Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2022/02596

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2022/02596

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....................тоотод байрлах, Хмт ХХК /Регистрийн дугаар: ./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:.............. байрлах, ГХЯ ТБАГУТҮГ /Регистрийн дугаар: 9087273/-д холбогдох

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлсний үлдэгдэл болон нэмэлт ажлын хөлс 1.094.818.406 төгрөг, ажлын хөлсийг хугацаанд өгөөгүйн торгуульд 375.508.829 төгрөг, учирсан хохиролд 172.131.385 төгрөг, нийт 1.642.458.620 төгрөг гаргуулах, нэр бүхий хөдлөх хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай

Сөрөг шаардлага:ажлын хөлсөнд илүү төлсөн 463.378.317 төгрөг, алданги 231.186.160 төгрөг, дутуу орхисон ажлыг бусдаар гүйцэтгүүлснээс гарсан зардал 146.259.382 төгрөг, барилга баригдах хугацаанд хэрэглэгдсэн цахилгааны төлбөрт 31.665.009 төгрөг, нийт 872.488.868 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ср, А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ХМТЭ ХХК нь ГХЯ ТБАГУТҮГ-т /цаашид: яам гэх/ холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, хохиролд нийт 1.642.458.620 төгрөг гаргуулах, нэр бүхий хөдлөх хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Нэг.Нэхэмжлэгч ХМТЭ ХХК болон яамны хооронд 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ГХЯны Ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын талбай чөлөөлөх, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээг байгуулсан. Гэрээгээр Яамны Ёслол хүндэтгэлийн өргөө-ний 9 давхар хүзүүвчтэй барилга угсралтын ажлыг нийт 4.353.678.125 төгрөгөөр 2013 оны 8 дугаар сарын 01-ны өдөр эхэлж, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон. Анх тендерт оролцохоор бичиг баримт бүрдүүлэх явцад А, Б, В гэсэн 3 блоктой 3 зураг төслөөс Б блокийн 9 давхарыг бариулахаар сонгон шалгаруулалт зарлаж гэрээ байгуулж байсан. Гэрээт ажил гүйцэтгэх хугацаа гүйцэтгэгч ХМТЭ ХХК-иас шалтгаалахгүйгээр дараах хугацаагаар хойшилсон. Тодруулбал, захиалагч Яамны хүсэлтээр анхны зураг төсвийг өөрчилсөн бөгөөд өөрчлөлтийн зураг гаргаж өгөх хүсэлт гаргасны дараа 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүзүүвчийн, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр цайны газрын өөрчлөлтийн зургийг тус тус хариуцагч хүлээлгэн өгснөөс хойш хүзүүвчийн, цайны газрын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. А блокийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд 6 давхар хүртэлх зурагт дүүргэлт, гадна фасадын зураг тодорхойгүй, халаалт, халуун, хүйтэн усны түгээх ерөнхий шугам, дулааны узель зангилаа Б блокоос А блокт шилжүүлсэн зургийн нэмэлт өөрчлөлт гараагүй, халаалт, халуун, хүйтэн ус, бохир, дээврийн усны хаялага, галын усны шугам, салхивч, агаар сэлгэлтийн шугам, цахилгаан, холбоо дохиолол, галын дохиоллын зураг тодорхойгүй байснаас 20 хоног, захиалагч Гэрээний ерөнхий нөхцөлийн 21.1, 21.2-т заасан үүргээ гүйцэтгээгүй, барилгын талбайд орсон цахилгаан дамжуулах кабелын шугамыг зайлуулах, дахин зураг гаргуулах ажлыг гүйцэтгэхэд 21 хоног, 2014 оны 8 дугаар сарын 01-24-ний өдрийн хооронд инженерийн сүлжээнд шинэчлэлд хийх болсонтой холбоотой ажил гүйцэтгэх боломжгүй болсон 23 хоног, автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил гүйцэтгэхтэй холбоотой Яамнаас нэгдүгээр эмнэлэг хүртэлх замыг зам хааснаас 66 хоногоор хугацаа хойшилсон.

Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж, 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно гэж заасны дагуу гүйцэтгэгчээс шалтгаалахгүйгээр гуравдагч этгээд болон захиалагчаас шалтгаалах нөхцөл байдлын улмаас ажил гүйцэтгэх хугацаа хойшилсон. Гүйцэтгэгч ХМТЭ ХХК-иас дээрх нөхцөл байдлуудын талаар удаа дараа албан бичгээр мэдэгдэж байсан нь хэрэгт авсан баримтуудаар нотлогддог. Улмаар 9 давхрын барилга угсралтын ажил дуусах шатанд орсон байх үед захиалагч Яамнаас 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ...9 давхрыг нэмэгдүүлж, анхны зургаар 12 давхар болгох, гадна фасадыг шилэн материалаар хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдүүлэх чиглэлээр бид ажиллаж байна. Иймд тус барилгыг 12 давхар болгох ажлыг танай байгууллага гүйцэтгэх боломж, холбогдох төсөвт зардлын талаар саналаа даруй ирүүлэхийг хүсье гэсний дагуу барилгын ажилд өөрчлөлт орж, ажил гүйцэтгэх хугацаа хойшилсон. Ажлын явцад А блок барилгын Шийт ХХК-ийн хийсэн зургаас 2,5 метр урагшаа сунгаад шалны түвшинг дээшээ 1 метр дээшлүүлэхээр харилцан тохиролцож ажлыг цааш үргэлжлүүлсэн. Гэхдээ үүнээс үүдэж нэмэлт зардлууд гарч эхэлсэн. Мөн 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр цайны газрын зураг, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний хүзүүвчний сунгалтын зурагт тус тус өөрчлөлт орсон. 

Хоёр. ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1.094.818.406 /301.200.000+ 341.948.593 + 1.254.851 + 77.792.648 + 22.816.314 +349.606.000/ төгрөгийг дараах үндэслэлээр шаардаж байна.

2.1.Барилгын ажлын явцад Талууд 2015 онд болон 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Барилга угсралтын ажлын санхүүжилтийн тайланг үйлдэж, санхүүжилтийн тооцоо нийлсэн. 2015 онд нийлсэн тооцоогоор эцсийн байдлаар гүйцэтгэгчид олгох санхүүжилтийг 612.734.016 төгрөг болохыг 2016 оны Ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын санхүүжилтэд 601.200.000 төгрөг төсөвт суусан болохыг дурдсан. 2016 оны төсөвт суусан санхүүжилтээс 300.000.000 төгрөгийг олгосон бөгөөд үлдэгдэл 301.200.000 төгрөгийг олгоогүй. Тодруулбал, 2013-2016 оны хөрөнгө оруулалтын батлагдсан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гүйцэтгэл хийгдсэн өмнөх төсөвт тусгагдсан үлдэгдэл 301.200.000 төгрөгийн ажлын зардлыг талууд баталгаажуулж өгч санхүүжилтийн эрх нээлгэж Сангийн яамнаас хариуцагчийн дансанд шилжүүлсэн боловч хариуцагч байгууллага нэхэмжлэгчид шилжүүлээгүй байгаа нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байна. Нэхэмжлэгч санхүүжилтээ авч чадахгүй хэмжээнд хүрсэн талаар удаа дараа мэдэгдсэн боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй. 301.200.000 төгрөг нь 2013-2014 онд гүйцэтгэсэн ажил болоод 2015 онд нэмэлтээр хийгдсэн ажлын төлбөр. Дээвэр засвар, дотор гэрэлтүүлэг зэрэг ажлын үлдэгдэл хөлс байсан. Үүнийг урьд баталгаажуулсан хэрнээ өгөөгүй байсан тул дахин 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлснээр Сангийн яамнаас гүйлгээ хийгдсэн. Гэвч яам өгөөгүй тул гаргуулна.

2.2.Тус Яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 13/4523 албан тоот хүсэлтийн дагуу Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтэд нийт ажлын гүйцэтгэл 4.119.794.613 төгрөг болохыг тогтоосон. Ажлын хэсгийн дүгнэлтэд зааснаар нэмэлтээр төсөвт тусгагдаагүй 341.948.593 төгрөгийн ажил гүйцэтгэснийг дурдсан. Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтийг үндэслэн талууд харилцан тохиролцож, гүйцэтгэлийн ажлын өртөг, гүйцэтгэсэн барилга угсралтын ажилтай дүйцэж байсан учраас нэмэлт ажлуудыг харилцан тохиролцож ажлыг цааш үргэлжлүүлэхээр болсон. Барилгын хөгжлийн төв нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжид захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн өмчит үйлдвэрийн газар бөгөөд дээрх Барилгын хөгжлийн төвийн Ажлын хэсгийн дүгнэлтийг хариуцагч Яамны хүсэлтээр гаргасан, хариуцагч дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, тайлбарынхаа үндэслэл болгодог хэрэгт авагдсан баримтуудаас мөн харагддаг. Иймд нэмэлт ажлын энэ хөлсийг гаргуулна.

2.3.Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 21 дүгээр зүйлд захиалагч барилга барих өргөтгөл газрын болон барилгын гаднах бүх төрлийн инженер, шугам сүлжээ авто болон төмөр замын ажил, цахилгаан дулаан, цэвэр бохир усаар хангах, радио холбооны инженер шугам сүлжээнд холбогдох эх үүсвэрийг тодорхойлсон барилгын ажил эрхлэх зөвшөөрөл баримт бичгийг хүлээлгэн ажлын талбайн бүх хэсгийг гүйцэтгэгч компанид ашиглуулна гэсэн. Захиалагч ажлаа гүйцэтгээгүй буюу барилгын талбайд орсон инженерийн шугам сүлжээг зөөж, шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй. Үүний улмаас Цахилгаан түгээх сүлжээ ХК-аас 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр дүгнэлт гаргаад гадны байгууллага буюу аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас шугам сүлжээ гэмтсэн гэж үзсэн. Үүний дагуу 1.254.851 төгрөгийг ХМТЭ ХХК гэрээт ажил гүйцэтгэж байх хугацаанд яамны өмнөөс төлсөн тул шаардаж байгаа.

2.4.2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр халаалт, салхивч, цахилгааны байршил өөрчилсөн зургийг хүлээлгэн өгсний дагуу өрөө, тасалгааны зохион байгуулалт нэмэгдэж өөрчлөгдөх шаардлага үүсч нэмэлтээр хана, хамрын ажил хийсэн. Энэ ажлын хөлс 77.792.648 төгрөг болсон. Энэхүү ажил өмнөх төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлын зардал болно.

2.5.Үүний дараа 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр барилгыг 10 давхар болгон өөрчилсөн барилгын зургийг хүлээлгэн өгсөн. Тус зургийн дагуу барилгыг 00 түвшингээс 1 метр дээш байрлуулснаас төв хаалганы довжооны хэмжээ нэмэгдэж, өөрчлөлтийн ажил хийгдсэн. Тус өөрчлөлтөөр хийгдсэн өмнөх төсөвт тусгагдаагүй ажлын зардал 22.816.314 төгрөг болно.

2.6.2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ерөнхий гүйцэтгэгч ХМТЭ ХХК нь БНХАУ-ын Вэй Хай Юүн Фэн Цахилгаан шатны үйлдвэр ХХК-тай Цахилгаан шат /лифт/-ны борлуулалт, угсралтын гэрээ-г байгуулсан болно. Гэрээний дагуу 2 ширхэг цахилгаан шатыг 9 давхар, 9 зогсох, 9 хаалгатайгаар, 1 ширхэг цахилгаан шатыг 6 давхар, 3 зогсох, 3 хаалгатайгаар захиалга хийж худалдан авч барилгын талбайд буулгасан боловч хариуцагчийн хүсэлтээр 10 давхар, 10 зогсох, 10 хаалгатай байхаар төлөвлөлт нь өөрчлөгдсөн тул 2 ширхэг цахилгаан шатны 9 давхар, 9 зогсох, 9 хаалгатай, 1 ширхэг цахилгаан шатыг 6 давхар, 3 зогсох, 3 хаалгатай захиалгыг БНХАУ руу буцааж, дахин шинээр 2 ширхэг цахилгаан шатны 10 давхар, 10 зогсох, 10 хаалгатай, 1 ширхэг цахилгаан шатыг 6 давхар, 4 зогсох, 4 хаалгатай байхаар худалдан авч Барилга, хот байгуулалтын яамны олгосон тусгай зөвшөөрлийн дагуу угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07/103/558 тоот дүгнэлтээр Барилгад БНХАУ-ын Weihia yunfeng elevator компанид үйлдвэрлэгдсэн ТКК450/1.0 маркийн 450 кг даацтай, 1.0 м/с хурдтай 4 зогсоолтой 1 лифт, ТКК.1000/1.0 маркийн 1000 кг даацтай, 1.0 м/с хурдтай 10 зогсоолтой 2 лифт угсрагдсан байна гэж тогтоогджээ.

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч нь өөрчлөлтийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн зургийг үндэслэн цахилгаан шатыг өөрчлөх санал тавих үед Монголбанкны зарласан төгрөгийн ам доллартай харьцах ханшийн мэдээлэлээр 2452 төгрөг байна. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 заасны дагуу Hyundai elevator ХХК-ийн ирүүлсэн 125.752 ам доллар буюу 335.343.904 төгрөг, хяналтын зардал /5 хувь/ нэмэгдэж нийт 352.111.099 төгрөгийн үнийн санал, Силвер Элеватор Кореа ХХК-ийн ирүүлсэн 136.408 ам доллар буюу 334.472.416 төгрөг, хяналтын зардал /5%/ нэмэгдэж нийт 351.196.037 төгрөгийн үнийн саналыг үндэслэн тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож ажил гүйцэтгэгчид төлөх лифтний үнийг тодорхойлсон болно. Тендерт лифтны үнийн саналыг 128.000 ам доллар буюу 192.000.000 төгрөгөөр өгч байсан. Тухайн үеийн ханшаар лифтны үнэ 313.856.000 төгрөг ба 10 давхарт зогсох ажлын өртөгийг 35.750.000 төгрөгөөр тооцон нэмж, нийт 349.606.000 төгрөгийн лифтний ажилд нэхэмжилж байна.

Гурав. Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн торгуулийн тухайд:

Талуудын хооронд байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний Ерөнхий нөхцлийн 40.1-т зааснаар Хэрэв захиалагч төлбөрийг хугацаанд нь хийгээгүй бол хугацаа хоцруулсан төлбөрт ногдох торгуулийг дараагийн төлбөр хийхдээ хамт төлнө. Торгуулийг төлбөр төлөх ёстой байсан өдрөөс төлбөрийг хийсэн өдөр хүртэлх хугацаанд тооцно. гэж заасан бөгөөд хариуцагч төлбөрийг хугацаанд нь хийгээгүй, өнөөдрийг хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгчид төлөөгүй тул гэрээнд зааснаар торгууль төлөх үүрэгтэй.

Талууд барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр баталгаажуулсан бөгөөд Гэрээний тусгай нөхцөлийн 40-д зааснаар төлбөр хийх хугацаа нь төлбөрийн мэдэгдэл гаргасан өдрөөс хойш 14 хоног байна гэж заасны дагуу төлбөрийг ажлын гүйцэтгэлийг баталгаажуулснаас хойш гэрээнд заасан хугацаанд хийгээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дах хэсэг, гэрээний ерөнхий нөхцлийн 40.1 ...Торгуулийг тооцохдоо төлбөрийн валют тус бүрийн арилжааны зээлийн хүүгийн тухайн үеийн зонхилох ханшийг баримтална гэж заасны дагуу төлбөр төлөх ёстой байсан өдрөөс (2016 оны 11 сар) төлбөрийг хийх өдөр хүртэлх хугацаа (2018 оны 7 сар)-нд тооцсон. Төлбөрийн валют тус бүрийн Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан арилжааны зээлийн хүүгийн тухайн үеийн зонхилох ханшаар тооцоход хариуцагч Яам нийт 375.508.829 төгрөгийн торгууль төлөхөөр байна.

Дөрөв. Хохирол гаргуулах шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх заалтад заасны дагуу Захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй. Гэтэл захиалагч нь ХМТЭ ХХК-н барьж гүйцэтгэсэн барилгад одоог хүртэл үйл ажиллагаа явуулж буй атал, ажлын хөлсийг төлөлгүй бүтэн 5 жил өнгөрч байна. Гүйцэтгэгчийн зүгээс гүйцэтгэлийн хэмжээнд төлбөрийн мэдэгдлийг захиалагчид удаа дараа гарган өгч хүргүүлсэн ч хариуцагчаас өнөөдрийг хүртэл хөлс төлөх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид их хэмжээний хохирол учраад байна. Тодруулбал, бид гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, иргэдээс нийт 342.600.000 төгрөгийн зээлийг авсан. Яам ажлын хөлсийг хугацаанд нь төлөөгүйн улмаас манай компани зээлийн өрийг хугацаа хэтрүүлэн төлж, муу зээлийн түүхтэй болж, зарим зээлийг одоог хүртэл төлөөгүй байна. Үүнийг хүснэгтээр үзүүлбэл

Зээл авсан байгууллага

Зээл /төгрөг/

Зээлд нийт төлсөн

Зөрүү /төгрөг/

1

Ариг банк

70.000.000

109.387.089

39.387.089

2

Ариг банк /синж Х.Батмөнх

20.000.000

30.952.086

10.952.086

3

Газар капитал партнер ББСБ

45.000.000

79.028.867

34.028.867

4

Худалдаа хөгжлийн банк

40.000.000

47.854.880

7.854.880

5

Худалдаа хөгжлийн банк

20.000.000

23.108.822

3.108.822

6

Газар капитал партнер ББСБ

11.000.000

22.494.488

11.494.488

7

Нэткапитал финанс корпораци

35.000.000

82.154.409

47.154.409

8

Шанд капитал ХХК

18.000.000

19.458.821

1.458.821

9

Шанд капитал ХХК

10.100.000

11.824.733

1.724.733

10

Сүхбаатар хөгжил ХХК

15.000.000

21.075.000

6.075.000

11

Цэц капитал ХХК

10.000.000

10.500.000

500.000

12

Тайгын булаг авто ХХК

11.000.000

13.009.990

2.009.990

13

Тайгын булаг авто ХХК

15.000.000

17.924.200

2.924.200

14

Оюуны хишиг ХХК

5.000.000

5.908.000

908.000

15

Алтан бумба БЗҮйлчилгээ

1.500.000

2.130.000

630.000

16

Иргэн А.Даваахүү

16.000.000

17.920.000

1.920.000

 

 

342.600.000

514.731.385

172.131.385

Мөн татварын албанд 2017 оны 12 сарын 06-ны өдрийн байдлаар 114.840.036,5 сая төгрөгийн өртэй, нийгмийн даатгалд 2018 оны 4 сарын 19-ний өдрийн байдлаар 12.636.960 төгрөгийн өртэй болж, улмаар компани төлбөрийн чадваргүй нөхцөлд ороод байна. Хэрэв ажлын хөлсийг хугацаанд нь төлсөн байсан тохиолдолд бид өнөөдөр муу зээлдэгч болж, өрийн дарамтад орж, гэр орон, эд хөрөнгөө хураалгах, алдах нөхцөлд хүрэхгүй байсан. Иймээс Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээсучирсан хохирлоо нөхөн төлүүлэх гэж, 355 дугаар зүйлийн 355.6-д Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу авсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд илүү төлсөн төлбөр болох 172.131.385 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Яамнаас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасны дагуу ажлын хөлсний үлдэгдэл болон нэмэлт ажлын хөлс 1.094.818.406 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, гэрээний ерөнхий нөхцөлийн 40.1-д заасны дагуу ажлын хөлсийг хугацаанд нь төлөөгүй торгуульд 357.508.829 төгрөг, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1, 355 дугаар зүйлийн 355.6-д заасны дагуу хохиролд 172.131.385 төгрөг, нийт 1.642.458.620 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Тав.2017 онд барилгын талбайд нэвтрүүлэхгүй болсноос хойш тус газрын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 08/01 тоот барилгын талбай дах бараа материал, тоног төхөөрөмж хүлээн авсан актад үйлдсэн байдаг. Уг актад тусгагдсан хөрөнгүүдийг одоо болтол өгөөгүй. Мөн актад тусгагдаагүй материалууд ч байсан. Эхэндээ хариуцагч Яам буцаан өгөхийг зөвшөөрдөг хэрнээ авах гээд очихоор өгдөггүй. Сүүлдээ манай өгсөн санхүүжилтийн мөнгөөр худалдаж авсан гэж тайлбарладаг болсон. Гэтэл барилгын материал бус харин барилга барихад ашиглахаар оруулсан байсан манай эд зүйлсийг өнөөг хүртэл өгөөгүй. Иймд дараах хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. Үүнд: Zoomlion маркийн 15 тонны автокран -1 ширхэг, Хьюндай маркийн бага тонны ачааны автомашин- 1 ширхэг, Dell маркийн personal компьютер /барилгын программ суулгасан байсан/ -2 ширхэг, Вакум цонхны тоног төхөөрөмж, салхивчны тоног төхөөрөмж, баримт бичгийн шкаф -2 ширхэг, нивелер багаж -1 ширхэг, теодолит -1 ширхэг, мотортой салхивчны сэнс - 2 ширхэг /том, жижиг/, цагт 30 мкуб бетон шахдаг помп -1 ширхэг, цагт 80 м.куб шахдаг том помп -1 ширхэг, шаврын төхөөрөмжний конвейр -1, сандал 10 ширхэг, ширээ- 6 ширхэг, захирлын сандал -1 ширхэг зэрэг ХМТЭ ХХК-ийн өмчлөлийн хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

Нэг.ажлын хөлсний үлдэгдэл болон нэмэлт ажлын хөлс 1.094.818.406 төгрөг гаргуулах тухайд: 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийн 2 дугаар хавсралтын VI.1.1-д Ёслол хүндэтгэлийн
өргөөний шинэчлэл /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/, эхлэх: 2013, дуусах: 2017,
төсөвт өртөг: 5,160.0 сая төгрөг, санхүүжих дүн: 700.0 сая төгрөг гэж заасан.
Тодруулбал, Ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын ажлын нийт төсөвт
өртөг 5,160.0 сая төгрөг, 2017 оны санхүүжилт 700.0 сая төгрөг гэж батлагдсан.

Харин нэхэмжлэгч ХМТЭ ХХК 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийт 4.353.678.125 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцож, барилга угсралтын ажил гүйцэтгэгчээр ажилласан. Барилгын хөгжлийн төвийн захирлын 2016 оны А/196 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, барилга угсралтын ажлын гүйцэтгэл буюу ажлын явц 90 хувь, санхүүжилт 11 удаагийн гүйцэтгэлээр 3.792.217.065 төгрөг буюу 85 хувьтай гэж дүгнэсэн болно. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн баримтаар 4.158.875.189 төгрөг нэхэмжлэгч хүлээн авсан нь нотлогдоно. Өөрөөр хэлбэл, Яам ажлын гүйцэтгэл 85 хувьтай байхад 95 хувийн санхүүжилтийг нэхэмжлэгчид олгосон. Мөн нэхэмжлэгчийн алдаатай гүйцэтгэсэн ажлыг засуулах, дутуу орхисон ажлыг дуусгуулахаар өөр компани ажиллуулж, батлагдсан төсөвт өртгөөс гадна нэмэлт зардлыг гаргасан.

Нэхэмжлээд байгаа үнийн дүн хэрэгт баримтаар бүрэн нотлогдохгүй байна. Тухайлбал лифтний ажлын хөлс гээд байгаа боловч анхнаасаа гэрээ байгуулах үед үнийн саналаа 192 сая төгрөг гэж өгсөн. Одоо гаргаж өгч байгаа баримт нь лифт тээвэрлэх гэрээ байгаа. Хятадаас худалдаж авсан гээд байдаг хэрнээ ямар ч төлбөрийн баримт байхгүй, лифтний үнэ яг бодитой хэдэн төгрөг нь тодорхой бус эргэлзээтэй байна.

301.200.000 төгрөг нь ойлгомжгүй, энэ үнийн дүнгээ өнөөг хүртэл тодорхойлж хэлж чадахгүй байгаа. Ярьж байгаа зүйл нь авах ёстой байсан санхүүжилт гэж зүйл яриад байна. 341.948.593 төгрөг, 77.792.648 төгрөг, 22.816.314 төгрөг зэрэг бусад нэмэлт ажлын хөлсний тухайд гүйцэтгэлийн баримт бичгээр тогтоогдохгүй байна. Мөн нэмэлт гэрээ байгуулаагүй тул мэйл явуулснаар байгуулсан тухай тайлбар үндэслэлгүй. Гүйцэтгэгч 10 давхар байшинг босголцоход ганцаараа байгаагүй. Үлдсэн ажил буюу дутуу ажлыг гүйцээж хийсэн өөр компани байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хоёр.Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсийг хугацаанд нь төлөөгүйн
торгуульд 357.508.829 төгрөг гаргуулах тухайд:

Нэхэмжлэгч өөрөө гэрээт ажлыг зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүй тул торгууль шаардах эрхгүй. Зохих ёсоор гүйцэтгээгүй нь Барилгын хөгжлийн төв болон Мэргэжлийн хяналтын байгууллагуудын дүгнэлтээр нотлогдоно. Мөн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тооцоо нийлснээс хойш хийгдсэн ажил байхгүй.

Нэхэмжлэгч гэрээний ерөнхий нөхцөл, Иргэний хуулийн заалтыг дурдаад торгууль шаардсан ч гэрээний тусгай нөхцөл дээр төсөвт өртөг өөрчлөх боломжгүй гээд хатуу заачихсан. Мөн тусгай нөхцөлд торгуулийн талаар огт дурдаагүй, тохируулга хэрэглээгүй тул шаардах үндэслэлгүй.

Гурав.Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид
учирсан хохирол 172.131.385 төгрөг гаргуулах тухайд:

Тус шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээнд хамаарахгүй, холбоогүй буюу
нэхэмжлэгчийн зээлийн гэрээнд тус Яам оролцоогүй, цаг хугацааны хувьд гэрээ
цуцалснаас хойшхи хугацаанд байгуулагдсан гэрээнүүд байна. З
ээлийн зориулалтыг харахаар зээл л гэсэн байсан. Мөн гүйцэтгэгч компани өөрөө тухай бүрт нь ажлаа чанартай хийгээд явсан бол ийм маргаан гарахгүй байсан. Гэтэл анхнаасаа л ажлаа гүйцэтгэх боломжгүй байна гээд л яваад байсан. Чанарын шаардлагад нийцэж ажиллаагүйн улмаас Яамнаас мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд хохирол шаардсныг зөвшөөрөх боломжгүй. 

Дөрөв. хууль бус эзэмшлээс хөрөнгө гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэлийн хавсралтад дурдсан эд хөрөнгийг тус компанийн хөрөнгөөр эсхүл төрийн зардлаар авсан эсэхийг тодорхойлсоны дараагаар акт үйлдэн хүлээлгэн өгөхөд нээлттэй. Өнөөдрийг хүртэл хугацаанд манайхаас өмчөө авъя гэж өөрсдөө хандаагүй. Харин барилгын ажилд ашиглаж байсан материалын тухайд захиалагчийн өмч тул барилгадаа ашигласан, буцаан өгөх боломжгүй. Нэхэмжлэгч нэр бүхий хөрөнгийг өөрийн өмч гэж тайлбарлан шаарддаг ч нэхэмжлэгчийнх мөн эсэх баримтгүй. Хэрэв баримтаар нотлобол өгнө гэв.

 

3.Хариуцагч ГХЯ ТБАГУТҮГ нь нэхэмжлэгч ХМТЭ ХХК-д холбогдуулан ажлын хөлсөнд илүү төлсөн 463.378.317 төгрөг, түүний алданги 231.186.160 төгрөг, дутуу орхисон ажлыг бусдаар гүйцэтгүүлснээс гарсан зардал 146.259.382 төгрөг, барилга баригдах хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөрт 31.665.009 төгрөг, нийт 872.488.868 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Тус яамны Ёслол хүндэтгэлийн өргөөний барилга барих нээлттэй тендерийг 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зарлаж, сонгон шалгаруулалтыг тус яамнаас томилогдсон ажлын хэсэг гүйцэтгэсэн. Уг тендерт шалгарсан ХМТЭ ХХК-тай Ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын талбай, чөлөөлөх, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай ГХЯ-БУ/2013/01 тоот гэрээг 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 4.353.678.125 төгрөгийн төсөвт өртөгтэй байгуулсан. Гэрээнд барилга угсралтын ажлыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусган хүлээлгэн өгөхөөр заасан боловч 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тул тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 08/1711 тоот албан бичгээр гэрээг цуцалсан.

Улмаар богино хугацаанд /3 сар/ бага төсөвт өртгөөр барилгын ажлыг үргэлжлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын ирүүлсэн зөрчлийг арилгах, зөвлөмжийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг дуусгах, ашиглалтанд өгөх зорилгоор тус Яам болон Зиг Заг Дизайн ХХК-ийн хооронд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 12/1 тоот Ажил гүйцэтгэгч гэрээ байгуулж, мөн оны 10 дугаар сарын 11-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн. Зиг Заг Дизайн ХХК нь барилгын гүйцэтгэлийг гэрээт хугацаандаа бүрэн дуусгасан. ХМТЭ ХХК хуулийн дагуу барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай өөрт хамааралтай бичиг баримтыг бүрдүүлж өгөхөөс зайлсхийж, элдэв арга заль хэрэглэн төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, санаатайгаар хохироосон.

Захиалагч нь ХМТЭ ХХК-д 2013 онд 4 удаагийн санхүүжилтээр 1.297.864.451 төгрөг, 2014 онд 8 удаагийн санхүүжилтээр 2.494.352.614 төгрөг, 2016 онд 300.000 000 төгрөг, нийт 4.158.875.189 төгрөг буюу гэрээт өртгийн 95,5 хувийн санхүүжилтийг олгосон байна. Тиймээс хийсэн ажлын хэмжээнд 3.695.496.872 төгрөг төлөх ёстойгоос илүү 463.378.317 төгрөгийг шилжүүлсэн тооцоо байгаа тул илүү шилжүүлсэн мөнгөө алданги 231.186.160 төгрөгийн хамт гаргуулна.

Мөн барилга угсралтын үлдсэн ажилд зарцуулсан зардал 146.259.382 төгрөг, барилгын ажлын явцад хэрэглэсэн цахилгааны төлбөрт зарцуулсан 31.665.009 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүйг манайх өмнөөс нь төлсөн тул нийт 872.488.868 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Манай гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлөөгүй тул илүү төлсөн гэж шаардаж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Цахилгааны зардлыг нэхэмжлэгч хариуцах талаар гэрээгээр тохиролцоогүйгээс гадна барилга барихад хэрэглэсэн цахилгааныг манайх төлөх үндэс байхгүй. Дутуу ажлын зардалд 146.259.382 төгрөг гарсан байж болох ч манайх нэхэмжилж авах дүнгээсээ хасаж тооцсон байгаа тул зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: ХМТЭ ХХК-иийн 2017 оны санхүүгийн тайлан, татварын албаны мэдэгдэх хуудас хуулбараар, Ариг банктай байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 2104006911 тоот Зээлийн гэрээ, газар капитал партнерс ББСБ-тай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ0600170219 тоот Зээлийн гэрээ, А.Даваахүүтэй байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээ, Хөгжил ХХК-тай байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Фидуцийн гэрээ, Тайгын булаг авто ХХК-тай байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03900660 тоот Барьцаат зээлийн гэрээ, Улсын байцаагчийн 2018 оны 173 тоот албан шаардлага, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00588 дугаар шийдвэр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/00707 дугаар шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2015/33477 дугаар шүүгчийн захирамж хуулбараар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/02909 дүгээр шүүгчийн захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, ГХЯны Ёслол хүндэтгэлийн өргөө-ний барилгын талбай чөлөөлөх, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, тус шүүхийн 2018 оны 181/ШЗ2018/05344 дүгээр шүүгчийн захирамж, ХМТЭ ХХК-иас хариуцагчид явуулсан 2014 оны 3 дугаар сарын 04-ний 14/01 тоот, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 14/05 тоот, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хүсэлт, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тайлбар, Бумбод ХХК-ийн 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 295 тоот мэдэгдэл, Ди Вай Кей Би ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 12-ны 9/10 тоот мэдэгдэл, Яамны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13/302 тоот, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 08/4054 тоот албан бичгүүд, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний ДБ/183 тоот, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны ДБ/488 тоот албан бичгүүд, Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны 1/1917 тоот албан бичиг, ажлын хэсгийн дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн, 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн ажлын санхүүжилтийн тайлангууд, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн лифтний үнийн санал, ажлын хуваарь, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хүзүүвч, цайны газрын төсөвт өртөгийн товчоо, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн санхүүжилтийн тайлан, 2017 онд гүйцэтгэх төсөв, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн барилга угсралтын ажлын санхүүжилтын тайлан, санхүүжилтийн хүснэгт, Голомт банкны дансны хуулга, Барилга угсралтын ажлын үнийн өсөлтийн 2013, 2014, 2015, 2016 оны үнийн индекс баталсан Барилга, хот байгуулалтын сайдын тушаалууд, 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн лифтний үнийн санал, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон өргөх байгууламжийн болон барилга угсралтын тусгай зөвшөөрлүүд, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ДБ/488 тоот албан бичиг, 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн анхны төсөвт өртөгийн товчоо, ХМТЭ ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 21/31 тоот албан бичиг, Ариг банктай байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2104007327 тоот зээлийн гэрээ, Газар капитал партнерс ББСБ-тай байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 107201969 тоот зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ1600170012 тоот барьцаат зээлийн гэрээ, зээл төлөлтийн дансны хуулга, ЖИБИ сууц өмчлөгчдийн холбооны тооцооны мэдэгдэх хуудас, Хөгжил ХХК-тай байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Фидуцийн гэрээ, Цэц капитал ХХК-тай байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, Шанд капитал ХХК-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17/01 тоот зээлийн гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 18/004 тоот зээлийн гэрээний хугацааг сунгах гэрээ, Алтан бумба санхүүгийн нэгдэл ХХК-тай байгуулсан 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн фидуцийн болон зээлийн гэрээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, үнэлгээний мэдэгдэл, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны ДБ/634 тоот, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ДБ/624 тоот албан бичгүүд, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2014 оны 2388 тоот дүгнэлт, гэмтэлд нөхөн төлбөр тооцсон акт, Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ/BCC170520020-2 тоот зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, Тайгын булаг авто ХХК-тай байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 03700902 тоот Барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, 2013, 2014 онд барилгын төсөвт өртөгийн товчоо, барилгын ажлын үе шатны хуваарь, 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3 дугаар давхарын төсөвт өртөг, Цахилгаан шат борлуулалт, угсралтын гэрээний орчуулга,

Ариг банкны тодорхойлолт, зээлийн дансны хуулга, хятад хэл дээрх баримт,

Шифт ХХК-ийн 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн, 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн зөвлөмж, хариуцагчид хүргүүлсэн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 14/202 тоот, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14/501 тоот албан бичгүүд, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, гэрэл зургууд, ХМТЭ ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 08, 27-ны өдрийн 22/007, 22/009, 22/010 тоот албан бичгүүд, Яамны 2022 оны 7 дугаар сарын 19-ний дрийн 08/3663 тоот албан бичиг зэргийг ирүүлжээ.

/1хх 5-61, 95-164, 184-195, 244, 2хх 226-231, 3хх 93-101, 136-219, 235-244, 4хх 47-85, 5хх 45-46/

Хариуцагчаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, цахилгаан эрчим хүчний нөхөн тооцооны баримт, Яамны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 08/1711 тоот, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13/2943 тоот албан бичиг, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Ажлын уулзалтын ярианы тэмдэглэл, ХМТЭ ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны, 2017 оны 3 дугаар сарын 22-ны албан бичиг, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 13/27 тоот ярианы тэмдэглэл, улсын комиссын акт, ажлын үе шатны хуваарь, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн төсөвт өртөгийн товчоо зэргийг ирүүлжээ.

/1хх 63-65, 74, 222, 2хх 18-22, 4хх 22, 86-104/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр 2018 оны 181/ШЗ2018/10954 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 05/6593 тоот хариу, түүний хавсралтууд болох Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Гадаад хэргийн яамны өргөтгөлийн барилга дотор цахилгааны ажлын зураг, (Улаанбаатар хот 2014 он), 1 дүгээр хавтас, 96 хуудас, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Гадаад хэргийн яамны өргөтгөлийн барилга өөрчлөлтийн зураг, (Улаанбаатар хот 2014 он), 2 дугаар хавтас, 42 хуудас,

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Гадаад хэргийн яамны өргөтгөлийн барилгын хүзүүвч, (Улаанбаатар хот 2014 он), 3 дугаар хавтас, 30 хуудас, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Гадаад хэргийн яамны өргөтгөлийн барилгын цайны газар, ажлын зураг, (Улаанбаатар хот 2014 он), 4 дүгээр хавтас, 19 хуудас, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Гадаад хэргийн яамны өргөтгөлийн барилга гүйцэтгэлийн зураг, (Улаанбаатар хот 2016 он), 2 дугаар хавтас, 89 хуудас, 2019 оны 181/ШЗ2019/00374 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Сангийн яамнаас ирүүлсэн баримтууд,

2019 оны 181/ШЗ2019/08343 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Үндэсний аудитын газраас ирүүлсэн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хариу,Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн хариу, Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 02-03/3213 тоот хариу, түүний хавсралтууд,

Хариуцагчаас ирүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 08/4613 тоот хариу, түүний хавсралтаар ирүүлсэн 40 хуудас баримтууд, Хот байгуулалт хөгжлийн газраас ирүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 05/3092 тоот хариу, Сангийн яамнаас ирүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6/7427 тоот, 10 дугаар сарын 21-ний өдрийн 6/7086 тоот хариу, түүний хавсралтууд,

2022 оны 181/ШЗ2022/03950, 181/ШЗ2022/05238 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Яамнаас ирүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 08/1836 тоот хариу, түүний хавсралт 16 хуудас баримтууд, лифтний паспортууд, гэрч Д.Цэндийн мэдүүлэг, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газраас ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ДБ04/191 тоот хариу, гэрч Ж.Чулуунбаатарын мэдүүлэг, Сангийн яамнаас ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 09/3935 тоот хариу, түүний хавсралтууд,

2022 оны 181/ШЗ2022/09877 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Яамнаас ирүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 08/4653 тоот хариу, түүний хавсралтууд,

2022 оны 181/ШЗ2022/13562 дугаар шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтууд зэргийг бүрдүүлжээ.

/1хх 83-88, 172-183, 2хх 40-60, 61-102, 118-216, 3хх 245-250, 4хх 1-4, 5-21, 35-41, 44, 86-104, 112-117, 119-250, 5хх 1-38, 63-66, 75-86, 115-151/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч ХМТЭ ХХК нь ГХЯ ТБАГУТҮГ-т холбогдуулан ажлын хөлс 1.094.818.406 төгрөг, торгууль 375.508.829 төгрөг, учирсан хохиролд 172.131.385 төгрөг, нийт 1.642.458.620 төгрөг гаргуулах, нэр бүхий хөдлөх хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, илүү төлсөн 463.378.317 төгрөг, алданги 231.186.160 төгрөг, дутуу орхисон ажлыг бусдаар гүйцэтгүүлснээс гарсан зардал 146.259.382 төгрөг, барилга баригдах хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөр 31.665.009 төгрөг, нийт 872.488.868 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

3.Хэрэгт авагдсан баримт, талуудын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

3.1.Нэг талаас Яам, нөгөө талаас ХМТЭ ХХК нар 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр харилцан тохиролцож, Гүйцэтгэгч нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрших Яамны Ёслол хүндэтгэлийн өргөө-ний 9 давхар, хүзүүвчтэй барилга угсралт, талбай чөлөөлөх ажлыг инженерийн шугам сүлжээний хамт 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцэтгэхээр, Захиалагч нь ажлын хөлс 4.353.678.125 төгрөгийг 2013, 2014 онд хэсэгчлэн төлөхөөр тус тус төлөхөөр тохиролцож ГХЯ-БУ/2013/01 тоот гэрээг байгуулжээ. /1хх 39-59, 4хх 132-152/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

3.2.Хариуцагч гэрээ байгуулснаас хойш ажлын хөлсөнд нийтдээ 4.158.875.189 төгрөг төлсөн үйл баримтад нэхэмжлэгч маргаагүй. /1хх 110, 2хх 93/

3.3.Гэрээ хэрэгжих явцад Захиалагч талаас 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ДБ/183 тоот албан бичгээр зураг төсөлд өөрчлөлт оруулж, тус барилгыг 9 давхар байсныг 12 давхар болгох, гадна фасадыг шилэн хийцийн материалаар бариулахаар хүсэлт гаргаснаар барилгад нэмэлт ажил гүйцэтгэгдэх болсон үйл баримт хариуцагч Яамнаас Сангийн яаманд хүргүүлж байсан 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0/682 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна. /1хх 109, 5хх 37,38/

3.4.Маргааны зүйл болсон барилгыг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2022/01 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр хүлээн авсан, тухайн барилга бодитоор 9, 12 давхар бус харин 10 давхар баригдсан үйл баримт тогтоогдсон, үүнд зохигчид маргаагүй. /4хх 100-102/

3.5.Хариуцагч 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь дуусгаагүй, 2016 оны 12 дугаар сарын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаагүй гурван сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр гэрээг цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлснээр талуудын хоорондох гэрээ Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээг цуцлагджээ. /2хх 18,19/

4.Харин зохигчид нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлс болоод нэмэлт ажлыг зардалд тус тус маргасан. Улмаар хэн алин нь гэрээнээс учирсан хохирол, зардлыг нөгөө талаасаа шаардаж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээс гадна гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргийг хүлээнэ.

Хэрэгт Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлт баримтаар авагдсан. Уг дүгнэлтэд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын явц 90%, гүйцэтгэсэн ажлын нийт төсөв 4.119.794.613 төгрөг, төсөвт ороогүй нэмэлтээр гүйцэтгэсэн нэмэгдсэн ажлын төсөвт өртөг 341.948.593 төгрөг гэж дурджээ. /1хх 104-107/

Нэхэмжлэгч дээрх дүгнэлтийг үндэслэл болгож ажлын хөлсийг шаардсан. Хариуцагч нэхэмжлэгчийн хийсэн ажлыг 85 хувьтай гэж тайлбарлаж улмаар ажлын хөлсөд илүү төлсөн мөнгийг гаргуулахаар шаардсан. Харин дээрх Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтэд маргахгүй гэж тайлбарлаж байна. Зохигчид хэн алин нь гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, хөлсний хэмжээнд маргасан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлэх үүднээс шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дөрвөн жил гаруй хугацаанд үргэлжилсэн тул шүүх цугларсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

5.Ажлын хөлсний тухайд:

Нэхэмжлэгч ажлын хөлсөд 1.094.618.406 төгрөг гаргуулахаар, харин хариуцагч сөрөг нэхэмжлэлээр илүү төлсөн ажлын хөлс 463.378.317 төгрөгийг буцаан гаргуулахаар тус тус шаардаж, зохигчид маргасан.

Шүүх нэхэмжлэгчийн дурдсан 1.094.618.406 төгрөг гаргуулах шаардлагад дараах байдлаар дүгнэлт өгөв.

5.1.Нэхэмжлэгч нэмэлт ажлын зардалд 442.557.555 төгрөг /341.948.593 +77.792.648 + 22.816.314/ шаардсан. Энэ хэсэгт багтсан 341.948.593 төгрөг нь Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтээр тогтоогдсон нэмэлт ажил, үүнд: техникийн давхарын өргөтгөл 198 мкв талбай нэмэгдсний 235.421.683 төгрөг, гадна зам талбайн, явган зам, авто зам тохижилт, ногоон байгууламжийн ажил нийлээд 341.948.593 төгрөг гэж тайлбарласан.

-мөн 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хийж гүйцэтгэсэн халаалт, салхивч, цахилгааны байршил өөрчилсөн зургийг хүлээлгэн өгсний дагуу өрөө, тасалгааны зохион байгуулалт нэмэгдэж өөрчлөгдөх шаардлага үүсэж нэмэлт ажлыг гүйцэтгэсэн нь 77.792.648 төгрөг болсон, энэ нэмэлт ажлын зардлыг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тооцоогоор дахин баталгаажсан, батлагдсан зураг төслөөр том том өрөөтэй байсныг жижиглэж ханаар тусгаарласан гэж тайлбарласан.

-Түүнчлэн 22.816.314 төгрөг нь барилгыг 10 давхар болгож өөрчлөхөд төв хаалганы довжооны хэмжээ нэмэгдэж 00 түвшингээс 1 метр дээш байрлуулсан, энэ зардал өмнөх төсөвт тусгагдаагүй нэмэлт зардал гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2013 онд дөрвөн удаагийн гүйцэтгэл, 2014 онд 8 удаагийн гүйцэтгэл, 2016 онд 2 удаагийн гүйцэтгэлийн тайлан ирүүлснээр Сангийн яамнаас тухай бүрт санхүүжилтийг нээж, хөлсийг төлжээ. /2 хх 80-87, 94-102, 4хх 119-250, 5хх 1-38/

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцлийн 44-т гэрээнд үнийн тохируулга хэрэглэж болохгүй гэж, тендерийн өгөгдөлд санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад тохируулахгүй, тогтмол байлгана гэж заасан байна. /4хх 151, 161/

Дээр дурдсан нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын тайлангууд, түүний дагуу олгосон Сангийн яамнаас ирүүлсэн баримтуудаас үзвэл:

-2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 416.978.793 төгрөгийн санхүүжилт хүссэн гүйцэтгэлийн тайланд нэмэгдэл зардалд 2.564.507 төгрөг, магадлашгүй ажлын зардалд 7.460.082 төгрөг тооцсон, /4хх 167-174/

-2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн санхүүжилт хүссэн 214.206.1333 төгрөгийн тайланд нэмэгдэл зардалд 4.224.522 төгрөг, магадлашгүй ажлын зардалд 3.832.115 төгрөг тусгасан, энэ хэсэгт талууд 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/2013 тоот нэмэлт ажлын зардал 3.832.261 төгрөгөөр хоёр тал баталгаажуулсан, үүнд:хөнгөн блок, тоосгон хана өрөх зэрэг ажил багтсан, /4хх 175-182/

-2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн санхүүжилт хүссэн 506.677.008 төгрөгийн хоёр тайланд /1, 2 болон 3 давхар/ нэмэгдэл зардал 72,3 хувиар 19.319.730 болон 9.659.865 төгрөг-өөр тус тус тооцсныг олгосон, /4хх 207-215/

-2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн санхүүжилт хүссэн 172.945.469 төгрөгйн тайланд /7 давхар/ нэмэгдэл зардал 72,3 хувиар 9.659.865 төгрөг тооцсон, /4хх 216-220/

-2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн санхүүжилт хүссэн 345.890.938 төгрөгийн тайланд /4, 5 давхар/ нэмэгдэл зардалд 72,3 хувиар 19.319.730 төгрөг гэж, /4хх 246-250/

-2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн санхүүжилт хүссэн 302.135.549 төгрөгийн тайланд /4 давхар, гэрэлтүүлэг зэрэг/ нэмэгдэл зардалд 72,3 хувиар 13.315.506 төгрөг тооцсныг олгосон байна. /5хх 5-24/

Өөрөөр хэлбэл зохигчид гэрээгээр анхнаасаа үнэд өөрчлөлт оруулахгүй байхаар тохирсон ч захиалагч дээрх байдлаар нэмэгдэл хөлс тогтмол олгож байжээ. Захиалагчаас нэмэлт ажил хийлгэх саналыг хүргүүлсэн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс хойшхи хугацаанд

-2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн санхүүжилт хүссэн 345.890.938 төгрөгийн /8, 9 давхар/ тайланд нэмэгдэл зардал 72,3 хувиар 19.319.729 төгрөг, /4хх 235-245/

-2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн санхүүжилт хүссэн 551.536.417 төгрөгийн тайланд угсралтын ажлын 2014.06.05-ны өдөр хүртэлх хугацааны төсөвт өртөг гэж дүгнэн улмаар нэмэгдэл зардал 72,3 хувь - 42.267.800 төгрөг тооцсон /4хх 221-234/

-2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 842.590.090 төгрөгийн санхүүжилт хүссэн тайланд барилга угсралтын 2014.10.30-ны өдрийн байдлаарх төсөвт өртөгийн тооцоог гаргаж, нэмэгдэл зардал 72,3 хувь 23.151.127 төгрөг тооцсон, /5хх 25-38/ Энэ хэсэгт 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 477.104.867 төгрөгийн тооцоог хамтатгасан, тухайн тооцоонд нэмэгдэл зардал 72,3 хувь - 50.482.878 төгрөг-өөр тусгагдсан байна. Энэ мөнгийг олгоход захиалагч болох Яамнаас 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хүзүүвчний барилгыг буулгахад урагш 2,5 м ургаш суусан тул шинэ хүзүүвч, цайны газрын зураг, мөн Б блок баригдахаа больж А блок барих болсноор сантехник, цахилгааны шугам сүлжээ, өрөө тасалгааны зохион байгуулалт өөрчлөгдснөөр нэмэлт зардал гарсан тухай тайлбарыг хүргүүлж байжээ. Мөн ХМТЭ ХХК-иас 2,5 м сунгасан хүзүүвчний өөрчлөлтийн зураг, цайны газрын өргөтгөлийн зургийг хүлээлгэн өгснөөр парпедны тоосгон өрлөг, бетон цутгалтын ажил, галын, цэвэр ус, халаалтын хоолой угсрах ажил, салхивчийн хоолой угсрах, яндөнгийн өрлөг цайны газар, хүзүүвчний ажил зэргийг 477.104.867 төгрөгөөр, шилэн фасад хана угсрах, цонх, гадна заслын хөөсөнцөр тор наах зэргийг 365.485.223 төгрөгөөр гүйцэтгэсэн тухай дурдаж байжээ. / 5хх 37,38/

Хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 04-нд 150.000.000 төгрөг олгоход нэмэгдэл зардал 72,3 хувь -13.730.147 төгрөг, /2хх 80-83/

-2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 150.000.000 төгрөг олгоход, нэмэгдэл зардалд 72,3 хувь- 5.198.081 төгрөг тус тус тооцож олгосноос гадна энэ хэсэгт хүзүүвч, цайны газрын нэмэлт зардалд шаардсан 129.492.409 төгрөг багтжээ. /2хх 84-87/

Дээрх байдлаар нэмэлт ажлын зардлыг хариуцагч тухай бүрт тооцож олгосон байна. Нэхэмжлэгчээс одоо шаардаж буй 442.557.555 төгрөгийн нэмэлт ажил хүлээн авсан ажлын хөлсөд багтаагүй болохыг баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтээр захиалагчийн хүсэлтээр хийгдсэн нэмэлт ажлыг 341.948.593 төгрөгөөр тооцсон хэдий ч тухайн дүгнэлтэд хариуцагчаас олгосон ажлын хөлсөд нэмэлтээр хийсэн ажлын хөлс багтсан эсхүл багтаагүй эсэх талаар дүгнээгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн нэмэлт ажлын хөлсийг хэд байж болох талаар хийсэн тооцоолол байх бөгөөд тул энэ дүгнэлтийн дагуу хөлс гаргуулахаар шаардах үндэслэлгүй.

Үүнээс гадна нэхэмжлэгчээс баримтаар ирүүлсэн хэргийн 1 дүгээр хавтасны 130 дугаар талд авагдсан 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн санжүүжилтийн тайланд гүйцэтгэсэн нэмэлт ажлын дүн /2014.4.24-ний өдрийн төслийн менежерийн албан бичгээр өөрчилсөн/-г 106.397.064 төгрөг-өөр өөрийн хийсэн ажлыг тооцож байжээ. Иймд нэмэлт зардлыг тухай бүрт хариуцагч төлсөн, олгосон зардлаас өөр болохыг нэхэмжлэгч нотлоогүй тул шүүх нэмэгдэл зардалд шаардсан 442.557.555 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нэмэлт ажлын хөлсийг тусгасан нэмэлт гэрээг 2016 онд байгуулсан гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд оролцогч нэг тал болох Яам баталгаажуулж, гарын үсэг зураагүй, энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заасан гэрээ байгуулах санал байна. Мөн талуудын хооронд цахимаар харилцсан захидалд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр уг нэмэлт гэрээний төслийг хоорондоо солилцож байсан үйл баримт тогтоогдсон ч энэ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй, энэ тухай нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй. /3хх 100-101, 245-250, 4 хх 1-4/

5.2.Харин 301.200.000 төгрөг шаардсан хэсгийг шүүх хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч энэ зардлыг 2016 оны 7-9 дүгээр сард хийж гүйцэтгэсэн дээвэр, цонх, дотор засал, дотор гэрэлтүүлгийн ажлын хөлс, үндсэн зардалд хамаарна, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гүйцэтгэлээр баталгаажуулж Сангийн яамнаас эрх нээсэн ч хариуцагч олгоогүй тул гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ Барилгын хөгжлийн төвийн дүгнэлт болоод 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтэд тулгуурлан ажлын гүйцэтгэл байхгүй гэж үзээд шилжүүлээгүй хэмээн тайлбарлав.

Харин хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 301.200.000 төгрөгийн гүйцэтгэсэн ажлын тайлангийн дагуу хөлсийг шилжүүлээгүй үйл баримтад зохигчид маргаагүй. /1хх 173-183/

Хэргийн баримтаар нэгэнт 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохигчид ажлыг хүлээн авсан баримт үйлдэж, хариуцагч Яамны эрх бүхий албан тушаалтнууд гарын үсгээр баталгаажуулан Сангийн яаманд хүргүүлсэн ийнхүү хүргүүлснээр Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2, 196 дугаар зүйлийн 1961.3-т зааснаар зөвшөөрсөн гэж үзэх тул шүүх энэ зардлыг гаргуулж шийдвэрлэх үндэстэй гэж үзэв. /1хх 173-183/ Энэ зардалд нэмэлт зардал мөн тусгагдсан байгааг дурдав.

5.3. 1.254.851 төгрөг гаргуулах тухайд: /энэ зардал ажлын хөлс бус харин хохирол байх боловч нэхэмжлэгч ажлын хөлсөд оруулан шаардсан тул ойлгомжтой байх үүднээс энэ хэсэгт шийдвэрлэсэн болно./

Захиалагч ажлын талбайг чөлөөлж өгөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс газар шорооны ажил гүйцэтгэх үедээ 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шугам сүлжээ тасалсан, уг гэмтлийг засварласан зардлыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д захиалагчийн өмнөөс төлсөн тул уг мөнгийг гаргуулна гэж тайлбарласан. /3хх 161, 162/

Талуудын хоорондох гэрээний 2 болон 5 дугаар зүйлд барилга угсралтын ажил, барилгын талбай чөлөөлөх ажил гүйцэтгүүлэхээр анхнаасаа тохирч тусгасан байна. Иймд захиалагч талбай чөлөөлж өгөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс гарсан зардал гэж үзэх боломжгүй, харин гэрээний дагуу гүйцэтгэгч тал талбайг чөлөөлөх ажлаа гүйцэтгэх явцад гуравдагч этгээдэд учруулсан хохирлоо өөрөө нөхөн төлсөн гэж үзнэ. Үүнээс гадна тухайн зардлыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д нэхэмжлэгч төлсөн санхүүгийн дэмжих баримтыг ирүүлээгүйг дурдав.

5.4.Нэхэмжлэгч 349.606.000 төгрөгийг лифтний үнэ гэж тайлбарласан. Мөн анх үнийн саналыг 128,000 ам доллар буюу 192.000.000 төгрөгөөр өгсөн ч ам долларын төгрөгтэй харьцах өнөөгийн ханшаар тооцвол 313.856.000 төгрөг болно, мөн 9 давхар хүртэлх лифтийг угсарч суурилуулахаар тооцсон байсныг өөрчилж 10 давхарт зогсох зогсолттой болгосон, трасс утсыг дахиж уртасгаж сольсон, захиалсан лифтийг өөрчилж буцаасан зэргээр ажлын зардал 35.750.000 төгрөгөөр нэмэгдсэн тул нийт 349.606.000 төгрөг гаргуулна гэж тайлбарлав.

Хариуцагч лифтийг 313.856.000 төгрөгөөр худалдан авсан баримтгүй, угсралтын ажлыг нэхэмжлэгчийн туслан гүйцэтгэгч Гэрэлт угсралт ХХК-иар гүйцэтгүүлсэн, ажлын хөлсийг тухайн байгууллагад төлсөн гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан Сангийн яамнаас ирүүлсэн тендерийн баримт бичигт нэхэмжлэгч цахилгаан шатны угсралтын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий Гэрэлт угсралт ХХК-иар гүйцэтгүүлэх талаар 4.4.в хэсэгт дурдсан, энэ талаар үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд баталгаажиж тусгагдсан байна. Иймд нэхэмжлэгч лифтний угсралт суурилуулалтын нэмэлт ажлын зардалд 37.750.000 төгрөг гаргуулах шаардлагаа баримтаар нотлоогүй, дэмжих баримтыг ирүүлээгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. /4хх 155-156, 159/

Маргааны зүйл болсон барилгад WEI HAI YUNFENG ELEVATOR компанийн 2016 онд үйлдвэрлэсэн ТКR450/1.0 маркийн 450 кг даацтай лифт 1 ширхэг, ТКR1000/1.0 маркийн 1000 кг даацтай 10 зогсолттой лифт 2 ширхэг, нийт 3 ширхэг лифтийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр анх суурилуулсан, тухайн лифтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчаас 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ашиглах зөвшөөрлийг олгож гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан 3810, 3811, 3812 тоот лифтний паспортуудаар тогтоогдсон. /5хх 75-86/

Нэхэмжлэгч энэ шаардлагаа нотлохоор үнийн санал болон цахилгаан шат борлуулалт, угсралтын гэрээний орчуулгыг баримтаар ирүүлсэн. /1хх 120-122, 3хх 209-219/

Дээрх баримтад 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн үнийн саналд 1350 кг даацтай 2 ширхэг лифт, P450-CO90-10/10 маркийн 450 кг даацтай 1 ширхэг лифт гэж тусгагдсан /1хх120-122/, мөн худалдан авсан гэх 935.570 юаны өртөгтэй гэрээнд 630 маркийн 6 зогсолттой 1 ширхэг, ТКR1000/1.0 маркийн 1000 кг даацтай хэрнээ 9 зогсолттой 2 ширхэг лифт гэж тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн баримтаар ирүүлсэн гэрээ, үнийн саналд тусгагдсан лифтүүдийн марк төрөл, зогсолтын тоо зэрэг нь барилгад суурилагдсан лифтний үзүүлэлттэй тохирохгүй байна.

Гэвч хариуцагч талаас маргааны зүйл болсон барилгад суурилуулсан лифтний үнийг гуравдагч этгээдэд төлөөгүй гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан, лифтний паспортод гэрээ цуцлагдахаас өмнө 2016 оны 10 дугаар сард лифтийг суурилуулсан талаар тусгагдсан, түүнчлэн сангийн яамнаас ирүүлсэн баримтад лифт тусгагдаагүй тул шүүх нэхэмжлэгчтэй анх тохиролцсон гэрээний үнийн дүн болох 192.000.000 төгрөгийн хэмжээгээр тооцон олгох нь зүйтэй. Мөн гэрээний тусгай нөхцөлд үнэд тохируулга хэрэглэхгүй, ам доллараар бус төгрөгөөр тооцохоор тохиролцсныг дурдав.

Дээрх бүгдийг нэгтгээд хариуцагчаас ажлын хөлсөд нийт 493.200.000 төгрөгийг /301.200.000+ 192.000.000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 601.618.406 төгрөг /341.948.593 + 77.792.648 + 22.816.314 + 1.254.851 + лифтний үлдэх 157.606.000 + нэхэмжлэгчийн тооцооллын алдаатай тусгагдсан 200.000/ гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.

6.Шүүх дээрх байдлаар хариуцагчаас ажлын хөлсөд 493.200.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул илүү төлсөн 463.378.317 төгрөгийг хариуцагч сөрөг нэхэмжлэлээр шаардах үндэслэлгүй. Мөн хариуцагч нэхэмжлэгчийн бодитоор гүйцэтгэсэн ажил 3.695.496.872 төгрөг гэж тайлбарласан ч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, дэмжих бичгийн баримт ирүүлээгүй. Иймд хэрэгсэхгүй болгов.

7.Анзын тухайд:

Нэхэмжлэгч торгууль 375.508.829 төгрөг гаргуулахаар, харин хариуцагч алданги 231.186.160 төгрөг гаргуулахаар тус тус шаардсан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3-д зааснаар гэрээний нэг тал нөгөө талаас анз шаардахад хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх, хууль эсхүл гэрээгээр тохиролцож бичгээр байгуулсан байхаар заасан.

Хэрэгт авагдсан гэрээний ерөнхий нөхцөлийн 40.1 болоод 39, 37, 46 дугаар зүйл, түүнчлэн тусгай нөхцлийн 44-д зааснаас үзвэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан торгуулийн талаар тохиролцоогүй, харин 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангиийн талаар тохиролцсон. Гэвч хэргийн баримтаар нэхэмжлэгч ажлыг хугацаа хожимдуулсан, зохих ёсоор гүйцэтгээгүй буюу доголдолтой, түүнчлэн хариуцагч мөн хугацаа хожимдуулсан, гэрээгээр хүлээсэн өөрийн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлт, бусад баримтуудаар тогтоогдсон тул зохигчид хэн алин нь нөгөө талаас Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар гэрээ цуцлагдахх хүртэлх хугацааны анз шаардах үндэслэлгүй. Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлээр шаардсан анз гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

8.Гэрээнээс учирсан хохирол гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс бусдаас авсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зөрүүг хохиролд тооцож 172.131.385 төгрөг гаргуулахаар, харин хариуцагчаас дутуу ажлыг бусдаар гүйцэтгүүлсний зардал 146.259.382 төгрөг, барилга баригдах хугацаанд хэрэглэсэн цахилгааны зардал 31.665.009 төгрөг гаргуулахаар тус тус шаардсан.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол буюу зардал шаардах тохиолдолд нэг талд учирсан хохирол, нөгөө талын үйлдэл, эс үйлдлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана. Мөн 227 дугаар зүйлийн 227.3, 227.5-т зааснаар хохиролд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, алдагдал буюу гэмтэл, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор, үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Ажлын хөлсийг олгоогүйгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зөрүүнд 172.131.385 төгрөг төлж хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй, тэдгээрийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдоогүй. Түүнээс гадна хөлс олгоогүй асуудалд нэхэмжлэгч мөн буруутай тул гуравдагч этгээдэд өөрийн үүргийн дагуу төлсөн зээлийн хүү, нэмэгдүүлэн хүүг энэ гэрээний хохиролд тооцох үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн дутуу орхисон ажлыг бусдаар гүйцэтгүүлснээс гарсан зардал 146.259.382 төгрөгийн хэмжээнд зохигчид маргаагүй ч нэгэнт ажлыг бүрэн гүйцэтгээгүй үйл баримтад маргаагүй тул хийгээгүй ажлынх нь хөлсийг олгоогүй тул нэхэмжлэгчээс шаардах үндэслэлгүй. Түүнээс гадна дээрх шаардлагыг дэмжих баримтыг хариуцагч ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Ажил гүйцэтгэх явцад нэхэмжлэгчийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр 31,665,009 төгрөгийг хариуцагч төлсөн явдал тухайн зардлыг хохиролд тооцон шаардах эрхийг үүсгэх үндэслэл болохгүй байна.

Иймд шүүх хэн алин нь гэрээнээс учирсан хохирол шаардсан энэ шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Хууль бус эзэмшлээс нэр бүхий хөрөнгө чөлөөлүүлэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс Zoomlion маркийн 15 тонны автокран -1 ширхэг, Хьюндай маркийн бага тонны ачааны автомашин- 1 ширхэг, Dell маркийн personal компьютер /барилгын программ суулгасан байсан/ -2 ширхэг, Вакум цонхны тоног төхөөрөмж 1 иж бүрдэл, салхивчны тоног төхөөрөмж -1 ширхэг, баримт бичгийн шкаф -2 ширхэг, нивелер багаж -1 ширхэг, теодолит -1 ширхэг, мотортой салхивчны сэнс - 2 ширхэг /том, жижиг/, цагт 30 мкуб бетон шахдаг помп -1 ширхэг, цагт 80мкуб шахдаг том помп -1 ширхэг, шаврын төхөөрөмжний конвейр -1, сандал 10 ширхэг, ширээ - 6 ширхэг, захирлын сандал -1 ширхэг зэргийг хариуцагчийн эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. /5хх 44/

Хэрэгт баримтаар авагдсан 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн барилгын талбай дахь бараа материал, тоног төхөөрөмж хүлээн авсан актад тусгагдсан хөдлөх хөрөнгүүдийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /2хх 63-68, 69-74/

Тухайн хөрөнгө нэхэмжлэгчийнх мөн эсэх тодорхойгүй буюу шаардах эрхтэй этгээд эсэх эргэлзээтэй хэмээн хариуцагч тайлбарласан.

Тээврийн хэрэгслээс бусад хөдлөх хөрөнгийн тухайд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох талаар хуульд заасан. 2017 онд хариуцагч хөрөнгийг өөрийн эзэмшилдээ хууль бусаар авснаас хойш өнөөг хүртэлх хугацаанд хэн нэгэн бусад гуравдагч этгээдээс шаардлага гаргаж байгаагүй болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул маргааны энэ тохиолдолд нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэх тул энэ талаарх тайлбар үндэслэлгүй.

Тээврийн хэрэгслийн тухайд: нэхэмжлэлд тодорхойлсон Zoomlion маркийн 15 тонны автокран нь 98-30 дугаартай Автокран, бага тооны ачааны машин нь Хьюндай портер маркийн 60-28ДАА дугаартай автомашин болох нь баримтаар тогтоогдсон, хариуцагч татгалзлын үндэслэлээ дэмжих баримт ирүүлээгүй болно.

Харин тухайн актад тусгагдаагүй хөрөнгийн хувьд нэхэмжлэгч өөр дэмжих баримтыг ирүүлээгүй тул хангахгүй орхиж шийдвэрлэв.

9.Тус шүүхийн 2018 оны 181/ШЗ2018/09071, 2022 оны 181/ШЗ2022/09624 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан тул төлбөл зохих 8.440.443 төгрөгийн хураамжийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэх нь зүйтэй. Мөн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан ГХЯ ТБАГУТҮГ-с 493.200.000 /Дөрвөн зуун ерэн гурван сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХМТЭ ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.131.285.620 төгрөг болон ХМТЭ ХХК-иас 872.488.868 төгрөг гаргуулах тухай хариуцагч ГХЯ ТБАГУТҮГ-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгсоугай.

 

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан ГХЯ ТБАГУТҮГ-ийн хууль бус эзэмшлээс Zoomlion маркийн 15 тонны 98-30 улсын дугаартай Автокран 1 ширхэг, Хьюндай портер маркийн 60-28 ДАА улсын дугаартай автомашин 1 ширхэг, цагт 30 мкуб бетон шахдаг помп -1 ширхэг, цагт 80мкуб шахдаг том помп -1 ширхэг, шаврын төхөөрөмжний конвейр -1, Dell маркийн personal компьютер /барилгын программ суулгасан байсан/ -1 ширхэг, Вакум цонхны тоног төхөөрөмж 1 ширхэг зэрэг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн баримтад тусгагдсан хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч ХМТЭ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх салхивчны тоног төхөөрөмж -1 ширхэг, баримт бичгийн шкаф - 2 ширхэг, нивелер багаж -1 ширхэг, теодолит багаж -1 ширхэг, салхивчны мотортой сэнс - 2 ширхэг /том, жижиг/, сандал 10 ширхэг, ширээ - 6 ширхэг, захирлын сандал -1 ширхэг зэргийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 8.440.443 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2.694.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ