Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00444

 

Б.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01624 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1679 дүгээр магадлалтай,

Б.Агийн нэхэмжлэлтэй

ХУД-ын ХХҮХ болон ХНХЯд холбогдох

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 195 824 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг, Д.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь 2010 оноос хойш ХУД-ын ХХҮХ ийн даргаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл түүнийг ХНХын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/128 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд ажил олгогчийн уг тушаалыг Б.А нь эс зөвшөөрөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж улмаар 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэр гарч, түүнийг албан тушаалд нь эгүүлэн тогтоосон. Уг шийдвэрийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 497 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 357 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураараа биелүүлэх үүрэгтэй бөгөөд ХУД-ын ХХҮХийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар тус хэлтсийн албаны даргаар томилсон байдаг. Иймд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 8 195 824 төгрөгийг буруутай байгууллагаас нь гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХУД-ын ХХҮХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ХНХЯнаас нэхэмжлэгчтэй холбоо бариад 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр уулзалт хийгээд, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс ажилдаа оръё гэж тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилдаа оръё гэсэн. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн хариуцагч нь манай байгууллага биш. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч ХНХЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг Улсын Дээд шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэн 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч дээрх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01624 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХНХЯнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 195 824 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, зохих журмын дагуу бичилт хийхийг даалгаж, хариуцагч ХУД-ын ХХҮХт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 146 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХНХЯнаас улсын тэмдэгтийн хураамжид 146 083 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1679 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01624 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХНХЯны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ХНХЯ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг хяналтын гомдолдоо: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хэсэг, итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгчийн өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг Улсын дээд шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэх 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч дээрх хугацааг хэтрүүлсэн байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэрээр Б.Ат ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5 419 488 төгрөгийг ХНХын сайдаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан. ХНХЯ нь тус шүүхийн шийдвэрийг бүхэлд нь биелүүлж, Б.Аийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгэсэн болно. Б.Аийг ажилд томилох асуудлыг шүүх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст даалгасан бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийг тус хэлтэс хүлээсэн бөгөөд Б.Аийг ажилд нь эгүүлэн томилох томилгоог хугацаа алдаж гүйцэтгэсэн асуудал нь ХНХын сайдаас үл шалтгаалсан болно. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хянаж, хүчингүй болгож. шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.А нь ХУД-ын ХХҮХ, ХНХЯанд холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 195 824 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс нэхэмжлэлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна.” гэж заасан зохицуулалт маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хэм хэмжээ биш болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй, анхан шатны шүүхийн алдааг залруулж чадаагүй нь буруу болжээ.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэрээр ХНХын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/128 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Аийг ажилд нь эгүүлэн томилохыг ХУД-ын ХХҮХийн даргад даалгаж, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны олговорт 5 419 488 төгрөгийг ХНХын сайдаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0497 дугаар магадлалаар шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулсан, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 357 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээжээ.

Шүүхийн шийдвэрийг биелүүлж, ХУД-ын ХХҮХийн дарга 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б/04 дүгээр тушаалаар Б.Аийг Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосон байна.

Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа эгүүлэн тогтоогдсон боловч 1 жил 3 сарын дараа, 2019 оны 04 сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байхад хоёр шатны шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж чадаагүй нь буруу болжээ.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-т зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу  хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь ерөнхий болон тусгай гэж ангилагддаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т хөөн хэлэлцэх тусгай хугацааг хуульчилж, хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлснээс бусад тохиолдолд эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байна.

Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа орсноос хойш ажил олгогч ажилгүй байсан хугацааны олговрыг өгөөгүй, эрх зөрчигдсөн нь мэдэгдэж байхад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Зохигч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх эрх зүйн үйл баримтын талаар маргаж, мэтгэлцсэн ба нэхэмжлэгч нь хугацааг сэргээх эсвэл хугацаа тасалдсан болохыг нотлоогүй байв. Б.Аийн нэхэмжлэлийг буцаасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 183/ШЗ2019/03499 шүүгчийн захирамж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 183/ШЗ2019/04266 дугаар шүүгчийн захирамж хэрэгт байх боловч нэхэмжлэлийг хугацаандаа гаргасан, нэхэмжлэл гаргах хугацаа тасалдсан гэх байдал тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01624 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1679 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ХНХЯ, ХУД-ын ХХҮХт холбогдох ажилгүй байсан 2017 оны 04 сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 сарын 02 хүртэл хугацааны олговор 8 195 824 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА