Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/04375

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/04375

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, Хангайн ... дугаар гудамжны ... тоот, регистр ..., Г.Ө ХХК,

Хариуцагч: ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Ж хутагт Д-ын гудамж, Оймхон оффис 3 дугаар давхрын ... тоот, регистр ..., Ш.Л.М ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: хохирол 94 505 063 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тамир /үнэмлэх 2571/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Ө ХХК нь Ш.Л.М ХХК-д холбогдуулан 94 505 063 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Манай компани нь БНХАУ-аас импортоор хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан 60 гаруй нэр төрлийн нарийн ногоо худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани олон улсын тээвэрлэлтийн компани Ш.Л.М ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тээвэрлэлтийн гэрээний дагуу хамтран ажилласан. 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр манай харилцагч С.С.М ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюу толгойн гүний уурхайн ... тонн 303 грамм 95 246 681.81 төгрөгөөр хүнсний нарийн ногоо жимс худалдан авахаар захиалга өгсөн. Захиалгын дагуу 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Ш.Л.М ХХК-иар Оюу толгойн гүний уурхайд 94 504 063 төгрөгийн нарийн ногоо, жимсийг тээвэрлүүлэхээр захиалга өгч, гэрээний гол нөхцөл бол болох тээврийн хөлс, нэмэлт нөхцөл болох хөргүүрийн температурыг тусгайлан албан ёсоор +2-/+4 градуст тээвэрлүүлэхээр тохиролцсон. Энэ нь хариуцагч компанийн захиралтай харилцсан бичгээр бичвэр буюу Ви чатаар нотлогддог. Манай компанийн тусгай хөргүүртэй ногооны агуулахаас 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тээвэрлэхээр тохиролцсон барааг тээвэрлэгч компани машинд ачиж замдаа гарахад бэлэн болсон. Тус хүнсний ногоонд 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гаалиар орж ирсэн бөгөөд биет үзлэг шалгалтаар ургамлын хорио цээртэй зүйл илрээгүй, гадны гэмтэлгүй, үнэргүй байсан бөгөөд Гаалийн ерөнхий газраас ... дугаар амьтан, ургамал, түүхий эдийн импортын гэрчилгээ болон камерын бичлэгүүдээр тус тус нотлогддог. Гэвч хариуцагч компани нь тээврийн үйлчилгээ хийж байх хугацаанд тээвэрлэлтийн үеийн температурын горим хангаж хөргүүрийг ажиллуулж тээвэрлээгүйн улмаас жимс, нарийн ногоонд бүрэн хэмжээгээр өөрчлөлт орсон, муудахад бэлэн болсон байдалтай хүлээн авагч компанид очсон. Энэ нь С.С.М ХХК-с манай компани компанийн илгээсэн үл тохирлын тайлангаас, мөн тайланд хавсаргасан гэрэл зургуудаас харагддаг. Жимс, хүнсний нарийн ногоонууд хүлээн авагчид очих үедээ нэмэх 23,7 градус байсан ба зарим хүнсний ногооны хувийн дулаан нь 22.8, 20.4 зэрэг температуртай тээвэрлэгдэж очсон учраас С.С.М ХХК нь барааг хүлээн авахаас татгалзаж буцаасан. Тээвэрлэгч компани нь ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаан дахь барааг гэмтээхгүй байх захиалагчийн зааварчилгааг биелүүлэх зэрэг үүргээ тус тус зөрчсөн. Үүнээс болж 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тээвэрлүүлсэн бүх жимс нарийн ногоо, хүнсний ногоо нь муудаж ирсэн бөгөөд тээвэрлэлт хийсэн машин буцаж ирэхдээ өөр тээврийн хэрэгсэл ашиглаад чиргүүлийн толгойг нь сольсон замдаа саатсан зэрэг байдалтай ирсэн. Тээвэрлүүлсэн ногоог буцаж ирэхэд тээвэрлэгчтэй хамт бичлэг хийж баталгаажуулсан. Тээвэрлүүлсэн ногоо зориулалтын дагуу хэрэглэх боломжгүй болсон тул эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулж, хохирлыг төлүүлэх талаар хариуцагч компанид хандахад даатгалаар нөхөн төлж барагдуулна, температурын горим хангаж тээвэрлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, муудсан хүнсний нарийн ногоог устгалд оруулсан. Муудсан жимс ногоог устгалд оруулахад 2 талын компанийн ажилчид нэг бүрчлэн тоолж акт үйлдэж, хариуцагчид хүлээлгэн өгөхөд нийт ... тонн 194 грамм буюу 94 505 063 төгрөгийн хүнсний ногоо байсан. Хариуцагч компани нь хүнсний ногоог гахайн фермд бордооны зориулалттай устгалд оруулна гэж хүлээн авсан. Гэвч манайд учирсан хохирлыг барагдуулаагүй байгаа болно. Иймд тээвэрлэлтийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд тээвэрлүүлсэн барааны үнэ болох 94 505 063 төгрөгийг Ш.Л.М ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хүнд даацын машинаар тээвэрлэлтийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр хийдэг. Г.Ө ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон байсан. Учир нь бага төлбөрөөр тээвэрлэлт хийх боломжгүй бол цаашид хамтран ажиллахгүй гэж үзээд гэрээний хугацаа сунгаагүй байсан. Хүнд даацын тусгай тоног төхөөрөмжтэй машиныг замд гаргасан, тээвэрлүүлэгч 2 хоногийн өмнө захиалга өгөөд тэрнийх нь дагуу тээвэрлэсэн. Ямар машин ямар ачаа тээвэрлэх тэрэнд нь зориулж тэр тусгай машиныг тоноглож бэлддэг. Өөрөөр хэлбэл, температурыг нь бэлдэнэ. Жишээ нь цемент ачих бол задгай байх, өвс ачих бол хучих зэргээр бэлдэнэ. Гэтэл нэхэмжлэгч тал тулсан захиалга өгсөн, онцгой ачаа ачих техникийн температурын горимд хүргэж ажиллах боломжоор хангаагүй, цаг хугацаа, орон зайн хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгч талын ажилтан Ж.Балжир 2022 оны 6 дугаар сарын 19-ний орой 17 цагт утсаар яриад, манайх 23 цагийн үед ачилт хийхээр очсон. Оюу толгой компани 6 дугаар сарын 20-ны өглөө очсон байх ёстой байсан. Оюу толгой бол Улаанбаатар хотоос 650 км-ийн зайтай байдаг. Ингээд ачсаар байгаад 20-ны өглөө 7 цагт Улаанбаатар хотоос хөдлөөд саад явсаар 23 цагийн үед очсон. Гэтэл маргааш нь буюу 21-ний 13 цагийн үед 15 цагийн дараа ачсан ногоо заасан температурт ирээгүй талаар мэдээлэл ирсэн. Энэ талаар итгэхгүй жолоочоо буулгаж хамт шалгуулах хүсэлт гаргасан. Жолооч тасралтгүй машинаа асаалттай кабиндаа байсан. Оюу толгой карантины онцгой нөхцөлд байсан учраас жолоочийг буулгаагүй. Харилцан ойлголцолд хүрэхгүй 5 цаг чингэлгийг онгорхой байлгаж байгаад 18 цагийн үед лацдаад буцаасан. Энэ үед хүлээн авагч тал хөргүүрийг ажиллуулаагүй унтраасан байсан. Буцах замдаа илүү муудвал яах вэ, өөр машинд шилжүүлэх, агуулахад буулгах зэрэг сонголтуудыг санал болгосон боловч нэхэмжлэгч тал бидэнд бараагаа шууд буцаагаад аваад ир гэсэн. Ингээд буцаад хөдөлсөн, замдаа чирэгч толгойд гэмтэл гарч хотоос дахин өөр чирэгч тээврийн хэрэгсэл явуулж ирсэн боловч Г.Ө ХХК 24 цагийн дараа ногоог хүлээн авах боломжгүй гэсэн тул хоёр талыг байлцуулан тус ногоог гахайн аж ахуйд тэжээлийн зориулалтаар буулгасан. Оюу толгойн компани барааг хүлээн авахаас татгалзсан гол шалтгаан нь сав баглаа боодлын стандарт шаардлагад нийцээгүй, түргэн гэмтэж муудах ачаанд даатгал хийлгээгүй, температурын горимд хүрч ажиллах хугацааг хангаагүй гэж үзсэн. Манай байгууллага ерөнхий даатгалд даатгуулсан байсан. Гэтэл даатгалын компани тусгай даатгалд даатгуулдаг гэдэг үндэслэлээр даатгал төлөхийг зөвшөөрөөгүй. Замд бараа ачиж байхдаа мөс хийгээд аччихсан учраас хайлж дусаад замын цагдаа зогсоогоод саатуулж хагас өдөр зогсоосон. Тээвэрлэлтийн зардлаас манайд 1 500 000 төгрөг төлөөгүй, 40 000 000 төгрөгийн хохирол учирсан, үүнийг төлөх боломжтой гэж үзсэн. Гаалийн ерөнхий газраас ирсэн баримтаар нийт 14 972 974.7 төгрөг, 843 205 төгрөгийн гаалийн татвар төлсөн, 1 581 618 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байна. Тэгэхээр эдгээр зардлыг хасаад 12 500 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс: Г.Ө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/, итгэмжлэл /хх 6/, тээвэрлэлтийн гэрээ /хх 7-8/, захиалгын хуудас /хх 9/, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, захиалга /хх 10-22/, түүхий эдийн импортын гэрчилгээ /хх 23-25/, үл тохирлын тайлан /хх 26-30/, зарлагын баримт /хх 31-33/, мэдэгдэл хүргүүлэх тухай /хх 34/, зээлийн гэрээ, сунгалт /хх 224-228/, худалдааны гэрээ /хх 229-239/, гадаад төлбөрийн даалгавар /хх 240-245/, төлбөр төлөлтийн тухай албан тоот /хх 246-247/, М.ББСБ ХХК-ийн Голомт банкны дансны хуулга /хх 248-250, 2-р хавтас 1-13/,

Хариуцагчаас: Итгэмжлэл /хх 42/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 48/, гэрчийн мэдүүлэг /хх 153-165/,

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Үзлэг хийсэн тэмдэглэл /хх 81-127/, гэрчийн мэдүүлэг /хх 153-165/, Вичат цахим хаяг буюу чатанд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх2 28-30/, Гаалийн ерөнхий газраас Г.Ө ХХК-ийн нэрээр 2022.06.01-2022.06.30-ны өдрийн хугацаанд импортолсон барааны мэдээлэл /хх2 32-33/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Г.Ө ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас 67 858 875 төгрөгийг Ш.Л.М ХХК-иас гаргуулахаар хангаж, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Ш.Л.М ХХК-иар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, О гүний уурхайн кемп хүртэл ... тонн ... грамм 94 505 063 төгрөгийн үнэ бүхий хүнсний нарийн ногоо, жимс тээвэрлүүлсэн. Гэвч тээвэрлэгч нь тээвэрлэлтийн горимыг алдагдуулсны улмаас хүнсний нарийн ногоо, жимс муудаж 94 505 063 төгрөгийн хохирол учирсан тул тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохирлоо гаргуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч Ш.Л.М ХХК нь захиалгыг тулгаж өгсөн, онцгой ачаа ачих техникийн температурын горимд хүргэж ажиллах боломжоор хангаагүй, цаг хугацаа, орон зайн хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэн гэж маргасан, нэхэмжлэлээс 12 500 000 төгрөгийг төлөх боломжтой, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

Г.Ө ХХК нь С.С.М ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, эрүүл ахуй байдлыг хангасан, биет байдлын доголдолгүй, хаяг шошгын зөрчилгүй, хадгалалтын хугацаа дуусаагүй хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр /хх 10-18/ тохирчээ.

Улмаар Г.Ө ХХК нь Ш.Л.М ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 08/19-001 дугаар Тээвэрлэлтийн гэрээ байгуулж, Ш.Л.М ХХК нь зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, О гүний уурхайн кемп хүртэл хүнсний ногоо тээвэрлэх, Г.Ө ХХК нь тээвэрлэлтийн хөлс төлөхөөр харилцан тохирч, хамтран ажилласан /хх 7-9/ байна.

 

Тээвэрлэлтийн гэрээнд заасан нөхцөлөөр 2022 оны 6 дугаар сарын 19-нд Г.Ө ХХК нь О гүний уурхайн кемп хүртэл 94 505 063 төгрөгийн үнэ бүхий хүнсний нарийн ногоо, жимсийг Ш.Л.М ХХК-иар тээвэрлүүлсэн, ачааг тээвэрлүүлэгчийн агуулахаас 2 талын хүмүүс байлцан ачсан, тээвэрлэсэн барааны бичиг буюу дагалдах бичгийг тээвэрлэгчид өгсөн, тээвэрлэгч ачааг 2022 оны 6 дугаар сарын 20-нд хүргэсэн талаар талууд маргаагүй байна.

 

4.1. Хүлээн авагч С.С.М ХХК нь Оюу толгойн уурхайн кемпд хүргэгдсэн жимс, хүнсний ногоог хүлээн аваагүй буцааснаас талуудын хооронд маргаан гарчээ.

 

Г.Ө ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гаалийн хилээр нэвтрүүлэх мэдүүлэг, Гаалийн ерөнхий газраас ... дугаар амьтан, ургамал, түүхий эдийн импортын гэрчилгээгээр хилээр оруулахыг зөвшөөрсөн бараа бүтээгдэхүүнийг /хх 23-24, 229-250/ нийлүүлсэн байна.

 

4.2. Тээвэрлэгч тээврийн хэрэгслийн хөргүүрийг +3-5 градуст байлгаж жимс, хүнсий ногоо тээвэрлэхээр гэрээнд заасан, нэхэмжлэгч 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн тээвэрлэлт хийлгэхдээ хөргүүрийн градус +2-/+4 байхаар тохирсон гэжээ.

Хариуцагч Ш.Л.М ХХК нь нэхэмжлэгч тал тулсан захиалга өгсөн, онцгой ачаа ачих техникийн температурын горимд хүргэж ажиллах боломжоор хангаагүй, цаг хугацаа, орон зайн хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэн гэж тайлбарладаг боловч энэ тохиолдолд тээвэр хийхээс татгалзах боломжтой байсан.

Үүнээс дүгнэвэл, хариуцагч тээвэрлэлтийн горим алдсан, өөрөөр хэлбэл, техникийн температурын горимд хүргэж жимс, хүнсний ногоог тээвэрлэж чадаагүй байна.

 

4.3. Тээвэрлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авагчийн хүлээн авахаас татгалзсан жимс, хүнсний ногоог Улаанбаатар хот руу буцааж тээвэрлэсэн, замдаа тээврийн хэрэгсэлд гэмтэл гарсны улмаас хугацаа алдсан талаар маргаагүй.

Талууд 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр жимс, хүнсний ногоог устгах акт үйлдэж, Ш.Л.М ХХК нь устгалд оруулсан барааг гахайн аж ахуйд тэжээлийн зориулалтаар ашигласан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

4.4. Г.Ө ХХК нь БНХАУ-руу худалдан авсан барааны үнэнд 69 000 000 төгрөг шилжүүлсэн /хх 240, 248/, С.С.М ХХК-нд нийлүүлэхээр тээвэрлүүлсэн барааны үнэ 67 858 875 төгрөг байсан нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон. Иймд нийлүүлсэн барааны үнэ буюу 67 858 875 төгрөгийн хэмжээнд хохирол учирсан гэж үзнэ.

 

Харин олох байсан ашиг 26 646 187 төгрөг шаардсан нь баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, С.С.М ХХК-нд жимс, хүнсний ногоо нийлүүлж ашиг олж байсан нь татварын болон санхүүгийн тайлан зэрэг баримтаар нотлогдоогүй байна.

3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 630 475 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630 475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Л.М ХХК-иас 497 244 төгрөг гаргуулж Г.Ө ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Л.М ХХК-иас 67 858 875 /жаран долоон сая найман зуун тавин найман мянга найман зуун далан тав/ төгрөг гаргуулж Г.Ө ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу 26 646 188 /хорин зургаа сая зургаан зуун дөчин зургаан мянга нэг зуун наян найм/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

  2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630 475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Л.М ХХК-иас 497 244 төгрөг гаргуулж Г.Ө ХХК-д олгосугай.

 3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА