Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00308

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01449 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1701 дугаар магадлалтай,

 Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

....................... ХХК, А.Г нарт холбогдох

 Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 142.543.128.20 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын төлөөлөгч М.Жавхлангийн гаргасан гомдлыг үндэслэн, танхимын тэргүүн Г.Алтанчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Э.Нарангэрэл, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Зээлдэгч Ундармалсод рашаан ХХК нь Төрийн банктай 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-16/35 тоот зээлийн гэрээ, БГ-16/135 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 150.000.000 төгрөгийг жилийн 26.40 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн барьцаанд дараах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Ундармалсод рашаан ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2204025911 дугаартай, 245 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ундармалсод рашаан ХХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, 245 м.кв талбайтай, 000300635 тоот гэрчилгээний дугаартай эзэмших эрхтэй газрын хамт барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгчийн Төрийн банк дахь 102100559199 тоот харилцах дансанд 150.000.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг бодитойгоор бүрэн олгосон. ...Зээлдэгч Ундармалсод рашаан ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гэсэржав, хамтран зээлдэгч А.Гандолгор нар нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй тул банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай Мэдэгдэл-ийг зээлдэгчид өгч, мөн удаа дараа биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгахыг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 57.521.673.57 төгрөг, хүүнээс 31.098.860.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 130.509.34 төгрөг, нийт 88.751.043.81 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрснээр үндсэн зээлийн төлбөр 92.478.326.43 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 43.829.447.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6.235.354.75 төгрөг, нийт 142.543.128.20 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 940.865.66 төгрөгийн хамт Ундармалсод рашаан ХХК, түүний гүйцэтгэх захирал Г.Гэсэржаваас гаргуулах, мөн үндсэн зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч А.Гандолгороос гаргуулах, зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд: Ундармалсод рашаан ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2204025911 дугаартай, 245 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ундармалсод рашаан ХХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, 245 м.кв талбайтай, 000300635 тоот гэрчилгээний дугаартай эзэмших эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 Хариуцагч нарын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Зээлийн гэрээний нийт төлбөр болох 142.543.128.20 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 940.865.66 төгрөгийн хамт Ундармалсод рашаан ХХК, түүний гүйцэтгэх захирал Г.Гэсэржаваас гаргуулах, мөн үндсэн зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч А.Гандолгороос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан энэ талаар талууд маргаагүй. Гэрээ байгуулах нөхцөл бол 24 сарын хугацаатай, 1 жилийн 26.4%-ийн хүүтэй тогтоосон нь хариуцагчид хохиролтойгоор хүү тогтоосон гэж үзэж байгаа. Энэ нь Монгол банкны 2019 оны зээлийн дундаж хүүгийн тайланд зээлийн хүүгийн дундаж нийт ББСБ-ын зээлийн дундаж хүү 18.1% байсан учраас бидний зүгээс зээлийн хүүг илүү тогтоосон байна гэж үзэж байна. Мөн хариуцагч нар нь гэрээ байгуулснаас хойш төлөлт хийж байсан бөгөөд 88.751.043.81 төгрөгийг төлсөн байна. Хүү өндөр тооцогдож байгаа учраас зээлийн гэрээний хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01449 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ундармалсод рашаан ХХК, хариуцагч А.Гандолгор нараас бүгд 119.346.222 /нэг зуун арван есөн сая гурван зуун дөчин зургаан мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, үлдсэн 23.196.906/хорин гурван сая нэг зуун ерэн зургаан мянга есөн зуун зургаа/ төгрөгийг гаргуулах, нэгж талбарын 6004/052318646310099238 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байршилтай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ундармалсод рашаан ХХК, хариуцагч А.Гандолгор нар энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2204025911 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, 245/хоёр зуун дөчин тав/ м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 940 865.66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ундармалсод рашаан ХХК, хариуцагч А.Гандолгор нараас улсын тэмдэгтийн хураамжид 754 681 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1701 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01449 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын ...олгож, үлдсэн 23.196.906 /хорин гурван сая нэг зуун ерэн зургаан мянга есөн зуун зургаа/ төгрөгийг гаргуулах, нэгж талбарын 6004/052318646310099238 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байршилтай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...142.543.128 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай гэж, 2 дахь заалтын ... Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, 245/хоёр зуун дөчин тав/ м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг гэсний дараа ...нэгж талбарын 6004/052318646310099238 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байршилтай газрын хамт ... гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-аас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч нарын төлөөлөгч М.Жавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ундармалсод рашаан ХХК, А.Гандолгор нарт холбогдох холбогдох Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар 1701 магадлалыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Давж заалдах шатны шүүхээс Төрийн банк ХХК болон Ундармалсод рашаан ХХК А.Гандолгор нартай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ёстой. Нэхэмжлэгч 142.543.128 төгрөгийг шаардсан нь хуулийн зохицуулалтын дагуу байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 451.1, 452.2 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ундармалсод рашаан ХХК, А.Гандолгор нарт холбогдуулан гаргасан 119.346.222 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр бөгөөд зээлийн гэрээнд 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хэтэрсэн хугацааны хүүний хэмжээг заагаагүй байх тул 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хэтэрсэн хугацааны хүү тооцох үндэслэлгүй гэж шийдвэрлэж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 23.196.906 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Хэргийн зохигчид анхан шатны шүүхэд зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргадаггүй. Зөвхөн гэрээ байгуулан нөхцөл болсон 24 сарын хугацаатай, 1 жилийн 26.4%-ийн хүүтэй тогтоосон зээлийн хүү нь хариуцагчид ихээхэн хохиролтой тогтоосон хүү гэдэг байдлаар маргаж, хариуцагчийн зүгээс санхүүгийн шинжээч тогтоож зээлийн гэрээ байгуулах үеийн Банк, банк бус байгууллагуудын жилийн дундаж зээлийн хүүг тодорхойлуулан улмаар зээлийн гэрээний хүүг багасгах талаар шүүхэд хүсэлтээ гаргах боломжтой байсан. Гэтэл шүүхээс санхүүгийн шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй бөгөөд зээлийн гэрээний хүү нь илт хохиролтой болохыг хариуцагчийн зүгээс нотолж чадаагүй баримт байдаг. Иймд давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1701 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 23.196.906 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Төрийн банк ХХК нь Ундармалсод рашаан ХХК, А.Гандолгор нарт холбогдуулан үндсэн зээл 92.478.326.43 төгрөг, зээлийн хүү 43.829.447.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.235.354.75 төгрөг, нийт 142.543.128.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.

 Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр тогтоогдсон гэжээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 1. Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 Хэргийн баримтаас үзвэл, Төрийн банк ХХК болон Ундармалсод рашаан ХХК, А.Гандолгор нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-16/135 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нар 150.000.000 төгрөгийг бизнесийн зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын 2.20 хувийн хүүтэй, хугацаандаа үндсэн үүргийг гүйцэтгээгүй бол зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон нь тогтоогджээ.

 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргийг, хариуцагч нар хүлээн авсан мөнгөн хөрөнгийг, хэлэлцэн тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээснээс гадна хэтрүүлсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү төлөх нэмэлт үүргийн талаар талууд тохиролцсон нь тогтоогдсон байх тул шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцсэн байна.

 Гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллийн талаар зохигч маргаагүй, гэрээ бичгээр байгуулагдсан байх тул гэрээ хүчин төгөлдөр болно.

 Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлж хариуцагч Ундармалсод рашаан ХХК-ийн дансанд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 150.000.000 төгрөг шилжүүлсэн, харин хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү болон үндсэн зээлээс хэсэгчлэн төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүйгээс гэрээний үүрэг зөрчигджээ.

 2. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, тооцооллын хүрээнд дүгнэж үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 119.346.222 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн байна.

 Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон бөгөөд энэ хүртэл хариуцагч нар үндсэн зээлээс 57.521.673.57 төгрөг төлсөн тул үлдэх 92.478.326.43 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 Гэрээнд заасан хуваарь ёсоор хариуцагч гэрээний хугацаанд үндсэн хүүд 24.498.690 төгрөг төлөөгүй нь тогтоогдсон тул шүүх энэ нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

 Зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй ба гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор заасан учир нэмэгдүүлсэн хүүд 2.369.205.23 төгрөг гаргуулсан нь хууль зөрчихгүй байна.

 3. Хэтэрсэн хугацааны хүүд нэхэмжлэгч 19.330.756.27 төгрөг, уг хүүд тооцсон нэмэгдүүлсэн хүүд 3.866.150 төгрөг шаардсаныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо, хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг талууд гэрээнд зааж тохироогүй гэж үзсэнийг, давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж дүгнэн уг нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 Зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэйг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д, зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба хугацаа хэтэрсэн хүүгийн хэмжээг гэрээгээр тохирсон үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгахыг Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 25 дугаар зүйлийн 25.2-т тус тус заасан байна.

 Зээлийн гэрээний 2.2.4, 3.2.4-т хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувиас гэсэн агуулга тусгагдсан байх тул хэтэрсэн хугацааны хүүг гаргуулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзлээ.

 4. Зохигчийн хооронд байгуулагдсан БГ-16/135 тоот барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 Барьцааны гэрээгээр зээлийн үүргийг хангуулахаар Ундармалсод рашаан ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороолол, Нарны зам, 46 тоот хаягт байршилтай 245 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон уг хөрөнгө байрлаж буй тус компанийн эзэмшлийн газрыг барьцаалсан нь тогтоогдсон байна.

 Талууд барьцааны гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх тул гэрээ хүчин төгөлдөр байх Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

 Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй тул хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар, албадан дуудлага худалдаа явуулж худалдахыг эрх бүхий байгууллагад шүүх үүрэг болгож шийдвэрлэсэн нь 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцжээ.

 Анхан шатны шүүх, компанийн эзэмшилд буй газар эзэмших эрхийн хугацаа 2018 оны 12 дугаар сард дуусгавар болсон тул албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах боломжгүй гэх үндэслэлээр уг газрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь алдаатайг давж заалдах шатны шүүх залруулжээ.

 Газар эзэмших эрхийн хугацааны талаар зохигч маргаагүйгээс гадна эрх бүхий этгээд уг эзэмших эрхийг хүчингүй болгосон баримт хэрэгт авагдаагүйг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 Иймд барьцааны хөрөнгөөр бүхэлд нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

 5. Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн илэрхийллийн нэгдлээр байгуулагддаг бөгөөд хариуцагч нар зээлдүүлэгчийг сонгож, зээл олгох нөхцлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байх бөгөөд жилийн 26.40 хувийн, сарын 2.20 хувийн зээл нь бусад банк, эрх бүхий этгээдээс бизнесийн зээлийн зориулалтаар олгож байгаа зээлийн хүүгээс өндөр гэх үндэслэл тогтоогдоогүй тул хүүгийн хэмжээ хохиролтой гэж үзэх боломжгүй юм.

 Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1701 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгч М.Жавхлангийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 273.940 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.СОНИНБАЯР

                                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                                                             ШҮҮГЧИД                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                                        Б.УНДРАХ

     Г.ЦАГААНЦООЖ