Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00166

 

...........ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01513 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1575 дугаар магадлалтай,

 

...........ийн нэхэмжлэлтэй

...........ад холбогдох

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 14 688 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч ...........ийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ........... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...........тай 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулж, миний бие Жэй Ди Ай ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...........ад холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 111 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг, Д.Батжаргалын нэхэмжлэлтэй, Жэй Ди Ай ХХК болон иргэн Б.Алтангэрэл, ........... нарт холбогдох 2 өрөө орон сууц болон 2 ширхэг автомашины зогсоолын өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч ...........ын өмгөөлөгчөөр оролцсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд өмгөөллийн хөлсийг тус гэрээний 4.1-т зааснаар суурь хөлсийг 1 000 000 төгрөгөөр тохирч, хөлсийг гэрээ байгуулахад төлөхөөр, тус гэрээний урамшууллын хөлсийг үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээгээр тохирч, шүүхийн эрхийн акт эцэслэн хүчин төгөлдөр болсон өдөр төлөхөөр тохиролцсон. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1212 дугаар тогтоолоор Жэй Ди Ай ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...........ад холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 111 200 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2742 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 789 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хариуцагч иргэн ...........аас нэхэмжлэгч Жэй Ди Ай ХХК-д 20 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталсан. Тус тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагаас 91 200 000 төгрөг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэрээний 4.3-т зааснаар урамшууллын хөлс 9 120 000 төгрөгөөр тогтоогдох бөгөөд тус гэрээний 4.2-т зааснаар хөлс төлөх үүрэг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр үүссэн боловч үүргийг гүйцэтгээгүй тул гэрээний 7.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох үндэслэл бүрдсэн. Үүнээс гадна талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-т заасан суурь хөлс төлөх үүргийг зөрчсөн. Иймд хариуцагч иргэн ...........аас Жэй Ди Ай ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...........ад холбогдох иргэний хэрэгт үзүүлсэн өмгөөлөл, хууль зүйн туслалцааны хөлс болон алдангид 14 680 000 төгрөг, нотариатын болон шүүхийн архивын үйлчилгээний хураамжийн төлбөрт 8 350 төгрөг, нийт 14 688 350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ........... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас урамшууллын хөлс болох 9 120 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги бодсон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь алданги тооцож эхэлсэн мэдэгдэл надад хүргүүлээгүй болно. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 5131165479 тоот данснаас ...........ийн ........... тоот дансанд 513 500 төгрөг төлсөн гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01513 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ...........аас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 3 738 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...........өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 950 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231 400 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 74 759 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1575 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01513 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.8, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ...........аас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 9 606 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...........өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 081 850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 2 дахь заалтын 74 759 гэснийг 168 654 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 154 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ........... хяналтын гомдолдоо: ...Холбогдох хууль зүйн эх сурвалжийг ашиглан, гомдлын агуулгыг дараах асуудлын хүрээнд тодорхойлов. Үүнд, 1. Нэхэмжлэлийн шаардлагын бүтцийн тухай, 2.Хууль буруу хэрэглэсэн тухай; Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын бүтцийн тухай:  Тус нэхэмжлэлээр дараах төлбөрийг шаардсан. Үүнд, 1. Суурь хөлс болох 1 000 000 төгрөгийн үлдэгдэл 487 000 төгрөг; 2.Суурь хөлсийн 50 хувийн алдангид 243 500 төгрөг; 3.Урамшуулалын хөлсөнд 9 120 000 төгрөг; 4.Урамшуулалын хөлсийн алдангид 4 560 000 төгрөг. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас урамшуулалын хөлсийн 4 560 000 төгрөгийг 1 000 000 төгрөг болгон багасгасан хирнээ суурь хөлсийн үлдэгдэл 487 000 төгрөгийн алданги болон 243 500 төгрөгийг огт орхигдуулсан нь үндэслэлгүй. Дээр нь суурь хөлсөнд 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр төлсөн 513 000 төгрөгийг шүүх буруу бодож 1 000 000 төгрөгийн алдангиас төлөгдсөн үнийн дүнд оруулан тооцсон байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн бүтцийг хооронд нь хольж буруу ойлгожээ. Тиймээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн магадлалд зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр төлсөн 513 000 төгрөг нь урамшуулалын хөлсийн алдангид тооцогдсоноор миний бие талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-т заасан 1 000 000 төгрөгийн суурь хөлс, түүний хугацаа хэтэрсэн алдангийг огт авахааргүй болж байна. Зөвхөн урамшуулалын хөлсийг 1 000 000 төгрөгийн алдангитай авахаар шийдвэрлэсэн нь маш үндэслэл муутай бөгөөд хууль буруу хэрэглэсэн тул гомдолтой байна. Хоёр. Хууль буруу хэрэглэсэн тухай: ИХ-ийн ерөнхий үзэл баримтлалд нийцүүлэн тус хуулийн “III дэд хэсэг”-ийг болон Монгол Улсын Хуульчийн Эрх Зүйн Байдлын тухай Хууль (цаашид “ХЭБТХ” гэх)-ийг удирдлага болгон Талуудын хооронд байгуулагдсан “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай” гэрээний нөхцөлийг оролцогчдын сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр ИХ-ийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасныг үндэслэн чөлөөтэй, тэгш эрхтэйгээр харилцан тохиролцож тодорхойлсон бөгөөд энэхүү тохиролцоогоор тус гэрээний үүрэгт ИХ-ийн 232 дугаар зүйлийн 232.1-т зааснаар анз ногдуулахаар Талууд хэлэлцэж тохиролцсон. ИХ-ийн 232 дугаар зүйлийн 232.1-т зааснаар гэрээний үүрэгт анз ногдуулахыг зөвшөөрсөн бөгөөд тус зүйлийн 232.3-т зааснаар анзын тохиролцоог бичгээр үйлдэж гэрээнд тусгах хэлбэрийн шаардлагыг талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.3-т заасан нөхцөл бүрэн хангаж байна. ИХ-ийн 232 дугаар зүйлийн 232.6-д алданги ногдуулах зүйлийг хууль болон гэрээгээр хүлээсэн гүйцэтгээгүй үүрэг гэж, ногдуулах алдангийн хэмжээг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тодорхойлж хуульчилсантай Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.3-т заасан нөхцөл нийцэх тул гэрээгээр тохирсон хэмжээгээр алданги ногдуулж, түүнийг төлөхийг үүрэг зөрчсөн этгээдээс шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ. Тиймээс үүний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг тооцож нэхэмжилсэн алдангийн хэмжээ Монгол Улсын Иргэний Хууль (цаашид “ИХ” гэх)-ийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан зөвшөөрөгдсөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн хэмжтээтэй тэнцүү байтал нэхэмжлэлийн шаардлагын алдангийн хэмжээг 50 хувиар бууруулсан нь үндэслэлгүй. Гэтэл хуульд зааснаар тооцож, шаардсан алдангийн хэмжээг илт их гэж 50 хувиар бууруулахдаа хэрэглэх ёсгүй хуулийг буруу хэрэглэсэн. Үүний тайлбарлавал, 1. ИХ-ийн 232.4-т заасан хэмжээ болох 50 хувиар тооцож шаардсан алдангийг илт их гэж үзэж, бууруулвал үүрэг зөрчсөн этгээдийг хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлөх бөгөөд үүний үр дагавар нь тус зүйлийн 232.1, 232.4, 232.6-т заасан хэмжээгээр алданги ногдуулах боломжгүйд болсноор ИХ-ийн 1.1-т заасан эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулах зорилтын анзад хамаарах хэсэг биелэх боломжгүйд хүрнэ; 2. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага дах алдангийг хэмжээг илт их  гэж дүгнэж, бууруулсан нь ИХ-ийн 232 дугаар зүйлийн 232.8-т дах хэсэгт заасныг дараах байдлаар зөрчиж байна. Үүнд, a. Анзын хэмжээ илт их эсэхийг тогтоохдоо зөвхөн хэргийн нөхцөл байдлыг харгалзан тогтоохоор хуульчилсан; b. хэргийн нөхцөл байдлыг харгалзан гэдгийг тухайн үүрэг зөрчигдсөн байдал, шалтгаан, үндэслэл, зохигчдын гэм буруугийн хэмжээ болон тухайн алдангийн үнийн дүнгийн бодит тоон хэмжээ, түүнийг төлөх хариуцагчийн чадвар, эдийн засгийн боломж, нөхцөлийг ойлгох бөгөөд тухайн алдангийг үнийн дүнгийн бодит тоон хэмжээгээр төлөх боломжгүй, чадваргүй тухай хэргийн нөхцөл байдлыг буюу тухайн алдангийн хэмжээ яагаад илт их болох үйл баримтыг хариуцагчаас тайлбарлаж, нотлож, илт их гэх үндэслэлээр алдангийн хэмжээг багасгах тухай шаардлага гаргасан байхыг ойлгоно. Эс бөгөөс шүүхийн санаачилгаар тогтооход хүрвэл илт их хэмжээг хуульчлаагүй тул алдангийн ямар ч хэмжээг илт их-д тооцох боломж бүрдэнэ. Бүр цаашлаад 1 000 000 төгрөг хүртэл бууруулсан алдангийн үнийн дүн нь ч илт их  хэмжээтэй байх боломжтой юм; c. Гэтэл хариуцагч маш олон үл хөдлөх эд хөрөнгө эзэмшдэг бөгөөд өөрийнх нь эсрэг гаргасан маш их хэмжээний үнийн дүн бүхий шаардлагаас чөлөөлөгдсөн тул түүний санхүүгийн чадавхи сайжирч, хувийн байдал дээрдсэн тул өмгөөллийн хөлс төлөх үүргийг тухай бүрт нь зохих ёсоор гүйцэтгэх эдийн засгийн чадвартай байсан. Нэхэмжлэл гаргах хүртэл болон нэхэмжлэл гаргаснаас хойш ч төлөөгүй татгалзаж буй хариуцагч татгалзал үндэслэлгүй бөгөөд энэ хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл тухайн үүрэг зөрчигдсөн байдал, шалтгаан, үндэслэл, зохигчдын гэм буруугийн хэмжээ болон тухайн алдангийг төлөх хариуцагчийн чадвар, эдийн засгийн боломж, нөхцөл хангалттай байсан; d. Илт их хэмжээг тогтоохдоо тухайн алдангийн үнийн дүнгийн харьцуулсан бус зөвхөн бодит тоон хэмжээг харгалзан үзэх ёстой бөгөөд тухайн бодит тоон хэмжээ хэргийн нөхцөл байдлыг харгалзвал илт их буюу алданги төлөх үүргийг гүйцэтгэхэд хүндрэлтэй, боломжгүйг ойлгоно. Учир нь 50 000 төгрөгийн үүрэгт ногдох алдангид 25,000 төгрөг шаардсаныг илт их гэж үзэж болохгүй бөгөөд энэ нь 10 000 000 төгрөгийн үүрэгт ногдох алдангид 5 000 000 төгрөг эсвэл 100 000 000 төгрөгийн үүрэгт ногдох алдангид 50 000 000 төгрөг шаардахаас ялгаатай. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлж, өмгөөллийн хөлсийг төлөхөд саад болох зүйлгүй байтал гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэхгүй байгаагаас үзвэл нэхэмжлэлээр шаардсан төлбөрийг цаашид ч төлөхгүй бөгөөд төлбөрийг хариуцагчаас албадан гаргуулахаар шаардлага үүсэж болзошгүйг илэрхийлж байна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тохиолдолд тус ажиллагааны зардал болон шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд нэхэмжлэгчээс дахин зардал гарах бөгөөд тус ажиллагаа явагдаж дуусах хүртэл хүлээх шаардлага үүсэх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд дээрхийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэлийн шаардлагаас 9 606 500 төгрөгийг хангаж үлдэх 5 081 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ..........., хариуцагч ...........ад холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 14 688 350 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, урамшууллын хөлс 9 120 000 төгрөгийг зөвшөөрч, алдангийг төлөхгүй гэж татгалзжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 4 738 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 9 606 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг залруулсан байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

2017 оны 10 сарын 17-ны өдөр, талуудын байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх, хөлс төлөх тухай гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн байна. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

........... нь гэрээний дагуу ...........ад хууль зүйн туслалцаа үзүүлж, 111 200 000 төгрөгийн нэхэмжлэлтэй хэрэгт 20 000 000 төгрөгийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж, маргааныг дуусгавар болгох хүртэл түүний өмгөөлөгчөөр ажилласан нь шүүхийн шийдвэр, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн тул 4.2, 4.3-т заасан хэмжээгээр хөлс шаардах эрхтэй байна.

 

Гэрээний 4.1-д “Энэхүү гэрээний суурь 1 000 000 төгрөг байх бөгөөд хөлсийг гэрээ байгуулахад төлнө.” гэж, 4.2-т урамшууллын хөлс нэхэмжлэл /үндсэн болон сөрөг/ тус бүрийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээний 10 хувьтай тэнцэх бөгөөд урамшууллын хөлсийг шүүхийн эрхийн акт эцэслэн хүчин төгөлдөр болсон өдөр төлнө, 4.3-д Энэхүү гэрээний 4.2-т заасан хөлсийг зөвхөн хэрэг маргааны нэхэмжлэл /үндсэн болон сөрөг/-ийн шаардлагын амжилттай шийдвэрлүүлсэн үнийн дүнгийн хэмжээнээс тооцон олгоно гэж заасан нөхцөлийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж, шүүхийн шийдвэрээр төлөхөөр болсон 20 000 000 төгрөгөөс хөлсийг тооцсон нь алдаатай болсноос гадна хариуцагч 9 120 000 төгрөгийг зөвшөөрсөн байхад 3 738 100 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасныг зөрчсөн байна.

 

Гэрээнд заасан “нэхэмжлэлийн шаардлагын амжилттай шийдвэрлүүлсэн үнийн дүн” гэдэг нь хариуцагчийн хувьд нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон хэсэг буюу өөрт нь ашигтай байдлаар хэрэгсэхгүй болгогдсон нэхэмжлэлийн үнийн дүн гэх агуулгатай байна. ...........ад холбогдох шийдвэрт давж заалдах шатны шүүхийн магадлалаар 80 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасны дараа 20 000 000 төгрөгийг төлөхөөр талууд эвлэрч, маргаан дуусгавар болсон, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон хэсгээс урамшуулалыг тооцохоор байна .

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтрэхгүй, хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнээс бууруулахгүйгээр талуудын зарчмыг баримталж маргааны үйл баримтыг дүгнэх үүрэгтэй бөгөөд хариуцагч ........... хөлс 9 120 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх үндсэн үүрэгт 2 486 500 төгрөг, алданги 1 243 250 төгрөг, нийт 4 738 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь диспозитив зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж, хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг 9 606 500 төгрөгөөр тогтоосон нь хэрэгт байгаа баримтад тулгуурласан, хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийг багасгасан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

 

Гэрээнд суурь хөлс 1 000 000 төгрөг болохыг заасан боловч 4.2, 4.3-т заасан урамшуулалыг авсан тохиолдолд 1 000 000 төгрөгийг урамшуулалын дүнд тооцох эсэх гэрээний нөхцөл тодорхой бус, шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд үүргийг, алдангийн зарим хэсгийн хамт гаргуулсан нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1575 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 96 260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

 

                       ШҮҮГЧИД                                                 Г.ЦАГААНЦООЖ

 

                                                                                         Д.ЦОЛМОН

 

                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД

 

                                                                                         П.ЗОЛЗАЯА