Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2023/00792

 

 

 

 

 

 2023        09        21                                             151/ШШ2023/00792

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б-т холбогдох,

Газар албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Г, Л.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Д.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Би ... тоот захирамжаар уг газраа өмчилж авсан болно. Тухайн үед суманд 4000 м.кв газар өмчлүүлдэг байсан. Тэгээд кадастрын компани нэгдсэн журмаар ирж кадастрын зураг авсан. Би бусдын давхцалгүй хоосон газар авч байсан. Сумын Засаг даргын захирамжийг үндэслэн газрын албанаас газрын гэрчилгээ авсан. Тухайн үед газартаа шон зоосон байсан. Гэтэл 2012 онд шонгуудыг нь газраас сугалж манай газрын хэсэг болох 400 м.кв газар дээр хөрш Д.Б нэвтэрч, хашаа болон ахуйн нойл, хүлэмж зэрэг бусад зүйлээр байрлуулж, хэлэх бүрд хэл амаар байнга доромжилж байна. Тэгээд сумын нэг цэгийн үйлчилгээнд ажилладаг газрын даамал гэж хүмүүс улирал бүр ирж шалгаж, Б.Б-ыг хашаа тат гэж хэлдэг боловч эсэргүүцэл үзүүлдэг. Сүүлд сумын Засаг дарга нь ирж метрлэж кадастрын компани авчирч цэгийг нь тогтоож өгөөд байхад Б.Б-х хүлээн зөвшөөрөхгүй, хашаагаа татаж аваагүй. 2020 онд Б.Б нь манай газарт хүлэмжээ барьсан. Тэгээд би сумын Засаг даргат хандахад “үг авахгүй газар чөлөөлөхгүй айл байна та шүүхэд хандаж шийдвэрлүүл” гэх хариу хэлсэн учир .... сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Б.Б-аас миний өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие .... оршин суудаг. Ц.Э-д газраа эргүүлэн авах тухай нэхэмжлэл өгсөн боловч татгалзах хариутай буцаасан тул хариу тайлбар хийсэн. Иргэн Д.Б миний бие 1995 онд өмч хувьчлалаар компани аж ахуйн хашааг аваад өдийг хүртэл амьдарч байгаа. Тухайн үед нүдэн баримжаагаар хэмжилт хийж, өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгдөг байсан болохоор 4000 м.кв гэж хэмжилтэд орсон. Түүнээс хойш 2008 оны 4 сард кадастрын зурагт орж байхад манайх зургаа авхуулсан гэж Ц.Э гэдэг нөхөр өөрөө өмчлөлийн хашаатай байж хаа хамаагүй зам байсан сул газар дээр зураг авхуулж мэдээллийн санд суулгуулсан. Ингэхдээ эзгүй хойгуур, хулгайгаар манай газар луу орж давхардуулан даруулсныг сүүлд мэдсэн. Тухайн үед нутгийн хүмүүс байна, учраа олчих байх гэж найдаад өдийг хүрсэн. Сум, багийн Засаг дарга, газрын даамалд шийдвэрлүүлэх гэж удаа дараа очиж байсан боловч шийдэхгүй өдийг хүрч сүүлд нь бид биш харин Ц.Э нь ээжтэйгээ ирж 2 удаа ална гэж заналхийлж, хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байдаг болсон. Ц.Э нь тус газрыг эзэмшдэггүй, газрын 2/3-ыг зарж борлуулсан. Манай хашаа руу орсон. 300 м.кв газрыг худалдсан, газрын үндсэн хэсэгтэй нэмж ахин борлуулах гээд байгаа тул бид үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Ц.Э нь олон газар хууль бус газар аван зарж, хэл ам хийж явдаг, газрын наймаачин хүн юм. Манайх 7 хүүхэдтэй учир өмчлөлийн гэрчилгээнд заагдсан хүүхдүүдээ салгаж авч чадахгүй Ц.Э-д газрын багахан хэсгийг алдахад хүрсэн. Манайх тухайн газар дээр нь хүлэмжийн аж ахуй эрхэлдэг болно. Ц.Э-гийн зурагт харагдаж байгаа манай 4000 м.кв-аас үлдсэн хоосон байгаа хэсгийг газрын асуудлаа шийдэж байгаад хүүхдүүддээ авч өг гэж газрын даамал, дарга нар хэлсний үндсэн дээр тэр хэсгийг өмчлөл болгож амжихгүй байна. Иймд миний энэ байдал, гомдлын дагуу шийдэж өгөхийг хүсэж хариу тайлбар гаргав гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг маргаан бүхий газар нь 2002 онд хоосон, хашаа байгаагүй газар юм. Манайх бага насны хүүхэдтэй усаа зөөхөд ойрхон гээд худагтайгаа ойр хүлэмжээ барьсан. Ц.Э нь намайг ажилдаа явсан хойгуур кадастрын мэргэжилтэн авчирч кадастрын зураг авч газрыг давхцуулсан байсан. Он сар нь яагаад зөрүүтэй байгаа вэ? гэхээр өмнө нь манай газрын кадастрын зураг хэрэгтэй байна, байшингаа оруулах шаардлагатай гэж хэлээд аваад дараа өдрөөр нь он сарыг өөрчилсөн байсан. Би газраа хэзээ хойно давхардаж гарсныг мэдсэн. ... манайх анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь газрын албанаас манайд ирээд кадастрын зураг аваад газраа чөлөөл гэхэд нь би эсэргүүцэхэд над руу төмөр, сүх бариад дайрч байсан. Тэгээд манай сумын Засаг дарга “та нар шүүхээр энэ асуудлаа шийдвэрлүүл” гэж хэлсэн. Би хашаандаа мод тарьсан. Модыг маань үхэр идээд ургахгүй байсаар 2008 оноос эхэлж өндөр ургаж эхэлсэн. Ц.Э-нх нэг ч шон зоогоогүй байсан, 54 шон зоосон гэж яриад байгаа боловч эдгээр 54 шонг зоох зайгүй газар юм. Урд талдаа 10 шон хойд талдаа 10 гаруй шон нийт 30 гаруй шон зоосон байсан. Би хэдэн шон байсныг тоолсон. Ц.Э нь нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж хашаа барьсан. Манайх аж ахуй газрыг авсан. Газрын маргааны асуудал болох үед би н.Я гэх хүнд хандаж “манай кадастрын зурагт холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөч” гэж хэлэхэд хууль шүүхээр явж байгаа хүмүүст адил тэгш хандана “... би хэнд нь ч нотлох баримт өгөхгүй...” гэж хэлсэн. Гэтэл Ц.Э-д миний шаардаж байсан нотлох баримтыг гаргаж өгсөн байсан. Ц.Э нь газрын албаныхантай хуйвалдаж нотлох баримт гаргуулж авсан. Манайх 2002 онд хүлэмжээ хойноо барьсан. Манайх аж ахуйг хашааг өөрийн өмчлөлдөө авч байсан. Тэгээд 2000 онд манайх хашаагаа сунгаж уг газрыг авч байсан. 2009 онд манайх нэг цэгийн үйлчилгээнд газрын гэрчилгээгээ авахаар хүсэлт өгөхөд манай ам бүлийн бүртгэлд 12 хүн бүртгэгдсэн байсан. Уг бүртгэлээс хүүхдүүдээ салгуулж авах гэхээр болохгүй байсан учир Ц.Э нь хүсэлтээ өгсөн байсан. Манайх кадастрын зураг даруулсан байхад Ц.Э нь давхцуулж кадастрын зураг даруулсан байсан. Ц.Э нь танил талаа ашиглаж кадастрын зураг авхуулж, газар давхцуулж авсан. Ц.Э өөрийнх нь нэр олон газар байдаг боловч тэр газруудаа ашигладаггүй. Аав, ээжийнхээ хашаанаас авдаг. Ц.Э нь ардаа өндөр цахилгаан хүчдэлтэй урдаа сувагтай хашаа зарна гэж байнга зар тавьдаг. Би маргаан бүхий газарт хүлэмж барьж ногоо тарьдаг. Энэ ногоогоороо би амьжиргаагаа залгуулж, 2 хүүхдийн оюутны сургалтын төлбөр төлдөг. Эвлэрье гэж нэг ч удаа ярьж байгаагүй. Ээжтэйгээ нийлж ална гэж дайрдаг байсан. Ц.Э-гийн ээж нь манай хүү манай хашаанаас авна гэнэ би яана гэж ярьж л байсан. Ц.Э өөрийн гэсэн олон газартай байж шунаж манай хашааг авах гэж байгаа нь ёс зүйгүй байна. Ядаж манайд маргаан бүхий газар дээр эвлэрье гэж ирсэн бол би гэрийнхэнтэйгээ ярилцаж болох байсан. Гэтэл сонгууль болохоор кадастрыг сумын Засаг даргатай тохиролцож газрыг авсан. Яагаад гэвэл сумын Засаг дарга Ц.Э-гийн эхнэрийнх нь хамаатан юм. Манайх маргаан бүхий газрыг чөлөөлж өгч чадахгүй. Уг газрыг хууль бусаар Ц.Э нь авсан. Маргаан бүхий газар бордой, агуулах, склайд байсан. Эдгээр зүйл нь 4000 м.кв газарт багтахгүй. Ц.Э нь манайхыг олон хүүхэдтэй гэдгийг далимдуулаад 2009 онд кадастрын зураг даруулахдаа манай хашааг давхцуулж авхуулсан байдаг. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Б нь амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд хашаандаа хүлэмж барьсан байдаг. Миний зүгээс хоёр тал эвлэрчихвэл аль алинд нь ашигтай гэж үзэж байна. Учир нь 2024 онд Газрын тухай хууль шинэчлэгдэхээс өмнө эвлэрвэл зохимжтой гэж үзэж байна. 2009 онд Б.Б нь газрын албанд газар өмчлөх талаар материалаа өгсөн байхад өдийг хүртэл шийдэж өгөөгүй Ц.Э-д шилжүүлсэн байна. Үүнээс харахад Ц.Э нь танил талаа ашиглаж газрыг авсан байх. Хуурамч материал бүрдүүлсэн эсэх, үнэн зөвийг шалгаж кадастрын бүрдүүлсэн материал нь захирамжтайгаа нийцэж байгаа эсэхийг шалгуулмаар байна. Яагаад айлын хашаа, барилга, байгууламж, хүлэмжтэй давхардуулсан, ялгаж, салгахгүй, захиргаа шүүх болгоод яваад байдаг эсэх нь хуйвалдааны асуудал гэж үзэж байна. 2020 онд тарьж ургуулсан хүлэмж гэрээний дагуу буруу тодорхойлолт өгч хууль бус тогтоогдлоо. Багийн Засаг дарга “энэ хүмүүс буруу тогтоогоод кадастраа буруу шийдчихсэн байна” гэхэд газрын маргааныг хэнд ч шийдэж өгөхгүй гэсэн бичиг баримт бүрдүүлсэн. Өмчлөлийн гэрээтэй, захирамжтай гээд яваад байвал өмчлөлийн маргаан болохгүй энд газар олголтын хууль бус хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэг яригдаж байгаа учраас үнэн зөвөөр шийдэх нь зүйтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлалтай танилцсан. Тэгээд хоёр талыг хоорондоо ярилцаж эвлэр гэж хэлж байсан. Эсвэл хууль бус олголт гэдгийг тогтоож аваарай гэж хэлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд яривал уг маргаан бүхий газар нь гэрчилгээтэй хэдий ч агуулгаар нь яривал хууль бус газар олгосон. Хууль бус газар олголтыг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэдэг учир шүүхийн харьяаллыг буруу сонгосон. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. 2009 онд уг газрын асуудлыг мэдсээр байж, 13 жилийн дараа маргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааны хувьд дууссан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэмээр байна. Ингэснээр уг маргааныг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэх ажиллагаа гарч ирнэ гэв.

Нэхэмжлэгчээс .... өдрийн Засаг даргын тодорхойлолт (хх-5), .... дугаартай газрын кадастрын зураг (хх-6), ... дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-7), ... газрын зураг (хх-8), Ц.Э-ийн төлбөр төлсөн баримт (хх-47) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хариу тайлбар (хх-17-19), ... дугаар албан бичиг (хх-21), гэрэл зураг (хх-22), иргэн ... газрын байршлын кадастрын зураг (хх-23), ... эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээний хуулбар (хх-24), гэрэл зураг (хх-57-60) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс ... албан бичиг (хх-37), ... албан бичиг (хх-38), ... нэхэмжлэх (хх-39), ... шинжээчийн дүгнэлт (хх-40), хэмжилт хийсэн нэгж талбарын хил заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийн ажил (хх-41-43), хэмжилт хийсэн тэмдэглэл (хх-44), шинжээчийн зардал тооцох маягт (хх-46) зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Д.Б-т холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

1. Нэхэмжлэгч Ц.Э нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“Би ... тоот захирамжаар уг газраа өмчилж авсан болно. Уг газрын минь хэсэг болох 654 м.кв газар дээр хөрш Д.Б нэвтэрч хашаа болон ахуйн нойл, хүлэмж зэргийг барьж эхлэхээр нь хашаагаа өөрийн өмчлөлөөр татах тухай хэлэхэд хэл амаар байнга доромжилж байна. Улмаар багийн дарга, газрын даамалд хэлж татуулах арга хэмжээ авах болгонд эсэргүүцэл үзүүлдэг. 2020 онд манай газар дээр хүлэмж барьсан түүнээс хойш бидний маргаан улам хурцадмал болсон. Иймд хуулийн дагуу миний өмчилж авсан 4000 м.кв газрын 654 м.кв газар хашаалсан хэсгийг албадан чөлөөлж өгнө үү” гэж тайлбарлаж байна.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ө.Г нар нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд:

“...Өмч хувьчлалаар 1995 онд компанийн аж ахуйн хашааг аваад өдийг хүртэл амьдарч байна. Тухайн үед нүдэн баримжаагаар хэмжилт хийн өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгдөг болохоор 4000 м.кв гэж хэмжилтэд орсон. Ц.Э нь тус газрыг ашигладаггүй газраа тасалж хүмүүст зарж борлуулдаг. Мөн манайх ...-ний өдрийн ... дугаартай газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас олгосон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр 4000 м.кв .... нэгж талбарын дугаартай газрыг албан ёсоор өмчилж авсан. Тус гэрчилгээгээр тухайн үедээ гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь оруулж гэрчилгээ гаргуулснаас болж салгаж газраа өөрийн болгож амжаагүй байна. Мөн 2020 оноос хойш энэхүү газарт ногоо тарж, хүлэмж угсарч босгосон энэхүү хүлэмж болон ногоо тарж манайх ахуй амьдралаа залгуулдаг амьжиргааны гол эх үүсвэр юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Маргаан бүхий ... нэгж талбарын дугаартай 4000 м.кв газрын өмчлөгчөөр Ц.Э бүртгэлтэй болох нь эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, ... дугаартай захирамжаар тогтоогдож байна. (хх-6-7, 169)

Хариуцагч Д.Б нь ... нэгж талбарын дугаартай 4000 м.кв газрын өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зургаар мөн тогтоогдож байна. /хх-23-24/

Хариуцагч Д.Б-ын өмчлөлийн газар болон нэхэмжлэгч Ц.Э-гийн өмчлөлд хууль ёсоор олгож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн газрын байршлууд хоорондоо давхцахгүй, эрх бүхий байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргаантай харилцаа байхгүй байна.

Мөн ... 23/04 дугаартай албан тоотод “иргэн Ц.Э-гийн хүсэлтээр ... кадастрын зураг хийсэн ба тухайн үед газар дээр нь хашаа байгаагүй бөгөөд хажуу талын айл иргэн Д.Б-ын хашаатай давхцаагүй болно” гэж тодорхойлжээ. /хх-170-172/

Харин хариуцагч Д.Б нь өөрийн өмчлөлийн газраа хашаалахдаа иргэн Ц.Э-гийн өмчлөлийн 654 м.кв газрыг оруулан барьж, дээр нь хүлэмж, нойл барьсан болох нь хэрэгт авагдсан ... албан тоотоор ирүүлсэн “нэхэмжлэгч Ц.Э-гийн өмчлөлийн газарт, хариуцагч Д.Б 654 м.кв оруулан хашаа барьсан байна, Ц.Э-гийн өмчлөлийн газартай Д.Б-ын эзэмшлийн хүлэмж, 00 зэргийн байршил талбайн хэмжээг харуулав. Тухайн маргаж буй газрыг ... дугаар захирамжаар Ц.Э-д өмчлүүлсэн байна” гэх шинжээчийн дүгнэлт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-38-44/

4. Нэхэмжлэгч Ц.Э нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй тул “Ц.Э нь өмчлөлийн 4000м.кв газраасаа сул чөлөөтэй буюу давхцаагүй байгаа 3000м.кв газрыг өөрөө эзэмшиж, ашиглахгүй байгаа, цаашаа сунгах боломжтой, өөрөө ашиглахгүй бусдад худалдах зорилготой байгаа учраас газрыг чөлөөлөх боломжгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г-гийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан.

Хариуцагч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... манайх эхлээд кадастрын зураг хийлгэсний дараа Ц.Э кадастрын зураг даруулан мэдээллийн санд суулгасан. Тус газар нь манай газар байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2002 онд хашаагаа сунгасан. 2007 онд кадастрын зураг авахуулсан” гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа нотлоогүй, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болно.

5. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна” гэж, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заасан.

Талуудын тайлбараар тухайн газартай холбоотой маргаан 2017 оноос нэхэмжлэгч хашаандаа ногоо тарихаар Д.Б-т хашаагаа буулга гэх шаардлагыг тавьж эхэлсэн бөгөөд түүнээс хойш тухайн сум, багийн даргатай 2-3 удаа жил бүр очиж Д.Б болон түүний гэр бүлийн хүн болох Ө.Г нартай уулздаг тэгээд үр дүнгүй хэрүүл маргаан болоод тардаг улмаар 2020 онд хашаанд хүлэмж барихаар нь шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г үгүйсгэж мэтгэлцээгүй бөгөөд багийн даргатай уулзсан газрыг чөлөөлж өгөх боломжгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо нэхэмжлэгч Ц.Э-ийн шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс буюу 2017 оноос хойш тоолох бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэв.

6. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмчлөлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж, хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа үйлдлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж тодорхойлж байх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Э нь өмчлөлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Иймд ... нэгж талбарын дугаартай 4000 м.кв газрын баруун хэсгийн 654 м.кв газрыг чөлөөлөхийг хариуцагч Д.Б-т даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар ... нэгж талбарын дугаартай, нэхэмжлэгч Ц.Э-гийн өмчлөлийн 4,000 м.кв газрын баруун хэсгийн 654 м.кв газрыг чөлөөлөхийг хариуцагч Д.Б-т даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН