Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 1714

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01869 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 19 901 378.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, З.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б нь 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 14/249 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ болон санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг байгуулан, санхүүгийн түрээсийн зээлийн зориулалтаар 18 900 000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь гэрээ хийгдсэнээс хойших хугацаанд зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж байгаагүй бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш үндсэн зээлийн төлөлт огт хийгээгүй, одоогийн байдлаар зээлийн хугацаа 855 хоног хэтэрч, зээлийн гэрээ банкны санаачилгаар цуцлагдсан. Б.Б үндсэн зээл болох 9 860 184.34 төгрөг, зээлийн хүү 8 639 998.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 401 195.59 төгрөг, нийт 19 901 378.92 төгрөгийн зээлийн өртэй байна. Зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 9 860 184.34 төгрөг, зээлийн 8 639 998.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 401 195.59 төгрөг, нийт 19 901 378 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох 87-33 УБА тоот улсын бүртгэлийн дугаартай, MCU352011039 арлын дугаартай Toyota Harrier автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-аас 16 517 489.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд 87-33 УБА улсын дугаартай Toyota Harrier /тоёота харрир/ маркийн тээврийн хэрэгслээр хангуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 383 889.56 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327 660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 310 737 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г давж заалдах гомдолдоо:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ", 6.3 дахь хэсэгт "Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ" гэж заасан байдаг бөгөөд мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт "Шүүх хуралдаан даргалагч ... мэтгэлцэх зарчмыг хангах ... арга хэмжээг авна," гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шүүх хуралдааныг хийсэн буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг мэтгэлцэх боломжоор хангаагүй болно.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01869 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүх дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт 19 901 378.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн санхүүгийн түрээсийн гэрээ болон барьцааны гэрээгээр хариуцагч Б.Б нь 18 900 000 төгрөгийг жилийн 37.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, үүргийн гүйцэтгэлийн барьцаанд 87-33 УБА улсын дугаартай Toyota Harrier /тоёота харрир/ маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 5-10 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч буюу хариуцагч Б.Б нь мөнгийг хүлээн авч гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөх үүргийг хүлээсэн тул талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, шүүх энэ талаар зөв дүгнэжээ.

 

            Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт болон Санхүүгийн түрээсийн гэрээний 1.10, 1.11-д заасны дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч төлөх үүрэгтэй. Шүүх хариуцагчаас үндсэн зээл 9 860 184.34 төгрөг, зээлийн хүү 6 657 305 төгрөг, нийт 16 517 489.3 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 383 889.56 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалт болон гэрээнд заасанд нийцсэн байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч “А” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн санхүүгийн түрээсийн барьцааны гэрээний 1.7-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах эрхтэй бөгөөд хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд шүүх барьцааны зүйл болох 87-33 УБА улсын дугаартай Toyota Harrier /тоёота харрир/ маркийн тээврийн хэрэгслийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

            Анхан шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-д 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 99105491 утас руу залгаж мэдэгдэхэд “за, шуудан явуулах шаардлагагүй” гэж хэлсэн баримт хэрэгт авагджээ. 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 16 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч талаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүх хуралдааныг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. 

 

            2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх саналтайгаар хугацаа өгөхийг хүссэнийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулсан бөгөөд хурлын товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 54 дүгээр тал/ Шүүх хариуцагч талын удаа дараагийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан, хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийг эзгүйд хэргийг шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар буруутгах үндэслэлгүй.  

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01869 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ТУЯА

 

                                        ШҮҮГЧИД                             Г.ДАВААДОРЖ

 

  А.ОТГОНЦЭЦЭГ