Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2021/00298

 

Ц.Мөнх-Ундраагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01449 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1644 дүгээр магадлалтай,

Ц.Мөнх-Ундраагийн нэхэмжлэлтэй,

С.Энхээ, М.Төгөлдөр нарт холбогдох

Гэм хорын хохиролд 4,441,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч М.Төгөлдөрийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: 2018 оны 07 сарын 31-ний өдөр 09 цаг 30 минутын үед ТЭЦ-4 урд замаар ажилдаа явж байсан бөгөөд энэ үед С.Энхээгийн эзэмшлийн 47-03 УНВ улсын дугаартай Блюберд маркийн автомашиныг М.Төгөлдөр нь жолоодож яваад урд талын машиныхаа араас хар хурдаараа хүчтэй мөргөн, эсрэг урсгалаар чигээрээ явж байсан 89-75 УБА улсын дугаартай Субару Оутбак маркийн миний хувийн эзэмшлийн машины зүүн урд талыг машиныхаа хойд талаар ирж мөргөсөн. М.Төгөлдөрийн буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар, миний машинд учирсан хохирол нь үнэлгээгээр 4,207,000 төгрөгөөр тогтоогдсон. Мөн явах эд ангийн оношилгоо 50,000 төгрөг, үнэлгээний зардал болох 184,000 төгрөгийг өөрөөсөө төлсөн. Ингээд нийт хохирлын хэмжээ 4,441,000 төгрөг болсон. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад М.Төгөлдөр нь эдийн засгийн хувьд боломжгүй учир та төлбөрийг нь төлчхөөч гэхээр нь үнэлгээний болон оношилгооны хөлсийг би өөрөө төлсөн, ингэж явахад М.Төгөлдөр хамт явж үнэлгээг хийлгэсэн, гэтэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь миний машинд учирсан хохирлыг өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр үнэлүүлсэн гэдгийг зөвшөөрөхгүй. Өдий болтол машинаа янзлуулж чадахгүй хүнд байдалд байна. М.Төгөлдөр нь тухайн үед ажил хийдэг байсан, учирсан хохирлыг барагдуулж өгнө, хүлээж байгаарай гэсэн. Гэвч хохирол барагдуулаагүй өнөөдрийг хүргэсэн бөгөөд түүний эцэг, эх төлбөрийн чадваргүй, С.Энхээ төлнө гэж байгаа нь хохирол төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж үзэхгүй байна. М.Төгөлдөрийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан 47-03 УНВ машин нь өөрийнх нь эзэмшлийнх биш байсан бөгөөд С.Энхээгийн нэр дээр бүртгэлтэй тул тэр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т заасны дагуу учирсан хохирлыг бас барагдуулах ёстой гэж үзэж байна. Иймд миний автомашинд учирсан гэмтэл 4,207,000 төгрөг, оношилгооны 50,000 төгрөг, үнэлгээний хөлс 184,000 төгрөг, нийт 4,441,000 төгрөгийг С.Энхээ, М.Төгөлдөр нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Энхээгийн гаргасан хариу тайлбарт: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны 03 сарын сүүлээр Да хүрээ захын баруун талд хуучин машины сэлбэг авдаг Б.Үйтүмэн гэдэг хүнд өөрийн УНВ 4703 улсын дугаартай машиныг сэлбэгт өгсөн. Би бас тэр хүнээс зөрүүлээд машины сэлбэгт Хонда лога гэдэг машин авсан. Тухайн үед миний машиныг сэлбэгт авсан хүн Та иргэний үнэмлэхийн хуулбараа өгчих, би шилжүүлээд авъя гээд салцгаасан. Гэтэл цагдаагийн газраас таны машин осол гаргасан байна гэж хэлэхээр нь миний нэр дээр бүртгэлтэй хэвээр гэж мэдсэн бөгөөд хүнд худалдсан талаараа цагдаад хэлсэн. Шүүхээс дуудахаар нь нөгөө Б.Үйтүмэнтэй 2018 оны 12 сард уулзсан боловч дахин уулзах гэтэл 2019 оны цагаан сарын өмнөхөн нас барсан байсан. Тээврийн хэрэгслийг бусдад сэлбэг болгож худалдсан, М.Төгөлдөр нь худалдаж авсан машиныхаа бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэхгүйгээр, бусдын бичиг баримт ашиглан, замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргаснаас бусдад хохирол учруулсан тул тэр хохирлыг хариуцах ёстой гэж үзэж байна. Би энэ ослыг гаргаагүй учраас нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, би төлөх үүрэг хүлээхгүй. Уг автомашиныг М.Төгөлдөр болон түүний аав нь бусдаас худалдаж авсан бол санаачилга гаргаад бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлээд авчих боломжтой байсан. Гэтэл ингээгүй байж хохирол төлөх болохоор хариуцахгүй гэдгийг зөвшөөрөхгүй. Иймд миний бие 47-03 УНВ машиныг жолоодож яваад осол гаргаагүй учир хохирлыг би хариуцахгүй, харин машиныг жолоодож явсан М.Төгөлдөр хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байгаа учир надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Төгөлдөрийн гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М.Төгөлдөрт хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-р зүйлийг үндэслэл болгон хохирол шаарджээ. Хэрэв ингэж шаардаж байгаа бол тухайн авто машины эзэмшигч хариуцлага хүлээдэг. Осол гаргасан авто машин болох 47-03 УНВ Блюберд маркийн авто машины эзэмшигч С.Энхээ бөгөөд мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар эзэмшигч нь ямар ч тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Учир нь М.Төгөлдөр тухайн авто машиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан зүйл байхгүй. С.Энхээ нь 2016 оны 3 сард өөрийн авто машиныг сэлбэгийн зориулалтаар Б.Үйтүмэнд өгсөн гэж байна, харин Б.Үйтүмэн нь өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг 2016.04.29-ний өдрөөс 2017.07.25-ны өдрийг хүртэл ашиглаж байсан нь тухайн автомашины торгуулийн мэдээллээс харагддаг. Үүнээс гадна Б.Үйтүмэн нь дээрх машиныг өөрийн авто машин хэмээн залилах гэмт хэргийн шинжтэй Б.Даваахүү гэдэг хүнд автомашинаар сольж өгсөн. Б.Даваахүү нь 2018 оны 12 сарын үед М.Төгөлдөрт түүний аав П.Батбаатарын эзэмшлийн газраар сольж өгсөн байдаг. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр байсан хүний нэр буюу эзэмшигчийг Б.Үйтүмэн гэж ойлгуулсан байсан. Өөрөөр хэлбэл, П.Батбаатарт худал хэлсэн. Эзэмшигчийн нэр шилжүүлэхийг удаа дараа шаардах үед удахгүй торгуулийг нь төлсний дараа шилжүүлье гэж хариу өгдөг байсан, түүнээс гадна Б.Үйтүмэн нь өөрийгөө С.Энхээ гэж танилцуулсан тул М.Төгөлдөрийн хувьд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр ашиглаж байсан бөгөөд бусдын бичиг баримтыг ашигласан зүйл байхгүй. Үүнээс үзэхэд М.Төгөлдөр нь тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх үндэслэлгүй. Харин С.Энхээ нь Б.Үйтүмэнд өөрөө уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн тул С.Энхээ өмчлөгчийн хувьд ослын улмаас учирсан хохирлыг хариуцах ёстой бөгөөд тэрээр хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж үзэж байна. Энэ ослын улмаас нэхэмжлэгч Ц.Мөнх-Ундраагийн өөрийнх нь машин гэмтсэн биш манай машин ч гэсэн гэмтсэн, энэ талаар огт дурдсангүй. Бид төлбөрийн чадваргүй, хохирол төлөх эдийн засгийн чадваргүй, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, нөхөр П.Батбаатарын халамжийн мөнгө, хүүхдийн мөнгөнөөс өөр орлого байхгүй. Иймд Б.Төгөлдөрийг хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ. 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01449 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч М.Төгөлдөрөөс 2,998,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнх-Ундраад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,443,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ц.Энхээд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч М.Төгөлдөрөөс шинжээчийн ажлын хөлсөнд 300,000 төгрөг гаргуулан Монголын хохирол үнэлэгчдийн холбоо ГҮТТБ-д, улсын тэмдэгтийн хураамжид 62,918 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнх-Ундраад тус тус олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1644 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01449 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Төгөлдөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Төгөлдөрийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн 1644 дүгээр магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Ц.Мөнх-Ундраа нь С.Энхээ, М.Төгөлдөр нараас гэм хорын хохиролд мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч болон эзэмшигчийг хариуцлагаас чөлөөлөхгүй байх талаар зохицуулсан ч тээврийн хэрэгслийн өмчлөгч С.Энхээг анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар чөлөөлсөн байна. Миний бие 47-03 УНВ улсын дугаартай Блюберд маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч байгаагүй, харин өмчлөгч С.Энхээ нь 2016 оны 3 сард тухайн тээврийн хэрэгслээ Б.Үйтүмэн гэх хүнтэй машинаар сольж, шилжүүлэн өгсөн. Гэхдээ С.Энхээ нь машины торгуулиа төлөхөөс зайлсхийж, хуульд заасны дагуу холбогдох газар бүртгүүлээгүй буюу гэрээ хийж нотариатаар баталгаажуулаагүй юм. Бид уг тээврийн хэрэгслийг Б.Даваахүүгээс авсан боловч тухайн үед жинхэнэ өмчлөгч буюу С.Энхээтэй уулзаж түүний талаар мэдээгүй байсан. Б.Даваахүү нь Б.Үйтүмэнгээс тус машиныг авсан гэж байсан, харин Б.Үйтүмэн бидэнд өөрийгөө С.Энхээ гэж ойлгуулж, удахгүй торгуулиа төлчхөөд нэрээ шилжүүлнэ гэж утсаар ярьж байсан. Харамсалтай нь Б.Үйтүмэн 2019 оны цагаан сарын өмнө нас барсан байсан. Дээр дурдсаны дагуу бид тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэргийн замаар буюу хууль бусаар олж аваагүй, мөн зохих бичиг баримтгүй тул эзэмшигч буюу өмчлөгч байх боломжгүй байсан. С.Энхээ нь тээврийн хэрэгслийн торгууль төлөхөөс зайлсхийж, Б.Үйтүмэнд бичиг баримтаа хуульд заасны дагуу шилжүүлж өгөөгүйн улмаас бид тухайн тээврийн хэрэгслийг даатгуулах, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байсан. Иймд дан ганц миний буруу байгаагүй бөгөөд С.Энхээ тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч болохын хувьд 499.1, 499.3, 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөхгүй ба тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа тул Давж заалдах шатны шүүхийн 1644 дүгээр магадлалыг хүчингүй болгож, С.Энхээд зохих хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Ц.Мөнх-Ундраа нь хариуцагч С.Энхээ, М.Төгөлдөр нарт холбогдуулан гэм хорын хохиролд 4,441,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хариуцагч С.Энхээ нь ...тухайн тээврийн хэрэгслийг 2016 оны 03 сард бусдад сэлбэгт тооцон худалдсан, М.Төгөлдөр нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай тул тэрээр хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, хариуцагч М.Төгөлдөр нь ...уг тээврийн хэрэгслийг 2018 оны 12 сард бусдаас газраар сольж авсан, ...хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч С.Энхээ хариуцан арилгах үүрэгтэй гэж харилцан маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч М.Төгөлдөрөөс 2,998,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнх-Ундраад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,443,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч С.Энхээд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Төгөлдөрөөс шинжээчийн ажлын хөлсөнд 300,000 төгрөг гаргуулан Монголын хохирол үнэлэгчдийн холбоо ГҮТТБ-д олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

1. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлсон байна.

2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч М.Төгөлдөр нь С.Энхээгийн нэр дээр бүртгэлтэй 47-03УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ нэхэмжлэгч Ц.Мөнх-Ундраагийн эзэмшлийн 89-75УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарсан болох нь хэрэгт авагдсан Замын цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тухай баримт, шийтгэлийн хуудас болон зохигчдын тайлбараар тогтоогдсон ба энэ үйл баримтын тухайд талууд маргаагүй.

Хариуцагч М.Төгөлдөрийн дээрх үйлдлийг Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заасны дагуу торгох шийтгэл ногдуулсан байна.

Зохигчид нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ болон уг хохирлыг 47-03УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч эсхүл жолооч нарын хэн нь хариуцах талаар маргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг Ашид билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээгээр 4,207,000 төгрөг гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон Монголын хохирол үнэлэгчдийн холбоо 2,814,000 төгрөг гэж тус тус үнэлгээ гаргасан байна.

Шүүх дээрх үнэлгээний баримтад тулгуурлан 2,814,000 төгрөг болон нэхэмжлэгчийн Ашид билгүүн ХХК-аар үнэлгээ хийлгэсэн зардал 184,000 төгрөг, нийт 2,998,000 төгрөгийн хэмжээнд хохирлыг тооцохдоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

  47-03УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл осол болох үед М.Төгөлдөрийн эзэмшилд байсан, тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалт зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг зөрчлөөс үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

2. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зохицуулсан.

Хариуцагч С.Энхээ нь 47-03УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 03 сард бусдад шилжүүлсэн, М.Төгөлдөр нь уг тээврийн хэрэгслийг иргэн Б.Даваахүүгээс авсан тухай үйл баримтын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, С.Энхээд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Монголын хохирол үнэлэгчдийн холбоо ГҮТТБ-д төлөх 300,000 төгрөгийг хариуцагч Б.Төгөлдөрөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нийцжээ.

3. С.Энхээ нь уг тээврийн хэрэгслийг сэлбэг болгох зориулалтаар захиран зарцуулахдаа улсын бүртгэлд өөрчлөлт оруулаагүй буюу тухайн тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлээгүй байх боловч зам тээврийн осол нь түүний буруугаас болоогүй, харин хариуцагч М.Төгөлдөр нь уг тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авснаар улсын бүртгэлийг өөрчлөх санаачилга гаргасан, эрх бүхий байгууллагад хандсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд түүний шууд буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс хариуцагч М.Төгөлдөрийн ...С.Энхээ тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч болохын хувьд 499.1, 499.3, 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөхгүй ба тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа тул Давж заалдах шатны шүүхийн 1644 дүгээр магадлалыг хүчингүй болгож, С.Энхээд зохих хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэсэн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01449 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1644 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2019/16350 дугаар шүүгчийн захирамжаар хяналтын шатанд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН