Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01309

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01309

 

 

 

БЦ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2021/01032 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч БЦ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч СМ ХХК-д холбогдуулан 21 325 420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:   БЦ ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс СМ ХХК-иас санхүүжихээр Сэлэнгэ аймгийн ......сумын засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулан Гачуурт дахь  постонд хамгаалагч нараа байрлуулан хамгаалалтын үйл ажиллагааг өнөөг хүртэл явуулсан. Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний 5.1-т зааснаар үйлчилгээний сар бүрийн төлбөрийг орон нутгийн удирдлагын саналыг үндэслэн СМ ХХК шилжүүлнэ гэж заасан. СМ ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн ...... сумын Засаг даргад хандан 71 дүгээр мэдэгдэл хүргүүлсэн байх ба уг албан бичигт тус байгууллагын ажилчдыг харуул хамгаалалтын эрхээ урвуулан ашиглах замаар хариуцаж буй талбайгаас хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулсныг Экологийн цагдаагийн газарт гомдол гаргуулан шалгуулна гэсэн байна. Энэ албан бичигтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн ....... сумын засаг дарга болон тус сумын цагдаагийн хэлтэст хандаж лавлагаа авсан боловч хамгаалалтын ажилтнуудтай холбоотой гомдол шалгагдаагүй гэх хариу авсан.

СМ ХХК-иас Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний 2020 оны 9,10 дугаар сарын төлбөрт 17 948 520, учирсан хохиролд 3 376 900 төгрөг, нийт 21 325 420 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: С ХХК нь БЦ ХХК-тай гэрээ байгуулаагүй, үүргийн харилцаанд оролцоогүй. Харилцан хамааралгүй эрх зүйн этгээдийн хооронд хийгдсэн хэлцэлд уг хэлцэлд оролцоогүй гуравдагч этгээд үүрэг хүлээх үүрэггүй. Нэхэмжлэлд хавсарган өгсөн харуул хамгаалалтын гэрээ нь 2 талын гэрээ байх бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь БЦ ХХК үүрэг гүйцэтгүүлэгч нь Сэлэнгэ аймгийн .....сумын Засаг даргын тамгын газар болох нь тодорхой харагдаж байна. Талууд гэрээндээ гуравдагч этгээдийн нэрийг дурьдаж өгснөөр тэр этгээд нь гэрээний талуудын өмнө үүрэг хүлээх эрх зүйн үндэслэлгүй. СМ ХХК нь Сэлэнгэ аймгийн ..... суманд нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн үйл ажиллагааг өөрийн зардлаар санхүүжүүлэх, барьж байгуулах, техник тоног төхөөрөмжийн туслалцааг үзүүлэн орон нутгийн удирдлагатай хамтран ажилладаг бөгөөд энэ нь гуравдагч этгээдийг мөн адил санхүүжүүлэх үүрэгтэй гэсэн үг биш юм. Нэхэмжлэлийн үндэслэл болгоод буй Харуул хамгаалалтын үйлчилгээний гэрээ нь хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч СМ ХХК-иас нийт 21 325 420 /хорин нэгэн сая гурван зуун хорин таван мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч БЦ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч БЦ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264 577 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Харуул хамгаалалтын ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 5.1-т заасан нөхцөлийн дагуу гэрээг санхүүжүүлэх үүргийг хариуцагч СМ ХХК хүлээсэн. Нэхэмжлэхийг үндэслэн cap бүр санхүүжилтийг шууд нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж байсан. СМ ХХК нь бодит үйлдлээрээ энэ гэрээнд оролцсон. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан бүхий л хууль зүйн үндэслэлийг зөвхөн Иргэний хуулийн 198.1 дүгээр зүйлээр буюу хэлцлийг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан заалтаар бүхэлд нь үгүйсгэсэн нь ойлгомжгүй. Харуул хамгаалалтын ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ 5.1-т гэрээгээр үзүүлж буй үйлчилгээний cap бүрийн төлбөрийг орон нутгийн саналыг үндэслэн СМ ХХК шилжүүлнэ хэмээн шууд үүрэг хүлээлгэсэн заалтыг үндэслэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчид холбогдуулан тодорхойлсон юм. Харуул хамгаалалтын ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ биөлүүлээгүй. зөрчил гаргасан тул бид гэрээг цуцалж, санхүүжилтийг олгоогүй гэж хариуцагч тайлбарлаж мэтгэлцдэг ба энэ талаар баримтыг ч шүүхэд гаргадаг юм. Өөрөөр хэлбэл хариуцагч СМ ХХК нь маргаан бүхий гэрээний төлбөрийг төлж байсан, одоо төлөхгүй, гэрээний зөрчилтэй холбоотой гэрээ цуцлагдсан гээд тайлбар гаргаж мэтгэлцээд байхад шүүх хариуцагчийг гэрээний нэг тал биш гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хоёр ч удаа Сэлэнгэ аймгийн ...... сумын Засаг даргаас харуул хамгаалалтын ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр байдлын талаар болон санхүүжилт олгох саналыг хариуцагч "СМ ХХК-д явуулсан эсэх талаар лавлагааг гаргуулахаар хүсэлт гаргаж байсан ч шүүх энэ хүсэлтийг хэрэгт хамааралгүй гэж үзээд хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүх нотлох баримтыг бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч БЦ ХХК хариуцагч СМ ХХК-д холбогдуулан харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний 2020 оны 9, 10 дугаар сарын төлбөрт 17 948 520 төгрөг, хохиролд 3 376 900 төгрөг, нийт 21 325 420 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэж маргажээ. /хх 1-3, 64/

Хэрэгт Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх нэртэй гэрээ бичгийн баримтаар авагдсан. /хх 8-10/ Уг гэрээг нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн ......сумын Засаг даргатай 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр  байгуулж, талууд гарын үсгээ зуржээ.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дах хэсэгт зааснаар хамгаалалтын объект гэж харуул хамгаалалтад авсан барилга байгууламж, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, газар нутгийг ойлгох юм.

Хэдийгээр гэрээнд нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн ..... сумын нутаг дэвсгэр дэх Гачууртын амны обьектын хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байгаа талаар бичсэн, тайлбарласан, энэ талаар л сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн № 01/828, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн № 01/908 тоот албан бичгийн хуулбарууд хэрэгт авагдсан боловч хариуцагч нь өөрийн эзэмшлийн обьектыг хамгаалуулаагүй гэж маргаж байна. /хх 11, 97-98/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хамгаалалтад авч ажилласан гэх обьектэд юу юу хамаарч байгааг тодруулж, үйл баримтыг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байжээ.

 

Маргаантай обьект байрлаж буй Сэлэнгэ аймгийн  сумын нутаг дах Гачууртын ам гэх газар нь төрийн тусгай хамгаалалтад авагдсан нутаг дэвсгэр болох талаар талууд тайлбарлажээ./хх 154-173/

 

Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэж заасан. Хэрэгт авагдсан Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний 5.1-т гэрээгээр үзүүлж буй үйлчилгээний сар бүрийн төлбөрийг орон нутгийн удирдлагын саналыг үндэслэн СМ ХХК шилжүүлнэ гэж заасан. /хх 9/

 

Мандал сумын Засаг дарга нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээндээ төлбөрийг гуравдагч этгээд буюу тухайн нутаг дэвсгэрт обьект нь байрлаж буй СМ ХХК шилжүүлэхээр заасан шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй, нэхэмжлэгч талын энэ талаар нотлох баримт гаргах хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт нийцэхгүй болжээ. /хх 174/

 

Мандал сумын Засаг даргын нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах болсон шалтгаан нөхцөл, хамгаалалтын обьект буюу харуул хамгаалалтад авсан барилга байгууламж, тодорхой орчин, газар нутаг тодорхойгүй, үйлчилгээ авсан этгээд тодорхойгүйгээс маргааныг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3/-д зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь байгалийн нөөц газар, дурсгалт газрын хамгаалалтыг эрхлэхээр байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн  3/-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлыг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийн бүрдэх нэг хэсэг нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламж байж болохоор байна.

Нэхэмжлэгч нь аль хуулийн хүрээнд ямар агуулгаар Засаг даргатай гэрээ байгуулсан, уг гэрээгээр гуравдагч этгээд болох СМ ХХК-д шууд шаардлага гаргах эрхтэй эсэх, СМ ХХК нь нэхэмжлэгчээс ямар нэгэн үйлчилгээ авсан эсэх нь маргааныг зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Нэхэмжлэгч хуулийн дагуу эсхүл гэрээгээр шаардаж байгаагийн аль нь болохыг тодруулан мэтгэлцүүлэх нь зүйтэй.

Талууд зарим сард хариуцагч харуул хамгаалалтын төлбөрийг нэхэмжлэгчид төлж байсан үйл баримтыг үгүйсгээгүй. Тухайлбал хариуцагч нь ....... сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн № 01/828, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн № 01/908 тоот албан бичгийн дагуу нэхэмжлэгчид  Гачууртын амны обьектын 2020 оны 7, 8 дугаар сарын харуул хамгаалалтын үйлчилгээний хөлсийг төлсөн. Энэ нь 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн болон 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэхээр тогтоогдсон, талууд маргаангүй байна./ 97-98, 134-135/

Мөн СМ ХХК нь нэхэмжлэгчийн хамгаалалтын ажилтнуудыг хамгаалалтын объектэд нэвтрүүлэхгүй байгаа, 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн ...... сумын Засаг даргад хандан 71 дүгээр мэдэгдэл хүргүүлсэн, хохирол учруулсан гэсэн маргаан үүссэн. Түүнчлэн нэхэмжлэгчийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны төлбөр шаардсан үндэслэл тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоогдоогүйгээс маргааныг буруу зүйлчилж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Харуул хамгаалалтын ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээний 5.1-т гэрээгээр үзүүлж буй үйлчилгээний cap бүрийн төлбөрийг орон нутгийн саналыг үндэслэн СМ ХХК шилжүүлнэ гэсэн заалтыг Мандал сумын Засаг даргын тамгын газар нь үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн гэж тайлбарласан нь ойлгомжгүй болжээ. Мөн тухайн хэрэгт гуравдагч этгээд Сэлэнгэ аймгийн ...... сумын Засаг даргын эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгааг тодруулаагүй байна. Нэхэмжлэл гаргах урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхийг ч анхаарах нь зүйтэй. Гэрээний төлбөр хийх нөхцөлд Орон нутгийн удирдлагын саналыг үндэслэн СМ ХХК төлөхөөр байх бөгөөд орон нутгийн удирдлагын саналыг СМ ХХК-д хүргэж байсан гэх үйл баримт тодорхой бус байна.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжгүй, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2021/01032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 577 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД