Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 1575

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01513 дугаар шийдвэртэй

 

Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.О-д холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 14 688 350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О-тай 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ” байгуулж, миний бие “Жэй Ди Ай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.О-д холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 111 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг, Д.Батжаргалын нэхэмжлэлтэй, “Жэй Ди Ай” ХХК болон иргэн Б.Алтангэрэл, Ц.О нарт холбогдох 2 өрөө орон сууц болон 2 ширхэг автомашины зогсоолын өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.О-ын өмгөөлөгчөөр оролцсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд өмгөөллийн хөлсийг тус гэрээний 4.1-т зааснаар суурь хөлсийг 1 000 000 төгрөгөөр тохирч, хөлсийг гэрээ байгуулахад төлөхөөр, тус гэрээний урамшууллын хөлсийг үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээгээр тохирч, шүүхийн эрхийн акт эцэслэн хүчин төгөлдөр болсон өдөр төлөхөөр тохиролцсон. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1212 дугаар тогтоолоор “Жэй Ди Ай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.О-д холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 111 200 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2742 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 789 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хариуцагч иргэн Ц.Оаас нэхэмжлэгч “Жэй Ди Ай” ХХК-д 20 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталсан. Тус тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагаас 91 200 000 төгрөг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэрээний 4.3-т зааснаар урамшууллын хөлс 9 120 000 төгрөгөөр тогтоогдох бөгөөд тус гэрээний 4.2-т зааснаар хөлс төлөх үүрэг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр үүссэн боловч үүргийг гүйцэтгээгүй тул гэрээний 7.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох үндэслэл бүрдсэн. Үүнээс гадна талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-т заасан суурь хөлс төлөх үүргийг зөрчсөн. Иймд хариуцагч иргэн Ц.О-аас “Жэй Ди Ай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.О-д холбогдох иргэний хэрэгт үзүүлсэн өмгөөлөл, хууль зүйн туслалцааны хөлс болон алдангид 14 680 000 төгрөг, нотариатын болон шүүхийн архивын үйлчилгээний хураамжийн төлбөрт 8 350 төгрөг, нийт 14 688 350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас урамшууллын хөлс болох 9 120 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги бодсон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь алданги тооцож эхэлсэн мэдэгдэл надад хүргүүлээгүй болно. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 5131165479 тоот данснаас Б-ийн 5111018767 тоот дансанд 513 500 төгрөг төлсөн гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.О-аас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 3 738 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 950 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231 400 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 74 759 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэн Ц.О-аас гаргасан өмгөөлөл, хууль зүйн туслалцааны гэрээ байгуулах саналыг миний бие хүлээн зөвшөөрснөөр дараах асуудлаар талуудын хооронд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ бичгээр байгуулагдсан бөгөөд ингэхдээ үйлчлүүлэгч иргэн Ц.О-ын саналын дагуу түүний тухайн үеийн санхүүгийн байдлыг үнэлэн үзэж гэрээний үнэ болох өмгөөллийн хөлсийг урамшууллын нөхцөлөөр тохиролцож, хэрэг маргааныг түүнд ашигтай шийдвэрлүүлсэн хэмжээний 10 хувиар тооцохоор тогтсон. Үүний дагуу өмгөөлөгчийн ажлын үр дүнд тохирсон хэмжээний хөлсийг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрт тохируулан өмгөөллийн урамшууллын хөлсийг тооцож төлөхөөр шийдвэрлэсэн. Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлд 80 000 000 төгрөг төлөх, сөрөг нэхэмжлэлээр 42 800 000 төгрөг гаргуулах буюу зөрүүнд нь нийт 37 200 000 төгрөг төлөхөөр байсныг амжилттай бууруулж 20 000 000 төгрөгөөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь хариуцагчид ашигтай байсан бөгөөд хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн үнийн дүнгээс 91 200 000 төгрөгийг амжилттай шийдвэрлүүлж хэрэгсэхгүй болгуулсан. Тиймээс энэ үнийн дүнгээс өмгөөллийн урамшууллын хөлсийг тооцох үндэслэлтэй. Нөгөөтэйгөөр талуудын хооронд гэрээ байгуулах үед үйлчлүүлэгч иргэн Ц.О-ын санхүүгийн байдал нь өмгөөллийн хөлсийг төлөх боломжгүй байсан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-т заасан суурь хөлс болох 1 000 000 төгрөгийг бүрэн төлж чадаагүй, түүнийг төлөх мөнгөгүй байсан. Мөн миний бие иргэн Ц.О-д холбогдох 2 иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон тул тэдгээр иргэний хэргийн маргааны үнийн дүнгийн хэмжээгээр өмгөөллийн хөлсийг урьдчилж төлөх боломжгүй тул урамшууллаар тохирсон.

Иргэн Ц.О-тай байгуулсан өмгөөллийн гэрээ нь “Жэй ди ай” ХХК-ийн нэхэмжлэлтэй 111 200 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч аль болох бага төлбөр төлөхөөр шийдвэрлүүлэхээр эрмэлзэж, зохих арга хэмжээг өмгөөлөгчөөс хуульд заасны дагуу хэрэгжүүлснээр тус иргэний хэргийг иргэн Ц.О-ын хувьд амжилттай шийдвэрлүүлсэн гэж үзэх нь хамааралтай юу гэдгийг анхаарах, түүнчлэн тус гэрээний дагуу “Жэй ди ай” ХХК-ийн нэхэмжлэлтэй 111 200 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч аль болох бага төлбөр төлөхөөр шийдвэрлүүлсэн хэмжээ нь иргэн Ц.О-ын хувьд амжилттай шийдвэрлүүлсэнд тооцогдох эсэх буюу нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн үнийн дүн хариуцагчид ашигтай байж, түүний хувьд амжилттай шийдвэрлэгдсэн хэмжээнд тооцогдох эсэх нь хэргийг бүрэн гүйцэд шийдвэрлэхэд ач холбогдолтой юу гэдгийг анхаарах; мөн тус гэрээний дагуу “Жэй ди ай” ХХК-ийн нэхэмжлэлтэй 111 200 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч аль болох бага төлбөр төлөхөөр шийдвэрлүүлсэн хэмжээ буюу нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болсон үнийн дүнгээс өмгөөллийн урамшууллын хөлсийг тодорхойлж тооцох эсэх нь үнэн зөв үү гэдгийг анхаарах; мөн нэхэмжлэгч нь иргэний хэрэгт хариуцагчийг өмгөөлж буй тохиолдолд урамшууллын хөлсийг зөвхөн шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан хэмжээнээс тооцон төлөхөөр бол хариуцагчийг аль болох бага төлбөр төлүүлэхээр өмгөөлөх шаардлагагүй буюу хариуцагч аль болох их төлбөр төлвөл тэр хэмжээгээр аль болох их урамшууллын хөлсийг үйлчлүүлэгчээсээ шаардах эрх үүсэх нь хариуцагчийн өмгөөлөгчийн зорилго буюу иргэн Ц.О-ын хүсэл зорилго мөн эсвэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас аль болох их төлөх буюу бүрэн төлөх тохиолдолд ийнхүү төлөгдөхөөр шийдвэрлэсэн үнийн дүнгээс тооцож өмгөөллийн урамшууллын хөлс төлөхөөр тохиролцсон эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байна уу гэдгийг анхаарах байсан. Гэтэл шүүх нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүргийн дагуу тус хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг үл хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруугүйг нотолж, нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ нотолж оролцох ёстой. Гэтэл дээрхийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагаас 3 738 100 төгрөгийг хангаж, үлдэх 10 950 250 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ц.О-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 14 688 350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, урамшууллын хөлс болох 9 120 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, харин алданги бодсон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай” гэрээгээр өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн хүсэлтээр өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч нь зохих хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд гэрээний 4.1-д “Энэхүү гэрээний суурь 1 000 000 төгрөг байх бөгөөд хөлсийг гэрээ байгуулахад төлнө”, 4.2-д “Энэхүү гэрээний урамшууллын хөлс нэхэмжлэл /үндсэн болон сөрөг/ тус бүрийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээний 10 хувьтай тэнцэх бөгөөд урамшууллын хөлсийг шүүхийн эрхийн акт эцэслэн хүчин төгөлдөр болсон өдөр төлнө”, 4.3-д “Энэхүү гэрээний 4.2-т заасан хөлсийг зөвхөн хэрэг маргааны нэхэмжлэл /үндсэн болон сөрөг/-ийн шаардлагын амжилттай шийдвэрлүүлсэн үнийн дүнгийн хэмжээнээс тооцон олгоно” гэж харилцан тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд талуудын дээрх тохиролцоонд үндэслэж зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

 

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай” гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Б нь “Жэй Ди Ай” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.О-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Ц.О-д хууль зүйн туслалцаа үзүүлэн анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байх бөгөөд Улсын Дээд шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1212 дугаар тогтоолоор хариуцагч Ц.О нь нэхэмжлэгч Жэй Ди Ай ХХК-д 20 000 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, үүний дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол зэргээр тогтоогджээ. /хх.10-25/ Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.О-аас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

 

           Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Б.Б оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлсэн талаар зохигчид маргаагүй байх бөгөөд хариуцагч Ц.О нь “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай” гэрээний 4.2-д заасны дагуу 10 хувийн урамшууллын хөлс буюу 9 120 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул уг үнийн дүнг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн, талууд гэрээний 7.3-д “үйлчлүүлэгч энэхүү гэрээний 4.1 болон 4.2-т заасны дагуу төлбөр төлөх үүргийг гүйцэтгээгүй хугацаа хэтэрсэн 1 хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр алданги төлнө” гэж тохиролцсон байх бөгөөд талуудын тайлбар, хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу шүүх алдангийн хэмжээг багасгах үндэслэлтэй байна. Үүний дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардах боломжтой, хуулиар хязгаарлагдах алдангийн дээд хэмжээ болох 4 560 000 төгрөгийн хэмжээг багасган, 1 000 000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иймд хариуцагч Ц.О-аас урамшууллын хөлс болон алдангид нийт 10 120 000 төгрөг гаргуулахаас 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчийн төлсөн 513 500 төгрөгийг хасч, үлдэх 9 606 500 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01513 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.8, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.О-аас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 9 606 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 081 850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

2 дахь заалтын “74 759” гэснийг “168 654” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 154 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ЭНХТӨР

 

                   ШҮҮГЧИД                               А.МӨНХЗУЛ

 

                                                        Ц.ИЧИНХОРЛОО