Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 225/МА2023/00020

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 225/МА2023/00020

 

 

 

Ш.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 155/ШШ2023/00458 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ш.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Дарханбаяр, Р.Алтанцэцэг нарт холбогдох

Зээл, зээлийн хүүгийн төлбөрт 22,111,630 (хорин хоёр сая нэг зуун арван нэгэн мянга зургаан зуун гуч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Р.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 81 настай, эхнэрийн хамт тэтгэврийн орлогоор амьдардаг. Хүү Г.Дарханбаяр, бэр Р.Алтанцэцэг нарын гуйснаар 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Шинэ-Идэр сумын Төрийн банкны тооцооны төвөөс 19,000,000 (арван есөн сая) төгрөгийн малчны зээл авч өгсөн. Тус зээлээс бэлнээр 8,000,000 (найман сая) төгрөг, үлдсэнийг нь Г.Дарханбаярын данс руу 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 2,900,000 төгрөг, 2,800,000 төгрөг, 2,537,000 төгрөг, 2,500,000 төгрөгөөр хуваан 4 удаа гүйлгээ хийж, нийт 18,737,000 төгрөг шилжүүлсэн. ...Зээл төлөх хугацаа болоход Р.Алтанцэцэг, Г.Дарханбаяр нар зээлээ төлөхгүй байсан тул би 3 удаа зээл, зээлийн хүүг төлсөн. Манай хүү, бэр хоёр маань 2022 оноос тусдаа амьдарснаас хойш Г.Дарханбаяр байнга архи ууж, Р.Алтанцэцэг мөнгө аваагүй гэж байгаа болохоор намайг зальдаж байна гэж ойлгож байгаа. Эхнэр, бид хоёр цаашид энэ зээлийг төлж чадахгүй болж байна. Би зээл, зээлийн хүүгийн хоёр удаагийн төлөлтөөр нийт 4,374,630 төгрөг төлснөөс хүүнд нь төлсөн төлбөр 3,374,630 төгрөг болсон. Үүн дээр үндсэн зээл 18,737,000 төгрөгийг нэмэхэд 22,111,630 төгрөг болж байна. Би өөрийн нэр дээр зээл авсан тул банкинд зээлийг эргэн төлж байна. Г.Дарханбаяр, Р.Алтанцэцэг нараас зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хувааж гаргуулна.

Иймд зээл, зээлийн хүү, нийт 22,111,630 төгрөгөөс хүү Г.Дарханбаяраас 11,055,815 төгрөг, бэр Р.Алтанцэцэгээс 11,055,815 төгрөгийг тус тус гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Дарханбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Манай эхнэр Р.Алтанцэцэг намайг ятгаж, аав, ээж хоёроор Шинэ-Идэр сумын Төрийн банкны тооцооны төвөөс 19,000,000 (арван есөн сая) төгрөгийн малчны зээл авхуулсан. Тус зээлээс 8,000,000 (найман сая) төгрөг бэлнээр, бусад мөнгийг 2,000,000 гаруй төгрөгөөр хэд хэдэн удаа миний данс руу хувааж хийсэн. Би мөнгийг аваад эхнэр Р.Алтанцэцэгт өгсөн. Бид банкны зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөхөөр авсан. ...Аав, ээжээр зээл авахуулсан мөнгийг Р.Алтанцэцэг миний оролцоогүйгээр, надад мэдэгдэлгүйгээр Бэлтэс Мөрөн, койн гэх зүйлд хийж авсан ашгаасаа зээлийн төлбөрт хийгээгүй.

...Аав, ээж хоёроор авахуулсан зээл, зээлийн хүүг Р.Алтанцэцэг бид хоёр төлөх ёстой. Би 11,055,815 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Р.Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Би нөхөр Г.Дарханбаяртай 1997 онд гэр бүл болж, 25 жил хамт амьдарсан хугацаанд тэрээр архины хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэл тогтмол үйлддэг байсан болохоор 2022 оны 4 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байна. Нөхөр Г.Дарханбаяр бид хоёр хадам аав Ш.*******гээр урьд нь оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлөхөөр, мөн нэмж авахуулж байсан зээлээ цаг хугацаанд нь төлж барагдуулсан. Миний данс руу Г.Дарханбаяраас 7,000,000 төгрөг орж ирэхэд хадам аав зээл авч өгснийг сүүлд мэдсэн. Гэхдээ хэдэн төгрөгийн зээл авсныг мэдээгүй, надад хэлээгүй. Нөхөр Г.Дарханбаяр мал мах авдаг байсан. Өөрөө банкны картгүй болохоор миний данс руу мал мах авах мөнгөө хийдэг, шилжүүлэг хийгээрэй гэхэд нь хийдэг байсан. Бид хүнээс мөнгө зээлж аваад буцаагаад өгдөг байсан. Ковидын үед мал мах авч болохгүй байсан тул бэлэн мөнгө зүгээр байлгаж байхаар гээд Бэлтэс Мөрөн ХХК-руу мөнгө хийгээд авч байсан. Би Г.Дарханбаярын 2021 онд Төрийн банкнаас авсан зээлийг 2022 оныг дуустал төлсөн. Одоо би өөрөө цалингийн зээлтэй учраас зээлийг төлөх боломжгүй, дээрх зээлийг авахуулаагүй учир төлөх үндэслэлгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 155/ШШ2023/00458 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 зааснаар хариуцагч Г.Дарханбаяраас зээл, зээлийн хүүгийн төлбөрт 11,055,815 (арван нэгэн сая тавин таван мянга найман зуун арван тав) төгрөг, хариуцагч Р.Алтанцэцэгээс зээл, зээлийн хүүгийн төлбөрт 11,055,815 (арван нэгэн сая тавин таван мянга найман зуун арван тав) төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,508 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дарханбаяраас улсын тэмдэгтийн хураамж 134,254 төгрөг, хариуцагч Р.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 134,254 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Р.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо: ...Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Дарханбаяраас 11,055,815 төгрөгийг, хариуцагч Р.Алтанцэцэг надаас мөн 11,055,815 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Миний бие нөхөр Г.Дарханбаяртай гэр бүлийн таарамжгүй байдлаас өөрөөр хэлбэл Г.Дарханбаярын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болсонтой холбоотойгоор тусдаа амьдарч байгаа. Нөхөр бид хоёр мал махны наймаа эрхэлдэг байсан юм. Хадам эцэг Ш.*******гээс зээл авхуулах талаар нөхрийгөө ятгасан, мөн хадам эцэгтэйгээ миний бие зээл авхуулах талаар ярьж тохиролцсон гуйсан хэлэлцэн тохирсон зүйл байхгүй.

...Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн зээл авсан талаар нотлох баримт байна. Гэвч уг мөнгийг бүгдийг Г.Дарханбаярт шилжүүлсэн талаар баримтгүй байдаг. Өөрөөр хэлбэл 8 сая төгрөгөөр бусдын дансаар шилжүүлсэн гэсэн атлаа 8 сая төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг. Нэгэнт эцэг, хүү хоёр нэг санаа зорилготой, өөрөөр хэлбэл иргэний хэрэгт нэг нь нэхэмжлэгч, нөгөөх нь хариуцагч гэсэн байр сууринаас оролцож байгаа боловч тэд нэг зорилготой байхад шүүх анзаарч дүгнэсэнгүй.

Мөн би хадам эцэг Ш.*******тэй зээл авах талаар нэг ч удаа яриагүй, шүүх хуралдаан дээр хадам аав ******* үүнийгээ хүлээн зөвшөөрсөн байхад бидний хооронд зээлийн харилцаа үүссэн гэж шүүх үзсэнийг гайхаж байна. Г.Дарханбаяр манай эхнэр намайг ятгаж ааваараа зээл авахуулсан гээд хэлчихэд л би очоод хадам эцэгтэйгээ уулзаад зээл авхуулсан болоод бүр бидний хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэхэд хүргэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Энэ зээлийн харилцаанд оролцогчид нь хоорондоо энэ талаар ярьж тохироогүй байхад үүсчихдэг харилцаа гэж ойлгогдож байна.

Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэр бүлийн гишүүдийн дундын өмчийг хэрхэн тодорхойлох заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь тухайн зээлийн харилцаанд гэр бүлийн маргааныг шийдвэрлэх дундын өмчийг зохицуулалтыг хольж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн хариуцагч Г.Дарханбаяр нь миний данс руу 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд энэ үед би ааваасаа мөнгө авсныг мэдсэн. Тэр хоёрын хооронд ямар тохиролцоо хийгдсэнийг би мэдэхгүй. Би*******ын данс руу уг мөнгийг буцаан шилжүүлсэн байдаг. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй гэжээ. Би нэхэмжлэгчээс дансаараа дамжуулж мөнгө аваагүй. Хариуцагч Г.Дарханбаяраас шилжиж орж ирсэн мөнгийг эргүүлэн шилжүүлсэн зэрэг нь баримтаар нотлогдож байхад нотолж чадаагүй гэсэн нь үндэслэлгүй болсон байна. Хариуцагч миний тухайд нэхэмжлэгч Ш.******* бид хоёрын хооронд ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй тул би хариуцах үүрэг хүлээх этгээд биш гэж өөрийгөө бодож байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 155/ШШ2023/00458 дугаар шийдвэрийг хянаж, надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Г.Дарханбаатар, Р.Алтанцэцэг нарт

холбогдуулан зээл, зээлийн хүүгийн төлбөрт 22,111,630 (хорин хоёр сая нэг зуун арван нэгэн мянга зургаан зуун гуч) төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Дарханбаяр нэхэмжлэлийн шаардлагаас 11,055,815 төгрөг төлөхийг зөвшөөрч хариуцагч Р.Алтанцэцэг эс зөвшөөрч, маргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.*******гийн гаргасан хүсэлтийн зарим хэсэг болох ...Г.Дарханбаяр нь 5916430405 тоот данстай, Р.Алтанцэцэг нь ХААН банкны 5890550702 тоот данстай гэх ба тэдгээр дансны хуулга, бүх банкны дансны хуулга гаргуулах хүсэлтээс шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 155/ШЗ2023/01540 дугаартай захирамжаар Р.Алтанцэцэг нь ХААН банкны 5890550702 тоот дансны хуулгыг гаргуулах хэсгийг хангаж, бүх банкны дансны хуулга гаргуулах хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн нь буруу болжээ.

3.Өөрөөр хэлбэл Р.Алтанцэцэгийн эзэмшлийн бүх банкны дансны хуулга гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан бөгөөд Р.Алтанцэцэгийн эзэмшлийн бүх банкны дансны хуулгыг шүүх бүрдүүлэх нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтооход ач холбогдолтой гэж үзнэ.

4.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын: ....Алтанцэцэг нь бусад банкинд данстай, түүгээрээ гүйлгээ хийдэг. Мөн 5890550702 данснаас өөр ХААН банкинд бас данс эзэмшдэг, уг дансаар мөнгө авч байсныг шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн... гэх тайлбар нь хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол, үндэслэлтэй.

5. Иймд шүүх нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул хариуцагчийн гаргасан ...Хадам эцэг Ш.*******гээс зээл авахуулах талаар нөхрийгөө ятгасан, мөн хадам эцэгтэйгээ зээл авахуулах талаар ярьж тохиролцсон, гуйсан зүйл байхгүй, нэгэнт эцэг, хүү хоёр нэг санаа зорилготой, өөрөөр хэлбэл иргэний хэрэгт нэг нь нэхэмжлэгч, нөгөөх нь хариуцагч гэсэн байр сууринаас оролцож байгаа боловч тэд нэг зорилготой байхад шүүх анзаарч дүгнэсэнгүй. Зээл аваагүй тул төлбөрийг төлөхгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй.

6. Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул хариуцагчийн давж заалдах гомдол журмаар гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191, 843 төгрөгийг зохих данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргаж хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 155/ШШ2023/00458 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,843 /нэг зуун ерэн нэгэн мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                             Н.БАЯРХҮҮ    

Л.ЭРДЭНЭБАТ