Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1706

 

 

 

 

 

 

 

 

 

У.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.И даргалж, шүүгч А.О, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02109 дүгээр шийдвэртэй,     

Нэхэмжлэгч У.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Гуравдагч этгээд О ХХК

 

            У.Б өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч У.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.З нь эхнэр У.Б 6 сарын хугацаатай итгэмжлэл авч, эхнэрийнхээ өмчлөлийн орон сууц болон гараашийг О ХХК-ийн барьцаанд тавьж, 500 000 000 төгрөг зээлсэн. Зээлээ төлж чадаагүйгээс шүүхийн шийдвэрээр 236 381 600 төгрөг төлөхөөр болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаартай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд хотхон Зайсан гудамжны 18 дугаар байрны 4 тоот 380 м.кв талбайтай байр, Дриймлэнд хотхон Зайсангийн гудамж Г5 хаягт байрлалтай 18 м.кв авто зогсоолыг нийт 853 715 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч М.Золбоот нь сар бүр О ХХК-д 2 000 000 төгрөг төлдөг. У.Б үл хөдлөхийг шинжээч зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сүхбаатар дүүрэгт байрлах 16 давхар угсармал барилгын 1 м.кв нь 3 800 000-3 900 000 төгрөг бол Хан-Уул дүүргийн орон сууцны ханш Сүхбаатар дүүргийнхээс өндөр байх ёстой. Шинжээч дүгнэлт гаргахдаа төлбөр төлөгч М.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө нарыг байлцуулаагүй. Иймд У.Б үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээ төв-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 288 дугаартай магадлалаар М.З, У.Б нараас төлбөр гаргуулах, төлбөр барагдуулаагүй бол үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан. Төлбөр төлөгч сайн дураараа төлбөр төлөөгүй тул 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх тогтоол гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч У.Б удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардсан боловч биелүүлээгүй. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөхийг битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шинжээч томилж, үнэлгээ гаргуулсан. Төлбөр төлөгч Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7-д зааснаар үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бол 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан ч эрхээ хэрэгжүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр У.Б, М.З нарт холбогдох хэргийг эцэслэн шийдсэн Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Гэтэл өнөөдрийг хүртэл М.З төлбөр төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Ажиллагааны үед барьцааны үл хөдлөхийг битүүмжлэн хурааж, үнийн санал авч, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ гаргуулсан. М.З, У.Б нар үл хөдлөхийг хэт өндөр үнэлсэн тул хөндлөнгийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У.Байгальмаагийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд, Зайсан гудамж, 18 дугаар байрны 4 тоотод байрлах 380 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд, Зайсан гудамж, Г5 тоот хаягт байрлалтай 18 м.кв авто зогсоолыг 853 714 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн № 102/ШШ2019/02109 шийдвэрийг дараах үндэслэлээр үл зөвшөөрч  гомдол гаргаж байна. Иргэн М.З нь эхнэр У.Б итгэмжлэл авч түүний өмчлөлийн орон сууц, гаражийг О барьцаанд тавьж 500 000 000 төгрөгийн зээл авчээ. Зээлийг бүрэн төлөөгүй тул шүүхийн шийдвэрээр 236 381 600 төгрөг төлөхөөр болсон. Төлбөр төлөгч М.З нь " О-д сар бүр мөнгө шилжүүлж нийт 46 000 000 төгрөгийг сайн дураар барагдуулаад байна. У.Б 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцаанд байгаа өөрийн үл хөдлөх хөрөнгийг 1 980 000 000 төгрөгийн үнэтэй гэсэн санал өгчээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн № 67 тогтоолоор " Хөрөнгийн үнэлгээний төв " ХХК-ийг шинжээчээр томилсон. У.Б 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд У.Б үл хөдлөх хөрөнгийг үнэлэхээр шинжээч томилсон тогтоолыг хэрэгсэхгүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ. Шинжээч нь У.Б өмч болох Хан-Уул дүүргийн 11-р хороо, Дриймлэнд хотхон Зайсан гудамжны 18 дугаар байрны 4 тоот 380 м.кв талбайтай байр, Дриймлэнд хотхон Зайсангийн гудамж Г5 хаягт байрлалтай 18 м.кв авто зогсоолыг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 853 715 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас үлэмж бага байгаа юм. Шинжээч хөрөнгийн үнэлгээ, дүгнэлт гаргахдаа У.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших нарыг байлцуулаагүй. У.Б үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шинжээч Уртнасан, төлбөр төлөгч М.Золбоот, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө нарыг шүүх хуралд гэрчээр оролцуулах, У.Б хөрөнгийг бүрэлдхүүнтэй шинжээч томилж үнэлүүлэх  хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй болно. У.Б нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 2019 оны № 102/ШШ2019/02109 шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан У.Б өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд, Зайсан гудамж, 18 дугаар байрны 4 тоотод байрлах 380 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд, Зайсан гудамж, Г5 тоот хаягт байрлалтай 18 м.кв авто зогсоолын үнэлгээг тогтоохоор шинжээч томилсон 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тус үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь анх шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгө үнэлэх тогтоолыг хэрэгсэхгүй болгуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна./хэргийн 173 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/03073 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 288 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 огы 5 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2018/00751 дүгээр тогтоолоор хариуцагч М.Золбоотоос 236 381 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгож, хариуцагч М.З нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд У.Б өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд, Зайсан гудамж, 18 дугаар байрны 4 тоотод байрлах 380 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд, Зайсан гудамж, Г5 тоот хаягт байрлалтай 18 м.кв авто зогсоолыг албадан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

            Шүүхийн шийдвэрийг хариуцагч М.З нь сайн дураар биелүүлээгүй тул 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд, Зайсан гудамж, 18 дугаар байрны 4 тоотод байрлах 380 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд, Зайсан гудамж, Г5 тоот хаягт байрлалтай 18 м.кв авто зогсоолыг битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эд хөрөнгийг хураан авсан үйл баримт нь мэдэгдэл, тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хэргийн 78-84 дүгээр тал/

 

            Улмаар талуудаас барьцааны зүйлийн талаар үнийн санал авахад талууд тохиролцоонд хүрээгүй тул хариуцагч байгууллагаас 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Шинжээч томилох тухай тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байх бөгөөд шинжээч барьцааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 853 714 000 төгрөгөөр үнэлжээ./хэргийн 88-90, 93-104 дүгээр тал/

 

            Дээрх шинжээчийн дүгнэлтийг М.З, У.Б нарт 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасанд нийцжээ. Төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж анхан шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Тодруулбал нэхэмжлэгч нь анх шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгө үнэлэх тогтоолыг хэрэгсэхгүй болгуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна./хэргийн 173 дугаар тал/ Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт цугларсан баримтаар шинжээчийн тогтоосон үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Үнэлгээ тогтоох ажиллагаанд төлбөр төлөгчийн итгмэлжилсэн төлөөлөгчийг оролцуулсан талаар дүгнэлтэд тэмдэглэж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гадна дотно байдлыг авсан гэрэл зургыг хавсаргасан байгаагаас үзвэл төлбөр төлөгч талыг үнэлгээ хийх ажиллагаанд байлцуулаагүй гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагч байгууллагын явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 37.2.2-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэсэн журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02109 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

                                      ШҮҮГЧИД                            А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                            С.ЭНХТӨР