Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 555

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 05 өдөр       Дугаар 181/ШШ2019/00555              Улаанбаатар хот

                                                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: О.У-д холбогдох иргэний хэрэгт,  

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.А-г оролцуулан

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт болон гарсан зардалд нийт 80,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

 

О.Уээс 80,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа дэмжиж байна.

Д.Б О.У нар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2 сарын хугацаатай 40,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлэх зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээг 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 4 сарын хугацаагаар өмнөх нөхцөлөөр сунгасан.

Хариуцагч нь 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 2 сарын хүү 4,800,000 төгрөг, мөн 15,590 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Нэмээд 2018 оны 2 дугаар сарын 05-нд 250,000 төгрөг бэлнээр зээлсэн үүнийгээ ч төлөөгүй.

Гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дууссан тул зээлээ буцаан шаардаж байгаа. Үндсэн зээл 40,000,000 төгрөг, сунгасан 4 сарын хүү 9,600,000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх  хугацааны алданги 28,150,000 төгрөг, нэмж зээлсэн 250,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг О.Уээс гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээ байгуулахдаа барьцааны гэрээг мөн хийж, Б.Агийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 43-41 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг О.Ут олгосон итгэмжлэлд үндэслэн барьцаалсан. Барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Ж.Гал-Эрдэнэ энэ маргаанд хамаарахгүй, О.Уийн өөрийнх нь асуудал тул хариу тайлбар үндэслэлгүй. Сунгасан гэрээг 2018 оны 2 дугаар сарын 05-нд хийсэн бөгөөд хүлээн зөвшөөрч талууд байгуулсан тул маргаан байхгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээ байгуулсан, 40,000,000 төгрөг авсан. Мөн 250,000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгөө Ж.Гал-Эрдэнэ, О.Батсайхан нарт залилуулсан байгаа. Энэ нь хэрэгт авагдсан эрүүгийн хэргийн баримтаар нотлогдоно. Ж.Гал-Эрдэнэ нь төлбөр барагдуулах хэлцлийг О.У, Б.А нартай 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан байдаг. Тиймээс зээлийг төлөхгүй.

Хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 21-нд 2,400,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 03-нд 2,400,090 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 15,500 төгрөг нийт 4,815,590 төгрөг төлсөн байгаа.

Зээлийн гэрээний нэмэлт гэсэн хугацаа сунгасан гэрээ нь бичгээр байгуулах гэрээний шаардлага хангахгүй байгаа. Уг гэрээг хэзээ хийсэн нь тодорхойгүй, уг гэрээнд Б.Аг оролцуулаагүй, нотариатч хэзээ баталсан нь ойлгомжгүй байгаа тул уг гэрээний дагуу хүү шаардах эрхгүй гэж үзэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч хүүгээс анз тооцохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж, зээл, хүүгийн нийлбэрээс анз тооцож байгаа нь үндэслэлгүй. Зээлийн төлбөрийн 50 хувиас алданги хэтрэх ёсгүй. Нэхэмжлэлийн шаардлагадаа 15,590 төгрөгийг хасаж тооцохгүй байна, энэ нь үндсэн зээлээс хасагдах ёстой төлбөр. Өмгөөлөгчийн зардлыг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч О.Уээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 78,000,000 төгрөгийг, өмгөөлөгчийн зардалд төлсөн 2,000,000 төгрөгийн хамт нийт 80,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Б.А шүүхэд тайлбар гаргаагүй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өрнөлт шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2 сарын хугацаагаар 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч Д.Б нь зээлийг шилжүүлэх, зээлдэгч О.У нь зээлийн сарын 6 хувийн хүүг сар бүр, 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр зээл 40,000,000 төгрөгийг, зээлийн 1 сарын хүү 2,400,000 төгрөгийн хамт буцаан өгөх, хэрэв хугацаа хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон байх ба талууд уг гэрээний хугацааг 4 сараар буюу 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгасан зээлийн гэрээний нэмэлт гэрээг 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байгуулжээ.

 

Үүнээс гадна зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн барьцаанд Б.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021205 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 43 дугаар байрны 41 тоот хаягт байршилтай 82,47 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бариулсан барьцааны гэрээг Б.Агаас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр О.Ут олгосон итгэмжлэлд үндэслэн хийж, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

 

Зээлдүүлэгч Д.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн 40,000,000 төгрөгийн зээлийг зээлдэгч О.Ут шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хариуцагч талын маргаагүй тайлбар болон Хаан банкны 5019115711 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

 

Хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2,400,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 2,400,090 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 15,500 төгрөг тус тус төлсөн үйл баримт Хаан банкны 5073014886 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар мөн тогтоогдож байна.

 

Талуудын зээлийн болон сунгасан гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, гэрээний үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3-т тус тус нийцсэн, хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж үзэх үндсийг бүрдүүлж байна.

 

Зээлдүүлэгч Д.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг шилжүүлсэн нь тогтоогдсон тул зээлдэгч О.У гэрээгээр хүлээсэн үүрэг буюу зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлснээс үүссэн үүрэг болох алданги төлөх үүрэгтэй.

 

Шилжүүлэн авсан зээлээ юунд зарцуулах нь зээлдэгчийн өөрийнх нь асуудал бөгөөд бусдад залилуулсны улмаас ашиглаж чадаагүй, улмаар эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон явдал нь зээлдүүлэгчийн өмнө хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээс зээлдэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзнэ.

 

Хариуцагч О.У нь гэрээний үүрэгт зээлийн хүү 2,400,000 төгрөгийг сар бүрийн 21-ний өдөр, үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн  1 сарын хүү 2,400,000 төгрөгийг 2018 оны 5 дүгээр сарын 21-ний өдөр төлөх үүрэгтэйгээс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2,400,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 2,400,090 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 15,500 төгрөг төлсөн, үүнээс өөр төлбөр төлөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч О.У нь 2017 оны 12 дугаар сарын 21, 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдрүүдэд төлөх ёстой зээлийн хүү 4,800,000 төгрөгөөс гадна 15,590 төгрөг төлсөн байх тул шүүх уг төлбөрийг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр төлөх үүрэг бүхий зээлийн 1 сарын хүү 2,400,000 төгрөгөөс хасаж тооцвол хариуцагч нь мөн өдөр 2,384,410 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 2,400,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 2,400,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 2,400,000 төгрөг тус тус төлөх үүргээ гүйцэтгээгүй, 92 хоног /2018.05.22-2018.08.22 нэхэмжлэл гаргасан огноо/-оор хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хариуцагч нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирсон тул хүүгээс анз тооцохгүй байх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасан зохицуулалтыг баримтлан шүүх хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцох алдангийн хэмжээг үндсэн зээл 40,000,000 төгрөгийн 0,5 хувиар тооцох нь зүйтэй. 

 

Иймд хариуцагч О.У нь үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 9,584,410 төгрөг, алданги 18,400,000 /(40,000,000х0,5%)х 92 хоног/ төгрөг буюу нийт 67,984,410 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бд төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүд шаардсан төлбөрөөс 15,590 төгрөгийг төлөгдсөн үндэслэлээр, алданги шаардсан төлбөрөөс 9,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хууль зүйн үндэслэлгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3, 64 дүгээр зүйлийн 64.1-д заасны дагуу Д.Б болон Б.Аг төлөөлж О.У нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Уг гэрээг Д.Б, О.У нарын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан байх тул хариуцагч О.У нь 67,984,410 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021205 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 43 дугаар байрны 41 тоот хаягт байршилтай 82,47 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, нэхэмжлэгч Д.Бын шаардлагыг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх зээлийн гэрээнээс гадна Д.Боос 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөгийг Хаан банкны 5073014886 тоот дансаар О.Ут шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон, талууд үүнд маргаагүй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан тул зохигчдын хооронд 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

Энэ гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй тул уг зээлийг буцаан шаардсан нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд гаргаснаас хойш 1 сарын дотор хариуцагч буцаан төлөх үүрэгтэй.

 

Гэтэл Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д заасан хугацаанд зээлийг буцаан төлөх үүргээ хариуцагч О.У биелүүлээгүй тул нэхэмжлэгч Д.Б 250,000 төгрөг шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч О.Уээс 250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгов.

 

Өмгөөлөгчийн хөлс буюу гарсан зардал 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэгчийн шаардлага нь баримтаар нотлогдоогүйн гадна өмгөөлөгчийн зардал нь үүрэг гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд буюу Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан хохиролд тооцогдохгүй.

 

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд шүүх зөрчигдсөн эрхийг хамгаалахдаа өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан хамгаалалтын аль нэг аргаар хэрэгжүүлдэг тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд мэдүүлэх эрхээ өөрөө, эсхүл өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хэлбэрээр хэрэгжүүлэх асуудал нь мэдүүлэгчийн сонголт учир мэдүүлэх эрхээ төлбөртэй хэрэгжүүлсний үндсэн дээр гарсан зардлыг хохиролд тооцох хууль зүйн боломжгүй юм.

 

Иймд хариуцагчаас өмгөөлөгчийн хөлс буюу гарсан зардалд 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Эцэст нь нэгтгэн дүгнэвэл хариуцагч О.Уээс нийт 68,234,410 /67,984,410+250,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас 11,765,590 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан О.Уээс 68,234,410 төгрөгийг гаргуулж Д.Бд олгож, Д.Бын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,765,590 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан О.У нь 67,984,410 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Б.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021205 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 43 дугаар байрны 41 тоот хаягт байршилтай 82,47 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, Д.Бын шаардлагыг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 70.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 569,322.05 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА