Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00360

 

 

 

 

 

 

             

    2024        02           23                                       210/МА2024/00360

 

БЦ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/04086 дугаар шийдвэртэй,

 

            БЦ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

СМ ХХК, САМСЗТГт тус тус холбогдох,

 

            Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 21,325,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Х, хариуцагч СМ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. БЦ ХХК 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн СМ ХХК-иас санхүүжихээр САМСЗТГтай гэрээ байгуулан Гачуурт дахь Ноён уулын 3,4 дүгээр постод хамгаалагчдаа байрлуулан хамгаалалтын үйл ажиллагааг өнөөг хүртэл явуулж ирсэн.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу үйлчилгээний сар бүрийн төлбөрийг орон нутгийн удирдлагын саналыг үндэслэн СМ ХХК шилжүүлнэ гэж заасан.

1.2. СМ ХХК нь хамгаалалтын объектод байрлах манай компанийн өмчлөлийн гэр, вагончик зэргийг зөвшөөрөлгүй хөдөлгөж, хамгаалалтын ажилтнуудыг объект руу орохыг хориглож, нэвтрүүлээгүй.

Бид гэрээний үүргээ хэрэгжүүлэхээр хамгаалалтын ажилтнуудаа объектын гадна байршуулж, бэлэн байлгасаар өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд хамгаалалтын ажилтны буудал, хоол ундны зардалд 3,376,900 төгрөг зарцуулсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу дээрх зардлыг учирсан хохиролд тооцож СМ ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.

1.3.  СМ ХХК 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр САМСЗДд хандаж, 71 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг хүргүүлсэн ба уг албан бичигт “манай байгууллагын ажилчдыг харуул хамгаалалтын эрхээ урвуулан ашиглах замаар өөрийн хариуцаж буй талбайгаас хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулсныг Экологийн цагдаагийн газарт гомдол гаргуулан шалгуулна” гэсэн байна. Бид албан бичигтэй холбоотойгоор САМСЗД болон тус сумын цагдаагийн хэлтэст хандаж лавлагаа авсан бөгөөд манай хамгаалалтын ажилтнуудтай холбоотой нэг ч гомдол мэдээлэл шалгагдаагүй талаар хариу өгсөн.

1.4. Хариуцагч СМ ХХК нь 2020 оны 8 дугаар сарыг хүртэл орон нутгийн удирдлагын саналыг үндэслэн гэрээний төлбөрийг шилжүүлж байсан талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн боловч 8 дугаар сараас хойших баримтыг өгөөгүй.

Манай байгууллагыг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл САМСЗДТГрын зүгээс гэрээ хүчин төгөлдөр байгаа талаар бидэнд мэдэгдэж байсан бөгөөд нэг ч удаа гэрээ цуцлагдсан талаар мэдэгдээгүй. Гэтэл шүүхийн журмаар тус Засаг даргын Тамгын газраас баримт гаргуулахаар шаардахад 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр СМ ХХК-ийн гэрээг цуцалж, төлбөр төлөхгүй гэдгээ мэдэгдсэн албан бичиг авснаас хойш БЦ ХХК-ийн гэрээний төлбөрийг төлөх талаар саналыг хүргүүлээгүй гэжээ. САМСЗТГ болон СМ ХХК нь хоорондоо албан бичиг солилцоод хууль бусаар манай байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсан. Манай байгууллага 9, 10 дугаар сард ажлаа гүйцэтгэсээр байсан.

1.5. САМСЗТГ, СМ ХХК нь манай байгууллагын эрхийг зөрчиж, хохирол учруулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд САМСЗТГ, СМ ХХК-иас харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний 2020 оны 9,10 дугаар сарын төлбөрт 17,948,520 төгрөг, учирсан хохиролд 3,376,900 төгрөг, нийт 21,325,420 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч СМ ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. СМ ХХК нь БЦ ХХК-тай гэрээ байгуулаагүй тул үүрэг хүлээх үндэслэлгүй болно.

Харуул хамгаалалтын гэрээний үүрэг гүйцэтгэгч нь БЦ ХХК, үүрэг гүйцэтгүүлэгч САМСЗТГ юм. Талууд гэрээндээ гуравдагч этгээдийн нэрийг дурдаж өгснөөр тэр этгээд нь гэрээний талуудын өмнө үүрэг хүлээх эрх зүйн үндэслэл болохгүй.

 СМ ХХК нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, гэрээний дагуу хохирол төлөх үүрэггүй болно.

2.2. СМ ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн үйл ажиллагааг өөрийн зардлаар санхүүжүүлэх, барьж байгуулах, техник тоног төхөөрөмжийн туслалцааг үзүүлэн орон нутгийн удирдлагатай хамтран ажилладаг бөгөөд энэ нь гуравдагч этгээдийг мөн адил санхүүжүүлэх үүрэгтэй гэсэн үг биш юм.

2.3. Харуул хамгаалалтын үйлчилгээний гэрээ нь хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй болох нь САМСЗДд нэхэмжлэгчээс хүргүүлсэн 329 дугаартай албан бичгээс харагдаж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч САМСЗДТГрын тайлбар, татгалзлын агуулга: СМ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай буюу БЦ ХХК-ийн хамгаалалтын үйл ажиллагаа явуулж байсан талбайг Монгол Улсын Их хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн N226/1128/ “Төрийн мэдээлэл эмхэтгэл”-д албан ёсоор нийтэлснээр олон нийтэд ил болсон.

БЦ ХХК хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Мандал сумын Ноён уул орчмын 21,670 га талбайг төр хамгаалалтад авсан, мөн санхүүжүүлэгч СМ ХХК нь Мандал сумын Засаг даргын Тамгын газарт 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цаашид төлбөр төлөхгүй болсныг 71 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Иймд БЦ ХХК-ийн нэхэмжлэлтэй холбоотой хэрэг маргааны асуудалд Мандал сумын Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг баримтлан СМ ХХК болон САМСЗТГ нараас харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 21,325,420 төгрөг гаргуулах тухай БЦ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,577 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын маргааны зүйл, нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал зэргийг дугаарлан хууль зүйн дүгнэлт өгч тодорхойлохдоо хоорондоо зөрчилдсөн агуулга гаргасан байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11, 11.1, 11.2, 11.3 дугаар зүйлд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ нь Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулж байна гээд, 11.1 дэх хэсэгт СМ ХХК-ийг гэрээний харилцаанд оролцсон гэрээний нэг тал гэж дүгнэсэн. Гэтэл 11.6 дахь хэсэгтээ СМ ХХК -ийг тус гэрээнд төлбөр тооцоо хариуцан төлөхөөр оролцсон болохоос биш гэрээний тал биш хэмээн зөрүүтэй дүгнэжээ.

5.2.  Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний объект нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.2, 11.5, 11.6, 11.7 дахь хэсэгт зааж тодорхойлсны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч СМ ХХК -ийн үүрэгт хамаарах нутгийн захиргааны байгууллагатай тохиролцсоны дагуу хэрэгжүүлж буй Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр дэх Ноён уулын хамгаалалтын 3, 4 дүгээр постууд байсан. Хариуцагч СМ ХХК нь харуул хамгаалалтын үйлчилгээний хөлсийг нэхэмжлэгчид төлж байсан, нэхэмжлэгч нь ажил үүргээ зохих ёсны дагуу гүйцэтгэсэн эсэхэд талууд маргаагүй тул нэхэмжлэгч үүнийг заавал нотлох үүрэг хүлээгээгүй.

Харин нэхэмжлэгч “Харуул хамгаалах ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-ний дагуу хэвийн ажил үүргээ гүйцэтгэж байх үед 2020 оны 9 сард гэнэт үйл ажиллагааг тасалдуулсан, гэрээ цуцлагдсан талаар албан ёсоор мэдэгдээгүйгээс 2020 оны 9, 10 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэсээр байсан тул тухайн саруудын ажлын хөлсийг нэхэмжилсэн.

5.3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо СМ ХХК -ийг төлбөр төлөх үүрэггүй, гэрээний нэг тал биш гэж, Монгол Улсын Их хурлын 47 дугаар тогтоолоор гэрээний дагуу хамгаалуулж байсан объектыг улс өөрөө хамгаалахаар болсон тул хамгаалалт шаардлагагүй болсон, мөн СМ ХХК -ийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 71 дугаар гэрээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгч тал хүлээн авсан байх тул гэрээг цуцлах талаар мэдэж байсан гэж дүгнэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дэх хэсэгт БЦ ХХК, САМСЗТГ нь хоорондоо “Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулсан гэж дүгнэсэн. Гэрээний аль ч тал нэгэндээ гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлээгүй. Иргэний хуулийн 17 дугаар бүлэгт үүргийн харилцаанд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах нөхцөлүүдийн талаар тодорхой зохицуулсан атал шүүгч гэрээг цуцлахад хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй учир Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлээгүй ч нэхэмжлэгч гэрээг цуцлагдсаныг СМ ХХК -иас олж мэдсэн гэж ойлгомжгүй, хариуцагч нарыг хэт өмгөөлсөн шинжтэй дүгнэлт хийжээ.

Үүргийн харилцаанд аль нэг тал гэрээг цуцлах, эсхүл гэрээнээс татгалзах санал гаргаж буй бол нөгөө талдаа ойлгомжтой байдлаар мэдэгдэж гэрээг дуусгавар болгох хугацааг тогтоож, харилцан тооцоо нийлж, үүргийн харилцааг дуусгавар болгох үүрэгтэй.

5.4 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ цуцлагдсанаас хойших үр дагаврыг талууд шийдвэрлэх ёстой байсан. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас нэг ч ойлгомжтой, тодорхой мэдэгдэл, хариуг нэхэмжлэгч талд өгч байгаагүй ба үүнийгээ  тайлбараараа хүлээн зөвшөөрдөг.

Нэхэмжлэгч тал зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаад байхад шүүх та нар хохироогүй байна гээд шууд төрийн байгууллагыг шийдвэрээрээ өмгөөлөөд байгааг ойлгохгүй байна. Гэрээ цуцлагдсан талаар 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр БЦ ХХК-ийг мэдэж байсан гэж шүүх дүгнэсэн юм бол яагаад энэ хүртэл хугацааны ажлын хөлсний асуудлыг хариуцагч нараас гаргуулах асуудлыг шүүх шийдвэрлэхгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод байгааг ойлгохгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч СМ ХХК-ийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна.

6.1. Нэхэмжлэгч БЦ ХХК нь САМСЗТГтай харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Гэтэл энэ гэрээний нэг талыг манай компани гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Харин Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.1 2-т зааснаар талууд харилцан тохиролцож, нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлснээр гэрээ байгуулсанд тооцдог. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээнд манай компани оролцоогүй, харилцан тохиролцоогүй, гэрээнд гарын үсэг зураагүй байхад гэрээг байгуулсан гэж үзэх нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлж, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан.

6.2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо "Гэрээний аль ч тал нэгэндээ гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлээгүй" гэжээ. Гэтэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзахдаа нөгөө талдаа мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавиагүй байдаг. Нөгөө талдаа амаар, бичгээр, үйлдлээр зэрэг аливаа хэлбэрээр гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэж, мэдэгдсэн байдлыг тогтоосон нотолгооны хүрээнд шүүх дүгнэлт өгдөг.

Учир нь БЦ ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 329 дугаартай САМСЗДд хүргүүлсэн мэдэгдэлд “ мэдэгдлийг өгч танай компанитай гэрээ цуцалсан гэж мэдэгджээ” гэснээс үзвэл нэхэмжлэгч нь гэрээг цуцалж байгаа талаар мэдэж байсан нь тогтоогдож байна гэж шүүх үндэслэлтэй дүгнэжээ. Энэ албан бичигтэй холбоотойгоор харуул хамгаалалтын объект руу нэвтрүүлээгүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө тайлбарладаг бөгөөд энэ нь мөн гэрээнээс татгалзаж байгаагаа үйлдлээрээ илэрхийлсэн гэж үзэхээр байна. Дээр дурдсан мэдэгдэл болон хамгаалалтын объект руу нэвтрүүлэхгүй байсан үйлдэл зэргээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээ цуцалж байгаа талаар хангалттай мэдэж, ойлгож байсан нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл БЦ ХХК, САМСЗД нар хоорондоо гэрээ байгуулж, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн хэдий ч хуульд зааснаар хэн аль нь гэрээг цуцлах эрхтэй, мэдэгдэх үүрэгтэй. Энэхүү эрхээ хариуцагч хэрэгжүүлсэн боловч нэхэмжлэгч нь түүнийг үл ойшоон 2020 оны 9, 10 сард хамгаалалтын ажлаа гүйцэтгэхээр очсоор байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Мөн Монгол улсын Их хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор Ноён уулын Гачууртын ам гэх газрыг Төрийн тусгай хамгаалалтад авагдсаны дагуу гэрээг цуцалсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий баримт тул дахин нотлох үүргийг талууд хүлээгээгүй.

6.3. Нэхэмжлэгч нь “... хэвийн ажил үүргээ гүйцэтгэж байх үед 2020 оны 9 сард гэнэт үйл ажиллагааг нь тасалдуулсан, гэрээ цуцлагдсан талаар албан ёсоор мэдэгдээгүйгээс гэрээнд заасан ажил үүргээ 2020 оны 9, 10 дугаар сард гүйцэтгэсээр байсан..." гэжээ. Иргэний хуулийн 359 зүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүрэг буюу ажил, үйлчилгээг гүйцэтгэснээр тохирох хөлсийг төлөхөөр зохицуулжээ. Гэтэл нэхэмжлэгч нь 2020 оны 9, 10 сард хамгаалалтын ажлыг гүйцэтгээгүй, мөн ажил гүйцэтгэсэн нь нотлогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ биелүүлж чадаагүй тул ажлын хөлсөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр, энэхүү маргааныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2021/01032 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1309 дугаартай магадлалаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Энэхүү магадлалд хамгаалалтад авч ажилласан объектыг тодруулах, ажил үйлчилгээ авсан этгээдийг тодруулах, СМ ХХК-ийг төлбөр шилжүүлэхээр заасан шалтгааныг тодруулах, гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч төлбөрөө шаардсан нь тодорхой бус байгаа тул анхан шатны шүүх рүү хэргийг буцаасан. Ингээд анхан шатны шүүхээс хариуцагчаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргыг оролцуулж, маргааны зүйл буюу хамгаалалтын объект нь Ноён уулын Гачууртын ам гэх газар гэдгийг тодорхойлж, үүнтэй холбоотой Монгол Улсын Их хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар тогтоол гарсныг тогтоож, СМ ХХК гэрээний нэг тал биш, мөн нэхэмжлэгч нь ажил үйлчилгээг үзүүлээгүй тул төлбөрөө нэхэмжлэх үндэслэлгүй зэрэг давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан бүхий л шалтгааныг тогтоож, хэргийг тал бүрээс нь бодитой шийдвэрлэжээ.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.

 

7. Хариуцагч САМСЗТГ давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч БЦ ХХК нь хариуцагч СМ ХХК, САМСЗТГт тус тус холбогдуулан харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 21,325,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. БЦ ХХК болон САМСЗДТГрын хооронд 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр БЦ ХХК нь Ноён уулын гачууртын амны объектыг хамгаалах ажил, үйлчилгээ үзүүлж, СМ ХХК нь орон нутгийн удирдлагын саналыг үндэслэн нэхэмжлэхийн дагуу хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн,  БЦ ХХК болон САМСЗДТГрын хооронд  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Талууд дээр дурдсан гэрээг БЦ ХХК болон САМСЗДТГрын хооронд байгуулагдсан талаар маргаагүй тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсанд тооцох зохицуулалтыг шалгаж дүгнэлт өгөх шаардлагагүй байгааг дурдах нь зүйтэй.

4.1. Харин СГ ХХК гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  САМСЗДТГрын төлбөр төлөх үүргийг хүлээсэн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгэх зохицуулалтад хамаарч байгааг анхан шатны шүүх анхаараагүйгээс гэрээний нэг тал болгож дүгнэсэн нь алдаатай болсныг залруулах нь зүйтэй. 

4.2. Түүнээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана”, 42.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 42.1-д заасан асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай хамтран олон нийтийн хэлэлцүүлэг явуулна” гэсэн зохицуулалт нь хариуцагч СГ ХХК -ийг дээр дурдсан гэрээний тал болохыг тодорхойлохгүй. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргажээ.

 4.3. Мөн гэрээний зүйлийг талууд  Ноён уулын гачууртын амны объектыг хамгаалах ажил, үйлчилгээ үзүүлэх гэж тодорхойлсон талаар маргаагүй тохиолдолд анхан шатны шүүх Гэрээт харуул хамгаалалтын тухай хулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасныг тайлбарлан хэрэглэх шаардлага үүсээгүй байгааг анхааралгүйгээр талуудын маргаагүй зүйлд дүгнэлт өгсөн алдаа гаргажээ. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний зүйлийн талаар маргасан эсхүл гэрээний зүйл нь Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасан хуулиар хориглосон, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, иргэний гүйлгээнээс хасагдсан тохиолдолд шүүх маргааны зүйлийг хуульд нийцсэн эсэх талаар шалгах үүрэгтэй.  

4.4. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар аймгийн засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхэд орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг эрхлэх, уг хамгаалалтыг менежментийн гэрээгээр хариуцах байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах, мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар тусгай хамгаалалтай газар нутгийг хамгаалах ажлыг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудал нь тус тус энэ маргаанд хамааруулж анхан шатны шүүх дүгнэсэн нь ач холбогдолгүй, хамааралгүй болжээ.

4.5. Иймд анхан шатны шүүх хариуцагч СГ ХХК -ийг дээр дурдсан гэрээний тал мөн, биш гэж хоёрдмол утгатай дүгнэлт хийсэн нь алдаатай болсон, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.  

5. Монгол Улсын Их хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах” тухай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дах Ноён уулын Гачууртын ам гэх газар нь төрийн тусгай хамгаалалтад авагдсан нутаг дэвсгэрт хамаарахаар болсноор дээд дурдсан гэрээнд хамаарах хамгаалалтын объект уг тогтоолын үйлчлэлд оржээ. Энэ 47 тоот тогтоолыг “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2020 оны 26 дугаарт нийтэлсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримт гэж дүгнэх тул дахин нотлохгүй.

 

6. Харин уг 47 тоот тогтоол гарснаас хойш БЦ ХХК 2020 оны 6, 7, 8 саруудад гэрээнд заасны дагуу хамгаалалтын ажлыг хийж гүйцэтгэж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/828, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 01/908 тоот албан бичгийн дагуу СМ ХХК харуул хамгаалалтын төлбөрийг нэхэмжлэгчид төлж байсан үйл баримтад талууд маргаагүй.

 

7. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дах Ноён уулын Гачууртын ам гэх газрыг төрийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хамааруулснаар нэхэмжлэгч БЦ ХХК нь гэрээнд заасан ажил, үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн нөхцөлд хамаарах бөгөөд мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй тул хариуцагч САМСЗТГ  гэрээг цуцлах эрхтэй болно.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзаж журмыг тайлбарлан хэрэглэсэн нь оновчгүй болсныг дурдах нь зүйтэй.

 8. Гэрээг цуцлах тухай мэдэгдээгүй гэх  нэхэмжлэгч БЦ ХХК-ийн тайлбар үндэслэлгүй болжээ. Учир нь БЦ ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичигт “...2020 оны 09 дугаар сарын 06-ны өдөр манай харуулын албаны дарга Н.Бат-Эрдэнэд ЗДТГ-т Сентеррагоулд Монголия ХХК-аас хүргүүлсэн гэх мэдэгдлийг өгч танай компанитай гэрээ цуцалсан гэж мэдэгджээ...” гэж дурдсан  тул нэхэмжлэгч талыг гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүлээн авсан гэж дүгнэнэ. 

 

9. БЦ ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл гэрээнд заасан ажил, үүргийг гүйцэтгэж байсан болох нь БЦ ХХК-ийн “Тээврийн хэрэгслийн бүртгэл”, “Пост №2” гэх баримтад тус компанийн ажилтнууд мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд хамгаалалтын объектод нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэл хийсэн  байдлаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч тал  2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш 10 сарыг дуустал ажиллаж байсан болох нь хэрэг авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

10. Иймд нэхэмжлэгч БЦ ХХК нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар 9 хоногийн гэрээний хөлсөнд 2,692,278 / нэг сарын хөлс 8,974,260 төгрөгийг 30 хоногт хувааж, 9 хоногт тооцвол/ төгрөгийг гэрээний ажиллуулагч тал болох  САМСЗДТГраас  шаардах эрхтэй тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.  

 

11. Гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцалсан тохиолдолд хохирлыг шаардахад гэрээний үүргийг зөрчсөн гэм бурууг тогтооно.

Харин дээр дурдсан гэрээг цуцлахад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч САМСЗДТГрын гэм буруу байхгүй тул нэхэмжлэгч БЦ ХХК нь мөн хуулийн   227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан  хохирлыг арилгуулахаар шаардах эрхгүй болно. Иймд хариуцагч САМСЗТГт холбогдуулж хохиролд 3,376,900 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.   

11.1. Түүнчлэн нэхэмжлэгч БЦ ХХК-иас гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхээр очсон ажилтнуудыг хамгаалалтын объектод хариуцагч СМ ХХК нэвтрүүлээгүйгээс хохирол учирсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болжээ. Учир нь БЦ ХХК болон  САМСЗТГ нарын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсанаар үүрэг дуусгавар болжээ. 

11.2. СМ ХХК-иас САМСЗТГт  2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр илгээсэн албан бичигт дурдсан БЦ ХХК-ийн ажилчдын хууль бус үйлдэлтэй холбоотой эсэх үйл баримт гэрээг цуцлах үндэслэл болоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралгүй болжээ.

 

12. БЦ ХХК болон  САМСЗТГ нарын хооронд байгуулсан гэрээнд СМ ХХК нь төлбөр төлөх үүргийг хүлээсэн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр үүргийг гүйцэтгүүлэхээр тохиролцсон гэж дүгнэнэ.

Харин гэрээний үүрэг гүйцэтгэх гуравдагч этгээд болох СМ ХХК нь гэрээний 5.1-д зааснаар САМСЗДТГраас явуулсан нэхэмжлэхийг үндэслэн үүргийг гүйцэтгэх бөгөөд ийнхүү нэхэмжлэх ирүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэх үндэслэлгүй болно. Иймд СГМ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг шаардсан БЦ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

  

13. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/04086 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч САМСЗДТГраас 2,692,278 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БЦ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 18,633,142 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч СМ ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 

2 дахь заалтын  “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч САМСЗДТГраас 58,026 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,577 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА