Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 225/МА2023/00029

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 225/МА2023/00029

 

 

 

Ш.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШШ2023/00948 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ш.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Дарханбаяр, Р.Алтанцэцэг нарт холбогдох

Зээл, зээлийн хүүгийн төлбөрт 24,811,630 (хорин дөрвөн сая найман зуун арван нэгэн мянга зургаан зуун гуч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Дарханбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Р.Алтанцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 81 настай, эхнэрийн хамт тэтгэврийн орлогоор амьдардаг. Хүү Г.Дарханбаяр, бэр Р.Алтанцэцэг нарын гуйснаар 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Шинэ-Идэр сумын Төрийн банкны тооцооны төвөөс 19,000,000 (арван есөн сая) төгрөгийн малчны зээл авч өгсөн. Тус зээлээс бэлнээр 8,000,000 (найман сая) төгрөг, үлдсэнийг нь Г.Дарханбаярын данс руу 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 2,900,000 төгрөг, 2,800,000 төгрөг, 2,537,000 төгрөг, 2,500,000 төгрөгөөр хуваан 4 удаа гүйлгээ хийж, нийт 18,737,000 төгрөг шилжүүлсэн. Зээл төлөх хугацаа болоход Р.Алтанцэцэг, Г.Дарханбаяр нар зээлээ төлөхгүй байсан тул би 3 удаа зээл, зээлийн хүүг төлсөн. Манай хүү, бэр хоёр маань 2022 оноос тусдаа амьдарснаас хойш Г.Дарханбаяр байнга архи ууж, Р.Алтанцэцэг мөнгө аваагүй гэж байгаа болохоор намайг зальдаж байна гэж ойлгож байгаа. Эхнэр, бид хоёр цаашид энэ зээлийг төлж чадахгүй болж байна. Би зээл, зээлийн хүүгийн хоёр удаагийн төлөлтөөр нийт 4,374,630 төгрөг төлснөөс хүүнд нь төлсөн төлбөр 3,374,630 төгрөг болсон. Үүн дээр үндсэн зээл 18,737,000 төгрөгийг нэмэхэд 22,111,630 төгрөг болж байна. Би өөрийн нэр дээр зээл авсан тул банкинд зээлийг эргэн төлж байна. Г.Дарханбаяр, Р.Алтанцэцэг нараас зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хувааж гаргуулна.

Иймд зээл, зээлийн хүү, нийт 22,111,630 төгрөгөөс хүү Г.Дарханбаяраас 11,055,815 төгрөг, бэр Р.Алтанцэцэгээс 11,055,815 төгрөгийг тус тус гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Дарханбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Манай эхнэр Р.Алтанцэцэг намайг ятгаж, аав, ээж хоёроор Шинэ-Идэр сумын Төрийн банкны тооцооны төвөөс 19,000,000 (арван есөн сая) төгрөгийн малчны зээл авхуулсан. Тус зээлээс 8,000,000 (найман сая) төгрөг бэлнээр, бусад мөнгийг 2,000,000 гаруй төгрөгөөр хэд хэдэн удаа миний данс руу хувааж хийсэн. Би мөнгийг аваад эхнэр Р.Алтанцэцэгт өгсөн. Бид банкны зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөхөөр авсан. Аав, ээжээр зээл авахуулсан мөнгийг Р.Алтанцэцэг миний оролцоогүйгээр, надад мэдэгдэлгүйгээр Бэлтэс Мөрөн, койн гэх зүйлд хийж авсан ашгаасаа зээлийн төлбөрт хийгээгүй.

Аав, ээж хоёроор авахуулсан зээл, зээлийн хүүг Р.Алтанцэцэг бид хоёр төлөх ёстой. Би 11,055,815 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Р.Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Би нөхөр Г.Дарханбаяртай 1997 онд гэр бүл болж, 25 жил хамт амьдарсан хугацаанд тэрээр архины хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэл тогтмол үйлддэг байсан болохоор 2022 оны 4 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байна. Нөхөр Г.Дарханбаяр бид хоёр хадам аав Ш.*******гээр урьд нь оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлөхөөр, мөн нэмж авахуулж байсан зээлээ цаг хугацаанд нь төлж барагдуулсан. Миний данс руу Г.Дарханбаяраас 7,000,000 төгрөг орж ирэхэд хадам аав зээл авч өгснийг сүүлд мэдсэн. Гэхдээ хэдэн төгрөгийн зээл авсныг мэдээгүй, надад хэлээгүй. Нөхөр Г.Дарханбаяр мал мах авдаг байсан. Өөрөө банкны картгүй болохоор миний данс руу мал мах авах мөнгөө хийдэг, шилжүүлэг хийгээрэй гэхэд нь хийдэг байсан. Бид хүнээс мөнгө зээлж аваад буцаагаад өгдөг байсан. Ковидын үед мал мах авч болохгүй байсан тул бэлэн мөнгө зүгээр байлгаж байхаар гээд Бэлтэс Мөрөн ХХК-руу мөнгө хийгээд авч байсан. Би Г.Дарханбаярын 2021 онд Төрийн банкнаас авсан зээлийг 2022 оныг дуустал төлсөн. Одоо би өөрөө цалингийн зээлтэй учраас зээлийг төлөх боломжгүй, дээрх зээлийг авахуулаагүй учир төлөх үндэслэлгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШШ2023/00948 дугаар шийдвэрээр .Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Г.Дарханбаяраас 24,811,630 (хорин дөрвөн сая найман зуун арван нэгэн мянга зургаан зуун гуч) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгож, хариуцагч Р.Алтанцэцэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,658 (гурван зуун хорин зургаан мянга зургаан зуун тавин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дарханбаяраас улсын тэмдэгтийн хураамж 282,008 (хоёр зуун наян хоёр мянга найм) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Дарханбаяр давж заалдах гомдолдоо: Миний бие Г.Дарханбаяр нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШШ2023/00948 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхээ мэдэхгүй, Иргэний хуулийн гэрээний ерөнхий зохицуулалтыг ч мэдэхгүй, түүнчлэн хэрэг хяан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчтэй миний бие болон хамтран зээлэгч******* нар зээлийн гэрээний эрх үүргээр холбогдсон байхад гэрээ байгуулаагүй байна гэж дүгнэсэн нь ямар ч ухаантай хүний ой тоонд орохооргүй өрөөсгөл дүгнэлт бөгөөд зээлийн гэрээг заавал бичгээр хийх шаардлагагүй, харин хүү тооцсон бол заавал бичгээр хийх хуулийн зохицуулалттайг анхаарсангүй.

Алтанцэцэгийн гурвын гурван данстай хоёр банкинд байдгийг нөхөр болох миний бие нэг данснаас өөр дансыг мэдэхгүй бөгөөд мэдэх түүний данс руу миний дүү Энхбаатарын болон түүний өөрийнх нь дансаар мөнгө дамжин орсон болох нь тогтоогдсон байхад, миний эх эцэг хоёр архи уудаг надад биш*******т манай гэр бүлийг дэмжиж өгсөн байхад энэ байдал шүүх хуралдаанд тогтоогдоод байхад Шүүх*******ийн би мэдээгүй гэдэг үгээр үг хийсэн нь бусад нотлох баримттай зөрчилдсөнийг анхаарсангүй.

Нөгөө талаар зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг өөрөө Аптанцэцэгээс улбаатай бөгөөд түүнд нь эх эцэг хоёр маань итгэж надаар дамжуулж өгсөн байхад аавын хэлсэн ...Алтанцэцэгт бол мөнгийг бэлнээр өгөөгүй, ингэж өгснийг бараг мэдээгүй байх... гэсэн үгийг, мөн бид хоёроос тэнцүү хэмжээгээр гаргуулахыг хүссэн шаардлагад өөрийн оногдох хэсгийг бүгдийг төлөх миний хүсэл зоригийг шүүх өөрчилж бүгдийг надаар төлүүлэх шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Тэгээд ч 10.0 сая төгрөгийг найман удаа миний мэдэхээр Бэлтэс мөрөнд хийж өсгөж авсан нь баримтаар нотлогдож******* хүлээсэн байхад шүүх мэдээгүй гэж шийдсэн нь ойлгомжгүйгээс гадна шүүхийн энэ байдал хэргийн бодит байдалд нийцсэн гэхээсээ нэг талд орсон гэх үндэслэлийг буй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд******* нь өмнө нь зээл авч өгч байсан, сая дансанд ийм хэмжээний их мөнгө ороод ирэхээр мэдсэн гэснээс үзэхэд түүнтэй зээлийн гэрээ байгуулжээ гэж үзэх үндэстэй юм.

Нөгөө талаар гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болдог бөгөөд энэ үүднээс үзвэл уг зээлийн хөрөнгө нь манай дундын өмч тул энэ агуулгыг шүүх анхаарсангүй. Өмнөх Б.Отгонбямба Ерөнхий шүүгчийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр байсан бөгөөд ядаж энэ үндэслэлийг шүүх харсангүй.

Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Г.Дарханбаяр, Р.Алтанцэцэг нарт холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр банкнаас авсан 19,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлбөр 22,111,630 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 24,811,630 (хорин дөрвөн сая найман зуун арван нэгэн мянга зургаан зуун гуч) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн банкнаас жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 4 хувааж төлөх нөхцөлтэйгээр 19,000,000 төгрөгийн малчны зээл авч хүү Г.Дарханбаяр, бэр Р.Алтанцэцэг нарт өгсөн. Зээлийн шимтгэлд 190,000 төгрөг, даатгалд 96,000 төгрөгийг банк суутган, 18,737,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг хүү Г.Дарханбаярт бэлнээр, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нийт 4 удаагийн гүйлгээгээр Г.Дарханбаярын данс руу 10,737,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед хариуцагч нар нь зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөхөөр тохирсон тул зээл, зээлийн хүүд төлсөн 24,811,630 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэсэн байна.

Хариуцагч Г.Дарханбаяр нь манай гэр бүлийн хүн болох Р.Алтанцэцэг бид хоёр аавын нэр дээр банкнаас 20 сая төгрөгийн зээлийг авсан, бид хоёр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх ёстой ч гэр бүлийн маргааны улмаас төлөлт хийж чадахгүй өдий хүрсэн талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

Хариуцагч Р.Алтанцэцэг нь ...Г.Дарханбаяр нь өөрөө интернэт банк ашиглаж чаддаггүй учраас миний дансаар мөнгөө шилжүүлж гүйлгээ хийлгэдэг байсан учраас тухайн үед аав, ээж хоёроороо зээл авахуулсан гэж мэдээгүй, мөн аваагүй учраас төлөхгүй... гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ш.******* нь Төрийн банкны Хөвсгөл Шинэ-Идэр тооцооны төвөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр MN140034202201847466 дугаартай барьцаат зээлийн гэрээ /малчин/ байгуулан 19,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, 4 удаа хуваан төлөх нөхцөлтэйгээр зээлж, зээлийн барьцаанд 499 толгой мал, гэр, ДДИШ антенн, зурагт, өвөлжөө, хаваржаа зэргийг барьцаалсан байна. (хх-ийн 3-4, 28 дугаар тал)

Дээрх нөхцөлөөр авсан зээлээс нэхэмжлэгч Ш.******* нь бэлнээр 8,000,000 төгрөгийг хариуцагч Г.Дарханбаярт өгсөн, мөн 4 удаагийн үйлдлээр нийт 10,737,000 төгрөгийг хариуцагч Г.Дарханбаярт шилжүүлсэн үйл баримтын талаар хариуцагч Г.Дарханбаяр маргаагүй байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч Ш.*******гийн Төрийн банкны 202200083507 дугаартай харилцах дансны харилцагчийн хуулга, ХААН банкны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5890/197 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г.Дарханбаярын эзэмшлийн 5916430405 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдсон байна (хх-ийн 28, 46, 47-59 дүгээр тал).

Энэхүү үйл баримтын талаар анхан шатны шүүх ...Ш.*******, Г.Дарханбаяр нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан  зээлийн  эрх зүйн харилцаа үүссэн, мөн хуулийн 227.1, 227.3-т заасан үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага бий болсон гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Г.Дарханбаяраас 24,811,630 (хорин дөрвөн сая найман зуун арван нэгэн мянга зургаан зуун гуч) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгож, хариуцагч Р.Алтанцэцэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч Г.Дарханбаярын гаргасан ...хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчтэй миний бие болон хамтран зээлэгч******* нар зээлийн гэрээний эрх үүргээр холбогдсон байхад гэрээ байгуулаагүй байна гэж дүгнэсэн нь ямар ч ухаантай хүний ой тоонд орохооргүй өрөөсгөл дүгнэлт бөгөөд зээлийн гэрээг заавал бичгээр хийх шаардлагагүй, харин хүү тооцсон бол заавал бичгээр хийх хуулийн зохицуулалттайг анхаарсангүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Г.Дарханбаяр нарын хооронд үүссэн өр, авлагын асуудал нь хариуцагч Р.Алтанцэцэгт мөн адил хамааралтай эсэх нь маргааны зүйл болжээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Р.Алтанцэцэг нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь банкнаас авсан зээл буюу мөнгийг хариуцагч Г.Дарханбаярт шилжүүлэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх ба энэ талаар хариуцагч Г.Дарханбаяр маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүргийн харилцаа үүсчээ.

Үүргийн харилцаанд үүрэг гүйцэтгэгч /Г.Дарханбаяр/ нь үүрэг гүйцэтгүүлэгч /Ш.*******/-ийн өмнө тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байх үүргийг хүлээх бөгөөд хариуцагч Г.Дарханбаярын тухайд хэлэлцэн тохиролцсон ёсоор шилжүүлэн авсан мөнгийг буцаан өгөх үүргийг хүлээсэн гэж үзнэ.

Нөгөө талаар талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгууллагдсан байх тул нэхэмжлэгч гэрээнээс үүдэлтэй шаардах эрхээ мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Харин хариуцагчийн Г.Дарханбаярын хувьд зээлийн гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой гарсан мөнгийг өр хуваах замаар холбогдох этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй гэж дүгнэлт хийсэн анхан шатны шийдвэр үндэслэлтэй болжээ.

Иймд хариуцагч Г.Дарханбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШШ2023/00948 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                             Н.БАЯРХҮҮ    

Л.ЭРДЭНЭБАТ