Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1701

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01449 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хариуцагч “У” ХХК, А.Г нарт холбогдуулан гаргасан 142 543 128.20 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл, Н.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч “У” ХХК нь “Т” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-16/35 тоот зээлийн гэрээ, БГ-16/135 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 150 000 000 төгрөгийг жилийн 26.40 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлийн барьцаанд дараах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

1. “У” ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2204025911 дугаартай, 245 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2. “У” ХХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, 245 м.кв талбайтай, 000300635 тоот гэрчилгээний дугаартай эзэмших эрхтэй газрын хамт барьцаалсан.

Зээлийн гэрээний дагуу 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгчийн “Т” дахь 102100559199 тоот харилцах дансанд 150 000 000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг бодитойгоор бүрэн олгосон.

ЗГ-16/35 тоот зээлийн гэрээнд “У” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.Г, түүний эхнэр А.Г нь хамтран хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар БГ-16/35 тоот барьцааны гэрээг байгуулсан.

ЗГ-16/35 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч зээлдэгч “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Г, хамтран зээлдэгч А.Г нар нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй тул банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай Мэдэгдэл-ийг зээлдэгчид өгч, мөн удаа дараа биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгахыг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч “Т” ХХК-д ноцтой хохирол учруулж байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 57 521 673.57 төгрөг, хүүнээс 31 098 860.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 130 509.34 төгрөг, нийт 88 751 043.81 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрснээр үндсэн зээлийн төлбөр 92 478 326.43 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 43 829 447.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6 235 354.75 төгрөг, нийт 142 543 128.20 төгрөг болж хуримтлагдсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ-16/35 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Үүнд:

- Үндсэн зээл 92 478 326.43 төгрөг

- Хүү 43 829 447.02 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү 6 235 354.75 төгрөг, нийт 142 543 128.20 төгрөг болно.

Иймд хариуцагч нартай байгуулсан ЗГ-16/35 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 142 543 128.20 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 940 865.66 төгрөгийн хамт “У” ХХК, түүний гүйцэтгэх захирал Г.Г-аас гаргуулах, мөн үндсэн зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч А.Г-с гаргуулж банкийг хохиролгүй болгуулж өгнө үү.

Зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд: “У” ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2204025911 дугаартай, 245 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

“У” ХХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, 245 м.кв талбайтай, 000300635 тоот гэрчилгээний дугаартай эзэмших эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

Тны зүгээс зээлдэгч нартай байгуулсан ЗГ-16/35 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 142 543 128.20 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 940 865.66 төгрөгийн хамт “У” ХХК, түүний гүйцэтгэх захирал Г.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Г нараас гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж банкийг хохиролгүй болгуулж өгнө үү. гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно гэжээ.

 

Хариуцагч “У” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээний нийт төлбөр болох 142 543 128.20 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 940 865.66 төгрөгийн хамт “У” ХХК, түүний гүйцэтгэх захирал Г.Г-аас гаргуулах, мөн үндсэн зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч А.Г-с гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талууд 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан энэ талаар талууд маргаагүй. Гэрээ байгуулах нөхцөл бол 24 сарын хугацаатай, 1 жилийн 26.4%-ийн хүүтэй тогтоосон нь хариуцагчид хохиролтойгоор хүү тогтоосон гэж үзэж байгаа. Энэ нь Монгол банкны 2019 оны зээлийн дундаж хүүгийн тайланд зээлийн хүүгийн дундаж нийт ББСБ-ын зээлийн дундаж хүү 18.1% байсан учраас бидний зүгээс зээлийн хүүг илүү тогтоосон байна гэж үзэж байна. Мөн хариуцагч нар нь гэрээ байгуулснаас хойш төлөлт хийж байсан бөгөөд 88 751 043.81 төгрөгийг төлсөн байна. Хүү өндөр тооцогдож байгаа учраас зээлийн гэрээний хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “У” ХХК, хариуцагч А.Г нараас бүгд 119 346 222 /нэг зуун арван есөн сая гурван зуун дөчин зургаан мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, үлдсэн 23 196 906/хорин гурван сая нэг зуун ерэн зургаан мянга есөн зуун зургаа/ төгрөгийг гаргуулах, нэгж талбарын 6004/052318646310099238 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байршилтай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “У” ХХК, хариуцагч А.Гнар энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2204025911 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, 245/хоёр зуун дөчин тав/ м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 940 865.66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “У” ХХК, хариуцагч А.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 754 681 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н давж заалдах гомдолдоо:

... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн " ... үлдсэн 23 196 906 төгрөгийг гаргуулах, нэгж талбарын 6004/052318646310099238 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байршилтай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд, хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт " Зээлийн гэрээнд 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойших хэтэрсэн хугацааны хүүний хэмжээг заагаагүй байх тул 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хэтэрсэн хугацааны хүү тооцох үндэслэлгүй байна" гэж дүгнэжээ.

"Ундармал сод рашаан" ХХК нь "Т" ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-16/35 тоот зээлийн гэрээ, БГ-16/135 тоот барьцааны гэрээг тус тус байгуулсан ба "Т" ХХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, Зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж, талууд хүсэл зоригоо илэрхийлж, хүлээн зөвшөөрснөөр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүсч, зээлийн гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж хүчин төгөлдөр байгуулагдсан.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, үүргийг тус тус хүлээсэн байдаг.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш 2017 оны 7 дугаар сарыг хүртэл үндсэн зээлээс 57 521 673 57 төгрөг, хүүнээс 31 098 860 90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 130 509 34 төгрөг, нийт 88 751 043 81 төгрөг төлсөн учраас зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлэх шаардлага тавьж. Иргэний хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож үндсэн зээлээс 92 478 326 43 төгрөг, хүүнээс 43 829 447 02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 6 235 354 75 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “У” ХХК-ийн нэгж талбарын 6004/052318646310099238 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол, /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байршилтай газрын газар эзэмших эрхийн хугацаа 2018 оны 12 дугаар сард дуусгавар болсон байх тул тус 46 тоот хаягт байршилтай газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлээ хангуулах боломжгүй байна” гэж дүгнэжээ.

Газар эзэмших эрхийн хугацаа дууссан нь нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Эзэмших эрхийг хүчингүй болгосон тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой. Банкны барьцаанд бүртгэгдсэн хэдий ч эзэмших эрхийн хугацааг сунгах үүрэг нь зээлдэгчид байдаг. Сунгагдахгүй байгаа шалтгаан нөхцөл арилмагц эзэмших эрхийн хугацаа Газрын тухай хуульд заасан хугацаагаар сунгагдах зохицуулалттай байдаг. Гэтэл эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлт гаргаад уг хүсэлт шийдэгдээгүй байгаа нь ямар шалтгаантайг шүүх тогтоогоогүй байж ингэж шийдэж байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангахгүй байна.

Үүргийн гүйцэтгэлийг хангах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл нь барьцааны гэрээ, барьцаалбарын улсын бүртгэл хууль бус, хүчин төгөлдөр бус байх тохиолдолд хэрэгсэхгүй болгох ёстой. Гэтэл ийм үндэслэл байхгүй бөгөөд тогтоогдоогүй, мөн шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “У” ХХК, А.Г нарт холбогдуулан 142 543 128.20 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар хэт өндөр хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            Талууд 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-16/135 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч 150 000 000 төгрөгийг сарын 2.20 хувь, жилийн 26.40 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт гэрээнд заасан хуваарийн дагуу эргүүлж төлөх үүрэг хүлээсэн байна. Мөн өдрөө БГ-16/135 дугаар барьцааны гэрээгээр Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол Нарны зам 46 тоот 245 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эд хөрөнгө, мөн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол Нарны зам 46 тоот 245 м.кв талбай бүхий газрыг зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тус тус барьцаалсан байна.

 

            Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж бичгээр хийгдсэн дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв байна.

 

            Зээлийн гэрээний 2.1.4-т зээлийн хүүг сарын 2.20 хувь, жилийн 26.40 хувь гэж, 3.2.4-т хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр талууд харилцан тохиролцсон байх бөгөөд хэт өндөр хүү тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Зээлдэгч нар нь зээлдүүлэгчээс шилжүүлсэн зээлийн мөнгөнөөс үндсэн зээлд 57 521 673.57 төгрөг, хүүд 31 098 860.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 130 509.34 төгрөг, нийт 88 751 043.81 төгрөг төлсөн тухайд маргаагүй, гэрээний үүргийг зөрчиж, төлбөрийн үлдэгдэлтэй байгаагаа үгүйсгээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг шаардах эрхтэй.

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ёстой. Нэхэмжлэгч 142 543 128 төгрөгийг шаардсан нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу байна. Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, шүүх хариуцагч “У” ХХК, хариуцагч А.Г нараас бүгд 119 346 222 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, үлдсэн 23 196 906 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

            Талуудын хоорондын барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, талууд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан бөгөөд хариуцагч байгууллага сайн дураараа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаанд тавьж нэрлэн заасан хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой юм.

 

            Хуулийн дээрх зохицуулалтын дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэхдээ барилгын доорх газартай холбогдох шаардлага буюу нэгж талбарын 6004/052318646310099238 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байршилтай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, барилгыг суурийн газраас нь салгаж үзэх боломжгүй. Нөгөөтэйгүүр зээлдэгч нь барилгын суурийн газрыг барьцаа хөрөнгө болгож, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан.

 

            Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01449 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...олгож, үлдсэн 23 196 906/хорин гурван сая нэг зуун ерэн зургаан мянга есөн зуун зургаа/ төгрөгийг гаргуулах, нэгж талбарын 6004/052318646310099238 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байршилтай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...142 543 128 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай” гэж,

2 дахь заалтын “... Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, 245/хоёр зуун дөчин тав/ м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг” гэсний дараа “...нэгж талбарын 6004/052318646310099238 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байршилтай газрын хамт ...” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-аас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР

 

                                                                              А.ОТГОНЦЭЦЭГ