Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00181

 

Д.Бямбацогзолын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/00555 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1680 дугаар магадлалтай, 

Д.Бямбацогзолын нэхэмжлэлтэй,

О.Удвалцэцэгт холбогдох, 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт болон гарсан зардалд нийт 80,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ариунаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Бямбацогзол, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Янжинхорлоо, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Удвалцэцэгээс 80,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа дэмжиж байна. Д.Бямбацогзол О.Удвалцэцэг нар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2 сарын хугацаатай 40,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлэх зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 4 сарын хугацаагаар өмнөх нөхцөлөөр сунгасан. Хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 2 сарын хүү 4,800,000 төгрөг, мөн 15,590 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Нэмээд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг бэлнээр зээлсэн үүнийгээ ч төлөөгүй. Гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дууссан тул зээлээ буцаан шаардаж байгаа. Үндсэн зээл 40,000,000 төгрөг, сунгасан 4 сарын хүү 9,600,000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацааны алданги 28,150,000 төгрөг, нэмж зээлсэн 250 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2 000 000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг О.Удвалцэцэгээс гаргуулж өгнө үү.  Зээлийн гэрээ байгуулахдаа барьцааны гэрээг мөн хийж, Б.Ариунаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 43-41 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг О.Удвалцэцэгт олгосон итгэмжлэлд үндэслэн барьцаалсан. Барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Сунгасан гэрээг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хийсэн бөгөөд хүлээн зөвшөөрч талууд байгуулсан тул маргаан байхгүй гэжээ.  

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулсан, 40,000,000 төгрөг авсан. Мөн 250,000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгөө Ж.Гал-Эрдэнэ, О.Батсайхан нарт залилуулсан байгаа. Энэ нь хэрэгт авагдсан эрүүгийн хэргийн баримтаар нотлогдоно. Ж.Гал-Эрдэнэ нь төлбөр барагдуулах хэлцлийг О.Удвалцэцэг, Б.Ариунаа нартай 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан байдаг. Тиймээс зээлийг төлөхгүй. Хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2,400,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2,400,090 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15,500 төгрөг нийт 4,815,590 төгрөг төлсөн байгаа. Зээлийн гэрээний нэмэлт гэсэн хугацаа сунгасан гэрээ нь бичгээр байгуулах гэрээний шаардлага хангахгүй байгаа. Уг гэрээг хэзээ хийсэн нь тодорхойгүй, уг гэрээнд Б.Ариунааг оролцуулаагүй, нотариатч хэзээ баталсан нь ойлгомжгүй байгаа тул уг гэрээний дагуу хүү шаардах эрхгүй гэж үзэж байна. Түүнчлэн, нэхэмжлэгч хүүгээс анз тооцохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж, зээл, хүүгийн нийлбэрээс анз тооцож байгаа нь үндэслэлгүй. Зээлийн төлбөрийн 50 хувиас алданги хэтрэх ёсгүй. Нэхэмжлэлийн шаардлагадаа 15,590 төгрөгийг хасаж тооцохгүй байна, энэ нь үндсэн зээлээс хасагдах ёстой төлбөр. Өмгөөлөгчийн зардлыг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ариунаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар гаргаагүй болно.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/00555 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан О.Удвалцэцэгээс 68 234 410 төгрөгийг гаргуулж Д.Бямбацогзолд олгож, Д.Бямбацогзолын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 765 590 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Удвалцэцэг нь 67 984 410 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Б.Ариунаагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021205 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 43 дугаар байрны 41 тоот хаягт байршилтай 82,47 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, Д.Бямбацогзолын шаардлагыг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 70.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 569 322.05 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1680 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/00555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гуравдагч этгээд Б.Ариунаагийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ариунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 555 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1680 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Гуравдагч этгээд Б.Ариунаа миний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргээ хэрэгжүүлэх боломж олдоогүй нь хүндэтгэн үзэх үндэслэлтэй байсан тул гомдол гаргах эрхийг сэргээх шүүгчийн захирамж гарсан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч авах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан нь хүнд өвчний учир шалтгаантай байсныг нь хүндэтгэн үзэж сэргээсэн. Өмгөөлөгчийн туслалцаа авч байж, манай гэр бүлийн өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавьсан итгэмжлэл хүчин төгөлдөр эсэх, түүнийг үндэслэн хийгдсэн барьцааны гэрээ хүчинтэй эсэхийг тогтоох процесс ажиллагаанууд хийгдэх ёстой байсан. Би процессын эрхээ эдэлье гэж байгаа. Шүүх үндсэндээ бусдын өмчлөлийн хөрөнгийг зээлдэгч, зээлдүүлэгч нар нь анхнаасаа харилцан тохиролцож луйвардан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хамтран ажиллаж байсан эсэхийг тогтоох ажиллагаа хийхийг хүсэлгүй, хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдэхийг урьдал болгож асуудалд хандсан. Энэ гарын үсгийг би зураагүй болохоор үүнийгээ л шалгуулья гээд байгаа шүү дээ. Даатуу ургийн овгийн Дашчирэвийн Бямбацогзол нь О.Удвалцэцэгт мөнгө зээлдүүлсэн тухай иргэний хэрэг тус шүүх дээр үүссэн байдаг. Зээлийн барьцааны гэрээг намайг төлөөлөн зээлдэгч О.Удвалцэцэг нь Д.Бямбацогзолтой байгуулсан байна. О.Удвалцэцэг 15 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавья гэж гуйж байснаас 40 сая төгрөг зээлдээд энэ хэмжээнд барьцаанд эрх үүсгээд, дараа нь дахин хэлцэл байгуулж, бүр хоног тутам 0,5 хувийн алдангитай гэрээ байгуулна гэж яригдаж байгаагүй. Гэтэл итгэмжлэл батлахдаа анхнаасаа Иргэний хуулийн 63 дүгээр зүйлд зааснаар олгож байгаа бүрэн эрхийн хэмжээ, өөрөөр хэлбэл хэдэн төгрөгийн зээлийн барьцаанд, улмаар ямар алдангитай зээлийн барьцаанд тавих тухай нийт үнийн дүнг тавьж байж итгэмжлэл бичигдэх ёстой байдаг юм байна. Иргэний хуулийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх гэдэг бүлгийг судлаад үзэхээр, барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг заах нь барьцааны гэрээний гол нөхцөл байна, тэхээр энэ барьцааны гэрээ байгуулах итгэмжлэл олгох бол үл хөдлөх эд хөрөнгөөс барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг зааж байж болгох ёстой байна. Гэтэл ийм үнийн дүн заагдаагүй итгэмжлэлийг үндэслээд барьцааны гэрээ байгуулагдсан байх юм. Сүхбаатар дүүргийн нотариатч Баттуяа гэдэг хүн дээр очиж барьцаанд тавих итгэмжлэл гэрчлүүлснээ би үнэхээр санахгүй байна. Итгэмжлэл дээрх гарын үсэг нь ч минийх биш байна. Би ийм чичирхийлсэн гарын үсэг зурдаггүй. Илтэд миний гарын үсгийг дуурайлган зурсан харагдаж байна. Итгэмжлэл дээр барьцаалбартай барьцааны гэрээ байгуулах эрх олгосон мэтээр бичсэн байна. Тэгвэл барьцаалбарыг нь яагаад барьцааны гэрээ байгуулах үедээ үйлдээгүй байх вэ? Илтэд намайг эзгүйд байлцуулахгүйгээр хийсэн тул барьцаалбар нь барьцааны гэрээ хийгдэх үед үйлдэгдээгүй юм байна гэж ойлгогдож байна. Би энэ үед өндөр даралттай, бие их тааруу байсан. О.Удвалцэцэг манай байранд хажуу талын тоотыг түрээсэлж амьдарч байсан. Миний иргэний үнэмлэх, үл хөдлөхийн бичиг баримтыг авч явж байсан. Би олон нялх нойтон хүүхэдтэй болохоор нь өрөвдөж хажуу хөршийн хувиар тусалдаг байсан. Би өөрөө О.Удвалцэцэгээс авлагатай хүн шүү дээ. Миний хүү Тодбилэгтийн наймаа хийх гэж байсан 27 сая төгрөгийг яг хил дээрээс бараа оруулахад хэрэгтэй байна гэж гуйж гувшиж шалж байгаад О.Удвалцэцэг авсан юм. Хүүгийн маань жижиг бизнес эрхэлж хөл дээрээ босох гэсэн мөнгийг нь би авч өгснөөр миний хүүгийн бизнес үндсэндээ дампуурчихаад байна. Гэтэл одоо болохоор О.Удвалцэцэгийн зээлийн барьцаанд миний гэр бүлийн амьдардаг 3 өрөө орон сууц хураагдах болчхоод байх юм. Би Удвалцэцэгийн Бямбацогзол гэдэг хүнээс 40 сая төгрөг зээлдэж авсныг нь үнэндээ мэдээгүй. Миний хүүгийн 27 сая төгрөгийг ч ядаж гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхийн ажиллагаа явагдах үед барьцаанд тавигдсан байрны асуудал байнга дарамт болж, гэр оронд тайван бус, түгшүүртэй байснаас миний архаг өвчин хөдөлж, хэвтэрт орсон. Ингэж хэвтэрт орсноос эмч нарын зөвлөгөөнөөр намайг хатуу хэвтрийн дэглэмд байлгах болсон. Энэ хооронд шүүх хуралдаан явагдаж, миний гэр бүлийн өмчлөлийн барьцаа хөрөнгийг бүр 67 сая гаруй төгрөгийн зээлд хураагдахаар шийдвэр гарсан байна. Энэ шийдвэрийг надад мэдэгдээгүй, мэдэгдэх ч боломжгүй байсан байх, учир нь шүүхийн шийдвэр дээр шүүх хуралдаанд Хаадай овгийн Баянбилэгийг оролцуулан хийсэн мэтээр бичсэн. Энэ Баянбилэг нь миний эцгийн нэр бөгөөд одоо байхгүй, өнгөрсөн хүн шүү дээ. Тийм болохоор ямар нэг зар, шийдвэр гарсан тухай мэдэгдэх зэрэгт надад ханддаггүй байсан. Т.Өрнөлтөд олгосон итгэмжлэлийг цуцалчхаад байхад л түүнд мэдэгдээд байдаг. Намайг оролцуулаагүй нь иргэний хэргийн зохигчийн эрхийг буюу шүүхэд мэтгэлцэх эрхийг хангаагүй явдал болсон. Энэ хурлаас миний өмчлөлийн хөрөнгөөр их хэмжээний өр төлбөр хаах тухай шийдвэр гарлаа. Энд намайг оролцуулах, эсхүл бичгээр, эсхүл ядаж хуралд оролцуулж амаар тайлбар авах зэргээр мэтгэлцэх боломжоор хангах ёстой байсан гэж бодож байна. Би болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авсан бол арай ч ийм шийдвэр гарах ёсгүй байсан. Нөгөө талаар энэ хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа. Бямбацогзолд би орон сууцаараа залилуулсан гэсэн эрүүгийн хэрэг шалгагдаж тогтоогдоод байгаа шүү дээ. Энэ баримтыг гаргаж өгөх хэрэгтэй байна. Хавтаст хэргийн 31-32 дахь гуравдагч этгээд гэдэг дээр Ганболдын Ганцэцэг, Энхтүвшин нар мэтээр гарын үсэг зуруулсан байх юм. Эндээс хэргийн оролцогчийн буюу гуравдагч этгээдийн эрх ашиг хангалттай хангагдаагүй, байнга хариуцагчтай андуурагдах, нэг хүн мэтээр ойлгогдож байсан байдал харагддаг. Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ 

Нэхэмжлэгч Д.Бямбацогзол хариуцагч О.Удвалцэцэгээс 80,000,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын үндэслэлийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр авсан 40,000,000 төгрөг, түүний хүү 9,600,000 төгрөг, алданги 28,150,000 төгрөг өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, нэмж зээлсэн 250,000 төгрөг гэж тайлбарлажээ. 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 40,000,000 төгрөг, 250,000 төгрөг авсан нь үнэн боловч бусдад залилуулсан, 4,815,590 төгрөг төлсөн гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.Ариунааг оролцуулсан байх ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.  

Анхан шатны шүүх хариуцагч О.Удвалцэцэгээс 68 234 410 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ариунаагийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн О.Удвалцэцэгт олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр эсэх, түүнийг үндэслэн хийгдсэн барьцааны гэрээ хүчинтэй эсэхийг тогтоох ажиллагааг хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд намайг оролцуулж мэтгэлцэх эрхийг хангаагүй, шийдвэрт Хаадай овгийн Баянбилэгийг оролцуулан хийсэн мэтээр минийн эцгийн нэрийг бичсэн, Т.Өрнөлтөд олгосон итгэмжлэлийг цуцалчхаад байхад надад мэдэгдэхгүй гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн агуулгыг тусгажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ариунаагийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг О.Удвалцэцэг Д.Бямбацогзолтой байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалахдаа Б.Ариунаагаас түүнд олгосон 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн итгэмжлэлийн үндсэн дээр барьцаалсан, уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, болон 64 дүгээр зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан, гуравдагч этгээдийн хүсэл зоригоос гадуур хийгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтанд тулгуурласан байна. 

Түүнчлэн О.Удвалцэцэг итгэмжлэлд заасан хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш нэг жилийн дотор 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээг байгуулж мөн 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний сунгалтыг үйлдсэн нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д заасныг зөрчөөгүй шүүх барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ариунаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өрнөлтөд нэхэмжлэлийн хувийг гардуулах, эрх үүргийг тайлбарлах, хуралдааны товыг удаа дараа мэдэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эдэлбэл зохих эрхийг хангаж хэрэгжүүлсэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байх ба гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өрнөлтөөс татгалзсан тухай баримт хэрэгт байхгүй байна. Иймээс гуравдагч этгээдийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

Хоёр шатны шүүх зээлийн гэрээний үүргийн тооцооллыг хэрэгт авагдсан баримтад үндэслэн зөв хийсэн боловч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг тооцохдоо үндсэн зээл, гэрээний хугацааны хүүгийн нийлбэр дүнгээс тооцох байтал зөвхөн үндсэн зээлийн 40,000,000 төгрөгнөөс тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д заасантай нийцээгүй мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаатай дүгнэлт хийжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйл заалтад хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэж заасан бөгөөд энэхүү зээлийн гэрээгээр хүлээж буй үүрэгт гэдэгт үндсэн зээл, гэрээний хугацааны хүүгийн төлбөр хамаарна. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул шүүх диспозитив зарчмыг баримтлан шийдвэр магадлалыг хэвээр үлдээв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/00555 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1680 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ариунаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ариунаагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.ЗОЛЗАЯА                                  

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                  Х.СОНИНБАЯР 

                   ШҮҮГЧИД                                      Г.ЦАГААНЦООЖ

                                                                         Д.ЦОЛМОН 

                                                                         Х.ЭРДЭНЭСУВД