Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2019/01842

 

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2019/01842

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.Б-ий нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Д.Д, 

 

Хариуцагч: О.Б нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны захиалгат хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 7.600.000 төгрөг гаргуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс учирсан хохиролд 35.744.936 төгрөг гаргуулахыг хариуцагч О.Бгийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Бямбасүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Б орон сууц захиалах, хөрөнгө оруулалтын гэрээг хариуцагч нартай байгуулсан. Гэрээгээр Баянгол дүүргийн 13 хороо, 3 дугаар хороолол, Дархан Нэхий төвийн хойно байрлах 5 давхар байрны 2 дугаар орц 33 тоот, 35.58 м.кв байр худалдаж авахаар тохирсон. Б.Б байрны төлбөрөөс урьдчилгаа 30 хувь шилжүүлбэл төлбөрийн 70 хувийг ипотикийн зээлэнд хамруулах гол нөхцөлтэй, Д.Дтай гэрээ байгуулсан. Гэтэл зээл гаргах боломжгүй үндэслэлээр гэрээ цуцалж, Б.Бий төлсөн төлбөрөөс 20 хувь хассаныг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээ болон нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд гэрээнд О.Б  гарын үсэг зурсан хирнээ Д.Дгийн тамга дарагдсан байдаг. Итгэмжлэлийн дагуу О.Б гэрээ, бэлэн мөнгөний баримтад гарын үсэг зурсан гэх боловч маргаан бүхий байр О.Бгийнх гэдэг нь тодорхойгүй байх тул төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан. Түүнчлэн худалдах, худалдан авах гэрээг ажил гүйцэтгэх гэрээгээр халхавчилсанТалуудын сүүлд байгуулсан нэмэлт гэрээ түрээсийн гэрээ. Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байх тул гэрээ хүчин төгөлдөр бус байна. Тухайн үед Б.Б О.Бтай харилцаж байсан тул 7.600.000 төгрөгийг хариуцагч О.Бгаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Д.Д, О.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. н.Дэжидмаагийн нэр дээр газар, орон сууц байдаг ч орон сууц барих ажлыг гардан гүйцэтгэж, ашиглалтад оруулсан хүн н.Б юм. Б.Б, О.Б нарын хооронд орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Тухайн үед н.Б 8 хувьд хамрагдах боломжтой, шинэ  орон сууц зарна гэсэн зар нийтэд тавьсан. Зарын дагуу Б.Б, О.Бтай холбогдсон. О.Б, Б.Бий өмнө 8 хувийн ипотекийн зээлэнд хамруулах үүрэг хүлээгээгүй, зээлэнд хамрагдах боломжтой байдлаар тохирсон. Хэдийгээр гэрээ орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй ч Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Б.Б байрны урьдчилгаанд 15.000.000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг зээлэнд хамрагдаж төлөхөөр болсон. Б.Б 8 хувийн ипотекийн зээлэнд хамрагдаж чадаагүйгээс талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2016 оны 12 сарын 25-ны өдөр үлдэх 49.044.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний нэмэлтэд заасан хугацаанд үлдэх төлбөр төлөөгүй бол байрыг түрээсэлсэн гэж үзнэ. Сар бүрийн 30-ны өдрийн дотор түрээсийн төлбөрт 400.000 төгрөг төлөх, зээл бүтээгүй бол түрээсийн төлбөрт 500.000 төгрөг төлөхөөр тохирсон. Энэ талаар орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээний 3, 4-д тодорхой заасан. Б.Б түрээсийн төлбөрт сард 500.000 төгрөг өгч чадахгүй, 350.000 төгрөг, 400.000 төгрөг төлж байсан. Б.Б тохирсон хугацаанд үлдэгдэл төлбөр төлөөгүйгээс гэрээ цуцалж, орон сууцнаас гаргасан. Бид Б.Бээс гэрээний 6.1-д зааснаар орон сууцны нийт үнийн дүнгээс торгууль 20 хувь суутгаж аваагүй, урьдчилгаанд төлсөн төлбөрөөс суутгасан. Нэхэмжлэгч тал орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээ, нэмэлт гэрээг зэргийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өгсөн авснаа буцаахыг шаардаж байна. Нэг талын санаачлагаар 2 гэрээ аль хэдийнээ цуцлагдсан. Иймд 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага байхгүй. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй. Иймд 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Банкны зээл бүтэж, үлдэгдэл төлбөр бүрэн төлөгдсөнөөр Б.Бий нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гарах ёстой. Гэрчилгээ гарснаар гэрээг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлэх боломжтой байсан гэв.

            Хариуцагч О.Бгийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б, Б.Бд холбогдуулан гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлыг сөрөг нэхэмжлэлээр шаардсан. Орон сууцыг хугацаа алдаж борлуулахдаа үнэ хямдруулсан. Б.Б байранд амьдарснаар шинэ орон сууцны үнээр байр зарах боломжгүй болсон. Байранд 550.000 төгрөгийн засварын ажил хийж, орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээний 6.1-д зааснаар нийт үнийн дүнгээс 20 хувь тооцож, 12.808.000 төгрөг нэхэмжилсэн. Голомт банк ХХК-ийн зээлийн хүүгийн төлбөр 18.828.936 төгрөг, байр хямдруулж зарсны зөрүү 3.550.000 төгрөг, нийт 35.744.936 төгрөгийг Б.Бээс нэхэмжилсэн гэв

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Б.Б байрны үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлэнд хамрагдаж төлөхийг хариуцагч тал мэдэж байсан. Иймд байр хямдруулж зарсан 3.550.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. О.Б Голомт банк ХХК-иас авсан зээлээрээ орон сууцанд хөрөнгө оруулалт хийсэн эсэх нь тодорхойгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Д, О.Б нарт холбогдуулан орон сууцны захиалгат хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 7.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэл, хариуцагч О.Б нь гэрээнээс учирсан хохиролд нэхэмжлэгчээс 35.744.936 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Хариуцагч нар нь үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Д, О.Б нартай 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4/33 тоот Орон сууцны захиалгат хөрөнгө оруулалтын гэрээ, мөн өдрийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын нэмэлт гэрээг өөр гэрээг буюу худалдах, худалдан авах гэрээг халхавчилж, дүр үзүүлж хийсэн, эрхгүй этгээд гэрээ байгуулсан, түрээсийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн 4.000.000 төгрөг, алданги гэж суутгасан 3.600.000 төгрөг, нийт 7.600.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нь гэрээ нь хуульд нийцсэн, талууд сайн дурын үндсэн дээр тохиролцсон, хүчин төгөлдөр тул алдангид суутгасан 3.000.000 төгрөг, түрээсийн төлбөр 4.000.000 төгрөгийг тус тус буцаан төлөхгүй гэж маргав.

2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4/33 тоот Орон сууцны захиалгат хөрөнгө оруулалтын гэрээгээр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дархан нэхий төвийн хойно байрлах үйлчилгээтэй 5 давхар барилгын 33 тоотын 35.58 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Б нь 64.044.000 төгрөгөөр худалдаж авах, гэрээ байгуулагдсан өдөр 15.000.000 төгрөгийг төлж, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор үлдэгдэл 49.044.000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзлэлгүй, хууль зүйн үр дагавар гаргахыг хүсдэггүй, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хэлцэл хийгч талууд түүнийг хэрэгжүүлэх, ямарваа эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй, халхавч хэлцлийн үр дагаврыг бий болгохыг зорьдоггүй.

Гэрээний талууд нь төлбөр төлөх, өмчлөх эрх шилжүүлэхээр тохиролцож, улмаар энэ үйлдлээ бодитоор хэрэгжүүлж байсан болох нь төлбөр төлж байсан баримт, орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан байдал, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн төлбөр төлөх хугацааг сунгаж, банкны 8 хувийн зээл олгож эхэлмэгц зээлд хамрагдана. Захиалагч банкны шаардлага хангаагүй гэсэн шийдвэр гарсан тохиолдолд байрыг түрээслэсэн гэж нэг сарын 500.000 төгрөг төлөхөөр, хэрэв зээл бүтвэл түрээсийн төлбөрт төлсөн төлбөрийг орон сууцны үнэд тооцохоор тохиролцсон нэмэлт гэрээ нь мөн дүр үзүүлээгүй, өөр хэлцлийг халхавчлаагүй байна.

Дээрх гэрээний нэршил нь хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээ байх боловч гэрээний агуулга, талуудын тохиролцоо, хэрэгт авагдсан Зар мэдээ сонины тодорхойлолт, улсын комиссын акт, талуудын тайлбараар тухайн орон сууц нь баригдаж, ашиглалтад орсон байсан тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээ, Д.Дгаас О.Бд олгосон итгэмжлэлээс хариуцагч О.Б нь гэрээ байгуулах эрхтэ байсан нь тогтоогдож бөайна.

Нэхэмжлэгч нь анх ашиглалтанд орсон орон сууцыг амьдран суух зориулалтаар худалдаж авахаар тохиролцсон байх бөгөөд гэрээндээ төлбөрөө бүрэн төлсний дараа өмчлөх эрхийг гэрчилгээ гаргахаар тохиролцсон байх тул түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцсон тохироог Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ гэж үзэхгүй харин орон сууц хөлслөх гэрээний харилцаа гэж дүгнэхээр байна.

Талуудын тайлбараар нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 8 сарын хугацаанд тухайн орон сууцанд амьдран суусан байх бөгөөд тохиролцооны дагуу түрээсийн төлбөрт 4.000.000 төгрөгийг төлөхөөр байжээ. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтаас тооцож үзвэл 7 удаагийн үйлдлээр 3.550.000 төгрөгийг байрны мөнгө гэж тушаажээ.

Хариуцагч О.Б нь гэрээ цуцлагдсаны дараа нэхэмжлэгчид урьдчилгаанд төлсөн төлбөрөөс 11.400.000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн байх бөгөөд суутгаж авсан 3.600.000 төгрөгийн 600.000 төгрөг нь түрээсийн төлбөрийн дутуу хэсэгт, 3.000.000 төгрөгийн гэрээнд тохиролцсон 20 хувийн торгуульд суутган авсан гэж тайлбарлаж байна.

Талууд гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д захиалагч буюу худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаашид биелүүлэх боломжгүй болсон, эсвэл түүний хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны нийт үнийн дүнгээс 20 хувийг суутгах гүйцэтгэгч буюу худалдагч талд төлөхөөр тохиролцжээ.

Нэгд, гэрээг худалдан авагч тал цуцалсан болох нь тогтоогдохгүй байна. Хоёрт, гэрээндээ төлбөрийн үлдэгдлийг банкны 8 хувийн зээлээр төлөх, хэрэв банк зээл олгохоос татгалзсан шийдвэр гаргавал түрээсийн төлбөр авахаар тохиролцож, хэрэгжүүлсэн байх бөгөөд анхнаасаа гуравдагч этгээдийн хөрөнгөөр үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлэхээр тохиролцсон атлаа төлбөрийн үүргээ биелүүлээгүйн төлөө торгууль ногдуулах буюу гэрээний хариуцлага хүлээлгэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн анзын зохицуулалтад нийцээгүй гэж үзэхээр байна. Иймд 3.000.000 төгрөгийг торгууль гэж суутгасан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Харин 8 сарын турш орон сууцыг амьдрах зориулалтаар ашигласны төлбөрт сар бүр 500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь хууль зөрчөөгүй, хариуцагч нь түрээсийн төлбөр авах эрхтэй тул 4.000.000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхгүй. Нэхэмжлэгч нь нийтдээ 7.600.000 төгрөгийг хариуцагч авсан гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар 7.000.000 төгрөгийг хариуцагч О.Б нь авсан байна.

Иймд нэхэмжлэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4/33 тоот Орон сууцны захиалгат хөрөнгө оруулалтын гэрээ, мөн өдрийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар 4.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.Бгаас 3.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч О.Б нь нэхэмжлэгч Б.Бд холбогдуулж, гэрээнээс учирсан хохиролд 35.744.936 төгрөгийг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргав.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэрээнээс учирсан хохирол гэж тодорхойлж, орон сууцанд хийсэн засварын зардал 550.000 төгрөг, гэрээний 6.1-д заасан торгууль 12.808.000 төгрөг, банкны зээлийн хүүнд төлсөн 18.828.936 төгрөг, байрыг хямдруулж худалдсан зөрүү 3.558.000 төгрөг, нийт 35.744.936 төгрөг болж байгаа гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д заасан 20 хувийн торгуулийг үндсэн нэхэмжлэл шийдвэрлэхдээ анзын тухайд Иргэний хуулийн зохицуулалтад нийцээгүй гэж дүгнэсэн тул хариуцагч нь 12.808.000 төгрөгийг шаардах эрхгүй.

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсээс ирсэн баримтаар тухайн орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээгээр Г.Оюун нарт 60.486.000 төгрөгөөр худалдсан байна. Б.Бтэй байгуулсан гэрээний дүнгээс 3.558.000 төгрөгөөр бага үнээр худалдсан байх боловч гэрээний талууд өөрсдөө сайн дурын үндсэн дээр тохиролцсон дүнг өмнөх худалдан авагч байсан Б.Бий буруутай үйлдлээс болж үнэ буурсан гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй болно.

            Худалдан борлуулахын тулд орон сууцыг засварлаж, 550.000 төгрөгийн зардал гарсан гэх боловч хариуцагч нь үүнийг нотлох баримтаар хангалттай нотолж, мэтгэлцээгүй тул нотлогдоогүй гэж дүгнэлээ.

            Банкны зээлийн хүү төлж хохирсон гэж нэхэмжилсэн боловч О.Бгийн банктай байгуулсан зээлийн гэрээ 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байх бөгөөд уг зээлийг орон сууц барихад зориулсан эсэх, зээлийг эргэн төлөх эх үүсвэл нь тухайн орон сууцыг худалдан борлуулсан төлбөр байсан эсэх нь тогтоогдохгүй, нотлогдохгүй, зээлийн хүүгээр хэрхэн хохирсон тооцоолол нь ойлгомжгүй байх тул хариуцагчид ийм хэмжээний хохирол учирсан байна гэж дүгнэх боломжгүй байна.

            Иймд хариуцагч О.Бгийн гэрээнээс учирсан хохиролд 35.744.936 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 551.500 төгрөг, хариуцагчаас төлсөн 336.676 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч О.Бгаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5 заалтыг баримтлан хариуцагч О.Бгаас 3.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож, хариуцагч Д.Дд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь болон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4/33 тоот Орон сууцны захиалгат хөрөнгө оруулалтын гэрээ, мөн өдрийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 4.600.000 төгрөг гаргуулах болон хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Бээс хохиролд 35.744.936 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч О.Бгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Бий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551.500 төгрөг, хариуцагч О.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336.676 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид Б.Бд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

                                 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ