Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 01449

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “У” ХХК/РД: /,

 

Хариуцагч: А.Г/РД / нарт холбогдох,

 

142 543 128.20 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч “У” ХХК нь Ттай 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-16/35 тоот зээлийн гэрээ, БГ-16/135 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 150 000 000/зуун тавин сая/ төгрөгийг жилийн 26.40 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлийн барьцаанд дараах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

1. “У” ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2204025911 дугаартай, 245 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2. “У” ХХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, 245 м.кв талбайтай, 000300635 тоот гэрчилгээний дугаартай эзэмших эрхтэй газрын хамт барьцаалсан.

Зээлийн гэрээний дагуу 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгчийн Т дах 102100559199 тоот харилцах дансанд 150 000 000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг бодитойгоор бүрэн олгосон.

ЗГ-16/35 тоот зээлийн гэрээнд “У” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.Гэсэржав, түүний эхнэр А.Г нь хамтран хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар БГ-16/35 тоот барьцааны гэрээг байгуулсан.

ЗГ-16/35 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн телбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч зээлдэгч “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гэсэржав, хамтран зээлдэгч А.Г нар нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй тул банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай “Мэдэгдэл”-ийг зээлдэгчид өгч, мөн удаа дараа биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгахыг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Т ХХК-д ноцтой хохирол учруулж байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 57 521 673.57 төгрөг, хүүнээс 31 098 860.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 130 509.34 төгрөг, нийт 88 751 043.81 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэнээр үндсэн зээлийн төлбөр 92 478 326.43 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 43 829 447.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6 235 354.75 төгрөг, нийт 142 543 128.20 төгрөг болж хуримтлагдсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуудийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ-16/35 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Үүнд:

- Үндсэн зээл 92 478 326.43 төгрөг

- Хүү 43 829 447.02 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү 6 235 354.75 төгрөг, нийт 142 543 128.20 төгрөг болно.

Иймд хариуцагч нартай байгуулсан ЗГ-16/35 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 142 543 128.20 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 940,865.66 төгрөгийн хамт “У” ХХК, түүний гүйцэтгэх захирал Г.Гэсэржаваас гаргуулах, мөн үндсэн зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч А.Гоос гаргуулж банкийг хохиролгүй болгуулж өгнө үү.

Зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд: “У” ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2204025911 дугаартай, 245 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

“У” ХХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, 245 м.кв талбайтай, 000300635 тоот гэрчилгээкий дугаартай эзэмших эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

“Т” ХХК нь зээлдэгч “У” ХХК, түүний гүйцэтгэх захирал Гэндэнсанжаагийн Гэсэржав, хамтран зээлдэгч Алтангэрэлийн Г нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 142,543,128.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ.

Тны зүгээс “Зээлдэгч нартай байгуулсан ЗГ-16/35 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 142 543 128.20 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 940 865.66 төгрөгийн хамт “У” ХХК, түүний гүйцэтгэх захирал Г.Гэсэржав, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Г нараас гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж банкийг хохиролгүй болгуулж өгнө үү.” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.” гэв.

 

Хариуцагч “У” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч “У” ХХК, А.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэлээс “... зээлийн гэрээний нийт төлбөр болох 142 543 128.20 төгрөгииг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 940 865.66 төгрөгийн хамт “У” ХХК, түүний гүйцэтгэх захирал Г.Гэсэржаваас гаргуулах, мөн үндсэн зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч А.Гоос гаргуулах ...” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Миний бие Г.Гэсэржав дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Талууд 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан энэ талаар талууд маргаагүй. Гэрээ байгуулах нөхцөл бол 24 сарын хугацаатай, 1 жилийн 26,4%-ийн хүүтэй тогтоосон нь хариуцагчид хохиролтойгоор хүү тогтоосон гэж үзэж байгаа. Энэ нь Монгол банкны 2019 оны зээлийн дундаж хүүгийн тайланд зээлийн хүүгийн дундаж нийт ББСБ-ын зээлийн дундаж хүү 18,1% байсан учраас бидний зүгээс зээлийн хүүг илүү тогтоосон байна гэж үзэж байна. Мөн хариуцагч нар нь гэрээ байгуулснаас хойш төлөлт хийж байсан бөгөөд 88,751,043.81 төгрөгийг төлсөн байна. Ерөнхийдөө бидний зүгээс хүү өндөр тооцогдож байгаа учраас зээлийн гэрээний хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч “У” ХХК, хариуцагч А.Г нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 92 478 326.43/ерэн хоёр сая дөрвөн зуун далан найман мянга гурван зуун хорин зургаан төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг, үндсэн хүүгийн төлбөрт 43 829 447.02/дөчин гурван сая найман зуун хорин есөн мянга дөрвөн зуун дөчин долоон төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6 235 354.75/зургаан сая хоёр зуун гучин таван мянга гурван зуун тавин дөрвөн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг, бүгд 142 543 128.20/нэг зуун дөчин хоёр сая таван зуун дөчин гурван мянга нэг зуун хорин найман төгрөг хорин мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “У” ХХК нь хохиролтойгоор хүү тогтоосон гэж маргасан.

 

Хариуцагч А.Г нь хохиролтойгоор хүү тогтоосон гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-16/135 дугаар Зээлийн гэрээ/цаашид “Зээлийн гэрээ” гэх/ болон БГ-16/135 дугаар Барьцааны гэрээ/цаашид “Барьцааны гэрээ” гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээний болон Барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.4, 2.1.5, 2.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь 150 000 000/нэг зуун тавин сая/ төгрөгийг, 24/хорин дөрөв/ сарын хугацаатай, сарын 2.20/хоёр зууны хорь/ хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагч нарт шилжүүлэх, хариуцагч нар нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээ болон Хавсралт №1-т заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Зээлийн Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч нарт 150 000 000/нэг зуун тавин сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Тин дахь 102100559199 дугаар Депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нар нь 150 000 000/нэг зуун тавин сая/ төгрөгийн зээлийн үндсэн төлбөрт 92 478 326.43/ерэн хоёр сая дөрвөн зуун далан найман мянга гурван зуун хорин зургаан төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх үндсэн хүүнд нийт 24 498 690.75/43829447.02-19330756.27=24498690.75/ /хорин дөрвөн сая дөрвөн зуун ерэн найман мянга зургаан зуун ерэн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбар, Зээл, хүүний тооцооллоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

Хариуцагч нар нь Зээлийн гэрээ болон Хавсралт 1-т заасан хугацаанд зээл, үндсэн хүүг төлөөгүй байх тул нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгчид 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх нэмэгдүүлсэн хүүнд 2 369 205.23/6235354.75-3866149.52=2369205.23/ /хоёр сая гурван зуун жаран есөн мянга хоёр зуун таван төгрөг хорин гурван мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээ болон Хавсралт 1-ийн хуулбар, Зээл, хүүний тооцооллоор тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээнд 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойшхи хэтэрсэн хугацааны хүүний хэмжээг заагаагүй байх тул 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хэтэрсэн хугацааны хүү тооцох үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар зохигчид хүсэл зоригоо илэрхийлж, хүлээн зөвшөөрч Зээлийн гэрээг байгуулсан байх тул хариуцагч нарын хохиролтойгоор хүү тогтоосон гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “У” ХХК, хариуцагч А.Г нараас бүгд 119 346 222/92478326.43+24498690.75+2369205.23=119346222/ /нэг зуун арван есөн сая гурван зуун дөчин зургаан мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, үлдсэн 23 196 906/142543128-119346222=23196906/ /хорин гурван сая нэг зуун ерэн зургаан мянга есөн зуун зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргажээ.

 

Барьцааны гэрээнд зааснаар хариуцагч нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэгж талбарын 6004/052318646310099238 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байршилтай газар, Улсын бүртгэлийн Ү-2204025911 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, 245 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь Барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т “... үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.”, 166 дугаар зүйлийн 166.1-т “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.”, 175 дугаар зүйлийн 175.1-т “... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй ... тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь ипотекийн шаардлагыг хангах хугацааг хэтрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Зээлийн гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбар, Зээл, хүүний тооцооллоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар бүгд 119 346 222/нэг зуун арван есөн сая гурван зуун дөчин зургаан мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2204025911 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байршлалтай, 245/хоёр зуун дөчин тав/ м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “У” ХХК-ийн нэгж талбарын 6004/052318646310099238 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байршилтай газрын газар эзэмших эрхийн хугацаа 2018 оны 12 дугаар сард дуусгавар болсон байх тул тус 46 тоот хаягт байршилтай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байна.

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “У” ХХК, хариуцагч А.Г нараас бүгд 119 346 222/нэг зуун арван есөн сая гурван зуун дөчин зургаан мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, үлдсэн 23 196 906/хорин гурван сая нэг зуун ерэн зургаан мянга есөн зуун зургаа/ төгрөгийг гаргуулах, нэгж талбарын 6004/052318646310099238 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байршилтай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “У” ХХК, хариуцагч А.Г нар энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2204025911 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, 245/хоёр зуун дөчин тав/ м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “У” ХХК, хариуцагч А.Г нараас бүгд 119 346 222/нэг зуун арван есөн сая гурван зуун дөчин зургаан мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, үлдсэн 23 196 906/хорин гурван сая нэг зуун ерэн зургаан мянга есөн зуун зургаа/ төгрөгийг гаргуулах, нэгж талбарын 6004/052318646310099238 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байршилтай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “У” ХХК, хариуцагч А.Г нар энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2204025911 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол /13331/, Нарны зам, 46 тоот хаягт байрлалтай, 245/хоёр зуун дөчин тав/ м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 940 865.66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “У” ХХК, хариуцагч А.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 754 681 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ