Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 1715

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01842 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч Д.Д, О.Б нарт холбогдуулан гаргасан орон сууцны захиалгат хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус тооцож, 7 600 000 төгрөг гаргуулах, гэрээнээс учирсан хохиролд 35 744 936 төгрөг гаргуулахыг хариуцагч О.Б-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч О.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч О.Б, хариуцагч Д.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Б орон сууц захиалах, хөрөнгө оруулалтын гэрээг хариуцагч нартай байгуулсан. Гэрээгээр Баянгол дүүргийн 13 хороо, 3 дугаар хороолол, Дархан Нэхий төвийн хойно байрлах 5 давхар байрны 2 дугаар орц 33 тоот, 35.58 м.кв байр худалдаж авахаар тохирсон. Б.Б байрны төлбөрөөс урьдчилгаа 30 хувь шилжүүлбэл төлбөрийн 70 хувийг ипотекийн зээлэнд хамруулах гол нөхцөлтэй, Д.Дтай гэрээ байгуулсан. Гэтэл зээл гаргах боломжгүй үндэслэлээр гэрээ цуцалж, Б.Бий төлсөн төлбөрөөс 20 хувь хассаныг хүлээн зөвшөөрөхгүй -шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээ болон нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд гэрээнд О.Б гарын үсэг зурсан хирнээ Д.Д-ийн тамга дарагдсан. Итгэмжлэлийн дагуу О.Б гэрээ, бэлэн мөнгөний баримтад гарын үсэг зурсан гэх боловч маргаан бүхий байр О.Б-ийнх гэдэг нь тодорхойгүй байх тул төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан. Түүнчлэн худалдах, худалдан авах гэрээг ажил гүйцэтгэх гэрээгээр халхавчилсан. Талуудын сүүлд байгуулсан нэмэлт гэрээ түрээсийн гэрээ. Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байх тул гэрээ хүчин төгөлдөр бус байна. Тухайн үед Б.Б О.Б-тай харилцаж байсан тул 7 600 000 төгрөгийг хариуцагч О.Бгаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Д.Д, О.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Д-ийн нэр дээр газар, орон сууц байдаг ч орон сууц барих ажлыг гардан гүйцэтгэж, ашиглалтад оруулсан хүн О.Б юм. Б.Б, О.Б нарын хооронд орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Тухайн үед О.Б 8 хувьд хамрагдах боломжтой, шинэ  орон сууц зарна гэсэн зар нийтэд тавьсан. Зарын дагуу Б.Б, О.Б-тай холбогдсон. О.Б, Б.Б-ний өмнө 8 хувийн ипотекийн зээлэнд хамруулах үүрэг хүлээгээгүй, зээлэнд хамрагдах боломжтой байдлаар тохирсон. Хэдийгээр гэрээ орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй ч Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Б.Б байрны урьдчилгаанд 15 000 000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг зээлэнд хамрагдаж төлөхөөр болсон. Б.Б 8 хувийн ипотекийн зээлэнд хамрагдаж чадаагүйгээс талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 49 044 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний нэмэлтэд заасан хугацаанд үлдэх төлбөр төлөөгүй бол байрыг түрээсэлсэн гэж үзнэ. Сар бүрийн 30-ны өдрийн дотор түрээсийн төлбөрт 400 000 төгрөг төлөх, зээл бүтээгүй бол түрээсийн төлбөрт 500 000 төгрөг төлөхөөр тохирсон. Энэ талаар орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээний 3, 4-д тодорхой заасан. Б.Б түрээсийн төлбөрт сард 500 000 төгрөг өгч чадахгүй, 350 000 төгрөг, 400 000 төгрөг төлж байсан. Б.Б тохирсон хугацаанд үлдэгдэл төлбөр төлөөгүйгээс гэрээ цуцалж, орон сууцнаас гаргасан. Бид Б.Б-ээс гэрээний 6.1-д зааснаар орон сууцны нийт үнийн дүнгээс торгууль 20 хувь суутгаж аваагүй, урьдчилгаанд төлсөн төлбөрөөс суутгасан. Нэхэмжлэгч тал орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээ, нэмэлт гэрээг зэргийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өгсөн авснаа буцаахыг шаардаж байна. Нэг талын санаачлагаар 2 гэрээ аль хэдийнээ цуцлагдсан. Иймд 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага байхгүй. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй. Иймд 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Банкны зээл бүтэж, үлдэгдэл төлбөр бүрэн төлөгдсөнөөр Б.Б-ийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гарах ёстой. Гэрчилгээ гарснаар гэрээг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлэх боломжтой байсан гэжээ.

 

Хариуцагч О.Б-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Б, Б.Б-д холбогдуулан гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлыг сөрөг нэхэмжлэлээр шаардсан. Орон сууцыг хугацаа алдаж борлуулахдаа үнэ хямдруулсан. Б.Б байранд амьдарснаар шинэ орон сууцны үнээр байр зарах боломжгүй болсон. Байранд 550 000 төгрөгийн засварын ажил хийж, орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээний 6.1-д зааснаар нийт үнийн дүнгээс 20 хувь тооцож, 12 808 000 төгрөг нэхэмжилсэн. “Голомт банк” ХХК-ийн зээлийн хүүгийн төлбөр 18 828 936 төгрөг, байр хямдруулж зарсны зөрүү 3 550 000 төгрөг, нийт 35 744 936 төгрөгийг Б.Бээс нэхэмжилсэн гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Б.Б байрны үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлэнд хамрагдаж төлөхийг хариуцагч тал мэдэж байсан. Иймд байр хямдруулж зарсан 3 550 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. О.Б “Голомт банк” ХХК-аас авсан зээлээрээ орон сууцанд хөрөнгө оруулалт хийсэн эсэх нь тодорхойгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5 дахь заалтыг баримтлан хариуцагч О.Б-аас 3 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, хариуцагч Д.Д-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь болон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4/33 тоот Орон сууцны захиалгат хөрөнгө оруулалтын гэрээ, мөн өдрийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 4 600 000 төгрөг гаргуулах болон хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ээс хохиролд 35 744 936 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч О.Бгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551 500 төгрөг, хариуцагч О.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336 676 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид Б.Бд олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч О.Б давж заалдах гомдолдоо:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Б.Б нь О.Б-д холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 30 өдрийн 4/ЗЗтоот Орон сууц захиалга, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 3 600 000 төгрөг гаргуулах, мөн уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэрээнээс учирсан хохирол гэж дээрх орон сууцаа нэхэмжлэгч Б.Б амьдран сууснаас хойш 6 сарын дараа өөр хүнд худалдахдаа засвар хийж, засварын хөлс 550 000 төгрөг, уг орон сууцны үнэ зах зээлд буурсан байхад Б.Б-ээс болж, хугацаа алдаж борлуулж хямдруулж худалдсан зөрүү 3 558 000 төгрөг нийт 4 108 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5-д зааснаар Болормаагаас Билгүүнд 3 000 000 төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь заалтыг баримтлан О.Б миний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцож Б.Б-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Д, О.Б нарт холбогдуулан орон сууцны захиалгат хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 7 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, гэрээнээс учирсан хохиролд 35 744 936 төгрөгийг Б.Б-ээс гаргуулах сөрөг шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч О.Б нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 4/33 тоот орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээгээр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дархан нэхий төвийн хойно байрлах үйлчилгээтэй 5 давхар барилгын 33 тоотын 35,58 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 64 044 000 төгрөгөөр худалдаж авах, гэрээ байгуулагдсан өдөр 15 000 000 төгрөгийг төлж, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор үлдэх 49 044 000 төгрөгийг төлөх үүргийг Б.Б хүлээжээ.

 

            Дээрх гэрээний дагуу худалдан авагч тал урьдчилгаанд 15 000 000 төгрөгийг төлснөөр худалдагч тал нь байрыг түүнд хүлээлгэн өгч, Б.Б орон сууцыг эзэмшиж ашиглан, сар тутам төлбөр төлж байсан үйл баримт тогтоогдсон байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар байгуулагдсан гэж үзэх бөгөөд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэн нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

            Мөн 2016 оны өдөр зохигчид нэмэлт гэрээг байгуулахдаа 49 044 000 төгрөгийг банкны 8 хувийн зээлд хамрагдаж, 2016  оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх, хэрэв орон сууцны зээл нь гүйцэтгэгч талаас үл шалтгаалан захиалагч нь банкны шаардлага хангахгүй гэсэн шийдвэр гарсан тохиолдолд тус байрыг түрээсэлсэн гэж тооцож 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 500 000 төгрөгийн түрээсийн төлбөр авахаар, гэрээний 5 дахь заалтаар зээлд хамрагдвал сард төлсөн 400 000 төгрөгийг орон сууцны үнээс хасч тооцохоор талууд тохиролцсон байна.

 

            Төлбөрийн нөхцөл буюу банкны 8 хувийн ипотекийн зээлээр үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсноор гэрээ цуцлагдсан, Б.Б нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл орон сууцыг эзэмшиж ашигласан нөхцөл байдал тогтоогдсон, зохигчид үүнийг үгүйсгээгүй, харин гэрээ цуцлагдсантай холбоотойгоор худалдагч тал буюу хариуцагч О.Б нь урьдчилгаанд төлсөн 15 000 000 төгрөгөөс 3 600 000 төгрөгийг суутган тооцсонтой холбоотойгоор Б.Б маргаан үүсгэн түрээсийн төлбөрт төлсөн 4 000 000 төгрөгийг суутган тооцсон 3 600 000 төгрөгийн хамт буцаан гаргуулахаар шаарджээ.

 

            Худалдах, худалдан авах үндсэн болон нэмэлт гэрээ хүчин төгөлдөр, төлбөрийн нөхцөл талуудаас үл хамааран биелэгдэх боломжгүй болж, гэрээ цуцлагдсан гэж үзэх бөгөөд нэмэлт гэрээний 4-т зааснаар Б.Б орон сууцны түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй тул  орон сууцыг эзэмшиж ашигласан хугацаанд төлсөн 4 000 000 төгрөгийг   буцаан шаардах үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасанд болон гэрээний 4 дэх заалтад нийцсэн байна.

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн боловч гэрээ цуцлагдсан тохиолдолд өмнө гүйцэтгэсэн үүргийг түрээсийн төлбөрт тооцох талаарх нэмэлт гэрээний 4 дэх заалт нь эд хөрөнгө буюу орон сууцыг өөрийн эзэмшилд байлгаж, ашигласан хугацааны хөлсийг төлөх үүргийг хүлээсэн Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний агуулгаар хийгдсэн тохиролцоо байна.

 

Харин банкны зээлээр төлбөрийг төлөх нөхцөл биелэгдэгдээгүй нь  нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хамаарах бөгөөд гэрээний 3-т заасан алданги тооцох тохиролцоо нь үүргээ гүйцэтгээгүй үүрэг гүйцэтгэгчид хариуцлага ногдуулах Иргэний хуулийн зохицуулалтад нийцэхгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.5 дахь хэсгийг зөрчихгүй. Иймд гэрээнд зааснаар алданги тооцож 3000 000 төгрөг суутгасныг үндэслэлгүй гэж буцаан шаардсаныг шүүх хангасан нь зөв, хариуцагчийн энэ үндэслэлээр  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

 

Хариуцагч О.Бгийн Б.Б-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж 35 744 936 төгрөг шаардсаныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо шүүх дээр дурдсан нэмэлт гэрээний 4 дэх заалтыг анхаараагүй нь буруу бөгөөд Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар хөлслөгч эд хөрөнгийн ердийн элэгдлийг тооцон түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй тул засварын зардалд 550 000 төгрөг шаардсаныг хангах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь орон сууцанд засвар хийхийн тулд 350 000 төгрөгийн материалын зардал гаргасан, мөн 200 000 төгрөгийн ажлын хөлсийг төлсөн тухай баримтыг шүүхэд гаргасан тул сөрөг шаардлагын энэ хэсгийг баримтаар нотолсон гэж үзэх /хх-95-97 тал/ бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлээгүй алдааг зөвтгөх боломжтой, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад сөрөг шаардлагаас 550 00 төгрөгийг хангасан болон хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу 35 194 936 төгрөгийн шаардлагыг  нэхэмжлэгч  Б.Б-ийн гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээрх байдлаар сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасантай холбоотойгоор талуудад улсын тэмдэгтийн хураамжийг зохих хэмжээгээр хуваарилсан болон шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ойлгомжгүй болсныг зөвтгөн найруулсан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01842 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “тооцуулж 4 600 000 төгрөг гаргуулах болон” гэснийг “тооцуулах болон 4 600 000 төгрөг гаргуулах шаардлагыг” гэж, 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ээс 550 000 төгрөгийг гаргуулан хариуцагч О.Б-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 35 194 936 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагч О.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгосугай” гэснийг “О.Б-аас 62 950 төгрөгийг гаргуулж Б.Б-д, Б.Б-ээс 17 150 төгрөгийг гаргуулж О.Б-д тус тус олгосугай” гэж тус тус өөрчлөн  шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 80 678 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ТУЯА

 

                                         ШҮҮГЧИД                              Г.ДАВААДОРЖ

 

                                                                                        А.ОТГОНЦЭЦЭГ