Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1726

 

 

 

 

 

 

 

 

 

З.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01808 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч З.Д-ийн хариуцагч “Л” ХХК-д холбогдуулан гаргасан 207 512 481 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Г, Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч З.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Анх 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Д.С нь надтай уулзаж өөрийнх нь “Л” ХХК нь “Ш" ХХК-аас зарласан сэлбэг нийлүүлэх тендерт орохын тулд 100 000 000 төгрөг шаардлагатай болсон тул намайг хүүтэй мөнгө олж өгч туслаач гэж гуйсан юм. Би хоёр найз Н.Г, Д.М нартай ярилцаад зээлүүлэхээр тохиролцсон. Д.С нь чи 100 000 000 төгрөгөө манай компанид 2 сарын хугацаатай, сарын 25%-ийн хүүтэй зээлүүлээч, хэрэв манай компани “Ш” ХХК-аас зарласан Ус шүүрүүлэлтийн Д шугамын үндсэн шугамын сэлбэг нийлүүлэх тендерт шалгарч чадахгүй бол сарын 20%-н хүүтэйгээр бодож тооцон буцааж төлье гэсэн хүсэлт тавьсан.

Ийнхүү 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр З.Д миний бие болон “Л” ХХК-ний хооронд Зээлийн гэрээгээр 100 000 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, сарын 25%-ний хүүтэйгээр зээлж, мөн Зээлийн барьцаалбар, компанийн хувьцааг буцаан шилжүүлэх тухай гэрээгээр барьцаанд Хүннү хороолол 110 дугаар байрны 1801 тоот 95.71 м.кв байрыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарснаар барьцаалбар хийж улсын бүртгэлд бүртгүүлэхээр, мөн зээлийг эгүүлэн төлөх баталгаа болгож зээлийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд “Л” ХХК-ийн 40%-ийн хувьцаа болох 1 бүрийн үнэ нь 1 000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг иргэн З.Д-д шилжүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан юм.

Дээрх гэрээний дагуу З.Д би 100 000 000 төгрөгийг “Л” ХХК-ийн данс руу шилжүүлэх гэтэл Д.С манай компани татвар, нийгмийн даатгал, санхүүгийн хэлтэс, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг газруудад нэлээд их өглөгтэй учир энэ бүгдийг төлсний дараа тендерт орох эрхтэй юм байна. Тиймээс чи манай компанид зээлж байгаа 100 000 000 төгрөгөө дараах байдлаар, өгч тус болно уу гэсэн хүсэлтийн дагуу 100 000 000 төгрөгийг дараах байдлаар өгч зээлсэн болно. Үүнд:

2017 оны 4 дүгээр сарын 4-нд нотариатаар гэрээ байгуулахад 69 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 4-нд 90 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 5-нд 16 150 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 6-нд 30 709 050 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 6-нд 240 000 төгрөгийг Д.С-н хүсэлтээр өөрийнх нь 5034710482 тоот хувийн данс руу шилжүүлсэн, 2017 оны 4 дүгээр сарын 6-нд 9 381 000 төгрөгийг “Л” ХХК-ийн татварын өглөгийг Улаанбаатар хотын банкны дансанд тушаасан, 2017 оны 4 дүгээр сарын 6-нд 30 000 000 төгрөгийг Д.С-н хүсэлтээр бэлнээр авч “Л” ХХК-ийн санхүүгийн торгуулийн мөнгийг Улаанбаатар хотын банкны дансанд тушаасан, 2017 оны 4 дүгээр сарын 12-нд 4 350 000 төгрөгийг “Л” ХХК-ийн данс руу шилжүүлсэн, 2017 оны 4 дүгээр сарын 13-нд 1 000 000 төгрөгийг Д.С-н хүсэлтээр өөрийнх нь хувийн данс руу шилжүүлсэн, 2017 оны 4 дүгээр сарын 19-нд 3 000 000 төгрөгийг Д.С-н хүсэлтээр өөрийнх нь 5034710482 тоот хувийн данс уруу шилжүүлсэн, 2017 оны 4 дүгээр сарын 20-нд 900 000 төгрөгийг “Л” ХХК-ийн данс руу шилжүүлсэн, 2017 оны 4 дүгээр сарын 20-нд 830 000 төгрөгийг “Л” ХХК-ийн данс руу шилжүүлсэн, 2017 оны 4 дүгээр сарын 27-нд 3 000 000 төгрөгийг Д.С-н хүсэлтээр өөрийнх нь 5034710482 тоот хувийн данс руу шилжүүлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 27-нд 280 950 төгрөгийг Д.С-н хүсэлтээр “ТС” ХХК-аас авсан зээлд нь төлсөн.

Зээлийн гэрээний хугацаа дууссан тул 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн “Л” ХХК-аас Зээл болон зээлийн хүүг төлөх талаар удаа дараа шаарддаг байсан боловч, тэрээр удахгүй мөнгө ороод ирнэ гэх мэтээр зээл төлөлтийг хойшлуулсаар байсан. 2017 оны 7 дугаар сард “Л” ХХК нь үндсэн зээлийн 55 000 000 төгрөг болон түүний хүү болох 27 250 000 төгрөг нийтдээ 82 500 000 төгрөгтөө тооцож бартерийн хэлбэрээр Зээлийн барьцааны гэрээнд барьцаалуулсан Хүннү хороолол 110 дугаар байрны 1801 тоот 95.71 мкв байрыг манай найз Д.М-ын Наран хотхонд байрладаг 3 өрөө байр, мөн Сүхбаатар дүүрэгт байрлах Шарга морьт зуслангийн Д М-ын эхнэр, дүүгийн нэр дээрх 3 ширхэг газраар солилцож, дээрх 3 зуслангийн газрын 2 газрыг нь Д.С-н 2 хүүхдийнх нэр дээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр миний бие “Л” ХХК-ийн захирал Д.С-тай уулзаж анх зээлсэн 100 000 000 төгрөгөөс, үлдэгдэл төлбөр болох 45 000 000 төгрөг болон түүний хүү 18 000 000 төгрөг, нийт 63 000 000 төгрөгийг 30 хоногийн дотор төлж барагдуулах талаар харилцан тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдсэн юм. Тооцоо нийлснээс хойш “Л” ХХК нь надаас зээлсэн 13 200 000 төгрөг болон түүний хүү 5 280 000 төгрөг, алданги 6 600 000 төгрөг, нийт 25 080 000 төгрөгийн төлбөрт 1 зуслангийн газрыг барьцаа болгон 1 сарын хугацаатай өгсөн бөгөөд хэрэв 1 сарын хугацаанд “Л” ХХК нь зээл болон зээлийн хүүг төлж барагдуулахгүй бол энэхүү газрыг зарж борлуулан, хохирлыг барагдуулахыг зөвшөөрсөн юм. Ингээд дээрх 1 сарын тохиролцсон хугацаа өнгөрсөн боловч “Л” ХХК нь зээлийн төлбөрөөс ямар нэгэн төлбөр төлөөгүй тул барьцаанд авсан зуслангийн байшинтай 0,07 га газрыг 25 080 000 төгрөгийн төлбөрт тооцож авсан болно. Одоогоор “Л” ХХК нь З.Д надаас анх зээлсэн 100 000 000 төгрөгөөс үлдэгдэл зээл 31 800 000 төгрөг болон түүний хүү 12 720 000 төгрөг, алданги 15 900 000 төгрөг буюу нийт 60 420 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулалгүй зээлийг төлнө гэж хойшлуулсаар байгаа тул хариуцагч “Лидэр хит” ХХК-аас нийт 60 420 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч З.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Л” ХХК нь З.Д надаас анх зээлсэн 100 000 000 төгрөг болон түүний ашигласан хугацааны хүү 38 341 654 төгрөг, алданги 69 170 827 төгрөг буюу нийт 207 512 481 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа тул өмнөх шаардлага 60 420 000 төгрөгөө 147 092 481 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээлд 100 000 000 төгрөг, хүүнд 38 341 654 төгрөг, алдангид 69 170 827 төгрөг, нийт 207 512 481 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хүүг зээлийг бодитоор олгосон өдөр тус бүрээс хойш 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл бодсон. Бодсон аргачлал нь хэргийн 138 дугаар хуудсанд байгаа. 69 000 төгрөг, 90 000 төгрөг, 16 150 000 төгрөг, 30 709 050 төгрөгийн хүүг бодсон аргачлал нь 138 дугаар хуудсанд дутуу хэвлэгдсэн байна, гэхдээ хүүгийн тооцоо нь 38 341 653 төгрөгт орсон учир тайлбарлая. 2017 оны 4 дүгээр сарын 4-нд олгосон 69 000 төгрөг*20%:30*61хоног=28 060 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 4-нд олгосон 90 000 төгрөг*20%:30*61хоног=36 600 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 5-нд олгосон 16 150 000 төгрөг*20%:30*60хоног=6 460 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 6-нд олгосон 30 709 050 төгрөг*20%:30*59хоног=12 078 893 төгрөг, нийт 18 603 554 төгрөгийн хүү дээр хэргийн 138 дугаар хуудсан дахь 19 738 100 төгрөгийн хүү нэмэгдээд нийт 38 341 654 төгрөгийн хүү нэхэмжилсэн.

Үндсэн зээл 100 000 000 төгрөг дээр 38 341 654 төгрөгийн хүүг нэмж, нийт 138 341 654 төгрөгийн 50 хувь болох 69 170 827 төгрөгийн алданги, нийт 207 512 481 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Надаас авсан 99 719 050 төгрөгтэй маргахгүй байна. Д.С нь “ТС” ХХК-аас тусдаа зээл авсан байсан. Тэр зээлд 280 950 төгрөгийг төлөөд өгөөч гэж хүссэнийх нь дагуу би төлсөн. Би “ТС” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг юм. Би хүсээгүй байхад нь хүний зээлийг төлөхгүй шүү дээ. Д.Мын 55 000 000 төгрөг, гэрч Н.Гийн 31 800 000 төгрөг, миний 13 200 000 төгрөг нийлж “Л” ХХК-д зээл олгосон нь үнэн боловч зээлийн гэрээг би байгуулсан учир 100 000 000 төгрөгөө шаардах эрхтэй гэж үзэж 100 000 000 төгрөгөө нэхэмжилсэн гэжээ.

 

Нэхэмжлэгч З.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Д.С нь надтай уулзаж өөрийнх нь “Л” ХХК нь “Ш" ХХК-аас зарласан сэлбэг нийлүүлэх тендерт орохын тулд 100 000 000 төгрөг шаардлагатай болсон тул намайг хүүтэй мөнгө олж өгч туслаач гэж гуйсан юм. Тендерт ороод ялах юм бол сарын 25 хувь, чадахгүй бол сарын 20 хувийн хүү төлнө гэж хэлсэн.

Ингээд би хоёр найз Н.Г, Д.М нартай ярилцаад, Д.Мын 55 000 000 төгрөг, Н.Г 31 800 000 төгрөг, би 13 200 000 төгрөг нийлж “Л” ХХК-д зээлүүлэхээр тохиролцоод би зээлийн гэрээг бичгээр байгуулсан.

Д.С эгч бид хоёр нотариат дээр очиж гэрээг байгуулахад нотариатчийн зөвлөснөөр компанийн хувьцааг шилжүүлсний дараа мөнгөө шилжүүлэхээр тохиролцоод, зээлийг 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн 13 удаагийн үйлдлээр түүний хүсэлтээр хувийнх нь болон компанийн данс, нийгмийн даатгал, татвар, бусдад төлөх өр зэргийг барагдуулсан байдаг.

Нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагад хүүг хэрхэн тооцсон талаар дэлгэрэнгүй бичигдсэн байгаа. Д.С эгч надад мэдэгдэлгүй Д.Мтай тохиролцоод зээлийн барьцаанд тавьсан орон сууцыг түүнд шилжүүлсэн. Миний бие Шарга морьт зуслангийн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж аваад 18 000 000 төгрөгөөр худалдсан.

Хариуцагч надтай бичгийн гэрээ байгуулчхаад дур мэдэн Д.Мад зээлийн барьцааг шилжүүлээд байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 100 000 000 төгрөг дээр 38 341 654 төгрөгийн хүүг нэмж, нийт 138 341 654 төгрөгийн 50 хувь болох 69 170 827 төгрөгийн алданги, нийт 207 512 481 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л ХХК-ийн төлөөлөгч Д.С шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...иргэн З.Дийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон агуулга нь бодит байдлаас зөрүүтэй, мэдээлэл оруулснаас гадна компанийн нэр хүндийг унагах худал мэдээлэл оруулсан байна. Мөн иргэн З.Д нь 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээний 1 дүгээр зүйлд зааснаар 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, 3 дугаар зүйлд зааснаар Зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүчин төгөлдөр болно гэсэн заалтууд зөрчигдөж иргэн З.Д нь 2017 оны 4 дүгээр сарын 4-нд Л ХХК-ийн зээлж буй 100 000 000 төгрөгийг хугацаанд нь өгөөгүй. Мөн 2018 оны 5 дугаар сарын 11-ний байдлаар тооцоо нийлэхэд 2 талын тооцоо зөрж байгаа ба “Л” ХХК-нд нийт 99 719 050 төгрөгийг өгсөн байна.

З.Д мөнгөө хугацаандаа өгөөгүйгээс, мөн татварын өрийг данс андуурч тушаасан зэргээс шалтгаалж тендерт оролцож чадаагүй. 13 гүйлгээний дүн 99 719 050 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ хугацаа алдаж авсан. Хамгийн сүүлийн 280 950 төгрөгийг би аваагүй, “ТС” ХХК-д би зээлтэй байсан боловч өөрөө зээлээ төлсөн, 100 000 000 төгрөгт нь хүрэхгүй болохоор 280 950 төгрөг төлсөн мэт баримтыг З.Д үйлдэж хийсэн. Д.М, Н.Г, З.Д нартай мөнгө зээлэх талаар уулзсан, дундаасаа мөнгө нийлүүлнэ гэж ярьж байсан. Уг зээлийн 55 000 000 төгрөг нь Д.Маас орсон гэдгийг З.Д хүлээн зөвшөөрч 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо нийлчихээд одоо Д.Мын 55 000 000 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Би Д.Мын зээл 55 000 000 төгрөг, 2 сарын хүү 22 000 000 төгрөг, нийт 77 000 000 төгрөгийг авснаар тооцон, 4 өрөө байраа шилжүүлэн өгч, Д.Мын 3 өрөө орон сууцыг солилцож тооцоогоо дуусгасан. Д.Мын байр 100 000 000 төгрөгийн ипотекийн зээлтэй байсан учир би төлөхөөр тохиролцон, оронд нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга Морьтод байрлах 3 газар, 2 үл хөдлөх хөрөнгийг авахаар тохирсон. 2 газар, 1 үл хөдлөх хөрөнгийг гэрээ байгуулсан. 1 газар, 1 үл хөдлөх хөрөнгө нь А.Т-ийн дүү Уын нэр дээр байсан учир дараа шилжүүлж өгнө гээд шилжүүлж өгөөгүй байгаа. Уаас З.Д итгэмжлэл аваад захиран зарцуулсан гэж байна, би уг газар, үл хөдлөхийг З.Дид өгөх өрөндөө өгөхөөр ярилцсан боловч үнээ тохирч чадаагүй. З.Д уг газар, үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэлдээ 25 080 000 төгрөгөөр зарсан гэсэн атлаа одоо 18 000 000 төгрөгөөр зарсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Л ХХК-ийн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З.Д нь зээлийн гэрээ байгуулсан даруйдаа мөнгөө өгөхгүй алга болсон. Нэхэмжлэлдээ дурдсан "... манай компани татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг газруудад нэлээд их өртэй... манай компанид зээлж байгаа мөнгийг дараах байдлаар өгч, тус болно уу гэсэн нь бидний дунд огт яригдаагүй асуудал. Харин З.Д нь араасаа нэхэл, дагал болж байж мөнгөө шилжүүлдэг, компанид буюу Д.С би өөрөө зээлсэн мөнгөө юунд зарцуулахаа мэдэх боломжийг олгоогүй, хэрэгцээ гарахаар аргагүй эрхэнд гуйж, учраа тайлбарлаж байж, шаардлагатай газрууд руу мөнгийг шилжүүлдэг байсан.

Ийнхүү нэхэмжлэгч З.Дийн дээрх хариуцлагагүй үйлдлээс болж буюу буруу дансанд мөнгө шилжүүлснээс манай компани тендертээ орж чадаагүй, хасагдсан. 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 100 000 000 төгрөг зээлсэн мэт боловч, энэхүү мөнгө нь тухайн өдрөө орж ирээгүй, 14 удаагийн давтамжтай, хамгийн сүүлийн мөнгө нь нэхэмжлэлд дурдсанаар 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр манай компани уруу шилжсэн байдаг. Зээл бүтэн олгогдоогүй, гэрээ байгуулснаас хойш 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх 23 хоногийн дараа орж ирсэн нь зээлийн хүүг хэрхэн, яаж тооцох нь тодорхойгүй, ойлгомжгүй байдлыг үүсгэдэг. Энэ тухай З.Дид удаа дараа хэлж, шаардсаны хүчинд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Тооцоо нийлсэн актыг үйлдсэн боловч З.Д нь миний саналыг хүлээж авахгүй, хэрүүл болохоор байсан тул миний бие дараа болж болох байх гэж бодоод хүлээцтэй хандаад, өнгөрсөн. Ингэж шаардсаны учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн хуулийн зохицуулалтаас үзэхэд 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ хэзээ хүчинтэй болж, хүү, алданги албан ёсоор тооцогдох вэ гэдэг асуудал эргэлзээтэй байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Д.С би З.Дийн шаардсан болгоныг хүлээж авч өөрт байсан байр, газар, хувьцаа гэх мэт зүйлийг шилжүүлж өгсөн. Хүнээс мөнгө зээлсэн учир төлөх нь зүй ёсны асуудал.

Гэтэл “Л” ХХК нь мөнгө зээлэх болсон зорилгодоо хүрч чадаагүй, зээлсэн 100 000 000 төгрөгөө бүрэн аваагүй, харин З.Доос зээл авснаас дор хохирол хүлээж байхад хүү, алданги нэмж төлүүлэхээр шаардаж байгаа нь хэт нэг талыг барьсан, хууль бус гэрээ болсон, мөн нэгэнт шүүхэд маргаан үүсгэсэн учир асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж, “Л” ХХК, иргэн З.Д нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч З.Д шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Хариуцагч “Л” ХХК-ийн зүгээс хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Зээлдүүлэгч З.Дид “Л” ХХК-ийн 40 хувийн хувьцаа шилжиж, баталгаажсаны дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс зээлж буй 100 000 000 төгрөгийг зээлдэгч “Л” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд “Л” ХХК-ийн хүсэлтийн дагуу тус тусын данс уруу шилжүүлсэн. Мөн дээрх зээлийн гэрээний дагуу 100 000 000 төгрөгийг нэхэмжлэлд дурдсан хугацаанд хүлээн авсан гэдгээ зөвшөөрдөг боловч зөвхөн зээлдэгч “Л” ХХК-ийн хүсэлтийн дагуу нэхэмжлэлд дурдсан байдлаар шилжүүлсэн эсэх дээр л маргаж байна. Талууд сүүлд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр анх зээлсэн 100 000 000 төгрөгөөс үлдэгдэл төлбөр болох 45 000 000 төгрөг болон түүний хүү 18 000 000 төгрөг нийт 63 000 000 төгрөгийг тооцоо нийлснээс хойш 30 хоногийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдсэн зэрэг байдал нь бодит байдлыг илэрхийлсэн. Хариуцагч “Л” ХХК-ийн зүгээс бодит байдлыг үгүйсгэж, зөвхөн зээлээ төлөхгүй гэсэн шалтаг хайж, зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийг удаа дараагийн үйлдлээр олгосон байтал, хугацаа хэтэрч зээл олгосон хэмжээн улмаар уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч “Л" ХХК-ийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний найз З.Д 2017 оны 3 дугаар сарын сүүлээр “Лидэр хит” ХХК-ийн захирал Д.С гэдэг хүнд 100 000 000 төгрөгийг сарын 25 хувийн хүүтэй зээлүүлье, Д.М гурвуулаа нийлээд энэ мөнгийг босгоод зээлье гэсэн санал тавьсан. Миний хувьд 2018 оны 3 дугаар сард эхнэрээ БНХАУ-д хагалгаанд оруулахаар байсан тул саналыг хүлээн авч өөрт байсан 31 800 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон.

“Л” ХХК-ийн захирал Д.Стай З.Д 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр бичгээр гэрээ байгуулах үед нь би тэдэнтэй хамт байсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахаар би мөнгөө чамаас хүүтэй нь авна гэж З.Дид хэлсэн. Гэрээний хугацаа дуусахад би мөнгөө нэхэхэд Д.С удахгүй өгнө гэсэн гэж хэлсээр өгөөгүй.

Миний бие 2017 оны 9 дүгээр сард эхнэрээ БНХАУ-д хагалгаанд оруулахаар Д.Стай удаа дараа утсаар ярихад дансаа өгчих араас чинь шилжүүлнэ гэх мэтээр арга саам хийж байсан. Би эрээн хотод байхдаа хүртэл түүнтэй ярихад би араас чинь шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй. Д.С мөнгө орж ирнэ түр хүлээж бай гэсээр өнөөдрийг хүрч байна. Бидний Л ХХК-д зээлүүлсэн 100 000 000 төгрөгийн 31 800 000 төгрөг миний мөнгө юм. Иймд З.Д Д.С нарын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр З.Д С гэж хүн тендерт орох гээд 100 000 000 төгрөг хэрэгтэй байна гэж байна. Дундаасаа мөнгө босгоод 100 000 000 төгрөг болгоод өгье, 2 сарын дараа 20 хувийн хүүтэй өгнө гэж байна гэхэд нь би 55 000 000 төгрөг өгсөн. Хугацаа дууссаны дараа би Д.Стай уулзахад Хүннү хорооллын байрыг оронд нь авчих гэж хэлсэн. Би зөрүүд өөрийн Саруул хотхоны 3 өрөө байр болон лагерийн 2 байшинтай 3 газар, 9911-тэй дугаар, Портер машин өгөөд Хүннү хороолол дахь 4 өрөө байрыг өөрийн нэр шилжүүлэн авсан.  Дараа нь тооцоо зөрөөд би эхнэрийнхээ унаж байсан Тоёота Кроун маркийн суудлын авто машиныг тус тус Д.Сд шилжүүлэн өгсөн. Ийнхүү би үндсэн мөнгө 55 000 000 төгрөгөө, хүү 22 000 000 төгрөгийн хамт 77 000 000 төгрөгийг бартьераар тооцон шилжүүлэн өгсөн. С эгч бид хоёрын эхний тохиролцоонд манай эхнэрийн Тоёота Кроун маркийн авто машин байгаагүй, Гэтэл байрны гэрчилгээгээ шилжүүлэх болсон чинь мөнгө арай бага байна нэмж юм өг гэсэн учир би эхнэрийнхээ машиныг өгсөн. Одоо надад өр авлага байхгүй. Д.С бид 2 бүх зүйлээ шилжүүлэн өгсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Л” ХХК-аас 91 422 423 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Дид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 116 090 058 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 355 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Л” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 615 062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Дид олгож, хариуцагч “Л” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна.

Шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй, хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтанд нийцээгүй байна. Учир нь:

Нэхэмжлэгч З.Д нь 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр "Л" ХХК-тай хийсэн зээлийн гэрээний дагуу тухайн өдөртөө 100 000 000 төгрөгийг зээлдэгчид бодитойгоор шилжүүлж өгөөгүй, зээлийн гэрээний 3 дугаар зүйлд заасан зүйл заалт хэрэгжээгүй, зээлийн гэрээ хийгдсэнээс хойш 23 хоногийн дараа мөнгийг хэсэгчлэн өгсөн байхад зээлийг хүүг бүтэн олгосон хэмжээнээс бодсон нь үндэслэлгүй юм.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Мын арилжааны гэрээгээр 77 000 000 төгрөг өөртөө авсныг үндсэн зээлээс хасч тооцоогүй.

Нэхэмжлэгч З.Д нь шүүх хурлын явцад "... Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьт 6 дугаар гудамж, 457 тоот хаягт байрлах хувийн сууцыг 2019 оны 9 дүгээр сард С.Жд 18 000 000 төгрөгөөр худалдсан" гэж тайлбарласан боловч энэхүү мөнгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцоогүй зэрэг нөхцөл байдлууд байхад шүүх ямар үндэслэлээр үндсэн зээл, хүү, алдангийн нийлбэрийг 91 422 423 төгрөг гэж тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр "хууль ёсны буюу үндэслэл бүхий" болж чадаагүй гэж үзнэ.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч З.Д нь хариуцагч “Л” ХХК-д холбогдуулж үндсэн зээлд 100 000 000 төгрөг, зээлийн хүүд 38 341 654 төгрөг, алданги 69 170 827 төгрөг, нийт 207 512 481 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчдын хооронд  2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр байгуулагдсан гэрээгээр зээлдүүлэгч  З.Д нь 100 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 25 хувийн хүүтэйгээр “Л” ХХК-д /захирал Д.Сд/ зээлдүүлэх,  зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт мөн оны 6 дугаар сарын 4-нд багтаан буцаан төлөх, зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд алдангийг хоног тутам  0,5 хувиар тооцон гаргуулахаар харилцан тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

            Нэхэмжлэгч З.Д нь 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нийт 13 удаагийн үйлдлээр 99 719 050 төгрөгийг Д.С-н хүсэлтийн дагуу заасан дансанд нь болон бэлнээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, хариуцагч үүнийг үгүйсгээгүй бөгөөд гэрээний дагуу зээл, зээлийн хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэг “Л” ХХК-д үүсчээ.

 

            Дээрх зээлийн хөрөнгийн 31 800 000 төгрөгийг Н.Г, 55 000 000 төгрөгийг Д.М гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож тайлбар гаргасан.

 

Гуравдагч этгээд Д.М нь 55 000 000 төгрөгийг сарын 20 хувиар 2 сарын хүү болох 22 000 000 төгрөгийн хамт нийт 77 000 000 төгрөгийн авлагадаа Д.Сгаас зээлийн үүрэгт барьцаалсан Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Хүннү 2222, 110 дугаар байрны 1801 тоотод байрлах 95,71 м.кв орон сууцыг тооцон авсан, зөрүүд нь өөрийн өмчлөлийн Саруул хотхоны 3 өрөө орон сууц, Шарга морьтын зусланд байрлах 2 байшинтай 3 газар, Портер машин, Тоёота Кроун маркийн машин, 9911-тэй утасны дугаар зэргийг Д.Сд шилжүүлэн тооцоо дууссан талаар шүүх хуралдаанд тайлбарласан, тайлбараа баримтаар нотолсон байна. /хх2-57/

 

            Нэхэмжлэгч З.Д энэ тухай шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ дурдсанаас гадна 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 55 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон нь хэрэгт баримтаар авагджээ. /хх1-11/

 

            Иймд Д.Маас авсан 55 000 000 төгрөгийн үндсэн зээл, хүүгийн төлбөр нь Д.Стай хийсэн арилжааны гэрээгээр тооцоо дууссан гэж шүүх дүгнэн, төлбөрөөс хасч тооцсон нь үндэслэл бүхий болжээ.

 

            Гуравдагч этгээд Н.Г нь “Л” ХХК-д зээлдүүлсний 100 000 000 төгрөгийн 31 800 000 төгрөгийг оруулсан боловч зээлийн гэрээг З.Д байгуулсан учир өөрөө шаардах боломжгүй байгаа, Д.Стай ярихад зээлийг төлөхийг зөвшөөрдөг боловч биелүүлээгүй тул 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг хангуулахыг шүүхээс хүссэн байна. /хх2-48/

 

            Нэхэмжлэгч З.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээрээ үлдэгдэл зээл 31 800 000 төгрөг, хүү алдангийн хамт шаардсан байх бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо нийлснээс хойш “Л” ХХК нь өөрөөс нь зээлсэн 13 200 000 төгрөг болон түүний хүү 5 280 000 төгрөг, алданги 6 600 000 төгрөг, нийт 25 080 000 төгрөгийн төлбөрт 1 зуслангийн газрыг барьцаа болгон 1 сарын хугацаатай өгсөн боловч үүргээ биелүүлээгүй тул зуслангийн байшинтай 0,07 га газрыг 25 080 000 төгрөгийн төлбөрт тооцож авсан гэж бичжээ. /хх3/

 

Мөн талууд тооцоо нийлснээс хойш  зуслангийн нэг газрыг З.Д бусдад зарж төлбөрөөс хасч тооцохоор тохиролцсон талаар хариуцагчийн төлөөлөгч Д.С тайлбар гаргасан байна.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э нь дээрх нэг зуслангийн газартай холбоотой баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргаж, энэ талаарх баримт 2 дугаар хавтаст хэргийн 12-23 дугаар талд авагдсан, З.Д нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд байршилтай 571 м.кв талбайтай зуслангийн нэг байшин бүхий газрыг С.Жд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн үйл баримт  тогтоогдож байна.

 

            Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл 100 000 000 төгрөгийг босгоход Д.Маас гаргасан 55 000 000 төгрөг, З.Доос гаргасан 13 200 000 төгрөгийг тус тус хүү, алдангийн хамт тооцож, тооцоо дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зохигчид тооцоо нийлж 45 000 000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй болсныг баталгаажуулсан, мөн үүнээс хойш нэхэмжлэгч З.Д нь 13 200 000 төгрөгийг хүү алдангийн хамт 25 080 000 төгрөгөөр тооцож зуслангийн газраар тооцоо дуусгасан атлаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 207 512 481 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байна.

 

            Мөн шүүх дээрх байдлаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 31 800 000 төгрөг болсон нь баримтаар нотлогдсон байхад 44 719 050 төгрөгөөс тооцож төлбөр гаргуулсан нь алдаатай байх тул 31 800 000 төгрөгийн үндсэн зээлд 20 хувийн хүүг 2 сараар тооцон, алдангийн хамт гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцнэ гэж үзэв.

 

            Зээлийн мөнгийг зээлдэгчийн хүсэлтээр түүний өр төлбөрт тухай бүрт нь шилжүүлсэнд зээлдүүлэгчийг буруутгах боломжгүй тул үлдэгдэл төлбөрт зээлийн гэрээний нөхцөлөөр хүү тооцох нь зүйтэй.

 

            Шүүх зуслангийн нэг газрыг төлбөрт тооцож авсан баримтыг үнэлээгүй алдаа гаргасныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн дүгнэх боломжтой байх тул 31 800 000 төгрөгийн үндсэн зээл, түүний хүү 12 720 000 төгрөгийг алданги 22 260 000 төгрөгийн хамт, нийт 66 788 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах  үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01808 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын   “91 422 423 төгрөгийг” гэснийг “66 788 000 төгрөгийг” гэж, “116 090 058 төгрөгт” гэснийг “140 724 481 төгрөгт” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “615 062 төгрөгийг” гэснийг “491 890 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 615 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ