Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2019/01449

 

 

 

 

2019 оны 05 сарын 17 өдөр            Дугаар 101/ШШ2019/01449         Улаанбаатар хот

 

        

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Д.Ганболд, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй,  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 23Б байрны 3 тоот хаягт оршин суух, Боржигин овогтой Цогтоогийн М /РД:МА79041722/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эрдэнэ толгой 29 дүгээр гудамж, 716 тоот хаягт оршин суух, Саруул гүн овогт Санжидийн Э /РД:ЦЗ57122673/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид Г гудамж, 611 тоот оршин суух, Боржигон овогт Мөнхтуяагийн Т /РД:УХ99021579/ нарт холбогдох 

 

Гэм хорын хохиролд 4.441.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.М,

Хариуцагч С.Э,

Хариуцагч М.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа, П.Батбаатар, тэдгээрийн өмгөөлөгч Б.Шихи-Хутаг /ШТ№2846/,

Иргэдийн төлөөлөгч Э.Батбилэг,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

                       

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Цогтоо овогтой М миний бие нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 09 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн нутаг ТЭЦ-4 урд замаар ажилдаа явж байсан бөгөөд энэ үед Санжид овогтой Эгийн эзэмшлийн 47-03 УНВ улсын дугаартай Блюберд маркийн автомашиныг Мөнхтуяа овогтой Т нь жолоодож яваад урд талын машиныхаа араас хар хурдаараа хүчтэй мөргөн, эсрэг урсгалаар чигээрээ явж байсан 89-75 УБА улсын дугаартай Субару Оутбак маркийн миний хувийн эзэмшлийн машины зүүн урд талыг машиныхаа хойд талаар ирж мөргөсөн.

М.Тийн буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар, миний машинд учирсан хохирол нь үнэлгээгээр 4.207.000 төгрөгөөр тогтоогдсон. Мөн явах эд ангийн оношилгоо 50.000 төгрөг, үнэлгээний зардал болох 184.000 төгрөгийг өөрөөсөө төлсөн. Ингээд нийт хохирлын хэмжээ 4.441.000 төгрөг болсон.

Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад М.Т нь эдийн засгийн хувьд боломжгүй учир та төлбөрийг нь төлчихөөч гэхээр нь үнэлгээний болон оношлогооны хөлсийг би өөрөө төлсөн, ингэж явахад М.Т хамт явж үнэлгээг хийлгэсэн, гэтэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь миний машинд учирсан хохирлыг өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр үнэлүүлсэн гэдгийг зөвшөөрөхгүй.

Өдий болтол машинаа янзлуулж чадахгүй хүнд байдалд байна. М.Т нь тухайн үед ажил хийдэг байсан, учирсан хохирлыг барагдуулж өгнө, хүлээж байгаарай гэсэн, гэвч хохирол барагдуулаагүй өнөөдрийг хүргэсэн бөгөөд түүний эцэг, эх төлбөрийн чадваргүй, С.Э төлнө гэж байгаа нь хохирол төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж үзэхгүй байна. 

М.Тийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан 47-03 УНВ машин нь өөрийнх нь эзэмшлийнх биш байсан бөгөөд Санжид овогтой Эгийн нэр дээр бүртгэлтэй тул тэр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т заасны дагуу учирсан хохирлыг бас барагдуулах ёстой гэж үзэж байна. 

Иймд миний 89-75 УБА улсын дугаартай Субару Оутбак маркийн автомшинд учирсан гэмтэл 4.207.000 төгрөг, оношилгооны 50.000 төгрөг, үнэлгээний хөлс 184.000 төгрөг, нийт 4.441.000 төгрөгийг С.Э, М.Т нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Э миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны 03 дугаар сарын сүүлээр “Да хүрээ” захын баруун талд хуучин машины сэлбэг авдаг Б.Үйтүмэн гэдэг хүнд өөрийн УНВ 4703 улсын дугаартай машиныг машиныг сэлбэгт өгсөн.

Би бас тэр хүнээс зөрүүлээд машины сэлбэгт Хонда лога гэдэг машин авсан. Тухайн үед миний машиныг сэлбэгт авсан хүн “Та иргэний үнэмлэхний хуулбараа өгчих, би шилжүүлээд авъя” гээд салцгаасан.

Гэтэл цагдаагийн газраас таны машин осол гаргасан байна гэж хэлэхээр нь  миний нэр дээр бүртгэлтэй хэвээр гэж мэдсэн бөгөөд хүнд худалдсан талаараа цагдаад хэлсэн. Шүүхээс дуудахаар нь нөгөө Б.Үйтүмэнтэй 2018 оны 12 сард уулзсан боловч дахин уулзах гэтэл 2019 оны цагаан сарын өмнөхөн нас барсан байсан.

Тээврийн хэрэгслийг бусдад сэлбэг болгож худалдсан, М.Т нь худалдаж авсан машиныхаа бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэхгүйгээр, бусдын бичиг баримт ашиглан, замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргаснаас бусдад хохирол учруулсан тул тэр хохирлыг хариуцах ёстой гэж үзэж байна. Би энэ ослыг гаргаагүй учраас нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна, би төлөх үүрэг хүлээхгүй.

Уг автомашиныг М.Т болон түүний аав нь бусдаас худалдаж авсан бол санаачилга гаргаад бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлээд авчих боломжтой байсан, гэтэл ингээгүй байж хохирол төлөх болохоор хариуцахгүй гэдгийг зөвшөөрөхгүй.  

Иймд миний бие 47-03 УНВ машиныг жолоодож яваад осол гаргаагүй учир хохирлыг би хариуцахгүй, харин машиныг жолоодож явсан М.Т хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байгаа учир надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа, П.Батбаатар,  тэдгээрийн өмгөөлөгч Б.Шихи-Хутаг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Тт хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн  499.1-р зүйлийг үндэслэл болгон хохирол шаарджээ, хэрэв ингэж шаардаж байгаа бол тухайн авто машины эзэмшигч хариуцлага хүлээдэг. Осол гаргасан авто машин болох 47-03 УНВ Блюберд маркийн авто машины эзэмшигч С.Э бөгөөд мөн  хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-д зааснаар эзэмшигч нь ямар ч тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Учир нь М.Т тухайн авто машиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан зүйл байхгүй.

С.Э нь 2016 оны 03 дугаар сард өөрийн авто машиныг сэлбэгийн   зориулалтаар Б.Үйтүмэнд өгсөн гэж байна, харин Б.Үйтүмэн нь өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг 2016.04.29-ний өдрөөс 2017.07.25-ны өдрийг хүртэл ашиглаж байсан нь тухайн автомашины торгуулийн мэдээллээс харагддаг. Үүнээс гадна Б.Үйтүмэн нь дээрх машиныг өөрийн авто машин хэмээн залилах гэмт хэргийн шинжтэй Б.Даваахүү гэдэг хүнд автомашинаар сольж өгсөн, Б.Даваахүү нь 2018 оны 12 дугаар сарын үед М.Тт түүний аав П.Батбаатарын эзэмшлийн газраар сольж өгсөн байдаг.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр байсан хүний нэр буюу эзэмшигчийг Б.Үйтүмэн гэж ойлгуулсан байсан. Өөрөөр хэлбэл П.Батбаатарт худал хэлсэн байна. Эзэмшигчийн нэр шилжүүлэхийг удаа дараа шаардах үед удахгүй торгуулийг  нь төлсний дараа шилжүүлье гэж хариу өгдөг байсан, түүнээс гадна  Б.Үйтүмэн нь өөрийгөө С.Э гэж танилцуулсан тул М.Тийн хувьд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр ашиглаж байсан бөгөөд бусдын бичиг баримтыг ашигласан зүйл байхгүй. Үүнээс үзэхэд М.Т нь тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх үндэслэлгүй.

Харин С.Э нь Б.Үйтүмэнд өөрөө уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн тул С.Э өмчлөгчийн хувьд ослын улмаас учирсан хохирлыг хариуцах ёстой бөгөөд тэрээр хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж үзэж байна.

Энэ ослын улмаас нэхэмжлэгч Ц.Мгийн өөрийнх нь машин гэмтсэн биш манай машин ч гэсэн гэмтсэн, энэ талаар огт дурдсангүй.

Бид төлбөрийн чадваргүй, хохирол төлөх эдийн засгийн чадваргүй, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, нөхөр П.Батбаатарын халамжийн мөнгө, хүүхдийн мөнгөнөөс өөр орлого байхгүй.

Иймд Б.Тийг хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч С.Э, М.Т нарт холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 4.441.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч С.Э нь Н.Блюберд маркийн, 47-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 03 дугаар сард бусдад сэлбэгт тооцон худалдсан, М.Т нь  замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай тул тэрээр хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

Хариуцагч М.Т нь уг тээврийн хэрэгслийг 2018 оны 12 дугаар сард бусдаас өөрийн эцэг П.Батбаатарын нэр дээрх эзэмших эрхтэй газраар сольж авсан, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой тул хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч С.Э хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус маргажээ. 

2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч М.Т нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4-ийн замд  Н.Блюберд маркийн, 47-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-т заасан :”Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс нэхэмжлэгч Ц.Мгийн өмчлөлийн 89-75 УБА улсын дугаартай Субару Оутбак маркийн автомашинд хохирол учруулсан үйл баримт болжээ.

/хх-ийн 16-17 дугаар тал/

Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсээс М.Тт холбогдуулан зөрчлийн хэрэг нээн дээрх ослыг шалгасан байх бөгөөд түүний гаргасан зам тээврийн ослын зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

/хх-ийн 18 дугаар тал/

Дээрх зам тээврийн осолд гаргасан зөрчилд  оногдуулсан шийтгэлийн талаар М.Т нь зохих байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол гаргаагүй гэж тайлбарласан болно.

Зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгах явцад нэхэмжлэгч Ц.Мгийн өмчлөлийн 89-75 УБА улсын дугаартай Субару Оутбак маркийн автомашинд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК нь 4.207.000 төгрөг хэмээн үнэлжээ.

/хх-ийн 11-13 дугаар тал/

 

Тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШТ2019/00126 тоот тогтоолоор  89-75 УБА улсын дугаартай Субару Оутбак маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг  тогтоолгох тухай хариуцагчийн хүсэлтээр “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮТББ-ыг шинжээчээр томилсон.

/хх-ийн 87-97 дугаар тал/

 

Шинжээчээр томилогдсон “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮТББ нь 89-75 УБА улсын дугаартай Субару Оутбак маркийн автомашинд учирсан хохирлыг 2.814.000 төгрөг гэх үнэлгээг ирүүлсэн байх ба хариуцагч нараас энэ талаар шүүхэд дахин хүсэлт гаргаагүй болно.

/хх-ийн 106-110 дугаар тал/

 

Н.Блюберд маркийн, 47-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хариуцагч С.Эгийн өмчлөлд бүртгэлтэй боловч 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч М.Т жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй.

 

Хариуцагч С.Э нь Н.Блюберд маркийн, 47-03УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 03 дугаар сард бусдад сэлбэгт тооцон худалдсан,

хариуцагч М.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2018 оны 12 сард уг тээврийн хэрэгслийг бусдаас өөрийн эзэмших эрх бүхий газраар сольж авсан гэж тус тус тайлбарлажээ.

 

Дээрх осол болох үед 47-03УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл  М.Тийн эзэмшилд байсан, тэрээр уг тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалт зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул тэрээр нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

 

47-03УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  М.Т жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдад хохирол учруулсныг хариуцагч С.Э хариуцан арилгах  үүрэггүй гэж үзэв.  

 

Хариуцагч М.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын төлбөрийн чадваргүй, хохирол төлөх эдийн засгийн чадваргүй, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой гэх тайлбар нь М.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

Иймд хариуцагч М.Төөс Субару Оутбак маркийн 89-75 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2.814.000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 184.000 төгрөг, нийт 2.998.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.443.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

“Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮТТБ нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажлын хөлс 300.000 төгрөг  нэхэмжилсэн №19/07 тоот нэхэмжлэхийг шүүхэд ирүүлсэн байх ба уг зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д :”Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч Б.Төөс гаргуулан олголоо.

/хх-ийн 105 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч М.Төөс 2.998.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.443.000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ц.Эд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар

            хариуцагч М.Төөс шинжээчийн ажлын хөлсөнд 300.000 төгрөг гаргуулан “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮТТБ-д, улсын тэмдэгтийн хураамжид 62.918 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мд тус тус олгож,

            нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

                                          ШҮҮГЧИД                                      Д.ГАНБОЛД

 

                                                                   Н.САРАНГҮН