Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00283

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           03            25                                          001/ХТ2021/00283

 

 

 

...........ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01842 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1715 дугаар магадлалтай,

 

...........ий нэхэмжлэлтэй

..........., ...........нарт холбогдох

 

Орон сууцны захиалгат хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 7 600 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзснаас учирсан хохиролд 35 744 936 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч О.Болормаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэдцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ........... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ........... орон сууц захиалах, хөрөнгө оруулалтын гэрээг хариуцагч нартай байгуулсан. Гэрээгээр Баянгол дүүргийн 13 хороо, 3 дугаар хороолол, Дархан Нэхий төвийн хойно байрлах 5 давхар байрны 2 дугаар орц 33 тоот, 35.58 м.кв байр худалдаж авахаар тохирсон. ........... байрны төлбөрөөс урьдчилгаа 30 хувь шилжүүлбэл төлбөрийн 70 хувийг ипотекийн зээлэнд хамруулах гол нөхцөлтэй, ...........тай гэрээ байгуулсан. Гэтэл зээл гаргах боломжгүй үндэслэлээр гэрээ цуцалж, ...........ий төлсөн төлбөрөөс 20 хувь хассаныг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээ болон нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд гэрээнд ...........гарын үсэг зурсан хирнээ ...........гийн тамга дарагдсан. Итгэмжлэлийн дагуу ...........гэрээ, бэлэн мөнгөний баримтад гарын үсэг зурсан гэх боловч маргаан бүхий байр О.Болормаагийнх гэдэг нь тодорхойгүй байх тул төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан. Түүнчлэн худалдах, худалдан авах гэрээг ажил гүйцэтгэх гэрээгээр халхавчилсан. Талуудын сүүлд байгуулсан нэмэлт гэрээ түрээсийн гэрээ. Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байх тул гэрээ хүчин төгөлдөр бус байна. Тухайн үед ........... О.Болормаатай харилцаж байсан тул 7 600 000 төгрөгийг хариуцагч О.Болормаагаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч ..........., ...........нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ...........гийн нэр дээр газар, орон сууц байдаг ч орон сууц барих ажлыг гардан гүйцэтгэж, ашиглалтад оруулсан хүн ...........юм. ..........., ...........нарын хооронд орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Тухайн үед ...........8 хувьд хамрагдах боломжтой, шинэ орон сууц зарна гэсэн зар нийтэд тавьсан. Зарын дагуу ..........., О.Болормаатай холбогдсон. О.Болормаа, ...........ий өмнө 8 хувийн ипотекийн зээлэнд хамруулах үүрэг хүлээгээгүй, зээлэнд хамрагдах боломжтой байдлаар тохирсон. Хэдийгээр гэрээ орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй ч Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. ........... байрны урьдчилгаанд 15 000 000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг зээлэнд хамрагдаж төлөхөөр болсон. ........... 8 хувийн ипотекийн зээлэнд хамрагдаж чадаагүйгээс талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 49 044 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний нэмэлтэд заасан хугацаанд үлдэх төлбөр төлөөгүй бол байрыг түрээсэлсэн гэж үзнэ. Сар бүрийн 30-ны өдрийн дотор түрээсийн төлбөрт 400 000 төгрөг төлөх, зээл бүтээгүй бол түрээсийн төлбөрт 500 000 төгрөг төлөхөөр тохирсон. Энэ талаар орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээний 3, 4-д тодорхой заасан. ........... түрээсийн төлбөрт сард 500 000 төгрөг өгч чадахгүй, 350 000 төгрөг, 400 000 төгрөг төлж байсан. ........... тохирсон хугацаанд үлдэгдэл төлбөр төлөөгүйгээс гэрээ цуцалж, орон сууцнаас гаргасан. Бид ...........ээс гэрээний 6.1-д зааснаар орон сууцны нийт үнийн дүнгээс торгууль 20 хувь суутгаж аваагүй, урьдчилгаанд төлсөн төлбөрөөс суутгасан. Нэхэмжлэгч тал орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээ, нэмэлт гэрээг зэргийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өгсөн авснаа буцаахыг шаардаж байна. Нэг талын санаачлагаар 2 гэрээ аль хэдийнээ цуцлагдсан. Иймд 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага байхгүй. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй. Иймд 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Банкны зээл бүтэж, үлдэгдэл төлбөр бүрэн төлөгдсөнөөр ...........ий нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гарах ёстой. Гэрчилгээ гарснаар гэрээг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлэх боломжтой байсан гэжээ.

 

Хариуцагч О.Болормаагийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Болормаа, ...........д холбогдуулан гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлыг сөрөг нэхэмжлэлээр шаардсан. Орон сууцыг хугацаа алдаж борлуулахдаа үнэ хямдруулсан. ........... байранд амьдарснаар шинэ орон сууцны үнээр байр зарах боломжгүй болсон. Байранд 550 000 төгрөгийн засварын ажил хийж, орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээний 6.1-д зааснаар нийт үнийн дүнгээс 20 хувь тооцож, 12 808 000 төгрөг нэхэмжилсэн. Голомт банк ХХК-ийн зээлийн хүүгийн төлбөр 18 828 936 төгрөг, байр хямдруулж зарсны зөрүү 3 550 000 төгрөг, нийт 35 744 936 төгрөгийг ...........ээс нэхэмжилсэн гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Бямбасүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ........... байрны үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлэнд хамрагдаж төлөхийг хариуцагч тал мэдэж байсан. Иймд байр хямдруулж зарсан 3 550 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...........Голомт банк ХХК-аас авсан зээлээрээ орон сууцанд хөрөнгө оруулалт хийсэн эсэх нь тодорхойгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01842 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5 дахь заалтыг баримтлан хариуцагч О.Болормаагаас 3 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ...........д олгож, хариуцагч ...........д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь болон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4/33 тоот Орон сууцны захиалгат хөрөнгө оруулалтын гэрээ, мөн өдрийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 4 600 000 төгрөг гаргуулах болон хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ...........ээс хохиролд 35 744 936 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч О.Болормаагийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ...........ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551 500 төгрөг, хариуцагч О.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336 676 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид ...........д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1715 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01842дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын тооцуулж 4 600 000 төгрөг гаргуулах болон гэснийг тооцуулах болон 4 600 000 төгрөг гаргуулах шаардлагыг гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч ...........ээс 550 000 төгрөгийг гаргуулан хариуцагч О.Болормаад олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 35 194 936 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын хариуцагч О.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ...........д олгосугай гэснийг О.Болормаагаас 62 950 төгрөгийг гаргуулж ...........д, ...........ээс 17 150 төгрөгийг гаргуулж О.Болормаад тус тус олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ...........хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ...........миний бие нэхэмжлэгч ...........д холбогдуулан орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнээс учирсан хохирол, хугацаа алдаж өөр хүнд худалдсан. ...........ий буруугаас болж орон сууцны үнэн буурсан байхад буюу 3 558 000 төгрөгөөр хямдруулж худалдсан зөрүү мөнгийг шаардсан сөрөг нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг орон сууцанд засвар хийсэн зардал 550 000 төгрөгийг ...........ээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Орон сууцны үнэ хямдарсан байхад бусдад худалдсан зөрүү 3 558 000 төгрөгийг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулаагүйд гомдолтой байна. Миний гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй байх тул, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг болох орон сууц хямдралтай үед бусдад худалдсан 3 558 000 төгрөгийг ...........ээс гаргуулж шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ........... нь хариуцагч ..........., ...........нарт холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 7 600 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч ...........гэрээнээс татгалзснаас учирсан хохиролд 35 744 936 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс 3 000 000 төгрөгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулснаас гадна сөрөг нэхэмжлэлээс 550 000 төгрөгийг хангасан байна.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач

 

холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хэвээр үлдээнэ.

 

Хариуцагч О.Болормаагийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу сөрөг нэхэмжлэлээс “орон сууцны үнийн зөрүү буюу хохирол 3 558 000 төгрөгийг хангах” үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхив.

 

Нэхэмжлэгч ..........., хариуцагч ..........., ...........нар 2016 оны 9 сарын 30-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь урьдчилгаа 15 000 000 төгрөгийг төлж, орон сууцыг эзэмшсэн, 2016 оны 9 сарын 30-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж банкны 8 хувийн зээлд хамрагдаж, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг төлөх, зээл олгоогүй тохиолдолд байрыг түрээсэлсэн гэж тооцож 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 500 000 төгрөгийн түрээсийн төлбөр авахаар, зээлд хамрагдвал сард төлсөн 400 000 төгрөгийг орон сууцны үнээс хасч тооцохоор тохирсон боловч талууд гэрээг цуцалсан, нэхэмжлэгч нь 2017 оны 5 сарын 30-ны өдөр орон сууцыг буцааж өгсөн үйл баримтыг зохигч маргаагүй байна.

 

Харин хариуцагч урьдчилгаа мөнгийг буцааж өгөхдөө түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, алдангид тооцож 7 600 000 төгрөгийг суутгасан талаар нэхэмжлэгч маргажээ.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болох Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглэсэн, талууд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсны улмаас үүсэх үр дагаврыг маргасан, гэрээнээс татгалзсаны дараа талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлэх төлбөрөөс алдангид 3 000 000 төгрөгийг тооцож суутгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.5 дахь хэсгийг зөрчсөн, гэрээнээс татгалзсанаар гэрээ дуусгавар болох тул хариуцагчаас 3 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д нийцжээ.

 

........... орон сууцыг эзэмшиж ашигласан тул гэрээний 4-т зааснаар хөлс төлөх үүрэгтэй, 4 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй болохыг шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар дүгнэжээ. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар хөлслөгч эд хөрөнгийн ердийн элэгдлийг тооцон хөлсөлсөн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй ба ердийн элэгдлээс гадуур засварын зардалд гаргасан 550 000 төгрөгийг гаргуулах хөлслүүлэгч буюу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна.

 

Хэрэгт байгаа баримтын хүрээнд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээнээс татгалзсан явдалд хоёр талын хэн аль нь буруугүй байх тул бие биенийхээ өмнө хариуцлага хүлээхгүй, улмаар хохирол 3 558 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр  сарын 20-ны өдрийн 1715 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч О.Болормаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 71 878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦОЛМОН

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

 

                                ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

 

                                                                                               Х.СОНИНБАЯР

 

                                                                                               Г.ЦАГААНЦООЖ