Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001869

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2111683 регистрийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Өөрийн байранд оршин байх А-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЛЮ88102771 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цэргийн гудамж, 181 тоотод оршин суух Хилчин овогт Б--Ад холбогдох,

Гэрээний үүрэгт 19,901,378.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.                       

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.А нь 2014.12.04-ны өдөр 14/249 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ болон санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг байгуулан, Санхүүгийн түрээсийн зээлийн зориулалтаар 18,900,000.00 төгрөгийн зээл авсан билээ. Зээлдэгч нь гэрээ хийгдсэнээс хойших хугацаанд зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж байгаагүй бөгөөд 2017.01.11-ны өдрөөс хойш үндсэн зээлийн төлөлт огт хийгээгүй, одоогийн байдлаар зээлийн хугацаа 855 хоног хэтэрч, зээлийн гэрээ банкны санаачилгаар цуцлагдсан. Б.А үндсэн зээл болох 9,860,184.34 төгрөг, зээлийн хүү 8,639,998.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,401,195.59 төгрөг, нийт 19,901,378.92 төгрөгийн зээлийн өртэй болоод байна.  Зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 9,860,184.34 төгрөг, зээлийн 8,639,998.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,401,195.59 төгрөг, нийт 19,901,378 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох 87-33 УБА тоот улсын бүртгэлийн дугаартай, MCU352011039 арлын дугаартай Toyota Harrier автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хариуцагчийн урьд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч АХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,901,378.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

АХХХ нь Б.Атай 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 14/249 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулж, 18,900,000 төгрөгийг санхүүгийн түрээсийн зориулалтаар жилийн 37.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар олгосон байх ба, мөн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 14/249 дугаартай “Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ” байгуулж, 87-33 УБА улсын дугаартай тоёота харрир /Toyota  harrier/ маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан тус гэрээний хуулбаруудаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 5-9 дахь талд/

Дурдсан гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга, зорилго зэрэгт дүгнэлт хийж үзвэл нэг талаас эд хөрөнгийг түрээсээр шилжүүлэх бус мөнгөн хөрөнгийг зээлдүүлэх, нөгөө талаас түрээсийн төлбөр бус харин хүлээн авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргийг харилцан хүлээх агуулга байх тул тус агуулгыг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан “Санхүүгийн түрээсийн гэрээ” бус Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний агуулгад илүү нийцэж байна гэж үзэв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 9,860,184.34 төгрөг, зээлийн хүү 8,639,998.99 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйн хариуцлага буюу нэмэгдүүлсэн хүү 1,401,195.59 төгрөг нийт 19,901,378.92 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбарыг ирүүлсэн.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тус гэрээний 1.11 дэх хэсэгт тохиролцсон үүрэг болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэсэн зохицуулалт мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулснаар нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн гэрээний хүү буюу хэтэрсэн хугацааны хүү тооцон шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дууссан байх боловч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш зохих ёсоор гүйцэтгээгүй байна. /х.х-ийн 13-15 дахь талд/

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зохицуулснаар зээлдүүлэгч нь зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч нь үндсэн зээлд 9,039,815.66 төгрөгийг төлсөн байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 9,860,184.34 төгрөгийг нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлтэй.

Харин, хариуцагч зээлийн гэрээний үндсэн хүүнд 11,329,745.48 төгрөгийг төлсөн байх ба нэхэмжлэгч нь зээлийн хүүнд хариуцагчаас 8,639,998.99 төгрөгийг шаардсанаас 1,982,693.97 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Учир нь, зээлийн гэрээний хугацаа буюу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл үндсэн хүүнд зээлдэгч 12,739,954.9 төгрөг төлөхөөс 11,329,745.48 төгрөг төлсөн байх тул үлдэх 1,410,209.53 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хэтэрсэн хугацааны хүүг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 5 дугаар сарын 08-ний өдрөөр тооцоход 1 жил 5 сар 4 хоногийн хүү нь 5,247,095 төгрөг гарч байх тул үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүнд 6,657,305 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү нь гэрээний үндсэн үүрэг бол нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр бөгөөд гэрээгээр талууд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байна.

Хэдийгээр, нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байх боловч тус гэрээний маргааныг шүүх шийдвэрлэхдээ иргэний эрх зүйн зохицуулалт, зарчмаас гадна хэрэглэгчийн эрхийг хангахтай холбоотойгоор ашгийн төлөө хуулийн этгээдийн хариуцлагын асуудлыг анхаарах ёстой байна.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч тал зээлийн гэрээний үүргээ 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дууссан байхад гэрээний үүргийг 2019 оны 5 дугаар сарын 08-нд шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгчийн хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргаагүй хугацаагаар зээлдэгчийн хариуцлага, төлбөрийн хэмжээ нэмэгдэж байгааг мэдсээр байж хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь “шаардах эрх”-ээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгчийн хариуцлагын хэмжээ нэмэгдсэн байх тул зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү буюу хариуцлага шаардах нь “эрхээ шударгаар хэрэгжүүлэх” зарчимд нийцэхгүй байх тул нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч Б.Ааас үндсэн зээл 9,860,184.34 төгрөг, зээлийн хүүнд 6,657,305 төгрөг нийт 16,517,489.3 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч АХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,383,889.56 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулна гэжээ.

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 14/249 дугаартай “Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ” нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан агуулгад нийцсэн хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж тус тус зохицуулснаар барьцааны гэрээнд барьцаалсан хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                

                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.А-аас 16,517,489.3  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд 87-33 УБА улсын дугаартай Toyota Harrier /тоёота харрир/ маркийн тээврийн хэрэгслээр хангуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,383,889.56 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А-ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327,660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас 310,737 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А-ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.