Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00306

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 0дугаар сарын 24ий өдрийн 101/ШШ2019/01869 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1714 дугаар магадлалтай,

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Б холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 19.901.378,92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн, танхимын тэргүүн Г.Алтанчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Батжаргал нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 14/249 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ болон санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг байгуулан, санхүүгийн түрээсийн зээлийн зориулалтаар 18.900.000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь гэрээ хийгдсэнээс хойших хугацаанд зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж байгаагүй бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш үндсэн зээлийн төлөлт огт хийгээгүй, одоогийн байдлаар зээлийн хугацаа 855 хоног хэтэрч, зээлийн гэрээ банкны санаачилгаар цуцлагдсан.******* үндсэн зээл болох 9.860.184,34 төгрөг, зээлийн хүү 8.639.998,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.401.195,59 төгрөг, нийт 19.901.378,92 төгрөгийн зээлийн өртэй тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох 87-33 УБА тоот улсын дугаартай, MCU352011039 арлын дугаартай Toyota Harrier автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 0дугаар сарын 24ий өдрийн 101/ШШ2019/01869 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч*******аас 16.517.489.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд 87-33 УБА улсын дугаартай Toyota Harrier /тоёота харрир/ маркийн тээврийн хэрэгслээр хангуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.383.889.56 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327.660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 310.737 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1714 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01869 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Д.Ган-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3-д Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ. гэж заасан байдаг бөгөөд мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-д Шүүх хуралдаан даргалагч ...мэтгэлцэх зарчмыг хангах ...арга хэмжээг авна. гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шүүх хуралдааныг хийсэн буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг мэтгэлцэх боломжоор хангаагүй болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 ******* ХХК,*******д холбогдуулан үндсэн зээл 9.860.184,34 төгрөг, зээлийн хүү 8.639.998,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.401.195,59 төгрөг, нийт 19.901.378,92 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрчээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 1.******* 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* ХХК-с 18.900.000 төгрөг автомашин худалдах-худалдан авах зорилгоор жилийн 37.2 хувийн хүүтэй зээлж, зээлийн үүргийг хангуулахаар тухайн худалдан авч буй 87-33 УБА улсын дугаартай автомашиныг барьцаалсан нь тогтоогджээ.

 Зохигч гэрээг бичгээр байгуулж, гэрээний хугацааг 36 сар байхаар, зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 Талууд байгуулсан гэрээгээ санхүүгийн түрээсийн, санхүүгийн түрээсийн барьцааны гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулга нь банк буюу зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох болон уг үүргийг хангуулах барьцааны гэрээ болох нь тогтоогдсон талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 Санхүүгийн түрээсийн гэрээ-ээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл өөрөө худалдан авч, эд хөрөнгийг шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг тохирсон хугацаанд хэсэгчлэн төлж, улмаар гэрээний зүйлийн үнэ цэнэтэй дүйцэхүйц төлбөрийг төлсөн болзол хангагдсан тохиолдолд гэрээний зүйлийн өмчлөгч болдог байна.

 Харин банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийг үйл ажиллагаа эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд ******* ХХК нь эд хөрөнгө шилжүүлэх бус, мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргийг,******* нь түрээсийн төлбөр төлөх бус хүлээн авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн агуулга илэрхийлэгдсэнээс гадна мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр болох хүү болон нэмэлт үүрэг буюу хэтрүүлсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцсон нь тогтоогджээ.

 2. Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр болох тухайд шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасантай нийцжээ.

 Гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллийн талаар зохигч маргаагүй, эдгээр гэрээ бичгээр байгуулагдсан байна.

 3. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд мөнгийг шилжүүлж үүргээ биелүүлжээ. Харин зээлийн гэрээний хавсралт ёсоор хариуцагч сар тутам хүү болон үндсэн зээлийн зохих хэсгийг төлөх үүргийг хүлээсэн боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний үүрэг зөрчигджээ.

 4. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл тооцооллын хүрээнд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцжээ.

 Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон бөгөөд энэ хүртэл үндсэн зээлээс 9.039.815,66 төгрөг төлөгдсөн тул үлдэх 9.860.184,34 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 Гэрээнд заасан хуваарь ёсоор хариуцагч гэрээний хугацаанд үндсэн зээлийн үндсэн хүүд нийт 12.739.954,9 төгрөг төлөхөөс 11.329.745,48 төгрөг төлсөн байна. Иймд төлөгдөөгүй 1.410.209,53 төгрөгийг шүүх гаргуулж, нэхэмжлэгч үндсэн хүүгийн хэмжээг алдаатай тооцоолсон гэж хүүгийн төлбөрөөс 1.982.693.97 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 Зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй болно.

 Зээлийн гэрээний 1.7 ...гэрээнд заасан хугацаа дууссан нь хэтэрсэн ...хүүг чөлөөлөх үндэслэл болохгүй., 1.10-д ...хуваарийн дагуу төлбөр, хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд Иргэний хуулийн дагуу ...гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, ...төлнө гэж тус тус заасан байх тул гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлхи хэтэрсэн хугацааны хүүд 5.247.095 төгрөг гаргуулсан нь хуульд нийцнэ.

 Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 16.517.489,3 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзлээ.

 5. Шүүх нэмэгдүүлсэн хүүд 1.401.195,59 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо зээлдэгч хүүг сар бүр төлөх үүргээ 2017 оны 01 дүгээр сараас эхлэн биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа мөн оны 12 дугаар сард дуусгавар болсон байхад нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардаагүйгээс хариуцагчийн нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагын хэмжээ нэмэгдсэн, энэ нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуульд заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлэхийг зөрчсөн гэж дүгнэжээ. Шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 6. Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана. Барьцааны зүйл нь хөдлөх хөрөнгө буюу автомашин бөгөөд барьцааны гэрээний 3.8-д ...барьцаалуулагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд банк нь үүргээ биелүүлэх тухай шаардлага хүргүүлж, хуульд заасан арга хэмжээ авах, гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангуулах эрхтэй гэж заасан байх тул шүүх барьцаа хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг зөрчөөгүй гэж дүгнэв.

 7. Анхан шатны шүүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 Хэргийн баримтаас үзвэл, шүүх хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох боломжийг хангаж, 2 удаа хуралдааныг хойшлуулсан боловч хэргийг хэлэлцсэн 2019.06.19-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй. Хариуцагчийн төлөөлөгч өөрөө шүүх хуралдаанд ирээгүй тул түүний мэтгэлцэх эрхийг шүүх хязгаарласан гэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 0дугаар сарын 24ий өдрийн 101/ШШ2019/01869 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1714 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Хариуцагч******* нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 241.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.СОНИНБАЯР

                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                                                   ШҮҮГЧИД                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                              Б.УНДРАХ

          Г.ЦАГААНЦООЖ