Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2023/00458

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2023/00458

Хөвсгөл аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Г

Хариуцагч: Г.Д

Хариуцагч: Р.А

Зээл, зээлийн хүүгийн төлбөрт 22,111,630 (хорин хоёр сая нэг зуун арван нэгэн мянга зургаан зуун гуч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2023/00288/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Г, хариуцагч Г.Д, хариуцагч Р.А, түүний өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч Г.Д, Р.А нарт холбогдуулан зээл, зээлийн хүүгийн төлбөрт 22,111,630 (хорин хоёр сая нэг зуун арван нэгэн мянга зургаан зуун гуч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 81 настай, эхнэрийн хамт тэтгэврийн орлогоор амьдардаг. Хүү Г.Д, бэр Р.А нарын гуйснаар 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Шинэ-Идэр сумын Төрийн банкны тооцооны төвөөс 19,000,000 (арван есөн сая) төгрөгийн малчны зээл авч өгсөн. Тус зээлээс бэлнээр 8,000,000 (найман саятөгрөг, үлдсэнийг нь Г.Дын данс руу 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 2,900,000 төгрөг, 2,800,000 төгрөг, 2,537,000 төгрөг, 2,500,000 төгрөгөөр хуваан, 4 удаа гүйлгээ хийж, нийт 18,737,000 төгрөг шилжүүлсэн. Миний авсан зээлээс банк шимтгэлд 190,000 төгрөг, даатгалд 96,000 төгрөг суутгаж авсан. Тухайн үед хүү Г.Д, бэр Р.А нар мал махны наймаа хийдэг байсан. Г.Д архины эмчилгээ хийлгээд 5 жил архи уугаагүй байсан. Зээл төлөх хугацаа болоход Р.А, Г.Д нар төлөхгүй байсан тул би 3 удаа зээл, зээлийн хүүг төлсөн. Манай хүү, бэр хоёр маань 2022 оноос тусдаа амьдрах болж, Г.Д байнга архи ууж, Р.А мөнгө аваагүй гэж байгаа болохоор намайг зальдаж байна гэж ойлгож байгаа. Эхнэр, бид хоёр цаашид энэ зээлийг төлж чадахгүй болж байна. Би зээл, зээлийн хүүгийн хоёр удаагийн төлөлтөөр нийт 4,374,630 төгрөг төлснөөс хүүнд нь төлсөн төлбөр 3,374,630 төгрөг болсон. Үүн дээр үндсэн зээл 18,737,000 төгрөгийг нэмэхэд 22,111,630 төгрөг болж байна. Би өөрийн нэр дээр зээл авсан тул банкинд зээлийг эргэн төлж байна. Г.Д, Р.А нараас зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хувааж гаргуулна.

Иймд зээл, зээлийн хүү, нийт 22,111,630 төгрөгөөс хүү Г.Даас 11,055,815 төгрөг, бэр Р.Аээс 11,055,815 төгрөгийг тус тус гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Манай эхнэр Р.А намайг ятгаж, аав, ээж хоёроор Шинэ-Идэр сумын Төрийн банкны тооцооны төвөөс 19,000,000 (арван есөн сая) төгрөгийн малчны зээл авахуулсан. Тус зээлээс 8,000,000 (найман сая) төгрөг бэлнээр, бусад мөнгийг 2,000,000 гаруй төгрөгөөр хэд хэдэн удаа миний данс руу хувааж хийсэн. Би мөнгийг аваад эхнэр Р.Ат өгсөн. Бид банкны зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөхөөр авсан. Малчны зээл сар бүр төлөлт хийдэггүй. Би архи уухгүй 5 жил болсон, энэ хугацаандаа мал махны наймаа хийдэг, Р.А бүх тооцоог нь хийж түүний дансаар наймааны мөнгө төгрөгөө шилжүүлдэг байсан. Би ихэвчлэн н.Б-с мөнгө зээлж мал мах авдаг байсан. Надад банкны карт байдаггүй байсан. Аав, ээжээр зээл авахуулсан мөнгийг Р.А миний оролцоогүйгээр, надад мэдэгдэлгүйгээр Бэлтэсмөрөн, койн гэх зүйлд хийж, авсан ашигаасаа зээлийн төлбөрт хийгээгүй. Р.А гэр бүлээс гадуур өөр хүнтэй харилцаа үүсгэсэн, үүнийг мэдээд би архи уусан, намайг хөөж явуулсан. 2022 оноос тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд Р.А миний хүмүүсээс авах мөнгийг авсан, мөн зараагүй үлдсэн мал зарж мөнгийг нь авсан байсан. Аав, ээж хоёроор авахуулсан зээл, зээлийн хүүг Р.А, бид хоёр төлөх ёстой. Би 11,055,815 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

3. Хариуцагч Р.А шүүхэд гаргасан тайлбартаа: Би нөхөр Г.Дтай 1997 онд гэр бүл болж, 25 жил хамт амьдарсан хугацаанд тэрээр архины хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэл тогтмол үйлддэг байсан болохоор 2022 оны 4 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байна. Нөхөр Г.Д, бид хоёр хадам аав Ш.Ггээр урьд нь оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлөхөөр, мөн нэмж авахуулж байсан зээлээ цаг хугацаанд нь төлж барагдуулсан. Миний данс руу Г.Даас 7,000,000 төгрөг орж ирэхэд хадам аав зээл авч өгснийг сүүлд мэдсэн. Гэхдээ хэдэн төгрөгийн зээл авсныг мэдээгүй, надад хэлээгүй. Нөхөр Г.Д мал мах авдаг байсан, өөрөө банкны картгүй болохоор миний данс руу мал мах авах мөнгөө хийдэг, шилжүүлэг хийгээрэй гэхэд нь хийдэг байсан. Бид хүнээс мөнгө зээлж аваад буцаагаад өгдөг байсан. Ковидын үед мал мах авч болохгүй байсан тул бэлэн мөнгө зүгээр байлгаж байхаар гээд Бэлтэсмөрөн ХХК руу мөнгө хийгээд авч байсан. Би Г.Дын 2021 онд Төрийн банкнаас авсан зээлийг 2022 оныг дуустал төлсөн. Одоо би өөрөө цалингийн зээлтэй учраас зээлийг төлөх боломжгүй, дээрх зээлийг авахуулаагүй учир төлөх үндэслэлгүй гэв.

4. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн МN140034202201847466 дугаар Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалт, Ш.Ггийн ХААН банкны *************** дугаар дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны ********************дугаар дансны Харилцах дансны харилцагчийн хуулга, Г.Дын Төрийн банкны Зээлийн дансны харилцагчийн хуулга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарсан 23670101001002 дугаар Гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-5, 28-30, 60 дахь тал)

5. Хариуцагч Р.Аээс ХААН банкны ****************дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 32 дахь тал)

6. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, ХААН банкны Хөвсгөл салбараас Г.Дын *************** дугаар дансны 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарыг дуустал хугацааны хуулга, Р.Аийн ***************** дугаар дансны 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарыг дуустал хугацааны хуулгыг тус тус гаргуулж, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан. (хавтаст хэргийн 27, 38-42, 44, 46-59 дэхь тал)

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч Г.Д, Р.А нарт холбогдуулан зээл, зээлийн хүүгийн төлбөрт 22,111,630 (хорин хоёр сая нэг зуун арван нэгэн мянга зургаан зуун гуч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

3. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хүү Г.Д, бэр Р.А нарын гуйснаар 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Шинэ-Идэр сумын Төрийн банкны тооцооны төвөөс 19,000,000 (арван есөн сая) төгрөгийн малчны зээл авч өгсөн. Миний авсан зээлээс банк шимтгэлд 190,000 төгрөг, даатгалд 96,000 төгрөг суутгаж авсан. Тухайн үед хүү Г.Д, бэр Р.А нар мал махны наймаа хийдэг байсан. Зээлээ төлөхгүй байсан тул би 3 удаа зээл, зээлийн хүүг төлсөн. Би зээл, зээлийн хүүгийн хоёр удаагийн төлөлтөөр нийт 4,374,630 төгрөг төлснөөс хүүнд нь төлсөн төлбөр 3,374,630 төгрөг болсон. Үүн дээр үндсэн зээл 18,737,000 төгрөгийг нэмэхэд 22,111,630 төгрөг болж байна. Би өөрийн нэр дээр зээл авсан тул банкинд зээлийг эргэн төлж байгаа. Зээл, зээлийн хүү, нийт 22,111,630 төгрөгөөс хүү Г.Даас 11,055,815 төгрөг, бэр Р.Аээс 11,055,815 төгрөгийг тус тус гаргуулна гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагч Г.Д дараах үндэслэлээр тайлбар өгсөн. Үүнд: Манай эхнэр Р.А намайг ятгаж, аав, ээж хоёроор Шинэ-Идэр сумын Төрийн банкны тооцооны төвөөс 19,000,000 (арван есөн сая) төгрөгийн малчны зээл авахуулсан. Би мөнгийг аваад эхнэр Р.Ат өгч, банкны зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөхөөр авсан. Малчны зээл сар бүр төлөлт хийдэггүй. Би архи уухгүй 5 жил болсон, энэ хугацаандаа мал махны наймаа хийдэг, Р.А бүх тооцоог нь хийж түүний дансаар наймааны мөнгө төгрөгөө шилжүүлдэг байсан. Аав, ээжээр зээл авахуулсан мөнгийг Р.А миний оролцоогүйгээр Бэлтэсмөрөн, койн гэх зүйлд хийж, авсан ашигаасаа зээлийн төлбөрт хийгээгүй. Аав, ээж хоёроор авахуулсан зээл, зээлийн хүүг Р.А, бид хоёр төлөх ёстой. Би 11,055,815 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбарлав.

5. Хариуцагч Р.А нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний данс руу Г.Даас 7,000,000 төгрөг орж ирэхэд хадам аав зээл авч өгснийг сүүлд мэдсэн. Гэхдээ хэдэн төгрөгийн зээл авсныг мэдээгүй, надад хэлээгүй. Нөхөр Г.Д мал мах авдаг байсан, өөрөө банкны картгүй болохоор миний данс руу мал мах авах мөнгөө хийдэг, шилжүүлэг хийгээрэй гэхэд нь хийдэг байсан. Ковидын үед мал мах авч болохгүй байсан тул бэлэн мөнгө зүгээр байлгаж байхаар гээд Бэлтэсмөрөн ХХК руу мөнгө хийгээд авч байсан. Би Г.Дын 2021 онд Төрийн банкнаас авсан зээлийг 2022 оныг дуустал төлсөн. Одоо би өөрөө цалингийн зээлтэй учраас зээлийг төлөх боломжгүй, дээрх зээлийг авахуулаагүй учир төлөхгүй гэж тайлбарлалаа.

6. Хэрэгт авагдсан нотлох баримтшүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч Ш.Г 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн банкны Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын тооцооны төвөөс 19,000,000 (арван есөн сая) төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4 хувааж төлөх нөхцөлтэйгээр малчны зээл авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Төрийн банкны Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын тооцооны төвийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн МN140034202201847466 дугаар Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалт, Ш.Ггийн Төрийн банкны *********************дугаар дансны Харилцах дансны харилцагчийн хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 3-4, 28 дахь тал)

Мөн Ш.Г малчны зээлийн эргэн төлөлтөөс өөрийн Төрийн банкны ******************дугаар дансаар 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 2,197,270.56 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2,155,167.13 төгрөг, бүгд 4,352,437.69 төгрөг шилжүүлэн төлжээ. (хавтаст хэргийн 28 дахь тал)

Хариуцагч Г.Д, Р.А нар 1997 онд гэр бүл болсон тухай зохигчийн тайлбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарсан 23670101001002 дугаар Гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдов.

Нэхэмжлэгч Ш.Ггийн Төрийн банкны ******************** дугаар малчны харилцах данснаас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 8,000,000 төгрөг бэлнээр авч, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 2,900,000 төгрөг, 2,800,000 төгрөг, 2,537,000 төгрөг, 2,500,000 төгрөг, нийт 10,737,000 төгрөгийг Г.Дын ХААН банкны *******************дугаар данс руу шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 28 дахь тал)

Хариуцагч Г.Дын ...аав, ээж хоёроор Шинэ-Идэр сумын Төрийн банкны тооцооны төвөөс 19,000,000 (арван есөн сая) төгрөгийн малчны зээл авахуулсан. Тус зээлээс 8,000,000 (найман сая) төгрөг бэлнээр, бусад мөнгийг 2,000,000 гаруй төгрөгөөр хэд хэдэн удаа миний данс руу хувааж хийсэн. Би мөнгийг аваад Ат өгсөн... гэх тайлбар, хариуцагч Р.Аийн ...Миний данс руу Г.Даас 7,000,000 төгрөг орж ирэхэд хадам аав зээл авч өгснийг сүүлд мэдсэн. Гэхдээ хэдэн төгрөгийн зээл авсныг мэдээгүй, надад хэлээгүй... гэх тайлбар, Ш.Ггийн Төрийн банкны ********************* дугаар дансны Харилцах дансны харилцагчийн хуулга, Г.Дын ХААН банкны ******************* дугаар дансны хуулга, Р.Аийн ХААН банкны ******************* дугаар дансны хуулга зэрэг баримтаар Ш.Ггээс 18,737,000 төгрөгийг хариуцагч Г.Д, Р.А нар хүлээн авсан болох нь тогтоогдсон тул талуудын хооронд зээлийн харилцаа үүсчээ. Тодруулбал зохигчийн хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан байна. (хавтаст хэргийн 28, 47, 49, 52 дахь тал)

Хариуцагч Г.Д нь эцэг Ш.Ггээр зээл авахуулсан талаар маргаагүй.

Харин хариуцагч Р.А нь хадам аав Ш.Ггээр зээл авахуулах талаар надад мэдэгдээгүй, хэдэн төгрөгийн зээл авсныг мэдэхгүй, Г.Д над руу мөнгө шилжүүлэхэд мэдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, 126.2-д Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна, 126.2.1-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө гэж тус тус заасны дагуу хариуцагч Г.Д, Р.А нарын мал мах худалдан авч, бусдад зарж борлуулан, түүнээс олж байгаа орлого нь тэдний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлд хамаарна. Тодруулбал гэрлэгчид болох Г.Д, Р.А нарын гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон эд хөрөнгө хамтран өмчлөх дундын өмч болно. Ш.Ггээр авахуулсан зээлийн мөнгөөр мал мах худалдан авч, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан тул зээлж авсан мөнгийг Г.Д, Р.А нар хамтран хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч Р.А хадам ааваас зээлсэн мөнгийг авч хэрэглээгүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнэхэд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч нараас зээл авч өгсөн мөнгөө гаргуулахаар шаардах эрхтэй.

Иймд хариуцагч Г.Даас зээл, зээлийн хүүгийн төлбөрт 11,055,815 (арван нэгэн сая тавин таван мянга найман зуун арван тавтөгрөг, хариуцагч Р.Аээс зээл, зээлийн хүүгийн төлбөрт 11,055,815 (арван нэгэн сая тавин таван мянга найман зуун арван тав) төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ш.Гд олгохоор шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,508 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Даас улсын тэмдэгтийн хураамж 134,254 төгрөг, хариуцагч Р.Аээс улсын тэмдэгтийн хураамж 134,254 төгрөг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Ш.Гд олгож байна.

8. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: 1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн Ш.Ггийн ХААН банкны ......................дугаар дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга нотлох баримтын шаардлага хангахгүй, Г.Дын Төрийн банкны Зээлийн дансны харилцагчийн хуулга хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хариуцагч Р.Аийн ХААН банкны ......................дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулга хэрэгт давхар авагдсан. (хавтаст хэргийн 5, 29-30, 32 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 зааснаар хариуцагч Г.Даас зээл, зээлийн хүүгийн төлбөрт 11,055,815 (арван нэгэн сая тавин таван мянга найман зуун арван тав) төгрөг, хариуцагч Р.Аээс зээл, зээлийн хүүгийн төлбөрт 11,055,815 (арван нэгэн сая тавин таван мянга найман зуун арван тав) төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ш.Гд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,508 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Даас улсын тэмдэгтийн хураамж 134,254 төгрөг, хариуцагч Р.Аээс улсын тэмдэгтийн хураамж 134,254 төгрөг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Ш.Гд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА