Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1624

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х дүүргийн ХХҮХ-т холбогдох,

 

Хариуцагч: ХНХЯ-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8.195.824 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч О.М, хариуцагч Х дүүргийн ХХҮХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч ХНХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Т нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь 2010 оноос хойш Х дүүргийн ХХ-ийн даргаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ......... дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд ажил олгогчийн уг тушаалыг Б.А нь эс зөвшөөрөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж улмаар 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаар шийдвэр гарч, түүнийг албан тушаалд нь эгүүлэн тогтоосон. Уг шийдвэрийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн ... дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураараа биелүүлэх үүрэгтэй бөгөөд Х Дүүргийн ХХҮХ-ийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ...дүгээр тушаалаар тус хэлтсийн албаны даргаар томилсон байдаг. Иймд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 8.195.824 төгрөгийг буруутай байгууллагаас нь гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х Дүүргийн ХХҮХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ХНХЯ-наас нэхэмжлэгчтэй холбоо бариад 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр уулзалт хийгээд, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс ажилдаа оръё гэж тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилдаа оръё гэсэн. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн хариуцагч нь манай байгууллага биш. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч ХНХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг Улсын Дээд шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эцэслэн шийдвэрлэж, нэхэмжпэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэн 3 сарын дотор нэхэмжпэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсөө нэхэмжпэх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч дээрх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжпэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Б.А нь Хан-Уул дүүргийн ХХҮХ, ХНХЯ-нд холбогдуулан буруутай байгууллагаас нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8.195.824 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаар шийдвэрээр “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ......... дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.А-т 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5.419.488 төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас гаргуулж, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, Б.А-ийг ажилд нь эгүүлэн томилохыг Х Дүүргийн ХХҮХ-ийн даргад даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэрийг хариуцагч нараас эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ...... дугаар магадлалаар “...шийдвэрийн нэг дэх заалтын ......... тушаалыг хүчингүй болгосугай гэснийг тушаалын 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгож, Б.А-ийг ажилд нь эгүүлэн томилохыг тус хэлтсийн даргад даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрлэснийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

1. Зохигчид “...шүүхийн шийдвэрийн дагуу Х Дүүргийн ХХҮХ-ийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тушаалаар Б.А-ийг Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын ажилд нь эгүүлэн тогтоосон, Б.А-т 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоогүй” талаар маргаагүй болно.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно” гэж заасныг баримтлан Б.А-ийг буруу халсан буюу үндэслэлгүй тушаал гаргасан ХНХЯ-наас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс Б.А-ийг ажилд нь эгүүлэн тогтоосон 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх ажлын 182 хоногийг /Б.А-ийн 000123190 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийн 2016 оны 7, 8, 9 дүгээр саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох 53.577 төгрөгөөр тооцоход 9.751.014 төгрөг/, үүнээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8.195.824 төгрөгийг хариуцагч ХНХЯ-наас  гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгож, хариуцагч Х дүүргийн ХХҮХ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.А-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь зохих журмын дагуу шимтгэл, хураамжийг төлүүлэх нь зүйтэй болно.

 

Хариуцагч талаас “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “...шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулий хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна” гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.А-ийн “...2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах” тухай шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ХНХЯ-наас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8.195.824 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, зохих журмын дагуу бичилт хийхийг даалгаж, хариуцагч Х дүүргийн ХХҮХ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 146.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХНХЯ-наас улсын тэмдэгтийн хураамжид 146.083 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.СЭМЖИД