Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2023/04086

 

 

 

 

 

                           

 

 

                                      

         2023      12         15 

                        181/ШШ2023/04086

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... тоотод оршин байрлах, Б ХХК /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... байрлах С ХХК /РД:.../,

Хариуцагч: .... байранд байрлах Сар нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 21,325,420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Халиунаа

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, Б.Чинбат,

Срын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Волоож,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч С ХХК болон Сар нарт холбогдуулан харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 21,325,420 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

“Манай Б ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн С ХХК-иас санхүүжихээр Сартай гэрээ байгуулан Гачуурт дахь Ноён уулын 3,4 дүгээр постонд хамгаалагч нараа байрлуулан хамгаалалтын үйл ажиллагааг өнөөг хүртэл явуулж ирсэн.

Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 5.1-т заасны дагуу гэрээгээр үзүүлж буй үйлчилгээний сар бүрийн төлбөрийг орон нутгийн удирдлагын саналыг үндэслэн С ХХК шилжүүлнэ гэж заасан байдаг.

Одоог хүртэл Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байхад С ХХК нь манай хамгаалалтын ажилтнуудыг хамгаалалтын объектруу орохыг хориглож нэвтрүүлэхгүй, хамгаалалтын объектод байрлах манай компанийн өмчлөлийн гэр, вагончик зэргийг зөвшөөрөлгүй хөдөлгөж, биднийг тийш нь нэвтрүүлэхгүй байна. Бид гэрээний үүргээ хэрэгжүүлэхээр одоог хүртэл хамгаалалтын ажилтнуудаа хамгаалалтын объектын гадна байршуулж, бэлэн байлгасаар өнөөдрийг хүрч байна. Энэ хугацаанд бид хамгаалалтын ажилтны буудал, хоол ундны зардалд 3,376,900/гурван сая гурван зуун далан зургаан мянга есөн зуу/ төгрөг гаргасан ба энэ зардлаа Монгол Улсын Иргэний хуулийн 227.3-т заасны дагуу учирсан хохиролд тооцож, С ХХК-иас гаргуулна.

Дээрхээс гадна С ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргад хандан 71 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн байх ба тус албан бичигт манай байгууллагын ажилчдыг харуул хамгаалалтын эрхээ урвуулан ашиглах замаар өөрийн хариуцаж буй талбайгаас хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулсныг Экологийн цагдаагийн газарт гомдол гаргуулан шалгуулна гэсэн байна. Бид энэ албан бичигтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг дарга болон тус сумын цагдаагийн хэлтэст хандаж лавлагаа авсан боловч манай хамгаалалтын ажилтнуудтай холбоотой нэг ч гомдол мэдээлэл шалгагдаагүй талаар хариу авсан.

Иймд С ХХК-иас Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний 2020 оны 9,10 дугаар сарын төлбөрт 17,948,520 төгрөг, учирсан хохиролд 3,376,900 төгрөг, нийт 21,325,420 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Мөн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасан шаардлагадаа: Манай Б ХХК-ийн Сартай байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 5.1-т заасны дагуу гэрээгээр үзүүлж буй үйлчилгээний сар бүрийн төлбөрийг орон нутгийн удирдлагын саналыг үндэслэн С ХХК шилжүүлнэ гэж заасан байдаг. Хариуцагч С ХХК нь 2020 оны 8 дугаар сарыг хүртэл орон нутгийн удирдлагын саналыг үндэслэн гэрээний төлбөрийг шилжүүлж байсан талаархи баримтаа шүүхэд гаргаж өгсөн байх ба 8 дугаар сараас хойшхи орон нутгийн удирдлагын санал бүхий баримтыг өгөөгүй байна.

Манай байгууллагыг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл Срын зүгээс гэрээ хүчин төгөлдөр байгаа талаар бидэнд мэдэгдэж байсан бөгөөд нэг ч удаа гэрээ цуцлагдсан талаар мэдэгдээгүй. Гэтэл шүүхийн журмаар тус Засаг даргын тамгын газраас баримт гаргуулахаар шаардахад 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр С ХХК-ийн гэрээг цуцалж, төлбөр төлөхгүй гэдгээ мэдэгдсэн албан бичиг авснаас хойш Б ХХК-ийн гэрээний төлбөрийг төлөх талаар саналыг хүргүүлээгүй гэжээ. Сар болон С ХХК нар нь хоорондоо албан бичиг солилцоод хууль бусаар манай байгууллагатай байгуулсан гэрээг цуцалснаас манай байгууллага 9, 10 дугаар сард ажлаа гүйцэтгэсээр байсан болно.

Иймд Сар нь С ХХК-ийн хамт манай байгууллагын эрхийг зөрчиж, хохирол учруулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-т заасны дагуу хамтран хариуцагчаар татаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэдгээр хоёр хариуцагчид холбогдуулан гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Б ХХК-ийн зүгээс С ХХК-д холбогдуулан 21,325,420 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 1-р үндэслэлээ Б ХХКомпани болон Сартай 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу харуул хамгаалалтын төлбөрийг Сентеррагоулд ХХКомпаниас гаргуулах гэж тайлбарласан байна.

Сентеррагоулд ХХКомпани нь Б ХХКомпанитай ямар нэгэн үүрэг үүсэх гэрээ байгуулаагүй, үүргийн харилцаанд оролцоогүй болно. Дээрхи үндэслэл нь хууль зүйн боломжгүй бөгөөд харилцан хамааралгүй эрх зүйн этгээдийн хооронд хийгдсэн хэлцэлд уг хэлцэлд оролцоогүй гуравдагч этгээд үүрэг хүлээх үндэслэлгүй болно.

Мөн түүнчлэн Нэхэмжлэгчийн Нэхэмжлэл-дээ хавсарган өгсөн Харуул хамгаалалтын гэрээ нь 2 талын гэрээ байх бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь Б ХХКомпани, Үүрэг гүйцэтгүүлэгч нь Сар болох нь тодорхой харагдаж байна. Талууд гэрээндээ гуравдагч этгээдийн нэрийг дурьдаж өгснөөр тэр этгээд нь гэрээний талуудын өмнө үүрэг хүлээх эрх зүйн үндэслэл байхгүй болно.

2.Нэхэмжлэлийн шаардлагын 2-р үндэслэлээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг үндэслэл болгосон байна. Энэхүү хуулийн заалт нь Үүрэг гүйцэтгүүлэгчээс өөрт учирсан хохирлоо тооцон үүрэг гүйцэтгэгчээс нэхэмжлэх талаархи асуудлыг тусгасан байх бөгөөд Сентеррагоулд ХХКомпани нь Нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй болно.

3.Сентеррагоулд ХХКомпани нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн үйл ажиллагааг өөрийн зардлаар санхүүжүүлэх, барьж байгуулах, техник тоног төхөөрөмжийн туслалцааг үзүүлэн Орон нутгийн удирдлагатай хамтран ажилладаг бөгөөд энэ нь гуравдагч этгээдийг мөн адил санхүүжүүлэх үүрэгтэй гэсэн үг биш юм.

4.Нэхэмжлэлийн үндэслэл болгоод буй Харуул хамгаалалтын үйлчилгээний гэрээ нь хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй болон нь нэхэмжлэлд хавсаргасан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад нэхэмжлэгчээс хүргүүлсэн 329 дугаартай албан бичгээс харагдаж байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан хууль эрх зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсьегэжээ.

3.Хариуцагч Сар хариу тайлбартаа: С ХХК-ий тусгай зөвшөөрлийн талбай буюу Б ХХК-ий хамгаалалтын үйл ажиллагаа байсан талбайг Монгол Улсын Их хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 47 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн N226/1128/ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтэлснээр олон нийтэд ил болсон.

Мандал сумын Ноён уул орчмын 21,670 га талбай буюу Б ХХК- ийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан талбайг төр хамгаалалтад авсан, мөн санхүүжүүлэгч С ХХК нь Мандал сумын Засаг даргын Тамгын газарт 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цаашид төлбөр төлөхгүй болсныг мэдэгдсэн 71 тоот албан бичгийг ирүүлсэн.

Иймд Б ХХК-ийн нэхэмжлэлтэй холбоотой хэрэг маргааны асуудалд Мандал сумын Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна.

Хавсралтаар С ХХК-ий 71 тоот албан бичиг, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №26/1128/ Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдсэн Улсын Их Хурлын 47 дугаар тогтоолыг хавсаргасан гэжээ.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 264,577 төгрөг төлсөн баримт, Б.Баясгаланд олгосон итгэмжлэл, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.06.05-ны өдрийн Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ, Б ХХК-ийн 2020.09.18-ны өдрийн 325 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтсийн 2020.09.28-ны өдрийн 42/2-1858 тоот албан бичиг, 2020.09.21-ний өдрийн О.Нэргүй, Д.Загарзүсэм, З.Батмөнх, Д.Энхболд, Д.Дагвасүмбэрэл, Л.Магсаржав, Ц.Самбуу, Ц.Эрдэнэбаатар, Н.Бат-Эрдэнэ, Д.Бат-Очир нарын захиргааны зөрчил шалгах хуудас, Б ХХК-ийн 2020.09.29-ний өдрийн 329 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Л.Лхавадоржид хүргүүлсэн мэдэгдэл, С.Батсүрэнгийн итлгэх хуудас, Тост мандал ХХК-ийн нэхэмжлэх, зарлагын баримт, Нарны өргөө ХХК-ийн нэхэмжлэх, тооцооны хуудсууд, зарлагын баримтууд, Б ХХК-ийн Голомт банк дахь 1410000539 тоот дансны хуулга, Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтсийн 2020.09.10-ны өдрийн 43/2-1769 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтсийн 2020.08.26-ны өдрийн 34 дугаартай мэдэгдэл, Сартай байгуулан Гачуурт дахь Ноён уулын 3, 4 дүгээр постын хамгаалалтын ажлыг хийж гүйцэтгэсэн 2020 оны илтгэх хуудас, тайлан, Харуул хамгаалалтын постод 2020 онд орсон, гарсан тээврийн хэрэгсэл, иргэдийн бүртгэл, Б ХХК-ийн Дохиолол харуул хамгаалалтын албанаас гаргасан Гацууртад 2020 оны 4 дүгээр сард хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Б.Баясгаланд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн байна.

Хариуцагч С ХХК-аас нотлох баримтаар:

Б.Чинбатад олгосон итгэмжлэл, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2020.08.26-ны өдрийн 01/908 тоот, 2020.07.24-ний өдрийн 01/828 тоот, 2020.06.29-ний өдрийн 01/768 тоот, 2020.03.25-ны өдрийн 1/516 тоот, 2019.11.25-ны өдрийн 1/862 тоот, 2019.03.25-ны өдрийн 1/225 тоот, 2019.0.25-ны өдрийн 1/136 тоот, 2019.01.22-ны өдрийн 2/52 тоот, 2020.01.22-ны өдрийн 1/68 тоот албан бичгүүд, Б ХХК-ийн нэхэмжлэхүүд, Хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай СГМ/1445/12/18 дугаартай гэрээнд оруулсан “1” дэх нэмэлт өөрчлөлт, 2018.12.19-ний өдрийн СГМ 1445-12-18 дугаартай С ХХК-Монгол Улс харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ, Э.Золзаяад олгосон итгэмжлэл, Т.Цэлмүүнд олгосон итгэмжлэл, Б.Чинбатад олгосон итгэмжлэл, Б.Чинбат, Т.Цэлмүүн, Б.Батчимэг нарт олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн байна.

Хариуцагч Сраас нотлох баримтаар: Ж.Волоожид олгосон итгэмжлэл, С ХХК-ий 71 тоот албан бичиг, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №26/1128/ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэгдсэн Улсын Их Хурлын 47 дугаар тогтоол зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд: Срын 2022.12.02-ны өдрийн 03/315 тоот, 2023.02.07-ны өдрийн 03/19 тоот, 2023.04.21-ний өдрийн 03/81 тоот албан бичгүүд, С ХХК-ийн 2020.09.02-ны өдрийн 71 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад хүргүүлсэн мэдэгдэл зэрэг баримт авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   5.Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч С ХХК, Сар нараас харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний 2020 оны 9, 10 дугаар сарын төлбөрт 17,948,520 төгрөг, учирсан хохиролд 3,376,900 төгрөг, нийт 21,325,420 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   6.Хариуцагч С ХХК нь талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, гэрээний тал биш гэж эс зөвшөөрч маргасан.

   7.Хариуцагч Сар нь Мандал сумын Ноён уул орчмын 21,670 га талбай буюу Б ХХК-ийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан талбайг төр хамгаалалтад авсан, мөн санхүүжүүлэгч С ХХК нь Мандал сумын Засаг даргын Тамгын газарт 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цаашид төлбөр төлөхгүй болсныг мэдэгдсэнээр гэрээ дуусгавар болсон тул төлбөр төлөх үндэсгүй гэж маргасан.

8.Шүүх доор үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

9.Хэрэгт авагдсан бичгийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

10.Нэг талаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга, нөгөө талаас Б ХХК нар 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх нэртэй гэрээ байгуулж, талууд гарын үсгээ зуржээ./хх 8-10/

11.Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно, 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах... гэж, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Харуул хамгаалалт эрхлэх талаар үйлчлүүлэгч болон харуул хамгаалалтын байгууллага гэрээ байгуулна, 8.2-т Харуул хамгаалалтын тухай гэрээ байгуулахдаа Иргэний хуульд заасан нийтлэг журмыг баримтлахаас гадна гэрээнд дор дурдсан зүйлийг тусгана гэж заасан.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.2 дахь заалт болон Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газар нар Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулжээ.

11.1.Харуул хамгаалалтын гэрээний 1, 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх, Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газар нь мэдээллээр хангах, үйлчилгээний төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээний шинжтэй байх тул Хөлсөөр ажиллах гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч С ХХК нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

11.2.Гэрээний 5.1-т гэрээгээр үзүүлж буй үйлчилгээний 1 сарын төлбөр болох 8,974,260 төгрөгийг сар бүр орон нутгийн удирдлагын саналыг үндэслэн С ХХК-иас нэхэмжлэхийн дагуу шилжүүлнэ гэж заасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэж заасны дагуу тохиролцсон гэж үзэхээр байна./хх 9/

11.3.Улмаар талууд зарим сард хариуцагч С ХХК харуул хамгаалалтын төлбөрийг нэхэмжлэгчид төлж байсан үйл баримтыг үгүйсгээгүй. Тухайлбал хариуцагч нь Мандал сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн № 01/828, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн № 01/908 тоот албан бичгийн дагуу нэхэмжлэгчид Ноён уулын Гачууртын амны обьектын 2020 оны 7, 8 дугаар сарын харуул хамгаалалтын үйлчилгээний хөлсийг төлсөн. Энэ нь 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн болон 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэхээр тогтоогдсон, талууд маргаангүй байна./ 97-98, 134-135/

Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дах хэсэгт зааснаар хамгаалалтын объект гэж харуул хамгаалалтад авсан барилга байгууламж, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, газар нутгийг ойлгохоор байна.

11.4.Нэхэмжлэгчийн хамгаалалтад авч ажилласан гэх обьектэд юу юу хамаарч байгааг нэхэмжлэгч өөрсдөө нэхэмжлэлдээ тодорхой тусгаагүй бөгөөд энэ талаар гэрээнд ч заагаагүй, энэ талаархи үйл баримт тогтоогдохгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзнэ.

11.5.Хэдийгээр гэрээнд нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр дэх Ноён уулын Гачууртын амны обьектын хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байгаа талаар бичиж, тайлбарласан, энэ талаар Мандал сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн № 01/828, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн № 01/908 тоот албан бичгийн хуулбарууд хэрэгт авагдсан боловч хариуцагч С ХХК нь өөрийн эзэмшлийн обьектыг хамгаалуулаагүй, гэрээний тал биш гэж маргасан. /хх 11, 97-98/

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: хуулийн 4/-т байгалийн нөөц газар, дурсгалт газар, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг эрхлэх; 5/-д орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын менежментийг гэрээгээр хариуцах байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахаар байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 3/-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлыг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийн бүрдэх нэг хэсэг нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламж байж болохоор байна.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг ... этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид хандан гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлж, хариуцагч С ХХК нь хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

11.6.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч Сар нарын хооронд байгуулагдсан Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх нэртэй гэрээнд төлбөр тооцоог хариуцан төлүүлэхээр С ХХК-ийг оролцуулсан болохоос биш тус гэрээний тал гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

11.7.Маргааны зүйл болсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дах Ноён уулын Гачууртын ам гэх газар нь төрийн тусгай хамгаалалтад авагдсан нутаг дэвсгэр болох талаар хариуцагч тайлбарлан, доорх баримтыг гаргасан. Үүнд:

Монгол Улсын Их хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагт Сэлэнгэ аймгийн Мандал сум... дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан бөгөөд Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг байгуулж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн батлагдсан төсвийн хүрээнд багтаан зохион байгуулах арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж, Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагийг хавсралтаар баталсан ба Ноён уулын дархан цаазат газрын хийлийн зааг Сэлэнгэ аймгийн 21670.00 га газрыг төрийн тусгай хамгаалалтад авагдсан болох нь тогтоогдож байна./2хх 132-134/

Дээрх Улсын их хурлын тогтоол нь нийтэд илэрхий баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд хамаарна.

Ийнхүү маргааны зүйл болсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дах Ноён уулын Гачууртын ам гэх газрыг төрийн тусгай хамгаалалтад авагдсан нутаг дэвсгэр болгосон байх тул уг газрыг хэргийн хариуцагч буюу гэрээний тал болох Сар нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цааш үргэлжүүлэх хууль зүйн боломжгүй гэж үзнэ.

12.Нэхэмжлэгч тал хариуцагчийг гэрээг цуцалсан талаар огт мэдэгдээгүй гэх тайлбар гаргасан боловч Б ХХК-ийн Сэлэнгэ аймгийн мандал сумын Засаг дарга Л.Лхагвадорж танаа гэсэн 2020.09.29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 329 тоот албан бичигт: ...2020 оны 09 сарын 06-ны өдөр манай харуулын албадан дарга Н.Бат-Эрдэнэд ЗДТГ-т С ХХК-с хүргүүлсэн гэх мэдэгдлийг өгч танай компанитай гэрээ цуцалсан гэж мэдэгджээ... гэсэн байх тул нэхэмжлэгчийг гэрээг цуцлах талаар хариуцагч талаас мэдэгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна./хх 35/

12.1.Хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой гэжээ. Ийнхүү мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул мэдэгдсэн байдлыг тогтоосон нотолгооны хүрээнд шүүх дүгнэлтийг өгнө. Иймээс нэхэмжлэгчийн дээрх баримт, хэргийн үйл баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээг дуусгавар болгож цуцалсан талаар 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 71 тоот албан бичгээр мэдэгдсэн байх тул энэ өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаатай учир зохигч талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцаа цаашид дуусгавар болсон байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ., 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлсэн болно.

13.Дээрхийг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгчийн хариуцагч нараас шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

           14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,577 төгрөгийг улсын төсвийн орлого болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг баримтлан С ХХК болон Сар нараас харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 21,325,420 төгрөг гаргуулах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,577 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ