Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2019/01654

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2019/01654

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: З. А /РД:чн66120926/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.С-д холбогдох

 

3,698,416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.А нь хариуцагч С.С-той амаар тохиролцож өөрийн өмчлөлийн орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 6 сарын хугацаатай буюу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хөлслүүлэхээр болсон. Бид нэг сарын байрны түрээсийн төлбөрийг 600,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. Ингээд гэрээний хугацаа дуусахаас өмнө С.С над руу утсаар яриад “гэрээний хугацааг дахин 3 сараар сунгая” гэснийг би зөвшөөрсөн. Ингээд хариуцагч С.С нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 5 сар 20 хоног миний өмчлөлийн байранд гэрээний дагуу амьдарсан. Гэвч хариуцагч С.С нь энэ хугацааны түрээсийн төлбөрөө нэг ч удаа төлөөгүй. Ийм учраас би хариуцагч С.С-оос дараах зүйлийг нэхэмжилж байна. Үүнд:

1/ Би анх шүүхэд 6 сарын орон сууцны түрээсийн үнэ 3,600,000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч хариуцагч бодит байдал дээр 5 сар 20 хоног орон сууцанд минь амьдарсан учир 200,000 төгрөгийг хасаад үлдэх 3,400,000 төгрөгийг нэхэмжилнэ.

2/ Анх орон сууц түрээслэх гэрээг хийхдээ бид орон сууцны ашиглалтын зардлыг С.С хариуцахаар тохирсон. Гэвч тэрээр амьдарч байсан хугацааны ашиглалтын зардлыг нэг ч удаа төлөөгүй. Ийм учраас хариуцагчаас түрээсийн хугацааны орон сууц ашиглалтын зардалд 194,615.82 төгрөг, СӨХ-ны төлбөр 108,000 төгрөг, нийт 298,416 төгрөгийг нэхэмжилнэ. Би уг мөнгийг нь өөрөө хариуцагчийн өмнөөс төлсөн байгаа. Ингээд нийт 3,698,416 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Манай хүү Г.Бнь хариуцагчтай ажил хэргийн холбоотой байсан бөгөөд манай хүү надтай утсаар анх яриулж байсан. Би хүүдээ итгэсэн учраас, мөн хариуцагчийг хариуцлагатай ажил хийдэг учраас итгээд өөрийн орон сууцны түлхүүрийг итгээд өгсөн, мөн шууд амаар гэрээ байгуулсан юм. Хариуцагч хэдийгээр намайг огт мэдэхгүй, манай байранд амьдарч байгаагүй гэж байгаа боловч хэрэгт авагдсан “Юнивишн” ХХК-ийн төлбөрийн хуудас, манай хүү Г.Б рүү бичиж байсан цахим шуудан зэргээс үзэхэд хариуцагч нь манай байранд амьдарч байсан, надтай түрээсийн гэрээ байгуулсан болох нь нотлогдож байгаа. Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүү болох Г.Б-ийн цахим шууданд үзлэг хийсэн. Хариуцагч С.С нь нэхэмжлэгчийн байранд амьдарч байхдаа 00 өрөөний почки эвдэрсэн гэсэн байдаг. Ингээд тэрээр өөрийн цахим шуудангаас уг почкины зургийг явуулж, нэхэмжлэгчийн хүү Г.Б нь 100 айл явж авчран сольж өгсөн. Гэтэл хариуцагч эдгээр бодит байдлыг үндэслэлгүйгээр үгүйсгэж байна гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагч С.С нь нэхэмжлэгчийг огт мэдэхгүй, түүнтэй орон сууцыг нь түрээслэхээр амаар эсхүл бичгээр ямар ч гэрээ байгуулаагүй. Харин нэхэмжлэгчийн төрсөн хүү болох Г.Бийг нь таньдаг. С.С нь Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа нэхэмжлэгчийн хүү Г.Б-ийн үеэл болох н.Батжаргалыг мөнгө төгрөг шамшигдуулсан гэж ажлаас нь халсан байдаг. Энэ үндэслэлээр нь н.Б хариуцагч нь Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. н.Б нь Г.Б-ийн тусламжтай тус ажилд анх орж байсан бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж уурлан, өс хонзонгийн сэдлээр Г.Бийн ээж нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа гэж ойлгож байна.

Хэрэгт нэхэмжлэгч З.А нь өөрийн байрыг хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар ямар ч баримт байхгүй. Хариуцагч нь өөрөө орон сууцтай, бусдын орон сууцыг хөлсөлж суух ямар ч шаардлагагүй юм. Нэхэмжлэгчийн хүү Г.Б болон С.С хоёр ажил хэргийн харилцаатай, нэг нэгэндээ тусалж явсан ийм л хүмүүс. Нэхэмжлэгчийн хүү Г.Б нь “...надад юнивишнээ түр хэрэглүүлээч” гэж гуйсан учраас хариуцагч С.С өөрийн юнивишний төхөөрөмжөө нэхэмжлэгчийн хаяг руу түр шилжүүлэн хэрэглүүлсэн.

Мөн хариуцагч нь 3, 4 дүгээр хорооллын “Сарнай” нэртэй үйлчилгээний төв ажиллуулдаг. Тус төвийн угаалгын өрөөний почки нь тухайн үед эвдэрсэн байсан. Тэрээр өөрөө цаг, зав гарахгүй байсан учир нэхэмжлэгчийн хүү Г.Б-ийг гуйж 100 айл руу шинэ почки авахуулахаар явуулсан. Ийнхүү явуулахдаа өөрийн цахим шуудангаар почкины зургийг “...иймийг аваарай” гэж захиад явуулсан. Тэрнээс биш нэхэмжлэгчийн яриад байгаа шиг түрээсийн байранд нь почки захиж авчруулсан зүйл байхгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.А нь хариуцагч С.С-т холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд орон сууцны түрээсийн төлбөрт 3,600,000 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөрт 298,416 төгрөг, нийт 3,898,416 төгрөгийг шаардан шүүхэд ханджээ. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч орон сууцны түрээсийн төлбөр 3,600,000 төгрөгийн хэмжээг 3,400,000 төгрөг болгон багасгасан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчтай амаар орон сууц түрээслэх гэрээ хийсэн. Тэрээр миний орон сууцыг 5 сар 20 хоног ашигласан боловч түрээсийн төлбөр болон орон сууц ашигласны төлбөрөө огт төлөөгүй” гэж тайлбарласан. 

 

Хариуцагч С.С дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба тэрээр өөрийн татгалзлаа “...би нэхэмжлэгчийг танихгүй, энэ хүнтэй ямар ч гэрээний харилцаанд орж байгаагүй” гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэйгээр оролцдог бөгөөд энэхүү хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт тавих, үзлэг болон туршилт хийлгэх, шинжээч томилуулах зэрэг өргөн эрхийг эдэлдэг.

 

Дээрх үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн, мөн түүний хүсэлтээр бүрдүүлсэн хэрэглэгчийн с овогтой С  байна. 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тоот руу шилжүүлэг хийлгэсэн баримтын хуулбарыг хавсралтаар илгээлээ” гэсэн утга бүхий албан бичгүүдийг харьцуулж үзэхэд нэхэмжлэгчийн “...хариуцагч манай байрыг түрээслэсэн” гэх тайлбар үндэслэлтэй байна. 

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв. 

 

Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хариуцагчийн зүгээс “...би огт гэрээ байгуулаагүй” гэж маргаснаас бус нэхэмжлэгчийн “...нэг сарын түрээсийг 600,000 төгрөг” гэсэн тайлбарыг үгүйсгээгүй учир орон сууцны түрээсийн төлбөрийг нэг сарын 600,000 төгрөг байсан гэж шүүхээс дүгнэлээ.

 

Дээр дурдсанчлан хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн “...миний орон сууц 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд байсан” гэх тайлбарыг хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй.

Харин хэрэгт авагдсан “Юнивишн” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 19-9 тоот албан бичигт “...2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүрэг, 25 дугаар байр 51 тоот руу шилжүүлэг хийлгэсэн...” гэсэн баримтыг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч С.Соос нэхэмжлэгч З.А-гийн хүү Г.Б-т явуулсан цахим шуудан явуулсан үйл баримттай харьцуулан судлаад нэхэмжлэгчийн орон сууц нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 48 хоногийн хугацаанд хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд бодитоор байсан гэж үзэх үндэслэлтэй.  

 

Иймд хариуцагч С.С-оос 48 хоногийн хугацааны орон сууц хөлсөлсний төлбөрт 960,000 /1 өдөр 20,000 төгрөг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Орон сууц ашигласны төлбөрийг хариуцагч төлөхөөр тохирсон байдал болон орон сууц нийт 5 сар 20 хоног хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсан нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хангахгүй орхино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С-оос 960,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,738,416 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С-оос  27,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.А-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ