Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1680

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.О, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/00555 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.У холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт болон гарсан зардалд нийт 80 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Б, хариуцагч О.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: О.У 80 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа дэмжиж байна. Д.Б О.У нар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2 сарын хугацаатай 40 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлэх зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 4 сарын хугацаагаар өмнөх нөхцөлөөр сунгасан. Хариуцагч нь 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 2 сарын хүү 4 800 000 төгрөг, мөн 15 590 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Нэмээд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 250 000 төгрөг бэлнээр зээлсэн үүнийгээ ч төлөөгүй. Гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дууссан тул зээлээ буцаан шаардаж байгаа. Үндсэн зээл 40 000 000 төгрөг, сунгасан 4 сарын хүү 9 600 000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацааны алданги 28 150 000 төгрөг, нэмж зээлсэн 250 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2 000 000 төгрөг, нийт 80 000 000 төгрөгийг О.У  гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээ байгуулахдаа барьцааны гэрээг мөн хийж, Б.А өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 43-41 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг О.У олгосон итгэмжлэлд үндэслэн барьцаалсан. Барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Ж.Г энэ маргаанд хамаарахгүй, О.У өөрийнх нь асуудал тул хариу тайлбар үндэслэлгүй. Сунгасан гэрээг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хийсэн бөгөөд хүлээн зөвшөөрч талууд байгуулсан тул маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулсан, 40 000 000 төгрөг авсан. Мөн 250 000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгөө Ж.Г, О.Б  нарт залилуулсан байгаа. Энэ нь хэрэгт авагдсан эрүүгийн хэргийн баримтаар нотлогдоно. Ж.Г нь төлбөр барагдуулах хэлцлийг О.У, Б.А нартай 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан байдаг. Тиймээс зээлийг төлөхгүй. Хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2 400 000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 2 400 090 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 15 500 төгрөг нийт 4 815 590 төгрөг төлсөн байгаа. Зээлийн гэрээний нэмэлт гэсэн хугацаа сунгасан гэрээ нь бичгээр байгуулах гэрээний шаардлага хангахгүй байгаа. Уг гэрээг хэзээ хийсэн нь тодорхойгүй, уг гэрээнд Б.А оролцуулаагүй, нотариатч хэзээ баталсан нь ойлгомжгүй байгаа тул уг гэрээний дагуу хүү шаардах эрхгүй гэж үзэж байна. Түүнчлэн, нэхэмжлэгч хүүгээс анз тооцохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж, зээл, хүүгийн нийлбэрээс анз тооцож байгаа нь үндэслэлгүй. Зээлийн төлбөрийн 50 хувиас алданги хэтрэх ёсгүй. Нэхэмжлэлийн шаардлагадаа 15 590 төгрөгийг хасаж тооцохгүй байна, энэ нь үндсэн зээлээс хасагдах ёстой төлбөр. Өмгөөлөгчийн зардлыг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан О.У 68 234 410 төгрөгийг гаргуулж Д.Б олгож, Д.Б нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 765 590 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.У нь 67 984 410 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Б.А өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021205 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 43 дугаар байрны 41 тоот хаягт байршилтай 82,47 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, Д.Б шаардлагыг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 70.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 569 322.05 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Д.Б нь О.У мөнгө зээлдүүлсэн тухай иргэний хэрэг тус шүүх дээр үүссэн байдаг. Зээлийн барьцааны гэрээг намайг төлөөлөн зээлдэгч О.У нь Д.Б  байгуулсан байна. О.У 15 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавья гэж гуйж байснаас 40 000 000 төгрөг зээлдээд энэ хэмжээнд барьцаанд эрх үүсгээд, дараа нь дахин хэлцэл байгуулж, бүр хоног тутам 0,5 хувийн алдангитай гэрээ байгуулна гэж яригдаж байгаагүй. Гэтэл итгэмжлэл батлахдаа анхнаасаа Иргэний хуулийн 63 дугаар зүйлд зааснаар олгож байгаа бүрэн эрхийн хэмжээ, өөрөөр хэлбэл хэдэн төгрөгийн зээлийн барьцаанд, улмаар ямар алдангитай зээлийн барьцаанд тавих тухай нийт үнийн дүнг тавьж байж итгэмжлэл бичигдэх ёстой байдаг юм байна. Иргэний хуулийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх гэдэг бүлгийг судлаад үзэхээр, барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг заах нь барьцааны гэрээний гол нөхцөл байна, тэхээр энэ барьцааны гэрээ байгуулах итгэмжлэл олгох бол үл хөдлөх эд хөрөнгөөс барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг зааж байж болгох ёстой байна. Гэтэл ийм үнийн дүн заагдаагүй итгэмжлэлийг үндэслээд барьцааны гэрээ байгуулагдсан байх юм. Сүхбаатар дүүргийн нотариатч н.Б гэдэг хүн дээр очиж барьцаанд тавих итгэмжлэл гэрчлүүлснээ би үнэхээр санахгүй байна. Итгэмжлэл дээрх гарын үсэг нь ч минийх биш байна. Би ийм чичирхийлсэн гарн үгсэг зурдаггүй. Илтэд миний гарын үсгийг дуурайлган зурсан харагдаж байна. Итгэмжлэл дээр барьцаалбартай барьцааны гэрээ байгуулах эрх олгосон мэтээр бичсэн байна. Тэгвэл барьцаалбарыг нь яагаад барьцааны гэрээ байгуулах үедээ үйлдээгүй байх вэ? Илтэд намайг эзгүйд байлцуулахгүйгээр хийсэн тул барьцаалбар нь барьцааны гэрээ хийгдэх үед үйлдэгдээгүй юм байна гэж ойлгогдож байна. Би энэ үед өндөр даралттай, бие их тааруу байсан. У манай байранд хажуу талын тоотыг түрээсэлж амьдарч байсан. Миний иргэний үнэмлэх, үл хөдлөхийн бичиг баримтыг авч явж байсан. Би олон нялх нойтон хүүхэдтэй болохоор нь өрөвдөж хажуу хөршийн хувиар тусалдаг байсан. Би өөрөө Удвалцэцэгээс авлагатай хүн шүү дээ. Миний хүү Т наймаа хийх гэж байсан 27 000 000 төгрөгийг "яг хил дээрээс бараа оруулахад хэрэгтэй байна" гэж гуйж гувшиж шалж байгаад О.У авсан. Хүүгийн маань жижиг бизнес эрхэлж хөл дээрээ босох гэсэн мөнгийг нь би авч өгснөөр миний хүүгийн бизнес үндсэндээ дампуурчихаад байна. Гэтэл одоо болохоор У зээлийн барьцаанд миний гэр бүлийн амьдардаг 3 өрөө орон сууц хураагдах болчихоод байх юм. Би У. Б гэдэг хүнээс 40 000 000 төгрөг зээлдэж авсныг нь үнэндээ мэдээгүй. Миний хүүгийн 27 000 000 төгрөгийг ч ядаж гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхийн ажиллагаа явагдах үед барьцаанд тавигдсан байрны асуудал байнга дарамт болж, гэр оронд тайван бус, түгшүүртэй байснаас миний архаг өвчин хөдөлж, хэвтэрт орсон. Ингэж хэвтэрт орсноос эмч нарын зөвлөгөөнөөр намайг хатуу хэвтрийн дэглэмд байлгах болсон. Энэ хооронд шүүх хуралдаан явагдаж, миний гэр бүлийн өмчлөлийн барьцаа хөрөнгийг бүр 67 000 000 гаруй төгрөгийн зээлд хураагдахаар шийдвэр гарсан юм байна. Энэ шийдвэрийг надад мэдэгдээгүй, мэдэгдэх ч боломжгүй байсан байх, учир нь шүүхийн шийдвэр дээр шүүх хуралдаанд Х овгийн Б оролцуулан хийсэн мэтээр бичсэн. Энэ н.Б нь миний эцгийн нэр бөгөөд одоо байхгүй, өнгөрсөн хүн шүү дээ. Намайг оролцуулаагүй нь иргэний хэргийн зохигчийн эрхийг буюу шүүхэд мэтгэлцэх эрхийг хангаагүй явдал болсон. Энэ хурлаас миний өмчлөлийн хөрөнгөөр их хэмжээний өр төлбөр хаах тухай шийдвэр гарлаа. Энд намайг оролцуулах, эсхүл бичгээр, эсхүл ядаж хуралд оролцуулж амаар тайлбар авах зэргээр мэтгэлцэх боломжоор хангах ёстой байсан гэж бодож байна. Би болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авсан бол арай ч ийм шийдвэр гарах ёсгүй байсан. Нөгөө талаар энэ хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа. Д.Б би орон сууцаараа залилуулсан гэсэн эрүүгийн хэрэг шалгагдаж тогтоогдоод байгаа шүү дээ. Энэ баримтыг гаргаж өгөх хэрэгтэй байна. Хавтаст хэргийн 31-32 дахь гуравдагч этгээд гэдэг дээр Г.Г, н.Э.Б нар мэтээр гарын үсэг зуруулсан байх юм. Эндээс хэргийн оролцогчийн буюу гуравдагч этгээдийн эрх ашиг хангалттай хангагдаагүй, байнга хариуцагчтай андуурагдах, нэг хүн мэтээр ойлгогдож байсан байдал харагддаг. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч О.У зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 78 000 000 төгрөгийг, өмгөөлөгчийн зардалд төлсөн 2 000 000 төгрөгийн хамт нийт 80 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 28 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б, хариуцагч О.У нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 40 000 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдаж, үүргийн гүйцэтгэлд Б.А өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021205 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 43 дугаар байрны 41 тоот хаягт байршилтай 82,47 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Тодруулбал, хариуцагч О.У гуравдагч этгээд Б.А  2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, хүлээн авах, лавлагаа авах үйлдэл хийх бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгож наториатаар гэрчлүүлжээ./хэргийн 9 дүгээр тал/ Үүний үндсэн дээр хариуцагч О.Удвалцэцэг нь нэхэмжлэгч Д.Б 40 000 000 төгрөгийг зээлж, барьцаанд нь гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгийг тавьсан, итгэмжлэл нь хүчингүй буюу хуурамч гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу 40 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 250 000 төгрөг тус тус зээлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд гэрээний 2.1-д гүйцэтгээгүй үнийн дүнгийн хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ.

 

            Шүүх алдангийн хэмжээг үндсэн зээл 40 000 000 төгрөгийн 0,5 хувиар тооцож, хугацаа хэтрүүлсэн 92 хоног буюу 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцож алдангид 18 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Иймд шүүх хариуцагч О.У үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 9 584 410 төгрөг, алданги 18 400 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлсэн 250 000 төгрөг нийт 68 234 410 төгрөгийг гаргуулж Д.Б олгож, Д.Б нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 765 590 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

            Хэргийн баримтаас үзэхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Т.Ө 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгож, шүүхээс мөн өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагын хувийг гардуулж, эрх үүргийг нь тайлбарлаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтууд хэрэгт авагдсан байна. /хэргийн 65-70, 79, 93 дугаар тал/ Иймээс гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцүүлээгүй уг ажиллагааг шүүх хийгээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцоогүй гэдгээ нотолсон баримт, хүсэлт хэрэгт авагдаагүй байна.

 

            Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гуравдагч этгээдийн буюу хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Харин шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт гуравдагч этгээдийн нэрийг бичээгүй орхигдуулсан алдаа гаргасан байгаа боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний ноцтой зөрчилд тооцогдохгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/00555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гуравдагч этгээд Б.А гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ТУЯА

 

                                               ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                 С.ЭНХТӨР

 

 

 

 

.