Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 02109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Дрийм лэнд хотхон, 8 дугаар байрны 4 тоотод оршин суух, Олнууд овогт Ухнаагийн Байгальмаа /РД:ЧИ67111889/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдох,

 

Гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 20 дугаар байр, 62 тоотод байрлах, Ориент-Инвест ББСБ ХХК /РД:2737515/,

У.Байгальмаагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинтуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Байгальмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.Золбоот нь эхнэр У.Байгальмаагаас 6 сарын хугацаатай итгэмжлэл авч, эхнэрийнхээ өмчлөлийн орон сууц болон гараашийг Ориент-Инвест ББСБ ХХК-ийн барьцаанд тавьж, 500,000,000 төгрөг зээлсэн. Зээлээ төлж чадаагүйгээс шүүхийн шийдвэрээр 236,381,600 төгрөг төлөхөөр болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаартай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон.Шинжээч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд хотхон Зайсан гудамжны 18 дугаар байрны 4 тоот 380 м.кв талбайтай байр, Дриймлэнд хотхон Зайсангийн гудамж Г5 хаягт байрлалтай 18 м.кв авто зогсоолыг нийт 853,715,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч М.Золбоот нь сар бүр Ориент-Инвест ББСБ ХХК-д 2,000,000 төгрөг төлдөг. У.Байгальмаагийн үл хөдлөхийг шинжээч зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сүхбаатар дүүрэгт байрлах 16 давхар угсармал барилгын 1 м.кв нь 3,800,000-3,900,000 төгрөг бол Хан-Уул дүүргийн орон сууцны ханш Сүхбаатар дүүргийнхээс өндөр байх ёстой. Шинжээч дүгнэлт гаргахдаа төлбөр төлөгч М.Золбоот, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших нарыг байлцуулаагүй. Иймд У.Байгальмаагийн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээ төв-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 288 дугаартай магадлалаар М.Золбоот, У.Байгальмаа нараас төлбөр гаргуулах, төлбөр барагдуулаагүй бол үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан. Төлбөр төлөгч сайн дураараа төлбөр төлөөгүй тул 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх тогтоол гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч У.Байгальмаад удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардсан боловч биелүүлээгүй. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөхийг битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шинжээч томилж, үнэлгээ гаргуулсан. Төлбөр төлөгч Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7-д зааснаар үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бол 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан ч эрхээ хэрэгжүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ориент-Инвест ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр У.Байгальмаа, М.Золбоот нарт холбогдох хэргийг эцэслэн шийдсэн Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Гэтэл өнөөдрийг хүртэл М.Золбоот төлбөр төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Ажиллагааны үед барьцааны үл хөдлөхийг битүүмжлэн хурааж, үнийн санал авч, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ гаргуулсан. М.Золбоот, У.Байгальмаа нар үл хөдлөхийг хэт өндөр үнэлсэн тул хөндлөнгийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч У.Байгальмаа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдуулан У.Байгальмаагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд, Зайсан гудамж, 18 дугаар байрны 4 тоотод байрлах 380 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд, Зайсан гудамж, Г5 тоот хаягт байрлалтай 18 м.кв авто зогсоолын үнэлгээг тогтоохоор шинжээч томилсон 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байснаа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тус үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс тус өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хариу тайлбар гаргах хугацаа авах шаардлагагүйгээр шүүх хуралдаан дээрээ хариу тайлбараа гаргах боломжтой тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 288 дугаартай магадлалаар хариуцагч М.Золбоотоос 236,381,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК-д олгож, хариуцагч М.Золбоот нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч У.Байгальмаагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд, Зайсан гудамж, 18 дугаар байрны 4 тоотод байрлах 380 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд, Зайсан гудамж, Г5 тоот хаягт байрлалтай 18 м.кв авто зогсоолыг албадан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Золбоот нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2018/10060 дугаартай захирамжаар Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 288 дугаартай магадлалыг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарсаны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд, Зайсан гудамж, 18 дугаар байрны 4 тоотод байрлах 380 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд, Зайсан гудамж, Г5 тоот хаягт байрлалтай 18 м.кв авто зогсоолыг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр битүүмжлэн, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, талуудаас барьцааны зүйлийн талаар үнийн санал авахад талууд тохиролцоонд хүрээгүй тул тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгож, үнэлгээ хийлгэхээр 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Ийнхүү Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд, Зайсан гудамж, 18 дугаар байрны 4 тоотод байрлах 380 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд, Зайсан гудамж, Г5 тоот хаягт байрлалтай 18 м.кв авто зогсоолыг 853,714,000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч байх ба үндэслэлээ... Зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн. Учир нь Сүхбаатар дүүрэгт орон сууцны 1 м.кв талбайн үнэ 3,800,000-3,950,000 төгрөг байдаг бөгөөд Хан-Уул дүүргийн орон сууцны үнэ Сүхбаатар дүүргийнхээс илүү үнэтэй байдаг. Мөн үнэлгээ хийхдээ төлбөр төлөгч М.Золбоот болон төлбөр төлөгч У.Байгальмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших нарыгоролцуулаагүй байж дүгнэлтдээ оролцуулсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй... гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон авто зогсоолыг үнэлэхдээ зах зээлийн хандлагын арга, өртөгийн хандлагын арга, орлогын хандлагийн аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байна.

 

Нэхэмжлэгч уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэн үнэхүү үндэслэлээ нотлохоор Эм Жи Жи И Си ХХК-ийн Сүхбаатар дүүрэгт орон сууцны 1 м.кв талбайн үнэ 3,800,000-3,950,000 төгрөг байна гэх тодорхойлолтыг нотлох баримтаар ирүүлсэн ба уг тодорхойлолтыг үндэслэн шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон авто зогсоолыг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч тал нь шинжээч үнэлгээг хийхдээ нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг очиж үзсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрнээ төлбөр төлөгч М.Золбоот болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших нарыг байлцуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байхаас гадна шинжээч нь өмчлөгч, болон төлбөр төлөгчийн заавал байлцуулах үүрэг хүлээгээгүй байна.

 

Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэжээ.

 

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон авто зогсоолын үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарган ирүүлсэн байх бөгөөд уг үнэлгээг нэхэмжлэгч У.Байгальмаад 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дотор гаргах эрхтэй байна. Иймд нэхэмжлэгчийг хуулинд заасан хугацааг хэтрүүлж шүүхэд гомдлоо гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч У.Байгальмаагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон авто зогсоолыг 853,714,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч У.Байгальмаагийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У.Байгальмаагийнхариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд, Зайсан гудамж, 18 дугаар байрны 4 тоотод байрлах 380 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дриймлэнд, Зайсан гудамж, Г5 тоот хаягт байрлалтай 18 м.кв авто зогсоолыг 853,714,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА