Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/00609

 

 

 

 

 

 

 

 

 

  2024      02         06                                           182/ШШ2024/00609

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............. тоотод оршин суух, Ж.А-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: ............ давхарт байрлах, “Т” ХХК-д холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 2019.04.23-ны өдрийн 101 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, хугацаа хэтрүүлсний алданги 50,830,000 төгрөгийг  гаргуулах тухай үндсэн,

Гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 60,996,000 төгрөгийг Ж.Ааар буцаан авахуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ............ тоот хаягт оршин сууж буй А.З,

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Д,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.А хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 2019.04.23-ны өдрийн 101 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Төгс орчин хотхоны 286 байр, Б блокийн 51 тоот 88 м.кв 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 50,583,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2019.04.23-ны өдөр байгуулсан 101 тоот орон сууц захиалан бариулах гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 50,583,000 төгрөгийг орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцуулах гэж өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “...Анх 2019.04 сард “Т” ХХК-тай “Орон сууц захиалан бариулах гэрээ” хийсэн. Гэрээний дагуу төлбөрийн 1, 2 дахь төлөлтөө хугацаандаа хийсэн.

3 дахь төлөлтөө байр ашиглалтад орсны дараа хийхээр болсон. Гэрээ байгуулаад эхний төлөлтөө 2019.04.23-ны өдөр 30 хувь буюу 30,450,000 төгрөг хийсэн. 2 дахь төлөлтөө карказ дүүргэлт хийгдсэний дараа буюу 6-7 сард хувааж, мөнгөөр болон бартераар дараагийн төлбөр 30,450,000 төгрөгийг төлсөн. 3 дахь төлөлтийг байр хүлээн авсны дараа төлнө гээд хүлээн аваагүй учраас одоог хүртэл төлөөгүй. Бартерын машин нь 12,800,000 төгрөг болно. Төгс орчин хотхоны байр нь 2022.09 сард ашиглалтад орсон.

Манайх байраа хүлээж авъя, тэгээд үлдэгдэл төлбөрөө төлье гэтэл м.кв-ын үнийг 900,000 төгрөгөөр нэмэгдсэн, мөн талбайн хэмжээ нэмэгдсэн, эдгээр төлбөрөө төлөхгүй бол байрыг өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд анхны нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Анх захиалгын үнэ нь 1,150,000 төгрөг байж байгаад 1,950,000 төгрөг болсон.

Манай нэхэмжлэлийн шаардлага бол 2019.04.23-ны өдөр байгуулсан 101 тоот орон сууц захиалан бариулах гэрээ дагуу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төгс орчин хотхон, 286 байр б блок 51 тоот хаягт байрлах, 88 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 50,583,000 төгрөгийг орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцуулахаар нэхэмжилж байгаа учраас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

           

2.Хариуцагч “Т” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөх буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгөхийг даалгах гэсэн.

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 101 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 243 зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ тул ажлын үр дүнг хүлээлгэн өгөх боломжгүй юм. Мөн Иргэний хуулийн 220 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулсан нөхцөл байдал өөрчлөгдснөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй буюу орон сууцны үнийг нэмэхээс өөр аргагүй байгаа тухайгаа дурдаж, гэрээгээ шинэчлэн байгуулах талаар хүсэлт гаргаж байсан.

Гэвч Ж.А нь нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөгүй учир манай байгууллага Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсан бөгөөд татгалзсан тухайгаа мэдэгдэж байсан. Нэгэнт гэрээнээс татгалзсан тул гэрээнд заасан алданги төлөх, орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах шаардлагыг биелүүлэх боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгч Ж.А нь нэхэмжлэлийн шаардлагадаа 51 тоот орон сууцны талаар дурдсан боловч 2019.04.23-ны өдрийн 101 тоот орон сууц захиалан бариулах гэрээнд 54 тоот гэж тусгагдсан байсан. Гэхдээ энэ бол 51 тоот орон сууц гэд дээр маргахгүй, 54 тоот гэдэг нь техникийн шинжтэй алдаа гэж ойлгоорой. Орон сууцны төлбөрийг 51 тоот гэж нэхэмжлэгч төлсөн байдаг. Гэхдээ энэ 51 тоот орон сууцыг нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээ цуцлагдсаны дараа Э.Г-д бартерийн төлбөрт шилжүүлсэн. Э.Г нь уг байрыг гуравдагч этгээд А.З худалдан борлуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл гуравдагч этгээд амьдарч байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ байрыг 2023.02.10-ны өдөр гэрээ байгуулж, 1 м.кв-ыг 2,400,000 төгрөгөөр тооцож, худалдан авсан. Төгс орчин хотхоны 95,14 м.кв талбайтай 14 давхрын 51 тоот байрыг 100 хувь төлбөрөө төлж, худалдан авсан.

Тэгээд 2023 оны 9 сараас амьдарч эхэлсэн. Миний зүгээс гэрээний дагуу төлбөрөө төлж авсан учраас суллаж өгөх боломжгүй. Хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч талын нэхэмжлэл дээр байр нь 14 давхрын 54 тоот, 88 м.кв байр байсан. Манай байр 51 тоот бөгөөд 95,14 м.кв талбайтай байр юм. Тоот болон м.кв нь зөрж байна. Гэрээн дээр нь 54 м.кв гээд биччихсэн байхад яагаад миний амьдарч буй 51 тоот байрыг нэхээд байгааг ойлгохгүй байна...” гэв.

 

4. Хариуцагч “Т” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Манай байгууллага нь 2019.03.04-ний өдөр 19/01 тоот Нийслэлийн газрын албатай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.2-т “Т” ХХК буюу гүйцэтгэгч нь захиалагчийн эзэмшлийн газар дээр ... орон сууцыг барилгын дотор болон гадна талын тохижилтын хамтаар түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэрээний төлбөрийг 2.2-т заасны дагуу ...орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,150,000 төгрөгөөр тооцож... Нийслэлийн газрын албаны албан хаагчидтай гэрээ байгуулах замаар шийдвэрлэнэ... гэж тусгасан. Мөн 5.1-т Захалагч барилга барихтай холбогдох эрх бүхий байгууллагаас олгох зөвшөөрөл, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дулаан, техникийн нөхцөл, барилгын зураг төсөл батлуулах ажлыг хариуцна гэж заасан. Гэрээний энэ заалтуудыг үндэслэн Ж.Атай 101 тоот Орон сууц захиалгын гэрээг байгуулсан.

Гэвч Нийслэлийн газрын алба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тодруулбал, Дулааны шугам сүлжээний угсралтын ажлыг техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэхэд Иргэний нисэхийн ерөнхий газраас зөвшөөрөл авах шаардлагатай болоход авч чадаагүй. Барилгын зураг төслийг батлуулж чадаагүй. Бид барилгыг барьж ашиглалтанд оруулах үүргээ биелүүлэхийн тулд Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Буянт ухаа олон улсын нисэх буудлаас зөвшөөрөл авахын тулд Барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулан тус ажлыг өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэн 300,000,000 төгрөг зарцуулсан.

Нийслэлийн газрын алба ингэж үүргээ биелүүлээгүйгээс барилга угсралтын ажил удааширч Ковидын нөхцөл байдалтай тулгарсан. Эдгээр нөхцөл байддын улмаас барилгын ажилд шаардлагатай гол түүхий эд, бараа материал, ажиллах хүчний үнэ огцом өссөн. Улмаар орон сууцны 1 м.кв-ын ашиг шингээгүй өртөг үнэ нь 932,000 төгрөгөөр нэмэгдсэн.

Ингэж Иргэний хуулийн 220.4-т заасан гэрээ байгуулсан нөхцөл байдал буюу Ж.А-д орон сууцыг 1,150,000 төгрөгөөр шилжүүлэх нөхцөл байдал өөрчлөгдсөн учир хуулийн энэ заалтыг үндэслэн бид гэрээнээс татгалзсан.

Гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний төлбөрт төлсөн 60,996,000 төгрөгийг буцаан өгөхөөр дансны дугаар асуухад мөнгөө авахгүй, байраа авна гэж мөнгөө буцааж аваагүй.

Иймд 60,996,000 төгрөгийг Ж.А-аар буцаан авахуулахаар даалгаж өгнө үү...” гэв.

 

5.Нэхэмжлэгч Ж.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Ж.А нь 2019.04.23-ны өдөр 101 дугаартай Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээг “Т” ХХК-тай байгуулсан.

Уг гэрээний 1.1 дэх заалтаар талууд Монгол Улсын Иргэний хуулийн 343-359 дүгээр зүйлийг үндэслэсэн талаар тодорхой заасан бөгөөд уг гэрээгээр тухайн орон сууцны 14 давхрын 54 тоот, 4 өрөө орон сууцыг нийт 101,660,000 төгрөг байхаар орон сууцыг хүлээн авахаас өмнө гэрээний үнийн дүнгийн 60 хувь буюу 60,996,000 төгрөгийг, орон сууцыг хүлээн авах буюу байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар гэрээний үнийн дүнгийн 40 хувь буюу 40,664,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл орон сууцыг гэрээнд заасан хугацаанаас хоцруулан ашиглтад оруулж гэрээний үүргээ биелүүлээгүй буюу орон сууцыг хүлээлгэн өгөлгүй гэрээнээс нэг талын санаачилгаар татгалзаж байна гэх үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, манай гэрээний дагуу төлсөн төлбөрөөр тухайн орон сууцыг барьж, ашиглалтад оруулсан, өөрөөр хэлбэл манай мөнгөөр эд хөрөнгө бий болгочхоод бий болсон эд хөрөнгийг ашиг олох зорилгоор өгөхгүй, гэрээний нөгөө талд буюу манайд үндэслэлгүй хохирол учруулах гэж оролдож байгаа нь хууль болон тэгш, шудрага ёсны зарчим буюу Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасан зарчимд нийцэхгүй байна.

Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээ цуцлах тухай холбогдох зохицуулалтыг хуульчилж өгсөн бөгөөд манай зүгээс гэрээний үүргээ ноцтой болон ялимгүй ч зөрчсөн зүйл огт байхгүй.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд Нийслэлийн газрын алба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийг дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь Нийслэлийн газрын албыг төлөөлөхгүй бөгөөд гэрээний эрх үүргийн хувьд өөр өөр харилцаа юм. Манай зүгээс Нийслэлийн газрын алба гэрээний үүргээ зөрчсөн эсэх асуудлаар ямар нэг дүгнэлт хийх, шаардлага гаргах эрх байхгүй бөгөөд өөрийн эрх, үүргийн хүрээнд “Т” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх гэрээг хэрэгжүүлэх асуудлаар хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үүргийн хариуцлага нь Ж.А-д хамааралгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

6.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 552,500 төгрөг төлсөн баримт /хх-ийн 4 х/,

-2022.11.14-ний өдрийн 0425 дугаартай Б.Н-т олгосон итгэмжлэл /хх-ийн 5 х/,

-2019.04.23-ны өдрийн 101 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ /хх-ийн 6-8 х/,

-2020.06.16-ны өдрийн 1467 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 10-12 х/,

-Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-ийн 13 х/,

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 14-15 х/,

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 18 х/,

-2023.06.16-ны өдрийн 0512 дугаартай Ж.А-т олгосон итгэмжлэл /хх-ийн 117 х/ зэрэг баримтуудыг,

 

7.Хариуцагч хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан улсын бүртгэлийн 9011252011 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 31 х/,

-2023.02.06-ны өдрийн 02-59/А тоот Б.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 32-33 х/,

-2019.03.04-ний өдрийн 2019/01 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ /хх-ийн 41-43 х/,

-2022.02.11-ний өдрийн 02/11-75, 2022.04.25-ны өдрийн албан тоотууд /хх-ийн 50 х/,

-2022.07.07-ны өдрийн 07-07/12 тоот албан бичиг /хх-ийн 51 х/,

-2020.08.14-ний өдрийн 10-8/160 тоот албан бичиг /хх-ийн 52 х/,

-2020.08.11-ний өдрийн 01 тоот Барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах гэрээ /хх-ийн 53-54 х/,

-Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тэмдэгтийн хураамжид 2023.04.07-ны өдөр 665,950 төгрөг төлсөн баримт /хх-ийн 55 х/,

-2022.05.12-ны өдрийн 233 тоот Орон сууцны барилгын нэгж талбайн үнийн өсөлт тодорхойлсон тухай баримт /хх-ийн 58-95 х/,

-2022.06.23-ны өдрийн 1/1635 тоот албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 113-116 х/,

-Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тэмдэгтийн хураамжид 2023.11.09-ний өдөр 398,440 төгрөг төлсөн баримт /хх-ийн 228 х/,

-2022.12.09-ний өдрийн 12-09/01 тоот Орон сууц захиалах гэрээ /2-р хх-ийн 44-45 х/,

2022.12.09-ний өдрийн 12/09 тоот Орон сууцны дотор модон хаалга бартераар худалдах, худалдан авах гэрээ /2-р хх-ийн 46 х/,

-2023.02.10-ны өдрийн 02-10/01 тоот Орон сууц захиалах гэрээ /2-р хх-ийн 47-48 х/ зэрэг баримтуудыг,

 

8.Тус шүүхийн шүүгчийн 2023.10.26-ны өдрийн 182/ШЗ2023/13518 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.11.06-ны өдрийн 1490 тоот албан бичиг /хх-ийн 222 х/,

-2023.10.31-ний өдрийн 169 тоот Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 223-224 х/,

-2023.11.23-ны өдрийн 182/ШЗ2023/15227 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу “Худалдаа хөгжлийн банк” ХК-иас ирүүлсэн дансны хуулга /2-р хх-ийн 10-12 х/,

-2023.11.09-ний өдрийн 182/ШЗ2023/14441 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу гэрч Б.Наранцацралаас авсан мэдүүлэг /2-р хх-ийн 25 х/,

-Сөрөг нэхэмжлэлд 2024.01.03-ны өдөр тэмдэгтийн хураамжид 221,318 төгрөг төлсөн баримт /2-р хх-ийн 28 х/,

-2023.12.12-ны өдрийн 182/ШЗ2023/16373 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн 2021.03.16-ны өдрийн 03-04/2037 тоот Газар зохион байгуулалтын албаны албан бичиг, түүний хавсралт /2-р хх-ийн 38-40 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг 21 хороо, Төгс орчин хотхоны 286 байр Б блокийн 51 тоот 88 м.кв 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 50,583,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

а/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2019.04.23-ны өдөр байгуулсан 101 тоот орон сууц захиалан бариулах гэрээ дагуу орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 50,583,000 төгрөгийг орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцуулах гэж өөрчилсөн. /хх-ийн 240 х/

 

б/ Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Захиалагч нь орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд өмчлөлд шилжүүлж өгөхийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд гэрээний 7.3-т зааснаар алданги төлөхөөр тохирсон гэж тайлбарлав.

 

2.Хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

а/ Нийслэлийн Газрын албатай 2019.03.04-ний өдөр 2019/01 тоот “Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Энэ гэрээний дагуу Нийслэлийн Газрын алба Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Иргэний нисэхийн ерөнхий газрын хойд талд баригдах 4,060 м.кв талбай бүхий газарт баригдах барилгын зураг төсөл, бусад зөвшөөрлийг батлуулан 180 айлын орон сууцны барилгыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан бариулахаар харилцан тохиролцсон...

Гэвч Нийслэлийн Газрын алба нь барилгын зураг төсөл, бусад зөвшөөрлийг зохих газраас нь авч чадаагүйн улмаас орон сууцны барилгыг барих ажил удааширсан. Мөн Ковид-19 цар тахал гарч барилгын материалын үнэ өссөн...

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.А-тай 2019.04.23-ны өдөр “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн Газрын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулсан. Дээрх нөхцөл байдал болон талбайн зөрүү гарсны улмаас 1 м.кв-ын үнийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн болохоо мэдэгдсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй тул талуудын байгуулсан гэрээ дуусгавар болсон...

Иймээс гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 60,996,000 төгрөгийг буцааж өгнө гэж маргаж сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчийн тайлбарыг үндэслэн шүүхээс дараах үндэслэлүүдээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзсэн болно.

 

4. Нэхэмжлэгч Ж.А-ын хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан 2019.04.23-ны өдөр байгуулсан 101 тоот орон сууц захиалан бариулах гэрээ дагуу Хан-Уул дүүрэг 21 хороо, Төгс орчин хотхоны 286 байр Б блокийн 51 тоот 88 м.кв 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 50,583,000 төгрөгийг орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд

4.1.Нэхэмжлэгч Ж.А нь “Т” ХХК-тай 2019.04.23-ны өдөр 101 тоот “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн Газрын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулжээ. /хх-ийн 6-8, 9 х/

 

а.Дээрх гэрээгээр Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн Спорт цогцолборын хажууд Нийслэлийн Газрын албаны албан хаагчдын 2 дугаар байр 14 дүгээр давхарын 51 тоот хаягт байрлах, 4 өрөө /88 м.кв талбайтай/ орон сууцыг “Т” ХХК нь барьж ашиглалтад оруулах, Ж.А нь гэрээ байгуулснаар 30,498,000 төгрөг, карказ дүүргэлт хийгдсэнээр 30,498,000 төгрөг, байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар 40,664,000 төгрөг, нийт 101,660,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

б.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба 2019.04.23-ны өдөр 101 тоот гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зурж, тамга даран баталгаажуулж хуулийн шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Тодруулбал гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг учраас зохигчийн хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

в.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Энэхүү зохицуулалтаар гэрээний зүйл нь гүйцэтгэх ажил, ажлын үр дүн байх ба ажил гүйцэтгэгч нь захиалагчийн, эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч ажлын гүйцэтгэлийг хүлээн авч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

г.Зохигчийн байгуулсан 2019.04.23-ны өдөр 101 тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т “...Гэрээний төлбөр төлсөн баримт, хоёр талын тохиролцож оруулсан өрөөний зохион байгуулалтын зураг нь гэрээний салшгүй хэсэг болно”, 2 дугаар зүйлийн 2.1-д “...орон сууцны үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх 30,498,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлсөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох, карказ, дүүргэлт хийгдсэнээр 30,498,000 төгрөг, байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар 40,664,000 төгрөгийг тус тус төлөх”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Гүйцэтгэгч нь ... орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна”, 3.2-т “Талууд энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд ийнхүү санал гаргасан тал нөгөө талдаа хуанлийн 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдсэний үндсэн дээр талууд харилцан тохиролцож, нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэх...”, 6 дугаар зүйлийн 6.7-д “Гүйцэтгэгч тал гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нөгөө талдаа төлөх”-өөр талууд өөрсдийн эдлэх эрх, хүлээх үүргийн талаар харилцан тохиролцжээ.

 

д.Нэхэмжлэгч нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу 60,996,000 төгрөгийг 2019.04.24-нд 15,000,000 төгрөг, 2019.04.25-нд 15,498,000 төгрөг, 2020.06.13-нд 6,500,000 төгрөгийг дансаар, 2020.06.16-ны өдөр 11,100,000 төгрөгийг бэлнээр,  12,898,000 төгрөгийг бартераар буюу “Toyota prius” 30 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагчид 2020.02.16-ны өдөр шилжүүлэн өгч төлсөн болох нь Хаан банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 14, 15, 16 х/, гэрч Б.Н-ын “...Манайх “Т” ХХК-д арматур төмөр нийлүүлсэн бөгөөд үлдэгдэл 14 сая орчим төгрөг авах байснаас 7206 приус 20 билүү 30 байсан байх автомашиныг бартерт авч тооцоо дууссан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 25 х/, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдсон. Мөн гэрээнд заасан орон сууц нь 54 тоот бус 51 тоот 4 өрөө орон сууц болох талаар талууд хэн аль нь тус тус маргаагүй.

 

4.2.Зохигчийн маргааны гол зүйл нь орон сууцыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй, м.кв-ын үнэ нэмэгдсэн, гэрээнээс татгалзсан талаар байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

а.Маргааны гол үндэслэл нь Нийслэлийн газрын алба /захиалагч А тал/, нөгөө талаас “Т” ХХК /гүйцэтгэгч Б тал/ нарын хооронд 2019.03.04-ний өдөр 219/01 тоот “Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ” /хх-ийн 41-43 х/ байгуулагдаж, А талын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн ерөнхий газрын хойд талд байрлах 4,060 м.кв газар эзэмших эрх, Б тал буюу “Т” ХХК-ийн туршлага, ажил үйлчилгээг үндэслэн харилцан хөрөнгө оруулалт хийхээр тохиролцжээ.

 

б.Дээрх гэрээний 1 дүгээр зүйлд зааснаар талуудын зорилго нь Захиалагч тал нь газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн Э-2206000244 дугаар нэгж талбарын 1781301047 дугаар бүхий Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн ерөнхий газрын хойд талд байрлах 4,060 м.кв газарт баригдах барилгын зураг төсөл, бусад зөвшөөрлийг батлуулан 180 айлын орон сууцны барилгыг барих боломжийг Б талд олгох,

- Гүйцэтгэгч нь захиалагчийн эзэмшлийн газар дээр  баригдах барилгын 1, 2 дугаар блокоос бусад барилгын  хөрөнгө оруулалтыг бүрэн хариуцаж, А талд тус бүр нь 60 айлын  барилга бүхий 3 блок барилгын 1, 2 дугаар блокийн 2-16 давхрын нийт 9,060 м.кв талбай бүхий орон сууцыг барилгын дотор болон гадна талбайн  тохижилтын хамтаар түлхүүр гардуулах нөхцөлтэй хүлээлгэн өгөх,

-Захиалагч нь 3 блок орон сууцны  1, 2 дугаар блокийн 2-16 давхрын нийт 9,060 м.кв талбайтай 3-4 өрөөний сонголттой 120 айлын орон сууцыг 1 м.кв-ийг 1,150,000 төгрөгөөр тооцон өөрийн эзэмшилд шилжүүлэн авна. /2019-02-11 өдөр Монгол банкны ханш 1 доллар 2631 төгрөг байхад 1 м.кв 1,150,000 төгрөгийн ханштай байсан/

-Захиалсан 9,060 м.кв талбайн нийт үнэ 10,419,000,000 төгрөг болох бөгөөд орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,150,000 төгрөгөөр тооцож, 1, 2 дугаар блокийн нийт талбайтай 120 айлын төлбөрийг гүйцэтгэгч тал Нийслэлийн газрын албаны албан хаагчидтай  гэрээ байгуулах замаар шийдвэрлэх,

-Орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах.

-Захиалагч нь барилга барихтай холбогдох эрх бүхий байгууллагаас олгох зөвшөөрөл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дулаан, техникийн нөхцөл, барилгын зураг төслийг батлуулах ажлыг хариуцах,

-Захиалагч нь  барилга баригдах талбайг  барилга угсралтын ажилд бэлэн болгох,

-Гүйцэтгэгч талтай орон сууц захиалгын гэрээ байгуулан албан хаагч төлбөрөө  барагдуулах чадваргүй нөхцөл үүссэн, гүйцэтгэгч талтай  байгуулсан орон сууцны  захиалгын гэрээ бусад байдлаар цуцлагдсан тохиолдолд  гүйцэтгэгч талд дараагийн гэрээ байгуулах хүнийг санал  болгох”-оор талууд харилцан тохиролцжээ.

 

г.Захиалагч тал болох Нийслэлийн газрын алба нь дээрх гэрээний гол нөхцөл болох барилга барихтай холбогдох эрх бүхий байгууллагаас олгох зөвшөөрөл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дулаан, техникийн нөхцөл, барилгын зураг төслийг батлуулах ажлыг хариуцах, барилга баригдах талбайг барилга угсралтын ажилд бэлэн болгох үүргээ хугацаандаа хэрэгжүүлээгүйн улмаас барилгын ажил хойшилсон, Ковид-19 цар тахал гарч барилгын материалын үнэ өссөн зэргээс шалтгаалан гэрээний 1 м.кв талбайн үнийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр нэхэмжлэгч Ж.А-д мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй тул талуудын байгуулсан 2019.04.23-ны өдөр 101 тоот гэрээ цуцлагдсан гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзэхээр байна.

 

д.Дээрх тайлбар нь хэрэгт нэхэмжлэгч Ж.А-д хүргүүлсэн “Т” ХХК-ийн 2022.02.11-ний өдрийн №02/11-75, 2022.04.25, 2022.07.07-ны өдрийн 07-07/12 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 50, 51 х/, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, “Т” ХХК-иудын 2020.08.11-ний өдөр байгуулсан 01 тоот “Барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах гэрээ” /хх-ийн 53-54 х/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022.05.12-ны өдрийн 233 тоот “Орон сууцны барилгын нэгж талбайн үнийн өсөлт тодорхойлох тухай” тайлан /хх-ийн 58-58-75, 76-95 х/, Барилгын хөгжлийн төвийн 2022.06.23-ны өдрийн 1/3872 тоот албан бичиг /хх-ийн 113, 114-117 х/ авагдсан эдгээр баримтуудаар тогтоогдож байна.

 

е.Түүнчлэн, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д “Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй”,

220.4-т “Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй”

Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”,

мөн  зохигчийн байгуулсан 2019.04.23-ны өдөр 101 тоот гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аль нэг тал нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

 ё.Хариуцагч нь нэхэмжлэгч Ж.А-д захиалсан орон сууцны 1 м.кв талбайн үнийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэх болсныг “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг утсаар болон цахим шуудангаар хүргүүлсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...мэдэгдлийг хүлээн аваад хариуг шуудангаар хүргүүлсэн...” гэх тайлбараар зохигчийн 2019.04.23-ны өдөр байгуулсан 101 тоот гэрээ цуцлагджээ.

 

ж.Өөрөөр хэлбэл захиалагч Ж.А нь дээрх мэдэгдлийг хүлээн авснаас хойш орон сууцны 1 м.кв талбайн үнийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлсэнг хүлээн зөвшөөрөөгүй, төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хариуцагч буюу гүйцэтгэгч “Т” ХХК-иас үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсний улмаас гэрээ цуцалсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

 

з.Мөн маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд А.З нь хариуцагчийн Э.Г-тэй байгуулсан 2022.12.09-ний өдрийн №12-09/01 тоот гэрээ болон 2023.02.10-ны өдрийн №02-10/01 тоот “Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороонд баригдсан “Төгс орчин-1” орон сууцны хотхонд орон сууц захиалах гэрээ”, -ний үндсэн дээр Э.Г-с худалдан авч, гэрээний үнэд 228,336,000 төгрөгийг төлж, эзэмшил, ашиглалтдаа авсан байна.

 

Иймээс 2019.04.23-ны өдөр байгуулсан 101 тоот орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Хан-Уул дүүрэг 21 хороо, Төгс орчин хотхоны 286 байр Б блокийн 51 тоот 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 50,583,000 төгрөгийг орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцуулах тухай нэхэмжлэгч Ж.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

5.Хариуцагч “Т” ХХК-ийн нэхэмжлэгч Ж.А-д холбогдуулан гаргасан зохигчийн 2019.04.23-ны өдөр байгуулсан 101 тоот “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн Газрын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ”-нээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 60,996,000 төгрөгийг хариуцагчид буцаан олгох тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

 

а.Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т “Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.

 

б.Дээрх өөрчлөгдсөн нөхцөл байдлыг нэхэмжлэгч Ж.А зөвшөөрөөгүй тул хариуцагч “Т” ХХК 2019.04.23-ны өдрийн 101 тоот Хан-Уул дүүрэг 10 дугаар хороонд баригдах Нийсэлийн Газрын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т заасан зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

в.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан. Энэхүү зохицуулалтаар гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаврыг шийдвэрлэх тул гэрээний үнэд төлөгдсөн 60,996,000 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-иас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Ад олгох нь зүйтэй.

6.Шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2022.12.14-ний өдөр төлсөн 552,500 төгрөг, хариуцагч “Т” ХХК-ийн 2023.11.09-ний өдөр төлсөн 398,440 төгрөг, 2024.01.04-ний өдөр төлсөн 221,318 төгрөгийг тус тус улсын орлогд хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн, 115.2.3, 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-д холбогдох Хан-Уул дүүрэг 21 хороо, Төгс орчин хотхоны 286 байр Б блокийн 51 тоот 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 50,583,000 төгрөгийг орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцуулах тухай нэхэмжлэгч Ж.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Т” ХХК-иас 60,996,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.А-д олгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2022.12.14-ний өдөр төлсөн 552,500 төгрөг, хариуцагч “Т” ХХК-ийн 2023.11.09-ний өдөр төлсөн 398,440 төгрөг, 2024.01.04-ний өдөр төлсөн 221,318 төгрөгийг тус тус улсын орлогд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Х.ДАШДЭЧМАА