Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2023/00777

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 3 14 181/ШШ2023/00777

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..........................тоотод оршин суух, Н.Э /Регистрийн дугаар:........./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................ оршин суух, МК ГХОХХК /Регистрийн дугаар:/-д холбогдох,....................

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 156.981.266 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, гэрч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар танхимаар, гэрч Х.Ө цахимаар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Э нь МК ГХОХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 156.981.266 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Н.Э нь МК ГХОХХК-ийн Хөшөөтийн уурхайд агуулахын ахлах ажилтнаар ажиллаж байгаад тус компанийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилгүй болсон. Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөлөө гэмтээсэн. Тушаалд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, дур мэдэн удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр кемпээс гарсан, ажлын байраа дур мэдэн орхиж явж ажил тасалсан гэсэн гурван үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд эдгээр зөрчлүүдийг гараагүй учраас тушаал үндэслэлгүй гэж маргаж байгаа.

Хэрэгт авагдсан баримтад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Н.Э архи уугаад согтуу байсан баримт байдаггүй. Өөрөөр хэлбэл мөн өдөр архи уусан гэдгийг хариуцагч нотлоогүй. Хариуцагчаас баримтаар ирүүлсэн үлээлгэх сорилын бичлэг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийнх. Үүнийг хариуцагч өмнөх шүүх хуралдаануудад 12 дугаар сарын 31-ний өдрийнх гэж, эсхүл 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийнх гэж янз янзаар тайлбарладаг байсан. Тухайн үед Н.Эын амьдарч байсан гэрт очиж үзлэг хийгээгүй гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байсан нь хэргийн 2 дугаар хавтасны 55 дугаар хуудаст тэмдэглэгдсэн байгаа. Гэтэл тухайн үед миний өрөөнөөс бусад өрөөнүүдийг шалгаад гарч ирсэн архины шилний зургийг энэ хэргийн материалд өгсөн. Хамт архи уусан гэж мэдүүлсэн Х.Өмөрбек гэрчийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж харж байна. Түүнчлэн гэрч М.Энхмандах, Г.Нямсүрэн нарын хувьд үйл явдал болох үед хамт байгаагүй хүмүүс.

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу нэг өдрийн ажил тасалсан, дур мэдэн зөвшөөрөлгүй кемпийг орхиж явсан гэдэг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т зааснаар 01 дүгээр сарын 01-ний өдөр бүх нийтээр амрах баярын өдөр байсан тул бусад ажилтнуудыг амраахаар кемпээс гаргаж байсан. Н.Э ээлжийн ажилтан бус агуулахын ажилтан тул баярын өдөрт амрана гэж ойлгоод 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө бусад ажилчидтай хамт кемпээс гарч явсан.

Ажил олгогч бүх нийтийн амралтын өдөр зайлшгүй ажиллах ёстой гэвэл урьдчилж мэдэгдсэн байхаар Хөдөлмөрийн дотоод журамд заасан байна. Гэтэл энэ өдөр ажиллах ёстой талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй тул ажил тасалсан, дур мэдэн кемп орхисон гэдгийг зөвшөөрөхгүй.

Хэрэв нэг өдрийн ажил тасалсан, зөвшөөрөлгүй гарч явсан зөрчил гаргасан гэж үзвэл тус байгууллагын журамд зааснаар энэ нь ажлаас халах хэмжээний зөрчил биш байна.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд үндэслэл өөрөө тодорхой, гаргасан зөрчил тодорхой, яг ямар зөрчил дээр ямар арга хэмжээ ногдуулсан нь тодорхой байх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй байх тул тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тушаал гарснаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх 50 сар, нэг сарын дундаж цалин хөлс 3.139.625 төгрөгөөр тооцож нийт 156.981.266 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбар гаргасан. Үүнд:

Н.Э 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн албаны ажилтнуудтай нийлж, согтууруулах ундаа хэрэглэсэн. Архи уусан нь илрэхээр тухайн өдрийн орой кемпээ орхиод гараад явсан. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн орой 21:00 цагийн үед архиа гарахаар кемпдээ буцаж ирсэн байдаг.

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тушаалын үндэслэлд маргаж байгаагүй, харин надад шат дараалсан арга хэмжээ авсангүй, хамт архи уусан хүмүүст цалин хөлс бууруулах арга хэмжээ авсан хэрнээ намайг халсан, мөн хөлөө гэмтээсэн байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчсөн гэж дурдсан байдаг. Гэтэл өнөөдрийн хуралдаанд үндэслэлээ өөрчилж, зөрчил гаргаагүй гэж тайлбарлаж байна.

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг нотлох баримт гэрч н.Өмөрбекийн хүний нөөцийн албанд бичсэн мэйл, өөрийнх нь шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдоно. Үлээлгэх сорилоор Н.Э архи уугаагүй, тэг гарсан гэж тайлбарлаад байна. Энэ тэмдэглэл 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийнх, харин компани Н.Эыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой архи уусан гэж сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын зөрчил гаргасан өдөр хэмжилт хийсэн өдөр хооронд хоёр хоногийн зөрүү байгаа. Уул уурхайн компанийн ажилтнууд тэр дундаа Хөшөөтийн уурхайн ажилтнууд архи уусан нь илрэхээр ажлын байраа орхиод зугтаачихдаг. Дрейгер үлээхгүй байх зорилгоор гарч явдаг. Тэгээд 1, 2 хоногийн дараа архи гарахаар ирээд би архи уугаагүй, намайг үлээлгэсэн сорил хийсэн зүйл байхгүй гэж тайлбар хэлдэг.

Манай зүгээс МК ГХОХХК-ийн дотоод журам, кемпийн журмыг нотлох баримтаар өгсөн. Үүнд согтууруулах ундаа хэрэглэж болохгүй, хэрэглэвэл хална гэж хатуу хориглож заасан байгаа. Мөн кемпийн ажилчид заавал кемпэд хонож ажиллана, зөвшөөрөлгүй гарахгүй, кемпээс орох гарах хөдөлгөөн бүрт албан ёсны зөвшөөрөл авагдана гэж журамд заасан. МК ГХОХХК-ийн мөрдүүлж байгаа дотоод журам, Кемпийн журам, эрх зүйн актыг ажилтан мөрдөх үүрэгтэй. Энэ бүх нөхцөл байдлыг Н.Э ойлгож мэдэж байгаа. Хөшөөтийн уурхай хамгийн ойрхон сум суурин 35 км зайд байдаг тул зөвшөөрөлгүй кемпээс гарч болохгүй дүрэм, журмыг хатуу мөрдүүлдэг. Н.Э урьд архи дарс уусан асуудлыг мөн гаргаж байсан байдаг.

Н.Эын ажлын цагийн бүртгэлд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тасалсан гэж бүртгэгдсэн байгаагаар тухайн өдөр ажил тасалсан нь нотлогдоно. Мөн өдрийн хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа дахь ажилтнуудын цагийн бүртгэлд Н.Эын нэр байхгүйгээр тогтоогдоно.

Тушаалд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах агуулгатай байгаа. Тушаалд нэг зөрчил байна уу эсвэл хэд хэдэн зөрчил байна уу гэдгийг харах ёстой. Магадгүй кемпээс зөвшөөрөлгүй гарсан гэдэг нэг зөрчил байвал энэ хүнийг асуудлыг авч үзэж болно. Гэтэл энэ хүн нэг зөрчил гаргаагүй. Нэгд кемпээс гарсан. Хоёрт маргааш нь ажлаа тасалсан. Гуравт хатуу дэг журамтай кемп дээрээ архи уусан. Энэ зөрчлүүдээс гадна ажил олгогч энэ хүнд ямар сахилгын шийтгэл ноогдуулахыг шийдэхдээ бусад нөхцөл байдлуудыг харгалзаж үзсэн. Өөрөө бусад ажилтнуудад үлгэр дуурайлал үзүүлэх ёстой хүн байтал загнаж байгаад архи уулгадаг байж болохгүй. Ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулахдаа шат дарааллуулж хэрэглэх ёстой гэж хуулиар хязгаарлаагүй.

Н.Эын хөдөлмөрийн гэрээг хэрэгт баримтаар гаргаж өгсөн. Уг гэрээнд цалин хөлсийг цагаар тооцно гэж заасан. Хөшөөтийн уурхайд 28 хоног тасралтгүй ажилладаг. Энэ хооронд амралтын өдөр, баярын өдөр ч таардаг. Ростероор ажиллах үед Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажиллах цагийн зохицуулалт болоод амралт, баярын өдрүүдийн зохицуулалт эвдэгддэг. Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэж байгаа цалин хөлс бол бүх нэмэгдлүүд орсон цалин хөлс юм. Хэрэв цалин хөлсний хэмжээг тооцох юм бол маргаантай байгааг анхаарна уу гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Шүүхэд төлөөлөх итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 тоот захирлын тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 1170311 дугаартай эмнэлгийн хуудас хуулбараар, тус шүүхийн 2019 оны 181/ШЗ2019/02347 дугаар шүүгчийн захирамж, цалингийн тооцоолол, ажилд гарах график, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 153/ШШ2019/00183 дугаар шийдвэр, 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ээлжээр ажиллах хуваарь болон цалингийн задаргаа, МК ГХОХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 132/18 тоот, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 045/19 тоот тодорхойлолтууд, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн үлээлгэх сорил хийсэн тэмдэглэл, 2019 оны 01 дүгээр сарын 01, 02-ны өдрийн тайлбар өгөх маягт хуулбараар, Д.Отгонбаатарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, өөрийн ажиллах хуваарь болон цалингийн тооцоолол хийсэн баримт, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, фото зураг, 1 ширхэг зурагтай СД зэргийг ирүүлжээ.

/1хх 2-22, 52, 54, 128-139, 196-198, 248-249, 2хх 37-42, 66, 130-132 /

Хариуцагчаас нотлох баримтаар: Шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн тайлбар өгөх маягт, 2018 оны 12 дугаар сарын 25-нд, 2019 оны 01 дүгээр сарын 28-нд, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн и-мэйл, түүний хавсралтууд, МК ГХОХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, түүний хавсралтаар сахилгын дүрэм, Кемпийн дотоод журам, итгэмжлэл, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ажлын өдөр тутмын зааварчилгааны бүртгэл, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тайлбар өгөх маягт, тус компанийн захирлын 2019 оны 044/19, 046/19, 045/19 тоот тушаалууд, МК ГХОХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 069/21 тоот тодорхойлолт, ажлын өдөр тутмын зааварчилгаа хуулбараар, хөшөөтийн уурхайн ажилтнуудын ажлын цагийн тооцоо, тус компанийн 2020 оны 063/20 тоот тушаал хуулбараар, хүний нөөцийн менежер Г.Нямсүрэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолт, мэйлийн хуулбар, ослын дараах эмнэлгийн дүгнэлт, 2019 оны 01 дүгээр сарын 01, 02-ны өдрийн тайлбар өгөх маягт, ахлах хуульч М.Энхмандахын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолт, мэйлийн хуулбар, Бамбай секьюрити сервис ХХК-ийн хөшөөт уурхай дах салбарын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тайлбар, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А.Эрдэнэдалайгаас тодруулга авсан тэмдэглэл, Б.Дүгэрсүрэн, Д.Отгонбаяр, Б.Батмөнх нарын тайлбар, 2 ширхэг цагаан өнгийн СД зэргийг ирүүлжээ.

/1хх 24-30, 45-46, 140-151, 199-229, 2хх 43-52, 151-152, 171-191/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 2019 оны 181/ШЗ2019/03630 тоот захирамжийн дагуу хариуцагч талаас ирүүлсэн эмнэлгийн хуудаснууд, цалингийн дэлгэрэнгүй, 2020 оны 181/ШЗ2020/12393 тоот захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01/347 тоот хариу, үлээлгэх батлах сорил хийсэн тэмдэглэл, 2021 оны 181/ШЗ2021/05453 тоот захирамжийн дагуу ирүүлсэн гэрч Д.Отгонбаатарын мэдүүлэг, 2022 оны 181/ШЗ2022/16091 тоот захирамжийн дагуу хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хариуцагчаас ирүүлсэн зөрчлийн судалгаа, сахилгын шийтгэлийн маягт, 2023 оны 181/ШЗ2023/03746 тоот захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн ажлын цагийн тооцоо зэргийг,

Хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн 2020 оны 181/ШЗ2020/14442 тоот захирамжийн дагуу ирүүлсэн гэрч Х.Өмөрбекийн мэдүүлэг, 2020 оны 181/ШЗ2020/13212 тоот захирамжийн дагуу хийсэн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2023 оны 181/ШЗ2023/02411 тоот захирамжийн дагуу гэрч М.Энхмандахын мэдүүлэг, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргийг,

шүүхийн журмаар: тус шүүхийн 2021 оны 181/ШЗ2021/03576 тоот захирамжийн дагуу хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргийг тус тус бүрдүүлжээ.

/1хх 42-44, 47-48, 53, 120-121, 170-174, 185-193, 2хх 18-22, 34-35, 160-166, 168-170, 200-224, 233-238/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Н.Э нь МОНЭКО ГХОХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 156.981.266 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгч үндэслэлээ: архи уух, ажил таслах, дур мэдэн кемпийг орхиж явах зөрчлүүдийг гаргаагүй, нийтээр амрах баярын өдөр тул дур мэдэн кемпийг орхиж ажил тасалсан гэж үзэхгүй, архи уусан зөрчлийг ажил олгогч баримтаар бүрэн тогтоогоогүй, гэрч Х.Өмөрбек ашиг сонирхлын зөрчилтэй тул мэдүүлгийг үнэлэх үндэсгүй гэж тайлбарласан.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: ажилтан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой архи уусан, дур мэдэн кемпийг орхиж, нэг өдрийн ажил тасалсан зөрчил гаргасан, зөрчлийг баримтаар тогтоосон, уурхайд ростероор ажиллах үед бүх нийтийн амралтын өдөр хамаарахгүй, тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарласан.

 4.Хэрэг авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

4.1.МК ГХОХХК-ийн захирлын 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 153/12 тоот тушаалаар нэхэмжлэгч Н.Эыг уурхайн агуулахын ахлах ажилтнаар томилж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулснаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр дэх бичиглэлээр тогтоогдсон. /1хх 5-7, 12-14/

4.2.МК ГХОХХК-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.5.9.7, 2.5.9.9, 7.5, Сахилгын дүрмийн 1.1, 5.1, 8, 12, Компанийн дүрмийн 8.5, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.2, 6.2.5, 6.3.1, 6.3.2, 6.3.7, 6.3.11, 8.2.6, 8.2.12, 8.2.13 дахь заалтуудыг тус тус үндэслэн Хөшөөтийн уурхайд Агуулахын ахлах ажилтан Н.Э нь 2018 оны 12 дугаар сарын 31-нд согтууруулах ундаа хэрэглэж, дур мэдэн удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр кемпээс гарч явсан, түүнчлэн ажлын байраа дур мэдэн орхин явж ажил тасалсан үндэслэлээр түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

5.Тушаалд баримталсан компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.5.9-д ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн зааснаас 2.5.9.7-д захирлын тушаалаар баталсан бусад журмуудыг санаатайгаар зөрчиж байгууллагад ноцтой хохирол учруулсан, сахилгын зөрчлийг давтан гаргасан бол, 2.5.9.9-д ноцтой зөрчил гэж тооцогдох хэмжээний бусад үйлдэл, эс үйлдэл гэж, 7.5-д хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, дүрэм, заавар болон хөдөлмөрийн харилцаанд ажилтны хүлээх үүргйг тодорхойлсон эрх зүйн бусад акт, сахилгын дүрэмд заасан зөрчлийг гаргасан тохиолдолд сахилгын зөрчил гаргасан гэж үзнэ гэж зааж сахилгын шийтгэл, хэлбэрийг тусгажээ.

Хөдөлмөрийн дотоод журмын хавсралтаар баталсан Сахилгын дүрэм /сахилгын шийтгэлийн матриц/-д 1.1-д Бусдын биед халдах, танхайрах, өдөөн хатгах, айлган сүрдүүлэх, заналхийлэх, бүдүүлэг авирлах, доромжлох, эдгээртэй адилтгах бусад үйлдэл гаргавал ноцтойд тооцож эхний удаад бичгээр сануулах эсхүл цалинг бууруулахаар, хоёр дахь удаад гаргавал халахаар, харин зөрчлийн шинж байдал маш ноцтой бол шууд халах шийтгэл ногдуулах-аар, дүрмийн 5.1-д ажлын цаг баримтлахгүй байх, ажлын байраа удаан хугацаагаар дур мэдэн орхиж явах тохиолдолд зөрчлийг бага хэмжээний бол эхний удаад амаар сануулах, хоёрдах удаад бичгээр сануулах, гуравдах удаад цалинг бууруулахаар, харин 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил таслах, ажлын цагийг баримтлаагүйгээс удаа дараа сахилгын арга хэмжээ авагдсан боловч засрал аваагүй бол зөрчлийг маш ноцтойд тооцож халах шийтгэл ногдуулах-аар, дүрмийн 8-д ажлын цагаар эсвэл ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, өмнөх үйлдлээс улбаалан ээлжинд гарахын өмнөх шинжилгээ өгөхөөс татгалзах тохиолдолд зөрчлийг маш ноцтойд тооцож халах шийтгэл ногдуулах-аар, дүрмийн 12-т энэ матрикст тухайлан дурдаагүй ч ажилтан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, бусад дагаж мөрдөх журмыг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээхээр бол зөрчлийн шинж байдлыг бага хэмжээний, ноцтой, маш ноцтой зөрчлийн аль алинд тооцохоор, амаар болон бичгээр сануулах, цалинг бууруулах, халах шийтгэлийг ногдуулах-аар заажээ.

Талуудын хоорондох хөдөлмөрийн гэрээний 6-д ажилтны эрх, үүргийг зохицуулснаас 6.2.2-т шударга хөдөлмөрлөж, ажил олгогчоос тогтоосон журмыг мөрдөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажлын цагийг бүрэн ашиглах-аар, 6.2.5-д ажлын байрыг эмх цэгцтэй, цэвэр байлгаж, хамт олны дотор биеэ зөв авч явах эелдэг найрсаг хамт олонч уур амьсгалыг бий болгоход анхаарч ажиллах-аар, 6.3.1-д ажлын байрыг дур мэдэн солих, орхиж явах, ..дотоод журамд заасан ёс зүйн болон сахилгын хэм хэмжээг зөрчихийг хориглоно гэж, 6.3.2-д ажлын байранд согтууруулах ундааны зүйл авчрха, согтууруулах ундааны зүйл ууж ажилдаа ирэх болон ажлын цагаар буюу ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно гэж, 6.3.7-д шууд удирдах албан тушаалтны гаргасан зөвлөмж, удирдамж, зааварчилгааг үл ойшоох, маргах, биелүүлэхгүй байхыг хориглоно гэж, 6.3.11-д захиргааны урьдчилан мэдэгдэлгүйгээр ажилдаа ирэхгүй байх, ажлын цагаас хоцрох, эрх тарахыг хориглоно гэж заажээ. Мөн гэрээний 8.2-т гэрээг цуцлах ноцтой 14 төрлийн зөрчлийг нэрлэн зааснаас 8.2.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан, ажилд ирээгүй талаараа хуурамч баримт бүрдүүлсэн ... бол, 8.2.12-т ажил олгогч, түүний эрх бүхий ажилтны шийдвэр, зааврыг биелүүлэхээс татгалзсан, тэдний үйл ажиллагаанд саад учруулсан.... бол, 8.2.13-т энэ гэрээний 6.2-т заасан үүргээ удаа дараа үл биелүүлсэн эсхүл 6.3-т заасан хориглосон үйлдэл гаргасан бол гэрээг шууд цуцлахаар тусгажээ.

6.Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөө нэхэмжлэгч ажилласанд маргаагүй болно. Харин тухайн өдрийн орой кемпэд архи уусан, улмаар кемпээс дур мэдэн зөвшөөрөлгүй гарч явсан, нэг өдрийн буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ажил тасалсан эсэхэд тус тус маргаж байна.

6.1.Тус байгууллагын Кемпийн дүрмийн 3.6-д оршин суугчдыг нэвтрүүлэх ажиллагааг кемпийн захиргаа хэрэгжүүлнэ. Нэвтрүүлэхдээ тухайн этгээдийн ажил олгогч компани, иргэний үнэмлэх, паспорт, ирсэн болон буцах өдрийг бүртгэнэ гэж, 4.2-т кемпэд ирж , тэндээс явж буй аливаа оршин суугч... заавал бүртгүүлж, хасалтаа хийлгэнэ гэж заажээ. /1хх 218-224/

Нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд гаднаас кемпэд унаагаар ирсэн болох нь хэрэгт авагдсан түүний захиргаанд гаргасан мөн өдрийн тайлбар өгөх маягтаар тогтоогдсон, энэ үйл баримтад нэхэмжлэгч хуралдааны явцад маргаагүй. Мөн хэрэгт баримтаар кемпээс гарах зөвшөөрөл олгосон талаарх баримтгүй тул шүүх энэ зөрчлийг нэхэмжлэгч гаргасан, тухайн зөрчил тогтоогдсон гэж үзнэ. /1хх 140/

Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ажлын цагийн бүртгэлээр А буюу ажил тасалсан гэж бүртгэгдсэн, тухайн өдөр ажиллаагүй үйл баримтад нэхэмжлэгч мөн маргаагүй. Иймд нэг өдрийн ажил буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ажлыг тасалсан зөрчил гаргасан, энэ зөрчил мөн тогтоогдсон гэж үзнэ. /2хх 235 /

Нэхэмжлэгчээс тухайн өдөр нийтээр амрах баярын өдөр тул хууль болон Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар амрах ёстой, ажиллуулах талаар ажил олгогчоос урьдчилан мэдэгдээгүй тул зөрчил гаргасан гэж үзэхгүй хэмээн тайлбарласан.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нийтээр амрах баярын өдөр мөн боловч ажлын онцлогоос шалтгаалж Хөшөөтийн уурхайд ажиллахдаа кемп буюу тусгай байранд байрлаж ажилладаг, ийнхүү уурхайд ажиллахаар очсон тохиолдолд нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн амралтын өдрүүдэд ажилладаг үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Түүнчлэн тус байгууллагын дотоод журмын 6.4.3-т ажилтан ажилдаа ирэхгүй тохиолдолд ажил эхэлснээс хойш 1 цагийн дотор шууд удирдлагадаа мэдэгдэж, ажилтны чөлөө хүсэх тухай маягтыг бөглөж өөрийн шууд удирдлагаараа батлуулж хүний нөөцийн албанд хүргүүлэх-ээр заасан тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Кемпийн дотоод журмын 13.1-д кемпийн журмыг зөрчсөн тохиолдолд дотоод журамд заасан хариуцлага тооцох-оор тусгагдсан. Сахилгын дүрмийн 7.1-д ...дүрэм журмыг дагаж мөрдөхгүй байх зөрчил гаргасан тохиолдолд зөрчлийн шинж чанараас хамаарч ноцтой бол эхний удаа бичгээр сануулах эсхүл цалин бууруулахаар, давтан бол халахаар, бага хэмжээний бол эхний удаад амаар буюу бичгээр сануулах, давтан бол цалинг бууруулах, гуравдах удаад халах шийтгэл ногдуулахаар, дүрмийн 12.1-д энэ матрикст тухайлан дурдаагүй ч ... бусад дагаж мөрдөх журмыг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээхээр бол зөрчлийн шинж байдлыг бага хэмжээний бол эхний удаад амаар болон бичгээр сануулах, хоёрдах удаад цалинг бууруулах, гуравдах удаад халах шийтгэл ногдуулахаар, зөрчлийг ноцтой гэж үзвэл эхний удаад цалинг бууруулах, хоёрдах удаад халах шийтгэлийг ногдуулахаар, харин маш ноцтой гэж үзвэл халах шийтгэл ногдуулахаар тус тус заажээ.

Түүнчлэн нэг өдрийн ажил тасалсан зөрчил тус байгууллагын баталсан сахилгын дүрмийн 5.1, 5.2-д зааснаар 3 өдөр буюу түүнээс дээш бол маш ноцтойд тооцож халах шийтгэл ногдуулахаар тусгагджээ. Иймд дээрх хоёр зөрчлийн тухайд захиргаа ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах хэмжээний зөрчилд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахад ажилтны гэм буруу, гаргасан зөрчил, түүний шинж чанар, үр дагаварт тохирсон байхыг шаардана.

6.2.Талуудын хоорондох Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмаар ажилтан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор заасан. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан байх боловч хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгчөөс ноцтой эсхүл давтан зөрчилд тооцоогүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулсан гэж тайлбарлав.

Нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг ажил олгогч баримтаар бүрэн дүүрэн тогтоогоогүй гэж үзэв.

Тодруулбал, хариуцагч талаас баримтаар ирүүлсэн СД бичлэг, нэхэмжлэгч талаас баримтаар ирүүлсэн СД бичлэг бүгд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн үйл явдлыг харуулсан бичлэг гэдэгт талууд маргаагүй. Мөн шүүхийн журмаар хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр танадагч багажаар үлээлгэх үед нэхэмжлэгчийн баруун хөл боолттой болох нь тогтоогдсон, хэргийн баримтаар нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хөл гэмтсэн үндэслэлээр эмнэлгийн магадлагаатай байснаар хоёр өдрийн дараах үйл явдлыг харуулсан бичлэг болох нь тогтоогдсон тул 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой нэхэмжлэгчийн архи уусан байдлыг тухайн бичлэгээр нотлох боломжгүй.

Түүнчлэн гэрч Х.Өмөрбек нэхэмжлэгчтэй хамт тухайн өдөр архи уусан гэж мэдүүлсэн, гэрч Д.Отгонбаатар архи уух боломжгүй, би мэдэхгүй гэж мэдүүлсэн, гэрч Г.Нямсүрэн, М.Энхмандах нарын тухайд үйл явдал болох үед уурхайд хамт байгаагүй болох нь тэдгээрийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон тул дээрх гэрчүүдийн мэдүүлгийг шүүх үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй. Гэрч Х.Өмөрбекийн мэдүүлгийг дэмжих бичгийн баримт хэрэгт авагдаагүй болно.

Хэрэгт авагдсан, шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн архины шилний тухайд нэхэмжлэгч өөрийн амьдарч байсан гэрээс гараагүй, өөр гэрийнх гэж тайлбарласныг хариуцагч хуралдааны явцад үгүйсгээгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл бөгөөд мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т зааснаар гомдол гаргагч гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч гомдлыг зөвшөөрч байгаа эсэх, хэрэв зөвшөөрөхгүй байвал татгалзал, түүний хууль зүйн үндэслэлийг нотлох замаар мэтгэлцэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн маргааны хувьд ажил олгогч ажилтны гаргасан зөрчил бүрийг шалгаж тогтоох, нотлох үүргийг хүлээнэ.

Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг захиргаа бүрэн дүүрэн тогтоогоогүй гэж үзэн, улмаар тус байгууллагын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 тоот тушаал үндэслэл бүхий болж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

7.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заасан.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох ... нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан тул хэрэгт баримтаар авагдсан Н.Эын нийгмийн даатгалын дэвтрийн бичиглэлд дурдсан сүүлийн гурван сар болох 2018 оны 10, 11, 12 дугаар сарын дундажаас тооцож нэг сарын дундаж цалин хөлс 2.374.469 /4.175.690 + 1028930 + 1.918.789 = 7.123.409 : 3/ төгрөг, нэг өдөрт 110.440 төгрөг /2.374.469 : 21,5/, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 02 дугаар сарын 01-ний  өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан 49 сар 9 ажлын хоногт ногдох 117.342.941 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийвэрлэв.

/2.374.469 төгрөг * 49 сар = 116.348.981 төгрөг + 9 хоногт * 110.440 төгрөг/

Хариуцагчаас шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн цалин хөлсийг цагаар тооцдог, 2005 оны дундаж цалин хөлс тодорхойлох журам хүчингүй болсон, шинэ журмаар өөр байдлаар тооцдог болсон гэж тайлбарласан ч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий тушаал 2021 онд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 тоот тушаал батлагдаж хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөс өмнөх цаг хугацаанд хамаарах тул шүүх 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль, 2005 оны журмыг баримталж шийдвэрлэх нь зүйтэй.

8.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

9.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Н.Эыг МК ГХОХХК-ийн хөшөөтийн уурхайд агуулахын ахлах ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 117.342.941 /нэг зуун арван долоон сая гурван зуун дөчин хоёр мянга есөн зуун дөчин нэгэн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39.638.325 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг МК ГХОХХК-д даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 744.665 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ