Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1679

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Т даргалж, шүүгч А.О, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01624 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хан-Уул дүүргийн ХХҮХ болон ХНХЯ холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 195 824 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч ХНХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М , хариуцагч Б.Э, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь 2010 оноос хойш Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл түүнийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/128 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд ажил олгогчийн уг тушаалыг Б.А нь эс зөвшөөрөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж улмаар 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэр гарч, түүнийг албан тушаалд нь эгүүлэн тогтоосон. Уг шийдвэрийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 497 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 357 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураараа биелүүлэх үүрэгтэй бөгөөд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар тус хэлтсийн албаны даргаар томилсон байдаг. Иймд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 8 195 824 төгрөгийг буруутай байгууллагаас нь гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас нэхэмжлэгчтэй холбоо бариад 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр уулзалт хийгээд, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс ажилдаа оръё гэж тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилдаа оръё гэсэн. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн хариуцагч нь манай байгууллага биш. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг Улсын Дээд шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эцэслэн шийдвэрлэж, нэхэмжпэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэн 3 сарын дотор нэхэмжпэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсөө нэхэмжпэх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч дээрх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжпэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 195 824 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, зохих журмын дагуу бичилт хийхийг даалгаж, хариуцагч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 146 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 146 083 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Боржигон овогтой Б Э би Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01624 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хэсэг, итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ дагуу давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт "Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй" гэж заасан. Нэхэмжлэгчийн өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг Улсын дээд шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэх 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч дээрх хугацааг хэтрүүлсэн байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шуүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэрээр Б.А жилгүй байсан хугацааны цалин хөлс 5 419 488 төгрөгийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам нь тус шүүхийн шийдвэрийг бүхэлд нь биелүүлж, Б.А ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгэсэн болно. Б.А ажилд тоИшлох асуудлыг шүүх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсд даалгасан бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийг тус хэлтэс хүлээсэн бөгөөд Б.А ажилд нь эгүүлэн томилох томилгоог хугацаа алдаж гүйцэтгэсэн асуудал нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдаас үл шалтгаалсан болно. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01624 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Б.А нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан буруутай байгууллагаас нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 195 824 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-3, 54 дүгээр тал/

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/128 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэрээр “...Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/128 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.А 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 419 488 төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдаас гаргуулж, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, Б.А ажилд нь эгүүлэн томилохыг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0497 дугаар магадлалаар “...шийдвэрийн нэг дэх заалтын Б/128 тушаалыг хүчингүй болгосугай гэснийг тушаалын 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгож, Б.А  ажилд нь эгүүлэн томилохыг тус хэлтсийн даргад даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 357 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ./хэргийн 12-41 дүгээр тал/

            Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын Б/04 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын ажилд нь эгүүлэн тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй байна./хэргийн 8 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гурван сарын дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй. Учир нь шүүхийн шийдвэр гарсан өдрөөс нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилох хүртэлх хугацаанд нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгээгүйд түүнийг буруутгах боломжгүй юм. Дээрх хугацаанд нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгээгүй буюу хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн хэвээр байжээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс Б.А ажилд нь эгүүлэн тогтоосон 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 195 824 төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас гаргуулан нэхэмжлэгч Б.А олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь зохих журмын дагуу шимтгэл, хураамжийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Хариуцагч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01624 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ТУЯА

 

                                                   ШҮҮГЧИД                             А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                     С.ЭНХТӨР