Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2019/01513

 

2019 оны 06 сарын 27 өдөр

 

Дугаар 183/ШШ2019/01513

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ... тоотод оршин суух, Ц.О-д  холбогдох,

 

 

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 14 688 350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г  тэмдэглэл хөтлөв.                                                                                      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Өмгөөлөгч Б.Б болон иргэн Ц.О нарын хооронд 2017.10.17-ны өдөр “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ” байгуулагдсаны дагуу миний бие Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Оад холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 111 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг, Д.Бын нэхэмжлэлтэй, Ж ХХК болон иргэн Б.А, Ц.О нарт холбогдох 2 өрөө орон сууц болон 2 ширхэг автомашины зогсоолын өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Оын өмгөөлөгчөөр оролцсон байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд өмгөөллийн хөлсийг тус гэрээний 4.1-т зааснаар суурь хөлсийг 1 сая төгрөгөөр тохирч, хөлсийг гэрээ байгуулахад төлөхөөр, тус гэрээний урамшууллын хөлсийг үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээгээр тохирч, шүүхийн эрхийн акт эцэслэн хүчин төгөлдөр болсон өдөр төлөхөөр тохиролцсон байна. Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.9.20-ны өдрийн 1212 дугаар тогтоолоор Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Оад холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 111 200 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус тогтоолын тогтоох хэсгийн 1-т зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.12-ны өдрийн 2742 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.3.28-ны өдрийн 789 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хариуцагч иргэн Ц.Оаас нэхэмжлэгч Ж ХХК-д 20 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталжээ.

 

Тус тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагаас 91 200 000 төгрөг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т зааснаар урамшууллын хөлс 9 120 000 төгрөгөөр тогтоогдох бөгөөд тус гэрээний 4.2-т зааснаар хөлс төлөх үүрэг 2018.9.20-ны өдөр үүссэн боловч үүргийг гүйцэтгээгүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох үндэслэл бүрдсэн байна. Үүнээс гадна талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-т заасан суурь хөлс төлөх үүргийг зөрчсөн. Иймд хариуцагч иргэн Ц.Оаас Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Оад холбогдох иргэний хэрэгт үзүүлсэн өмгөөлөл, хууль зүйн туслалцааны хөлс болон алдангид 14 680 000 төгрөг, нотариатын болон шүүхийн архивын үйлчилгээний хураамжийн төлбөрт 8 350 төгрөг, нийт 14 688 350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Иргэн Б.Б нэхэмжлэлтэй хэрэгт 14 680 000 төгрөг нэхэмжилжээ. Үүнээс урамшууллын хөлс болох 9 120 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги бодсон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алданги тооцож эхэлсэн мэдэгдэл надад хүргүүлээгүй болно. Мөн 2017.11.09-ний өдөр 5131165479 тоот данснаас Б 5111018767 тоот дансанд 513 500 төгрөг төлсөн. Үүнийг хасч тооцоод хэргийг миний оролцоогүй шийдэж өгнө үү гэжээ.

 

 

 

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

         Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

 

 

        Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч Ц.Оад холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 14 688 350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

 

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Оад холбогдох иргэний хэрэгт үзүүлсэн өмгөөлөл, хууль зүйн туслалцааны хөлс болон алдангид 14 680 000 төгрөг, нотариатын болон шүүхийн архивын үйлчилгээний хураамжийн төлбөрт 8 350 төгрөг, нийт 14 688 350 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж байна.

 

 

 

          Хариуцагч Ц.О “... урамшууллын хөлс болох 9 120 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги бодсон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алданги тооцож эхэлсэн мэдэгдэл надад хүргүүлээгүй” гэж маргадаг.

 

 

 

         Нэхэмжлэгч  Б.Б, хариуцагч Ц.О нар нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай  гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний агуулгыг илэрхийлж байна. /х.х  7-9 тал/

 

         Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө” гэж заасан байна.

 

 

 

          Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэхүү гэрээний суурь 1 000 000 төгрөг байх бөгөөд хөлсийг гэрээ байгуулахад төлнө”, мөн гэрээний 4.2-д “Энэхүү гэрээний урамшууллын хөлс нэхэмжлэл /үндсэн болон сөрөг/ тус бүрийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээний 10 хувьтай тэнцэх бөгөөд урамшууллын хөлсийг шүүхийн эрхийн акт эцэслэн хүчин төгөлдөр болсон өдөр төлнө”, мөн гэрээний 4.3-д “Энэхүү гэрээний 4.2-т заасан хөлсийг зөвхөн хэрэг маргааны нэхэмжлэл /үндсэн болон сөрөг/-ийн шаардлагын амжилттай шийдвэрлүүлсэн үнийн дүнгийн хэмжээнээс тооцон олгоно” гэж харилцан тохиролцсон байна.

 

 

 

           Улсын дээд шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1212 дугаар тогтоолын Тогтоох хэсэгт “.... хариуцагч Ц.О нь нэхэмжлэгч Ж ХХК-д 20 000 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах, .... өөр маргаан байхгүй болохыг зөвшөөрч, харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэжээ.

 

 

 

           Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-д хөлсийг зөвхөн хэрэг маргааны нэхэмжлэлийн шаардлагын амжилттай шийдвэрлүүлсэн үнийн дүнгийн хэмжээнээс тооцон олгохоор харилцан тохиролцсон бөгөөд Улсын дээд шүүхийн 2018 оны 1212 дугаар шийдвэрээр 20 000 000 төгрөгийг хэмжээнд талууд харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын амжилттай шийдвэрлүүлсэн үнийн дүн гэдэгт шүүхийн шийдвэрээр гарсан 20 000 000 төгрөгөөр тооцон өмгөөлөгчийн урамшууллын хөлсийг тооцох үндэслэлтэй байна.

 

 

 

          Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-д “үйлчлүүлэгч энэхүү гэрээний 4.1 болон 4.2-т заасны дагуу төлбөр төлөх үүргийг гүйцэтгээгүй хугацаа хэтэрсэн 1 хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр алданги төлнө” гэж заасан байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчаас анз шаардах эрхтэй байна.

 

 

 

        Иймд гэрээний суурь  хөлс болох 1 000 000 төгрөгөөс хариуцагч 513 500 төгрөг төлсөн үлдэх 486 500 төгрөг, урамшууллын хөлс 2 000 000 төгрөг / 20 000 000 төгрөгийн 10 хувь/  нийт 2 486 500 төгрөг, алданги 1 243 250 төгрөг, зардал 8 350 төгрөг нийт 3 738 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 950 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 117, 118   дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232.4, 227.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Оаас  хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 3 738 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 950 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231 400 төгрөгийг улсын төсөвт үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 74 759 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             ШҮҮГЧ                                Ц.ОЮУНБИЛЭГ