэмжлэгч ... нь 60,000,000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан байхад анхан шатны шүүх “......, ..., ... нарын байгуулсан 2018.06.27-ны өдрийн 221100151483 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон ...” гэсэн үндэслэлээр барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасны дагуу бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч ...ны хариуцагч нараас 66,874,751.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ... нь ..., ... нарт хариуцуулан зээлийн гэрээний үүрэгт 66,874,751,59 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулсан 2018.06.27-ны өдрийн 221100151483 тоот зээлийн гэрээг үндэслэл болгосон. 2 шатны шүүхээс уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 66,874,751,59 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа давж заалдах шатны шүүхээс үндсэн зээлийн гэрээний хавсралт гэрээ болох 2018.06.27-ны өдрийн 221100151483 дугаартай “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн гэж ойлгогдохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. ..., ..., ... нарын хооронд 2018.06.27-ны өдөр байгуулагдсан 221100151483 дугаартай Зээлийн гэрээний 7.1-т “Зээлдэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор энэхүү гэрээний хавсралт болох Барьцаа /Батлан даалт/ фидуцийн 2018.06.27-нд байгуулсан 221100151483 тоот гэрээнд тодорхойлсон хөрөнгийг барьцаа болгон барьцаалуулсан болно” гэсэн байгаа. Энэхүү гэрээний заалтаар Барьцааны гэрээ нь хавсралт гэрээ, Зээлийн гэрээнд зээлдэгч гэж тодорхойлогдсон ..., ... нар нь зээлийг аваагүй болох нь тогтоогдсон, үндсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдсон байхад түүний үндсэн дээр байгуулагдсан “Барьцааны гэрээ” / хавсралт гэрээ/ өөрөө хүчин төгөлдөр бус байх ёстой. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т “Дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” хүчин төгөлдөр бус байна. Иймээс 2018.06.27-ны өдрийн 221100151483 тоот “Барьцааны гэрээ" хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүхээс “Барьцааны гэрээ”-ний талаар ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул гомдол гаргаж байна. 2018.06.27-ны өдрийн 221100151483 тоот “Барьцааны гэрээ” өөрөө хүчин төгөлдөр бус гэрээ болох тал дээр давж заалдах шатны шүүх бүхэлд нь дүгнэлт хийгээгүй. Энэхүү гэрээний 2.2-ын Б хэсэгт “Bieben зүтгүүр ..., Jidong chehege ... чиргүүл гэсэн тээврийн хэрэгсэл, чиргүүлийг барьцаалсан байх боловч хэргийн материалд авагдсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай /2018.06.08-ны/ гэрээ” хуурамч гэрээ. Банкны зүгээс дээрх “Bieben зүтгүүр ..., Jidong chehege ... дугаартай чиргүүлийг барьцаалж зээл олгох ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй болохоо, ... нь дээрх тээврийн хэрэгслийг худалдаж аваагүй болохоо шүүх хуралдаан дээр 2 тал тайлбарласан, энэ хэсгийн барьцаа хүчин төгөлдөр бус болох нь тодорхой болсон. Иймээс энэ барьцааны гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэрээ байхад давж заалдах шүүхээс бусад нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр гуравдагч этгээд миний эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн Давж заалдах шатны шүүх 2018.06.27-ны өдрийн 221100151483 тоот “Барьцааны гэрээ’’-ний 2.1-н Б-д “зурагт, хөлдөөгч, мөнгөн аяга, бараа материал” гэж заасан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлыг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс гуравдагч этгээд миний ...ад холбогдуулан гаргасан “2018.06.11-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай“ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд мөн гомдолтой байна. Би ...ыг бага хэмжээний зээл, богино хугацаанд авна гэж гуйхад нь орон сууцаа барьцаалуулахаар итгэмжлэл олгосон гэж бодсон. Гэтэл намайг тулгаж гарын үсэг зуруулсан итгэмжлэл нь ... гэх хүнд итгэмжлэл олгосон байсныг би сүүлд мэдсэн бөгөөд би энэ хүнийг огт танихгүй, энэ хүнтэй итгэмжлэлийн талаар огт ярилцаагүй. Тухайн үед надад уй гашуудал тулгараад сэтгэл санааны хувьд тогтворгүй, бушуухан л хөдөө явах бодолдоо хөтлөгдөн, энэхүү гарын үсгийг зурсан. Сүүлд бодож байхад надтай хамт ажилладаг ... /...ын эхнэр/ нь тухайн үед надад тохиолдсон уй гашуу, эмзэг байдлыг далимдуулан намайг хуурч мэхлэн, төөрөгдөлд оруулан итгэмжлэл авсан байсан. Би ...ийг ажлын хүн гэдэг талаас нь итгэж байсан. Надаас анх итгэмжлэл өгөөч гэж гуйхдаа 2018 оны 9 дүгээр сард зээлийн барьцаанаас суллаад өгчихнө, 20 сая төгрөгийн барьцаанд тавина гэж огт хэлээгүй, ийм их мөнгөний барьцаанд тавих байсан бол би яасан ч зөвшөөрөхгүй байсан. Би тухайн үед ... гэх хүнд нь орон сууцаа барьцаанд тавиулах итгэмжлэл олгохоор хүсэл зоригоо илэрхийлсэн. ... гэдэг хүнийг огт танихгүй. Энэ талаар ... мөн шүүхэд гаргасан тайлбартаа энэ талаар тодорхой тайлбар өгсөн байхад шүүх үнэлж шийдвэрлэсэнгүй. Анхан шатны шүүхээс барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон боловч миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ...наас гаргуулж надад олгохоор шийдвэрлэлгүй орхигдуулсан. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болсон тул банк үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хууль бусаар барьцаалах ёсгүй гэж үзэж байгаа. Иймээс Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.03-ны өдрийн 397 дугаар шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.05-ны өдрийн 02 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, 2018.06.27-ны өдрийн 221100151483 тоот “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, гуравдагч этгээд ... миний Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 9-р байрны 37 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0814000317 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ...наас гаргуулж гуравдагч этгээд надад олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...ы хяналтын журмаар гаргасан гомдолд: Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.05-ны өдрийн 218/МА2024/00002 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хуулийг зөрүүтэйгээр хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэлтэй байна.

Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг зөрүүтэйгээр хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т зааснаар “..., ..., ... нарын хооронд 2018.06.27-ны өдөр байгуулсан 221100151483 дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр байгуулсан 221100151483 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ...ийн 2018.06.11-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 56.5-т заасны дагуу хариуцагч ..., ... нараас 60,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 61.1-т зааснаар ..., ..., ... нарын хооронд 2018.06.27-ны өдөр байгуулсан 221100151483 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2018.06.27-ны өдөр байгуулсан 221100151483 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж дүгнэн “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн. Магадлалын Хянавал хэсгийн 7.Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний хувьд ... барьцааны гэрээг ИХ-ийн 56.1.10-д заасны дагуу бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.., мөн магадлалын Хянавал хэсгийн 5... Хариуцагч нараас 60,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна... ИХ-ийн 56.5-д заасан үүрэг хариуцагч ..., ... нарт үүсэхгүй тул анхан шатны шүүхийг хуулийн энэхүү заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв... гэж дүгнэсэн. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхүүд Иргэний хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тул шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах хэрэгцээ шаардлага үүсэж байна.

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.3-т заасан үндэслэлээр Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан байдаг. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон аль шаардлагыг хангаж байгаагаа тодорхой дурдаагүй нь ИХШХШтХ-ийн 26.2-т заасан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй нөхцөл байдал үүсгээд байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан Зээл, Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцон шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүхээс Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчээс гаргасан барьцаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгаагаа магадлалын тогтоох хэсэгт дурдаагүй. Иймд ИХШХШтХ-ийн 11.1-д заасан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан боловч ИХШХШтХ-ийн 56.2-т заасан нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хуваарилаагүй ИХШХШтХ-ийг зөрчсөн зөрчил гаргасан. Иймд давж заалдах шатны шүүх магадлалыг гаргахдаа ИХШХШтХ-иар зохицуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, зохигчдын эрхийг хязгаарлан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

Гурав. Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Банк .. зээл авах шаардлагагүй, дээрх зээлийг төлөх орлогогүй, санхүүгийн чадамжгүй, зээлийн барьцаанд бариулах өөрийн хөрөнгөгүй этгээдэд зээл олгож байгаагаа мэдэж байсан.. зээл олгохтой холбоотой баримт бичгийг ... нь бүрдүүлэн өгсөн, ...аас ... нь зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан учир “...” ХХК-ийг зээлдэгчийн нэгэн адилаар дүр үзүүлэн тус хэлцлийг байгуулсан” гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлт нь шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоор батлагдсан ИХ-ийн 56.1.2 дахь заалтын тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. УДШ-ийн тайлбар 56.1.2-т заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.” гэсэн бөгөөд “...” ХХК нь дүр үзүүлэн тус хэлцлийг байгуулсан болохын тулд зээлийн дүнг захиран зарцуулах эрхийг зээлдэгч нарт олгох хүсэл зориггүй зөвхөн зээлийн гэрээ байгуулсан мэт гадаад илрэлийг бий болгосон байх шаардлагатай байна. Шүүхээс хариуцагч ..., ... нарын хүргэний найз болох ... гэх хүн зээлийн материалыг бүрдүүлэн өгсөн, хариуцагчдад зээл авах хүсэл, хэрэгцээ байгаагүй Банк ч үүнийг мэдэж байсан гэж дүгнэсэн байдаг. Гэвч “...” ХХК-г зээлдэгч нарын материалыг бүрдүүлэн өгсөн гэх ... нь төлөөлөхгүй бөгөөд тухайн этгээд нь бие даан зээл олгох боломжгүй юм. Хавтаст хэргийн 141-р талд авагдсан ...ны салбарын зээлийн хорооны хурлын шийдвэрээс энэ нь тодорхой харагдана. Хэрэв банк дүр үзүүлэн хэлцэл хийж байгаа бол тус зээлийн хорооны гишүүд энэ талаар мэдэж байсан, зээлдэгчдэд зээл олгох хүсэл зориггүй, зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх олголгүй зөвхөн гадаад илрэлийг бий болгосон байх шаардлагатай байна. Гэтэл зээлийн хорооноос зээлдэгчдээс ирүүлсэн хүсэлт, материалыг үндэслэн зөвшөөрөл олгож, тэдний нэр дээрх дансанд зээлийн дүнг шилжүүлэн цааш захиран зарцуулах эрх олгосныг шүүхээс анхаарч дүгнээгүй тул шүүх Улсын дээд шүүхийн тайлбараас хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг зөрүүтэйгээр хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024.03.07-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00283 тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., гуравдагч этгээд ... нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

ХЯНАВАЛ:

7.Нэхэмжлэгч “...” ХХК нь хариуцагч ..., ... нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт нийт 66,874,751.59 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “...2018.06.27-ны өдөр хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч “...” ХХК нь 26,40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, газрын болон хийн хоолойн тээвэр зориулалтаар 60,000,000 төгрөгийн зээл олгох, зээлдэгч нар нь зээл, түүний хүүг хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцож, гарын үсэг зурсан. Зээлийг хариуцагч нарын дансанд шилжүүлсэн” гэж үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч ..., ... нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,  “...бид зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч уг мөнгийг аваагүй. “...” ХХК-д захирлаар ажиллаж байсан ... нь зээлийн материал бүрдүүлж, бидний нэр дээр зээл авсан. Зээлийн мөнгийг түүнд өгсөн. Энэ талаар банк мэдэж байгаа. Бид ямар ч шан харамж, мөнгө аваагүй. Мөн бид малчин хүмүүс учраас хийн хоолойн тээврийн талаар ямар ч ойлголтгүй, энэ талаар юу ч мэдэхгүй. Ямар ч тээврийн хэрэгсэл худалдаж авсан зүйлгүй. Барьцаанд тавьсан хөрөнгө хэнийх болох, хаана байгааг мэдэхгүй, зээл төлөхгүй, зээл төлөх чадвар байхгүй. Мөнгийг нь ... авсан. Бид хоёр аваагүй болохоор ...аас гаргуул” гэж маргажээ. 

Хариуцагч ..., ... нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба “...банк нь зээл олгох үндэслэлгүйг мэдсээр байж ..., ... нарт зээл олгосон мэтээр баримт бүрдүүлж тус банканд өмнө нь ажиллаж байсан гэх ...ад олгосон. Хариуцагч нар нь зээл авах хүсэл зорилгогүй байхад зээл олгосон мэт дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир зээлийн гэрээ, уг зээлтэй холбоотой барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...зээлийн болон барьцааны гэрээг байгуулахгүй, гарын үсэг зурахгүй байх эрх нь хариуцагч нарт байсан. Уг гэрээг банк зохих журмын дагуу судалгаагаа хийж олгосон. Зээлийн болон барьцааны гэрээг хуурч мэхэлж, хүч хэрэглэж байгуулаагүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргасан.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ... “...өөрийн өмчлөлийн орон сууцыг банкны зээлийн барьцаанд барьцаалах эрхийг ..., ... нарт олгосон. ...ад олгоогүй. Хүсэл зоригоос өөрөөр хийгдсэн итгэмжлэл учир 2018.06.11-ний өдөр ...ад олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэснийг хариуцагч ... зөвшөөрч, нэхэмжлэгч “...” ХХК нь итгэмжлэл хүчин төгөлдөр тул гуравдагч этгээдийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд ...ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас 60,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна.

8.1.Шүүх “...... нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу судалж, зээл олгосон болохоо нотолж чадаагүй, “... бид зээл авах хэрэгцээ шаардлага байгаагүй, эргэн төлөх орлогогүй, ... банкан дээр хүрээд ир гэхээр нь очиж гарын үсэг л зурсан, ... нь зээлийг эргэн төлж байсан” гэсэн хариуцагч нарын тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй, ...зээлдэгч ..., ... нар нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтаар уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй” гэж үзээд 2018.06.27-ны өдрийн зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул энэ хэлцлийн үндсэн дээр хийсэн 2018.06.27-ны өдрийн 221100151483 дугаартай барьцааны гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус хэлцэл, ... банк уг зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргах эрхгүй” гэж дүгнэсэн.

8.2.Хүчин төгөлдөр бус гэрээнд үндэслэн банк зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, нийт төлсөн мөнгөн дүн тодорхойгүй байх тул анх шилжүүлсэн хэмжээгээр 60,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч нараас гаргуулна гэжээ.

8.3.Нэхэмжлэгч ... нь 2018.06.27-ны өдрийн барьцааны гэрээгээр ...ийн өмчлөлийн... орон сууцыг дээрх хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний үндсэн дээр барьцаалсан тул барьцаанаас чөлөөлөх үндэслэлтэй, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцааж өгөх үүргийн дагуу шийдвэрлэнэ” гэж дүгнээд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.  

8.4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ...ийн 2018.06.11-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “... эрх зүйн бүрэн чадамжтай этгээд нь өөрийн үйлдлийн үр дагаврыг ухамсарлан ойлгох ёстой ба хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй,  ...... нь өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах эрхийг бусдад олгосон ба ... нь бусдаар зээл авхуулах тухай мэдсэн болох нь гэрч ..., ... нарын мэдүүлгээр нотлогдож байна.“ гэжээ.

9.Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд харин хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс ямар нэгэн гомдол гаргаагүй байна. 

10.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.

10.1.“...талууд гэрээг анхнаасаа байгуулаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, ... хариуцагч ..., ... нарт үндсэн зээл 60,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, эсхүл захиран зарцуулах эрх бодитоор олгогдоогүй тохиолдолд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлснийг тэрээр н....ын данс руу шилжүүлсэн нь хэлбэрийн хувьд зээлийн гэрээ байгуулагдсан байгаа ч “...” ХХК нь зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчиж, хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байна” гэжээ.

10.2.“...анхан шатны шүүх гэрээг дүр үзүүлэн хийсэн болох нь тогтоогдож байна  гэсэн атлаа хариуцагч нараас 60,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна” гэж үзээд улмаар “...хариуцагч нар гэрээнд гарын үсэг зурсан ч зээл авах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй бөгөөд ... зээл авах зорилгоор материалыг бүрдүүлж мөнгийг авч захиран зарцуулсан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцсон атлаа 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үүрэг хариуцагч ..., ... нарт үүсэхгүй тул анхан шатны шүүхийг хуулийн энэхүү заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзээд нийт 66,874,751.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг нэмж өөрчлөлт оруулна” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

10.3.“...... өөрийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих гэж байгааг мэдэж байсан болохыг гэрч ..., ... нар мэдүүлсэн, итгэмжлэлийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-д заасан ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан хэлцэл гэж үзэхгүй тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ...ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэл бүхий” гэж үзжээ.

10.4.“анхан шатны шүүх ... зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон...” гэсэн үндэслэлээр барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасны дагуу бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна. Харин барьцааны гэрээний 2.1 Б-д “зурагт, хөлдөөгч, мөнгөн аяга, бараа материал” гэж заасан байх ч баталсан журмын 11.5.2 дахь хэсгийн 4-т заасны дагуу барьцаалсан эсэх үйл баримт хэрэгт авагдаагүй. Мөн хариуцагч нарт нэр бүхий хөдлөх хөрөнгө байгаагүй гэсэн ба нэхэмжлэгч тал байгаа эсэх талаар нотлоогүй тул Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.” гэж заасны дагуу энэ хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцов” гэж дүгнэсэн байна.

11.Хяналтын шатны шүүхээс маргааны үйл баримтад тулгуурлан хууль хэрэглээний дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...ы гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

11.1.Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу зээлдэгч нарын үйлдлийг “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж тодорхойлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг өөр өөрөөр шийдвэрлэсэн, түүнчлэн хариуцагч нарт зээл олгосон үйлдлийг хуулиар тогтоосон журмаа зөрчиж олгосон гэж нэхэмжлэгчийг буруутгасан боловч мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн аль үндэслэлд хамаарч байгааг тодорхой дүгнээгүй, түүнчлэн барьцааны зарим зүйлийн талаар давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлт ойлгомжгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймээс хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.             

11.2.Хариуцагч нараас 60,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч ..., ... нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй, харин зөвхөн нэхэмжлэгч тал гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийн энэ хэсгийг хүчингүй болгосныг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай" Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023.04.14-ний өдрийн 17 дугаартай тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн “... гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ" гэсэн зохицуулалтыг ”... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд мэтгэлцэх болон нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах үндсэн зарчим иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг нь гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх хүрээгээр хязгаарлагдана.", "... Давж заалдах шатны шүүх хянан үзэх үүргээ бүхэлд нь хэрэгжүүлж анхан шатны шүүхийн алдааг залруулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзвэл гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх зарчимд захирагдана." гэсэн тайлбартай нийцсэнгүй.

12.Нэхэмжлэгч “...” ХХК, хариуцагч ..., ... нартай 2018.06.27-ны өдөр 221100151483 дугаартай зээлийн гэрээ, 221100151483 дугаартай барьцааны гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан, зээлдүүлэгч 60,000,000 төгрөгийг ...ын дансанд шилжүүлсэн, ... нь уг мөнгийг ....ад шилжүүлсэн,  бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ... нь 2018.06.11-ний өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг банкны зээлийн барьцаанд барьцаалахыг зөвшөөрсөн итгэмжлэл олгосон үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин хариуцагч нарт зээл авах хүсэл зориг байсан эсэх, зээлийн гэрээ хууль зүйн хувьд хүчин төгөлдөр эсэх,  итгэмжлэлийг хариуцагч нарт өгөөгүй гэсэн үндэслэлээр маргасан гэж үзэхээр байна.

13.Иргэний эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох хууль зүйн фактын хамгийн түгээмэл хэлбэр нь хэлцэл бөгөөд энэ нь хуульд нийцсэн байхыг шаардана. Хэлцэл хийх эсэх нь талуудын хүсэл зоригоос шалтгаалах хэдий ч хуульд заасан тохиолдолд хэлцлийг хүчин төгөлдөр бус байх, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцож болох нөхцөлийг Иргэний хуулиар тусгайлан зохицуулсан байдаг.

14.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй “...” ХХК, хариуцагч ..., ... нартай 2018.06.27-ны өдөр байгуулсан 221100151483 дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн” хэлцэл гэж татгалзлаа тайлбарлан, энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх ижил дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийг хангахдаа хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

Хариуцагч нар “...зээл авах хүсэл зориг, хэрэгцээ байгаагүй, зөвхөн гарын үсэг зурсан, зээлийг өөр этгээдэд шилжүүлсэн” гэсэн тайлбар нь тэдний хувьд “дүр үзүүлсэн” үйлдлийг илэрхийлсэн гэх боловч хариуцагч нар нь зээл авах хүсэлтийг нөгөө талдаа гаргасан, зээлийг өөрийн дансаар шилжүүлэн авсан, зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна. Зээл хүсэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал зээлдүүлэгч хүлээн авснаар Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэх бөгөөд хэргийн баримтаас үзэхэд хэлцлийн талуудыг “дүр үзүүлсэн” гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

Бичгээр хийх хэлцлийг хийгдсэн гэж үзэх суурь нөхцөл нь хэлцлийн талууд гарын үсэг зурах үйлдэл бөгөөд хариуцагч нар зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж, хүсэл зоригийн  илэрхийллээ хэлбэржүүлснээр талуудад хуульд заасан эрх, үүрэг үүсэх тул  “гарын үсэг зурсан” үйлдлийг дүр үзүүлсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай аливаа этгээд өөрийн үйлдлийн учир холбогдол, үр дагаврыг өөрөө биечлэн хариуцах үүрэгтэй бөгөөд хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул хариуцагч нар “өөртөө бус бусдад зээл авч өгөх зорилгоор зээлийн гэрээнд гарын үсэг зурсан”-аар гэрээний нөгөө тал болж, хууль зүйн хувьд эрх, үүрэг үүсэх тул хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангана.

15.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ...ийн гомдлыг хангахгүй. Тэрээр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын авах зээлийн барьцаанд тавихаар хүсэл зоригоо илэрхийлэхдээ Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ. Харин хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1 дэх хэсгийг хэрэглэж, өөрчлөлт оруулах нь талуудын тайлбар, хэргийн баримтад илүү нийцэхээр байна.

16.Хариуцагч ..., ... нар нь буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо нэхэхэд энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

17.Зохигчид шүүхэд  гаргасан шаардлагаа “...гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ...итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” гэж эрх зүйн хувьд алдаатай тодорхойлсон байхад шүүх энэ талаар тодруулан, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн болохыг тогтоолгох” гэж, харин гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг “хүчин төгөлдөр бус гэж тооцуулах” гэж залруулах шаардлагатай болохыг анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 218/МА2024/00002 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 139/ШШ2023/00397 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ..., ... нараас нийт 66,874,751 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “...” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ..., ... нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2018 оны 06 сарын 27-ны өдрийн №221100151483 тоот барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг ...ийн өмчлөлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын .. дугаар баг ..-р байр .. тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 48 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, ... арлын дугаартай BEIBEN зүтгүүр, ... арлын дугаартай JIDONG CHEHEGE ... чиргүүл, 32 инчийн зурагт, цагаан өнгөтэй, 1 хаалгатай хөлдөөгч, шинэ цагийн 8 ширхэг мөнгөн аяга зэрэг эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж, шийдвэрийн “2,3,4” дэх заалтыг “2 дахь” гэж нэгтгэн “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэлгүй тул 2018.06.27-ны өдөр байгуулсан 221100151483 дугаартай зээлийн гэрээ, 2018.06.27-ны өдөр байгуулсан 221100151483 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн болохыг тогтоолгох тухай хариуцагч ..., ... нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд ...ийн ...ад холбогдуулан гаргасан 2018.06.11-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 5 дахь заалтыг 3 дахь гэж, мөн заалтын “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,234 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, ...наас 70,200 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.” гэснийг “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,234 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..., ... нараас 492,234 төгрөгийг гаргуулан “...” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...ы гомдлыг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ...ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч ...ны хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 492,324 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ...ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА  

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА

                                                                                                             Н.БАТЧИМЭГ

                                                                                               Д.ЦОЛМОН