Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1644

 

 

 

Ц.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01449 дугаар шийдвэртэй, Ц.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Э, М.Т нарт холбогдох, гэм хорын хохиролд 4 441 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч М.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч С.Э, түүний өмгөөлөгч Д.Э, хариуцагч М.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Т.М, өмгөөлөгч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ц.М миний бие нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 09 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ-4-ийн урд замаар ажилдаа явж байсан. Энэ үед С.Э-гийн эзэмшлийн 47-03 УНВ улсын дугаартай Блюберд маркийн тээврийн хэрэгслийг М.Т нь жолоодож яваад урд талын автомашины араас хар хурдаараа хүчтэй мөргөн, эсрэг урсгалаар чигээрээ явж байсан 89-75 УБА улсын дугаартай Субару Оутбак маркийн миний хувийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн зүүн урд талыг өөрийн автомашины хойд талаар ирж мөргөсөн.

М.Т-гийн буруутай үйлдэл нь Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдсон. Миний автомашинд учирсан хохирол нь үнэлгээгээр 4 207 000 төгрөг, явах эд ангийн оношилгоо 50 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 184 000 төгрөг нийт 4 441 000 төгрөгийг би өөрөө төлсөн. Цагдаагийн байгууллагад хэрэг шалгагдаж байхад М.Т “эдийн засгийн хувьд боломжгүй учир та төлбөрийг төлчихөөч” гэхээр нь үнэлгээ болон оношилгооны хөлсийг төлсөн. Тэрээр хамт явж үнэлгээг хийлгэсэн атал итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь учирсан хохирлыг өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр үнэлүүлсэн гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Одоо хүртэл автомашинаа янзлуулж чадахгүй хүнд байдалд байна.

М.Т нь тухайн үед “ажил хийдэг, учирсан хохирлыг барагдуулж өгнө, хүлээж байгаарай” гэсэн боловч төлбөр төлөөгүй. Түүний эцэг, эх төлбөрийн чадваргүй, С.Э төлнө гэж байгаа нь хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө гэж үзэхгүй байна. М.Т-гийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан 47-03 УНВ тээврийн хэрэгсэл нь С.Э-гийн нэр дээр бүртгэлтэй тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу учирсан хохирлыг С.Э ч мөн барагдуулах ёстой гэж үзэж байна. Иймд надад учирсан хохирол болох нийт 4 441 000 төгрөгийг С.Э, М.Т нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Э тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 3 дугаар сарын сүүлчээр Да хүрээ захын баруун талд хуучин автомашины сэлбэг авдаг Б.Ү гэдэг хүнд өөрийн 47-03 улсын УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг сэлбэгт өгч, Хонда лога маркийн автомашиныг сэлбэгт авсан. Тухайн үед Б.Ү “та иргэний үнэмлэхийн хуулбараа өгчих, би шилжүүлээд авна” гээд салцгаасан. Гэтэл цагдаагийн газраас “таны автомашин осол гаргасан байна” гэж хэлэх үед нь миний нэр дээр бүртгэлтэй хэвээр байгааг мэдсэн бөгөөд хүнд худалдсан талаар цагдаад хэлсэн. Шүүх дуудахад нь Б.Ү-тэй 2018 оны 12 сард уулзсан боловч дахин уулзах гэтэл 2019 оны цагаан сарын баярын өмнө нас барсан байсан.

Тээврийн хэрэгслийг бусдад сэлбэг болгож худалдсан, М.Т нь худалдаж авсан автомашины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэхгүй бусдын бичиг баримт ашиглан замын хөдөлгөөнд оролцож осол гаргаснаас бусдад хохирол учруулсан тул тэр хохирлыг өөрөө л хариуцах ёстой. Миний хувьд энэ ослыг гаргаагүй учир нэхэмжилж байгаа үнийг зөвшөөрөхгүй, төлбөр төлөх үүрэггүй. М.Т, түүний аав нь худалдаж авч байгаа тээврийн хэрэгслийн бичиг баримтын нэрийг өөрсдөө санаачилга гарган шилжүүлэн аваагүй атлаа хохирол төлөх болохоор хариуцахгүй гэж байгааг зөвшөөрөхгүй. Жолоодож явсан М.Т хохирлыг барагдуулах ёстой. Иймд надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар тайлбартаа: М.Т-т хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон хохирол шаарджээ, хэрэв ингэж шаардаж байгаа бол тухайн авто машины эзэмшигч хариуцлага хүлээдэг. Осол гаргасан авто машин болох 47-03 УНВ Блюберд маркийн автомашины эзэмшигч С.Э бөгөөд мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дах хэсэгт зааснаар эзэмшигч нь ямар ч тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Учир нь, М.Т тухайн автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан зүйл байхгүй.

С.Э нь 2016 оны 3 дугаар сард өөрийн автомашиныг сэлбэгийн зориулалтаар Б.Ү-д өгсөн гэж байна, харин Б.Ү нь өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ашиглаж байсан нь тухайн автомашины торгуулийн мэдээллээс харагддаг. Үүнээс гадна, Б.Ү нь дээрх тээврийн хэрэгслийг өөрийн автомашин хэмээн хуурч Б.Д гэдэг хүнд автомашинаар сольж өгсөн, Б.Д нь 2018 оны 12 дугаар сарын үед М.Т-т түүний аав П.Б-гын эзэмшлийн газраар сольж өгсөн байдаг.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд байсан хүний нэр буюу эзэмшигчийг  Б.Ү гэж ойлгуулсан байсан. Өөрөөр хэлбэл, П.Б-д худал хэлсэн байна. Эзэмшигчийн нэр шилжүүлэхийг удаа дараа шаардах үед удахгүй торгуулийг нь төлсний дараа шилжүүлье гэж хариу өгдөг байсан. Түүнээс гадна Б.Ү  нь өөрийгөө С.Э  гэж танилцуулсан тул М.Т-ийн хувьд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр ашиглаж байсан бөгөөд бусдын бичиг баримтыг ашигласан зүйл байхгүй. Үүнээс үзэхэд, М.Т нь тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх үндэслэлгүй.

Харин С.Э нь Б.Ү-д өөрөө уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн тул С.Э өмчлөгчийн хувьд ослын улмаас учирсан хохирлыг хариуцах ёстой бөгөөд тэрээр хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж үзэж байна. Энэ ослын улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслээс гадна манай тээврийн хэрэгсэл ч мөн гэмтсэн, энэ талаар огт дурдсангүй. Бид төлбөрийн чадваргүй, хохирол төлөх эдийн засгийн чадваргүй, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой, нөхөр П.Б-гын халамжийн мөнгө, хүүхдийн мөнгөнөөс өөр орлого байхгүй. Иймд Б.Т-г хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Т-ээс гэм хорын хохиролд нийт 2 998 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 1 443 000 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч С.Э-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Т-ээс шинжээчийн ажлын хөлс 300 000 төгрөгийг гаргуулан “МХҮХ” ГҮТТБ-д, улсын тэмдэгтийн хураамжид 62 918 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д тус тус олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Т-ээс 2 998 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч С.Э-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. М.Т нь гэм хор учруулсан тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч биш, харин С.Э нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч бөгөөд М.Т өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгчөөр бүртүүлээгүй, бүртгүүлэх боломжгүй байсан учир тухайн автомашиныг эзэмших бодит боломжгүй байсан.

Тухайлбал, тээврийн хэрэгслийн үзлэгт орох, даатгуулах, замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэх боломж байгаагүй. Иймд эзэмших эрхгүй тээврийн хэрэгслийг эзэмшээгүй, зөвхөн ашиглах л боломжтой байсан гэж үзэж байна. С.Э нь тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлэхдээ хуульд заасан арга хэмжээг аваагүй, хайнга хандсан буруутай үйлдэл гаргасан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг ашиглагч гэм хор учруулснаас үл хамааран тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу С.Э нь ямар ч тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөхгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч С.Э-д зохих хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч С.Э, М.Т нарт холбогдуулан гэм хорын хохиролд 4 441 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага /хх1,2/ гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч харилцан маргажээ.

 

Хэрэгт авагдсан Замын цагдаагийн албаны “Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал” гэх баримт /хх16-17/, Шийтгэлийн хуудас /хх18/ зохигчдын тайлбараас үзвэл, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “ТЭЦ 4”-ийн урд байршилтай автомашины замд хариуцагч М.Тнь С.Э-гийн нэр дээр бүртгэлтэй 47-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ нэхэмжлэгч Ц.М-ийн эзэмшлийн 89-75 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан байна.

 

Хариуцагч М.Т-ийн дээрх үйлдэлд Нийслэлийн замын цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэл ногдуулахдаа  Замын хөдөлгөөний дүрмийн 8.11. “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дах тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явах” заалтыг зөрчсөн гэж үзжээ.

 

Талууд дээрх үйл баримтад маргаагүй, харин нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ, уг хохирлыг 47-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч эсхүл эзэмшигч нарын хэн нь хариуцах талаар маргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор “АБ” ХХК-ийн гаргасан 4 207 000 төгрөгийн үнэлгээг /хх12-15/, хариуцагч С.Э-гийн хүсэлтээр шүүхээс томилсон “МХҮХ”-ны гаргасан 2 814 000 төгрөгийн үнэлгээний баримтууд хэрэгт авагдсан байна. Талууд шүүхийн журмаар хийлгэсэн “МХҮХ”-ны үнэлгээнд гомдол гаргаагүй, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй тул шүүх уг үнэлгээний хэмжээнд нэхэмжлэгчийн “АБ” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн зардал 184 000 төгрөгийг нэмж, нийт 2 998 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хариуцагч М.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг ашиглагч гэм хор учруулснаас үл хамааран тээврийн хэрэгслийн өмчлөгч болох хариуцагч “С.Э”нь хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч С.Э нь, хариуцагч М.Тжолоодон явах үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэхэмжлэгчид дээрх хохирол учруулсан үйлдэлд үүрэг хүлээхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Тодруулбал, С.Э нь уг тээврийн хэрэгслийг сэлбэг болгох зориулалтаар захиран зарцуулахдаа улсын бүртгэлд өөрчлөлт оруулаагүй буюу тухайн тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлээгүй байх боловч зам тээврийн осол нь түүний буруугаас болоогүй. Харин, хариуцагч М.Т нь уг тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авснаар улсын бүртгэлийг өөрчлөх санаачилга гаргасан, эрх бүхий байгууллагад хандсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд түүний шууд буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байна.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч болон эзэмшигчийг хариуцлагаас чөлөөлөхгүй байх талаар зохицуулсан ч хариуцагч С.Э нь уг тээврийн хэрэгслийг 2016 оны 3 дугаар сард бусдад шилжүүлсэн, М.Т нь уг тээврийн хэрэгслийг иргэн Б.Д-гээс авсан гэх үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон. Энэ тохиолдолд С.Э-г тухайн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил, ашиглалтад бодитоор байлгах боломжгүй буюу эзэмшигч гэж үзэхээргүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01449 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч М.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2019/10799 дугаар захирамжаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалын хувийг гардан авах, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Т.ТУЯА