Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00581

 

У.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02109 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1706 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: У.Б-

          Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Ориент-Инвест ББСБ” ХХК

          Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Баясгалан, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: У.Б-, М.З- нар 1984 онд гэр бүл болсноос хойш ХУД, ..-р хороо, ..-р байр, .. тоот байр, 18м.кв авто зогсоолтой болсон. Энэ үл хөдлөх хөрөнгө У.Б-гийн өмчлөлд байдаг. Иргэн М.З- нь эхнэр У.Б-гаас 6 сарын хугацаатай итгэмжлэл авч, эхнэрийнхээ өмчлөлийн орон сууц болон гараашийг Ориент-Инвест ББСБ ХХК-н барьцаанд тавьж, 500сая төгрөг зээлсэн. Зээлээ төлж чадаагүйгээс шүүхийн шийдвэрээр 236,381,600 төгрөг төлөхөөр болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2019-02-22-ны өдрийн 67 дугаартай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч нь 4 тоот 380 м.кв талбайтай байр, 18 м.кв авто зогсоолыг нийт 853,715,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч М.З- нь сар бүр Ориент-Инвест ББСБ ХХК-д 2сая төгрөг төлдөг. У.Б-гийн үл хөдлөхийг шинжээч зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. СБД-т байрлах 16 давхар угсармал барилгын 1 м.кв нь 3,800,000-3,900,000 төгрөг бол Хан-Уул дүүргийн орон сууцны ханш Сүхбаатар дүүргийнхээс өндөр байх ёстой. Шинжээч дүгнэлт гаргахдаа төлбөр төлөгч М.З-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших нарыг байлцуулаагүй. Иймд У.Б-гийн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээ төв-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

      Хариуцагч тайлбартаа: 2018-01-24-ний өдрийн 288 дугаартай магадлалаар М.З-, У.Б- нараас төлбөр гаргуулах, төлбөр барагдуулаагүй бол үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан. Төлбөр төлөгч сайн дураараа төлбөр төлөөгүй тул 2018-08-15-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх тогтоол гарч, ажиллагаа явагдсан. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч У.Б-д удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардсан боловч биелүүлээгүй. 2018-12-17-ны өдөр үл хөдлөхийг битүүмжилж, 2019-02-01-ний өдөр шинжээч томилж, үнэлгээ гаргуулсан. Төлбөр төлөгч 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан ч эрхээ хэрэгжүүлээгүй.. шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. 2018-05-10-ны өдөр У.Б-, М.З- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдсэн Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Гэтэл өнөөдрийг хүртэл М.З- төлбөр төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Ажиллагааны үед барьцааны үл хөдлөхийг битүүмжлэн хурааж, үнийн санал авч, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ гаргуулсан. М.З-, У.Б- нар үл хөдлөхийг хэт өндөр үнэлсэн тул хөндлөнгийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 102/ШШ2019/02109 дүгээр шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ...дугаар байрны .. тоотод байрлах 380 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... тоот хаягт байрлалтай 18 м.кв авто зогсоолыг 853,714,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох У.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс  төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1706 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02109 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын  орлогод үлдээсэн байна.

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Өлзий-Орших хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..М.З- нь эхнэрийнхээ хөрөнгийг барьцаанд тавьж ББСБ-с зээл авсан боловч бүрэн төлөөгүй учир шүүхийн шийдвэрээр 236,381,600 төгрөг төлөхөөр болжээ. Иймээс төлбөр төлөгч М.З- нь 2018-2019 онд “Ориент-Инвест” ББСБ-д 46сая төгрөг сайн дураар барагдуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу хэвийн явагдаж ирсэн. Гэтэл У.Б-гийн барьцаанд тавьсан хөрөнгийг үнэлэх, дуудлага худалдаанд оруулах асуудал хөндөгдөх болсон тул тэрээр 2019-02-01-ний өдөр НШШГГ-т үл хөдлөх хөрөнгийг 1,980,000,000 төгрөгөөр үнэлж санал гаргасан.. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-г шинжээчээр томилжээ. У.Б- 2019-05-07-ны өдөр БГД-н ИХАШШ-д Үл хөдлөх хөрөнгийг үнэлэхээр шинжээч томилсон Тогтоолыг хэрэгсэхгүй болгох тухай нэхэмжлэл гаргасан. Шинжээч 2019-05-14-ний өдөр барьцаанд байгаа У.Байгальмагийн хөрөнгө болох 380 м.кв талбайтай байр, 18 м.кв авто зогсоолыг 853,715,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээ нь У.Б-гийн өгсөн саналаас 1,126,000,000 төгрөгөөр бага буюу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханшаас бага байгаа юм. Хөрөнгө үнэлсэн тухай тайланд ...төлбөр төлөгч М.З-, У.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших нарын хамт үзэж танилцав... гэж бичсэн боловч шинжээч хөрөнгө үнэлэхдээ эдгээр хүмүүсийг оролцуулаагүй байна. Шинжээч Ж.Уртнасан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших, төлбөр төлөгч М.З- нарыг хуралд гэрчээр оролцуулах, бүрэлдэхүүнтэй шинжээч томилж хөрөнгө үнэлүүлэх хүсэлтийг шүүх хүлээж аваагүй болно. У.Б-гийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         У.Б- 2019-05-07-ны өдөр Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Хан-уул дүүргийн ...-р хороо, ...-р байр, 4 тоот 380 кв.м үл хөдлөх эд хөрөнгө, ...тоот 18кв.м автомашины зогсоолын үнэлгээг хүчингүй болгуулахыг шаарджээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-11-15-ны өдрийн 102/ШШ2017/03073 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018-01-24-ны өдрийн 288 дугаартай магадлал, хяналтын шатны шүүхийн 2018-05-10-ны өдрийн 001/ХТ2018/00751 дугаартай тогтоолоор М.З-оос 236,381,600 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд У.Б-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, .. дугаар байрны .. тоот үл хөдлөх хөрөнгө, мөн гудамж, ..тоот хаягт байрлалтай 18 м.кв авто зогсоолыг албадан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

        Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад барьцааны эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн байх бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцжээ.

        Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь талуудаас үнийн санал авч, шинжээч томилсон, шинжээч эд хөрөнгийн үнэлгээ хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй байх бөгөөд эд хөрөнгийн үнэлгээнд эргэлзэх, бага  тогтоогдсон гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт байхгүй байна.

        Өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргийг талууд хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримт, зохигчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэнэ.

        Хэрэгт авагдсан баримтаар, хяналтын гомдолд заасан нөхцөл байдал нотлогдоогүй байна. Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3,8,11 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,40 дүгээр  зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул үнэлгээг хүчингүй болгох боломжгүй юм.

         2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх гомдол шийдвэр,магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна. 

         а/. Хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс шинжээч томилно.

         Нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн татгалзлыг эргэлзээтэй гэх баримт хэрэгт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхэд тусгай мэдлэг шаардагдахгүй буюу шүүхийн шатанд шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 38 дугаар зүйлийн 38.6-г зөрчөөгүй байна. 

         б/. Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.

        Нэхэмжлэгч тал шинжээч болон төлбөр төлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлоогүйгээс гадна уг хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлд нийцээгүй гэх байдал тогтоогдоогүй болно.   

        3. Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02109 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1706 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ